Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2020/0326/З |
Дугаар | 221/МА2021/0272 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2021/0272
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.Г, гуравдагч этгээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Б.С, Г.Ш нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаар шийдвэртэй, “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7, 18.7.1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль/1997 он/-ийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 91 дүгээр зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ”В” ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ч.Э, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компани тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль журмын дагуу шударгаар олж авсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шударга эзэмшигч юм. Тус эд хөрөнгө манай компанийн өмчлөлд шилжихэд аливаа гуравдагч этгээдийн шаардах эрх байгаагүй ямар нэг эрхийн доголдолгүй хөрөнгө байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 4186 дугаар дүгнэлтээр манай компанийн өмчлөлийн 2204010735 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хүчингүй болгосон бөгөөд дүгнэлтийг үндэслэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 тоот тогтоол гаргаж, манай компанийн өмчлөлийн хөрөнгийг өөрсдийн өмчлөлдөө шилжүүлэн авсан болно.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлтээр “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байршилтай, 441 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “В” ХХК-ийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010735 дугаар бүртгэлийг хүчингүй болгох”-оор шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тодорхойлсон.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”: 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг хэрэглэхдээ тухайн захиргааны акт огт эрх зүйн үндэслэлгүй гарах, хуульд заагаагүй үндэслэлээр бусдын эрхэд халдах, тухайн үндэслэл болгосон хэм хэмжээ нь Үндсэн хуультай зөрчилдсөн бол уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр эрх зүйт төрийн “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байхыг ойлгоно.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар улсын байцаагч нь хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, бүртгэлд засвар оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах эрхтэй байх бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй, давж заалдах гомдолдоо “улсын бүртгэлийн хяналтын ахлах байцаагчийн эрх хэмжээний талаар огт маргаагүй” гэж дурдсан.
Харин “тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг огт харгалзаж үзэлгүйгээр зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1-т заасныг үндэслэл болгосон, уг хуулиуд зөрчилдөж байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д заасныг хэрэглээгүй, тухайн хяналт шалгалт хийх болсон үндэслэл нь өөрөө хууль зөрчсөн, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг захиргааны актын үндэслэл болгоогүй гэж маргасанд шүүх дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй” гэж давж заалдах гомдлоо тодорхойлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”: 17.1.6. “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”: 18.7.1. “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус зааснаас үзвэл улсын бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах зорилгоор улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн улсын байцаагчийн чиг үүрэг, бүрэн эрхийг болон хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааны зохицуулалтыг хуульчилсан гэж ойлгоно.
Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх харилцаанд улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч өөрөө бүртгэлд өөрчлөлт оруулах эрх хэмжээг олгосон зохицуулалт гэж ойлгох бол хуулийн 6.4-т “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг улсын бүртгэл буруу ташаа хийгдсэн тохиолдолд бүртгэгдвэл зохих эрх бүхий этгээдийн нэр дээр бүртгэлийг өөрчлөх шийдвэрийг улсын байцаагч гаргаснаар бүртгэлд өөрчлөлт орно гэж ойлгоно.
Маргаан бүхий 4186 дугаар дүгнэлтээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Түүх соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан барилгыг “А” сургуульд эзэмшүүлж, хамгаалалтад авахуулахаар шийдвэрлэсэн байхад 2002 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “А” бага сургууль болон иргэн А.Лхагва нарын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь холбогдох хуулийг зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд буюу улсын бүртгэлийг захиргаа өөрөө хүчингүй болгох харилцаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль гэж үзнэ.
Анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад дүгнэлт өгсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хуулиуд хоорондоо зөрчилдөж байхад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг баримтлаагүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг захиргааны актын үндэслэл болгоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ХЭГ/2558 тоот албан бичиг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд улсын бүртгэлийн Ү-2204010735 дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасантай нийцсэн байх тул “тухайн хяналт шалгалт хийх болсон үндэслэл нь өөрөө хууль зөрчсөн” гэх гомдол, тухайн бүртгэлтэй холбоотой маргаан бий болсон тохиолдолд өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч хяналт шалгалт хийх эрхийг улсын ахлах байцаагчид хуулиар олгосон тул “хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд хяналт шалгалт хийх эрхгүй” гэх гомдлыг тус тус хангах боломжгүй.
Дээрхээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлтийг эрх зүйн үндэслэлгүй гарсан, хуульд заагаагүй үндэслэлээр бусдын эрхэд халдсан гэж үзэхгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдөөгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт биш, энэ талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
2. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаар дүгнэлтээр урьд гаргасан 2019 оны 4186 дугаар дүгнэлтийн “Дүгнэх” хэсгийн 1 дэх хэсэгт “...В ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” гэсэн бичилтийн өмнө “А” бага сургууль, иргэн А Л /ЧЛ53021605/ нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 0046147 дугаарын гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгох, мөн” гэсэн бичилтийг нэмж, өөрчлөлт оруулжээ.
Анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997он/ холбогдох зохицуулалтыг зөрчсөн талаар, хууль бус бүртгэл хийгдсэн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд “А” бага сургууль, иргэн А Л нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 0046147 дугаарын гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлтэй холбоотой гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан журмыг огт баримтлаагүй, эрх ашиг нь хөндөгдөөд буй А бага сургууль, иргэн Л нарт албан ёсоор мэдэгдээгүй буюу сонсох ажиллагаа явуулаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар өмчилж, эзэмшиж буй “В” ХХК-ийг татан оролцуулаагүй” гэж тодорхойлсон тул гомдлын хүрээнд хянаж үзэхэд “А” бага сургууль, иргэн А Л нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 0046147 дугаарын гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгосон маргаан бүхий 3303 дүгнэлтийг гаргахдаа нэхэмжлэгч “В” ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасан тайлбар, санал гаргах боломж олгох, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байна.
Өөрөөр хэлбэл, “А” бага сургууль, иргэн А.Лхагва нарт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд “В” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, нэхэмжлэгч “В” ХХК-д чиглэсэн, хаяглагдсан захиргааны акт биш байх тул энэ үндэслэлээр 3303 дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.
Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.
3. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалаар хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4186, 2020 оны 3303 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн “В” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204010735 дугаарын эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэсэн.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар “эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хүсэлтээр нэг этгээдэд шилжсэн”, “хоёр, түүнээс олон нэгж талбарыг нийлүүлж, нэг нэгж талбар болгосон”, “шүүх, арбитрын шийдвэр гарсан”, “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон”, “эрхийн улсын бүртгэл давхардсан”, “захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан”, “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” зэрэг үндэслэлүүд бий болсон тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаахаар хуульчилжээ.
Гэтэл хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан эрхээ хэрэгжүүлж маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй атлаа Ү-2204010735 дугаарын эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэснээр хяналтын улсын байцаагч бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасны дараа Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт зөрчигдсөн.
Гэвч улсын байцаагчийн 4186, 3303 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл сэргэхгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг сэргээн тогтоох бүрэн боломжтой” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь шүүхийн эрхэм зорилго байдаг бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээн тогтоох ёстой.
Маргаан бүхий энэ тохиолдолд буюу анхнаасаа төрийн өмчид байсан түүх соёлын дурсгалт зүйлийг хуульд заасан журмаар хувийн өмчид шилжүүлээгүй байхад 2002 онд хувь этгээдийн өмчлөлд бүртгэж, улмаар 2004 онд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид шилжсэн бүртгэл хууль бус болох нь тогтоогдож байх тул А/859 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор “В” ХХК-ийн 2004 оны бүртгэл сэргэхгүй, ийнхүү зөрчигдөхөөс өмнөх байдал сэргээгдэхгүй тохиолдолд шүүх хэлбэрийн төдий шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
4. “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байршилтай 441 м.кв талбайтай, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн байх бөгөөд анхан шатны шүүхийн “барилгыг төрийн өмчид бүртгэж, төрийн байгууллагад эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан, хариуцагч нэхэмжлэгчээс хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн”, 11 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах”, 2-т “төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” эрхтэй гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө” гэж заасан бөгөөд тухайн хууль хүчин төгөлдөр болсон /1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр/ цаг хугацаанд Цэргийн холбооны байр”, “Нийслэл хүрээний утасны хороо байсан байшин” гэх нэршлээр түүх соёлын дурсгалт барилгад хамаардаг байсан нь Улаанбаатар хотын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 326 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал” гэж заасан төрийн нийтийн өмч байсан гэж үзэх бөгөөд хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй байгууллага тул түүнийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан, нэхэмжлэгчийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэж, нэхэмжлэлийг шаардлагыг хангах боломжгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгох бөгөөд гагцхүү өмчлөх эрхийг баталгаажуулж буй үйл ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл, өмчлөгч болохыг тогтоож буй захиргааны үйл ажиллагаа биш бөгөөд Улаанбаатар хотод байгаа түүх соёлын дурсгалт барилгад хамааруулсан төрийн нийтийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх ажиллагаа огт хийгдээгүй байхад хууль бусаар бусдын өмчлөлд бүртгэгдэн баталгаажсанаар хувийн өмч болсон гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хувийн өмчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авах тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт” гэх гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй, баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан байх тул зөвтгөсөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт баримталсан хуулийн заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН