Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 865

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Цагаагчид овогтой Д -н Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Б нь мэргэжлийн боловсролын салбарт нийтдээ 16 жил ажилласан. Энэ хугацаанд мэргэжлийн боловсролын салбарт тодорхой хувь нэмрээ оруулж, өөрийн хариуцсан ******* Политехник коллеждоо 2016 онд КОЙКА олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж хувцасны загвар зохион бүтээлтийн кабинет, оёдлын цех байгуулж оёдлын мэргэжлийн 6-н төгсөгчийг инкубацийн үйлчилгээнд хамруулсан. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 2016-д 2014, 2015 оны 10-н төгсөгчийг хамруулсан ба төгсөгч тус бүр 2 сая төгрөгийн, нийт 20,000,000 төгрөгийн дэмжлэг авч хувиар өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. МБСБ-ын сургалт, удирдлагын “e-TVET” цахим мэдээллийн системд дараах мэдээ, мэдээллүүдийг оруулав. Үүнд: Тусгай зөвшөөрлийн бүртгэл 100 хувь, 2015-2016 оны хичээлийн 1 дүгээр ангийн сурагчдын бүртгэл 100 хувь, 2016-2017 оны хичээлийн 1 дүгээр ангийн сурагчдын бүртгэл 88,8 хувь, дүнгийн бүртгэл 100 хувь, сургалт удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүсэлт гаргаж дэд гишүүнээр элсэн зөвлөгөө авч хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд байгууллагын болон хөтөлбөрийн өөрийн үнэлгээний комисс ажлын хэсэг байгуулан өөрийн үнэлгээний тайланг бичсэн. Мөн өөрсдийн нөөц бололцоог дайчлан мэргэжлийн багш, суралцагч нарын бүтээн байгуулалтаар мужааны мэргэжлийн дадлагын газрын өргөтгөлийн барьж ГОУХАН-ийн GIZ төслийн хүрээнд бүрэн тоног төхөөрөмж нийлүүлж сургалтын орчныг сайжруулсан гэх мэт амжилт бүтээлтэй ажилласан байна. 

Харин 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн гэх 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалаар миний ажлын үр дүнг “F” гэж үнэлэн ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү тушаал нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Миний бие 2016 оны үр дүнгийн гэрээний тайланг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. Гэтэл “F” үнэлгээ авсан тухай мэдэгдэл 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр имайл хаягаар ирж, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал өгсөн. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Төслийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ” гэж заасны дагуу ярилцлага хийгээгүй. 6.2-т заасан зүйлсийг судалж үзээгүй байна. 

Мөн дээрх журмын 6.7-д заасны дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг баталгаажуулахдаа “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудсанд” талууд тус тусын гарын үсгийг зурж эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж  заасан байхад илтгэх хуудас байхгүйн зэрэгцээ, үнэлгээг үзүүлэхгүй /үнэлгээ хийгээгүй/ байгаа нь 134 дүгээр тогтоолын журмыг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон байна. 

Хариуцагч нь маргаж буй тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тушаалыг гаргах үндэслэл, нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох баримтыг судалж үзэлгүйгээр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэснийг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гаргах нөхцөл байдлыг урьдчилан тогтоох ажиллагааг огт хийгээгүй. Мөн хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байна. Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ өгөхөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 1061 дүгээр захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандана уу гэж хариу өгсөн. Иймд тус шүүхэд хандан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...бид нэхэмжлэгчтэй өөр ажлын байран дээр ажлаар хангах боломжтой гэсэн үндэслэлээр эвлэрэн хэлэлцэх асуудал ярилцсан ч нэхэмжлэгч эвлэрэх боломжгүй гэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн 2016 оны ажлын эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд F буюу хангалтгүй үнэлгээ авсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б******* дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Д.Б той байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг тавихдаа холбогдох үндэслэлээ төсвийн ерөнхийлөн захирагч илтгэх хуудсанд тодорхой дурдсан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 11.6-т “ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэж заасан. Энэ дагуу төсвийн шууд захирагч Б.Б ын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ нь F үнэлэгдсэн байна. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно. F буюу хангалтгүй бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон. Мөн яам нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар урьдчилан нэхэмжлэгчид цахим хаягаар мэдээлэл хүргүүлсэн бөгөөд захиргааны акт гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/29 тоот тушаалаар ******* аймгийн “*******” Политехник коллежийн захирлаар томилогдон ажиллаж байгаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалаар “Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, F үнэлгээ авсан” гэх үндэслэлээр захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Улмаар Д.Б нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар албан бичгээр “...төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг тус Зөвлөлд харьяалан шийдвэрлэх боломжгүй, өргөдөлд дурдсан асуудлаар холбогдох шатны шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй байна” гэх хариуг өгсний дагуу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасан хугацаанд буюу 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...Миний бие 2016 оны үр дүнгийн гэрээний тайланг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн үнэлгээтэйгээр өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. Гэтэл “F”  үнэлгээ авсан тухай мэдэгдэл 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр имэйл хаягаар ирсэн..., 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн..., үр дүнгийн гэрээг чухам хэзээ, яаж дүгнээд, “F” үнэлгээ өгсөн талаар надад ямар нэгэн тайлбар, гэрээ дүгнэсэн үнэлгээний хуудас ирүүлээгүй, үзүүлээгүй, илтгэх хуудас байхгүй, ярилцлага хийгээгүй, тушаалыг гаргах үндэслэл, нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох баримтыг судалж үзэлгүйгээр тушаалыг гаргасан үр дүнгийн гэрээг огт дүгнээгүй мөртлөө “F” үнэлгээ өгч, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Үр  дүнгийн гэрээг “F” буюу “Хангалтгүй” гэж үнэлүүлсэн бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан бөгөөд үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон. Нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар урьдчилан нэхэмжлэгчид цахим хаягаар мэдээлэл хүргүүлсэн бөгөөд захиргааны акт гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн учраас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргаж байна. 

Нэхэмжлэгч Д.Б нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч болохын хувьд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, үр дүнгийн гэрээний биелэлтээ харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар хагас, бүтэн жилээр дүгнүүлж, үнэлүүлэх журамтай байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дүгнэсэн “2016 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас”-нд дотоод аудитын өгсөн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж маргаж байх боловч гэрээг үнэлэх эрх нь Төсвийн тухай хуульд заасанчлан төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний асуудал байна. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т заасанчлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ хуулиар олгогдсон боловч төрийн үйлчилгээний албан хаагчийг халах, чөлөөлөх тохиолдолд хуульд заасан журмыг баримтлах учиртай. 

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд энэхүү журмын 6.1-д зааснаар “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ” гэж заажээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь “******* аймаг дахь Политехник коллежийн захиралын 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх” илтгэх хуудсаар төсвийн шууд захирагч Д.Б той байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагчийн хуваарь ярилцлага хийх үүргээ хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээ үнэлсэн үнэлгээтэйгээ нэхэмжлэгчийг бүрэн танилцуулж санал нийлээгүй асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-ыг албан ёсоор нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг, зуруулж, эрх бүхий этгээдийн тэмдэг дарж албажуулаагүй буюу хүчин төгөлдөр болоогүй байхад уг илтгэх хуудсыг үндэслэн  2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Б******* дугаар тушаалыг гаргасан нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1, 6.5-д заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

Зүй нь хариуцагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй төсвийн шууд захирагч санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргаж, талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэх учиртай бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй тохиолдолд “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсаргаснаар гэрээг дүгнэсэнд тооцох журамтай байна.

Мөн түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа” явуулаагүй гэх нэхэмжлэгчийн шаардлагын хариуд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цахим шуудангаар “Төрийн албанаас халах” шийдвэр гаргах болсон тухай мэдэгдсэнийг тайлбар авах ажиллагааг хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасан сонсох ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж байх боловч төсвийн шууд захирагч болох нэхэмжлэгч Д.Б ын үр дүнгийн гэрээний үнэлгээ болох түүнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагчаас авахаар төлөвлөж буй арга хэмжээний талаар дурдсан 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн цахим шууданд хариу тайлбар, санал гаргах бодит хугацаа олголгүй 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Б******* дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Иймд хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй, хүчин төгөлдөр бус үнэлгээг үндэслэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б ыг урьд эрхэлж байсан “*******” Политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 9.955.890 (есөн сая есөн зуун тавин таван мянга найман зуун ер) төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн  26.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б ыг урьд эрхэлж байсан ******* аймгийн “*******” Политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.Б ын ажилгүй байсан хугацааны цалин 9.955.890 (есөн сая есөн зуун тавин таван мянга найман зуун ер) төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг   даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б од олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА