Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 144

 

М.Мөнхжаргалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул , Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01056 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Мөнхжаргалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүүд 7 590 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнд-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт орших “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн барьсан UB town хорооллын 38 дугаар байрны 39 тоотод 2013 оны 7 сараас эхлэн амьдарч байна. Манай хүү М.Энхсайхан орон сууцны талбайн хэмжээг 84.96 м.кв гэж тооцон компанийн захирал н.Төмөрхүүтэй гэрээ байгуулж, төлбөрөө төлж, бид 2013 оны 7 дугаар сард нүүж орсон. Манай орон сууцны талбай гэрээнд зааснаас зөрүүтэй байгааг 2014 оны 10 дугаар сард мэдэж, хүүгээсээ итгэмжлэл аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрх бүхий байгууллагаар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 82.47 м.кв буюу 2.49 м.кв дутуу байсан учир илүү төлсөн 7 590 804 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Харицагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өндөрбуянт холдинг” ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах UB town хорооллын 38 дугаар байрны 39 тоот орон сууцыг анх “Клаймакс интернэшнл” ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсөнд бартераар дүйцүүлж өгөхөөр тохиролцон 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр В/22 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж худалдсан.

Үүний дараа “Клаймакс интернэшнл” ХХК нь уг орон сууцыг захиран зарцуулах эрхийнхээ дагуу 2013 онд М.Энхсайхан гэдэг хүнтэй 2013/Б03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг орон сууцыг 215 000 000 төгрөгөөр тооцон худалдсан байдаг. Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, М.Энхсайхан нь орон сууцны үнийг “Клаймакс интернэшнл” ХХК-д төлсөн.

2013/Б03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу “Клаймакс интернэшнл” ХХК-ийн зүгээс 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уг орон сууцыг бид иргэн М.Энхсайханд борлуулж байгаа тул орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Энхсайханы нэр дээр гаргаж өгөхийг хүсье гэсэн 1/144 тоот албан хүсэлтийг ирүүлсэн. Бид “Клаймакс интернэшнл” ХХК болон иргэн М.Энхсайхан нарын хоорондын тохиролцоог хүндэтгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шууд М.Энхсайханы нэр дээр бүртгүүлэх талаар “Клаймакс интернэшнл” ХХК-д туслах, тэдний ажлыг хөнгөвчлөх үүднээс 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр В/22-1 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг М.Энхсайхантай нөхөж байгуулсан.

М.Энхсайхан нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахын тулд “Өндөрбуянт холдинг” ХХК болон М.Энхсайхан нарын хооронд гэрээ байгуулсан мэт дүр үзүүлэн гэрээ хийж улсын бүртгэлд хандсан. Тиймээс энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. “Өндөрбуянт холдинг” ХХК болон М.Энхсайхан нарын хооронд ажил гүйцэтгэх, түүний үр дүнг хүлээлцэхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй.

Улсын бүртгэлийн газар “Кпаймакс интернэшнл” ХХК болон М.Энхсайхан нарын хооронд байгуулсан 2013/Б/03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 38 дугаар байрны 39 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Энхсайханы нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон.

М.Энхсайхан нь дээрх орон сууцыг “Клаймакс интернэшнл” ХХК-иас худалдан авсан бөгөөд худалдан авч байх үедээ уг орон сууцны талбайн зөрүү байгаа болохыг мэдэж гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Иймээс Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад уг эд хөрөнгийг хүлээн авсан тул худалдан авагч М.Энхсайхан нь шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, UB town хороолол, 38 дугаар байрны 8 давхарын 39 тоот орон сууцны талбайн зөрүүд 7 590 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнхжаргалангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талд үйлчилсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, орон сууцны талбайн хэмжээг 2.49 м.кв-аар илүү тогтоож надад учруулсан 7 590 814 төгрөгийн хохирлыг барагдуулж, хариуцагч компаниас талбайн зөрүүд илүү авсан төгрөгийг эргүүлэн олгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Мөнхжаргалан нь хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-д холбогдуулж орон сууц худалдах, худалдан авах гэрээний доголдолын улмаас 7 590 804 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Өндөр буянт холдинг” ХХК болон М.Энхсайхан нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байрны 39 тоот, 84.96 м.кв талбай бүхий орон сууц, уг орон сууцыг М.Энхсайхан, М.Мөнхжаргалан, Э.Оюун нарын өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон үйл баримтууд тогтоогдсон, талууд маргаангүй.

 

Гэрээний талууд гэрээний харилцаанаас үүссэн шаардлагыг эсрэг талдаа гаргах эрхтэй тул дээрх гэрээний худалдан авагч тал болох М.Энхсайхан шаардах эрхээ хэрэгжүүлэх байжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч М.Мөнхжаргалан нь М.Энхсайханаас олгосон итгэмжлэлгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээний доголдол арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

М.Энхсайханаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.Мөнхжаргаланд олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул энэ итгэмжлэлийг үндэслэн М.Мөнхжаргалан нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М.Мөнхжаргалангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэж гаргасан 101/ШШ2016/00934 тоот шийдвэртээ хариуцагч талаас мөнгөн хөрөнгө гаргуулж нэхэмжлэгч биш этгээд болох М.Энхсайханд олгож шийдвэрлэснийг буруу гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэж 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 572 тоот магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Анхан шатны журмаар хэрэг дахин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Мөнхжаргалан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар уг ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч М.Мөнхжаргалан нь М.Энхсайханаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл дахин гаргасныг М.Мөнхжаргалангийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийн нэхэмжлэгчийг солих үндэслэл болохгүй болохыг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал жинхэнэ нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаагүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Мөнхжаргалангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Мөнхжаргалангийн нэхэмжлэлтэй “Өндөрбуянт холдинг” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мөнхжаргалангаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                

                                       ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

                                

                                                                                             Э.ЗОЛЗАЯА