Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 29

 

 

 

 

  2020           01            16                                              2020/ШЦТ/29   

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Ц.Раашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Чинбатын Ч.А-од холбогдох 201519000784 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв. 

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 4-602 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Ч.А /РД:ЙМ/ гэв. 

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмрийн 8-8 тоот хашаанд байх гэрт иргэн С.Дзодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Заамар гэдэг газар очих гэж байгаад замдаа цасанд сууж төөрөөд  нэг хоносон. Дамдингийнд очихдоо маш их ядарсан байсан. Тэгээд би тэдний орон дээр өөрийн ухаангүй унтаад өгсөн байсан. Гэтэл Баасандулам миний толгой руу хүчтэй цохисон. Тэгээд би сэрээд хартал Баасандулам гартаа архины шил барьчихсан, намайг харааж зүхээд дахин намайг цохисон. Тэгээд би гэрээс хөл нүцгэн гүйгээд гарсан. Гэтэл гадаа байсан Баасандуламын нөхөр Ч.А миний гутлыг араас бариж гарч ирсэн. Юу болоод байна аа Ч.Аоо гэж намайг асуухад Ч.А сүртэй зүйл биш, гэр бүлийн асуудал байна, чи Амараа ахынд очоод байж бай гэсэн. Тэгээд би Амараагийнд очоод байж байтал цагдаа нар ирж намайг авч яваад би эрүүлжүүлэхэд хоносон” гэв.

 

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүнийг бол 23нд анх удаа харсан. Энэ хүнийг манай хүн дуудаагүй. Нөхрийн ах амаржаргал дуудсан. 21 цагийн үед хотоос ирсэн 2 найзтайгаа манайд ирэхдээ 1 шил болор 2 пивотой ирсэн. Тэр үед би нөхрийн хамт идэш бэлдэхээр ирчихсэн, мах чаначихсан байсан. Тэр үед манай аав зүүн талын орон дээрээ хөлөө ачаад суучихсан байсан. Эд нар орж ирэхдээ нилээн согтуу орж ирсэн. Тэгээд эд нар орж ирээд архиа уугаад, энэ хүн унтаад өгсөн. 2 найз нь согтуугаар энэ хүний унаж явсан машиныг унаад явсан. Манай нөхөр бол архинаас амсаагүй. Энэ хүн миний аавын орон дээр унтаад өгсөн. Баянбаатар гэдэг айын хашаанд манайх байдаг байсан. Тэр айлын эхнэрийн ах Чинзориг гэдэг хүн орж ирээд халуун сүүтэй цай уу гэсэн. Тэгээд орж цай уучхаад аавдаа нэг аяга халуун цай өгөх гээд буцаад иртэл газар аав маань эвхэрчихсэн амьсгал авах боломжгүй, гар хөл дээгүүр нь тэлээний ором гартал цохичихсон байж байсан. Тэгээд Ч.А баганы хажууд тэлээгээ суга татаад гаргаад ирчихсэн, гараа хэд хэд ороочихсон, цэнхэр жинсэн өмдтэй, хөн цэнхэр өнгийн курткатай, курткаа задгай тавьчихсан байж байсан. Аавыг минь ална шүү гэчихсэн байж байсан. Тэгээд би архины шилээр нэг удаа цохисон.Тэгээд нөхрөө дуудаад иртэл манай нөхөр яасан бэ юу болсон бэ гэхээр нь аавыг минь танай найз алчихлаа гэсэн. Тэр хооронд аавдаа түргэн дуудах гээд сандарсан байсан. Түргэний эмч утсаа аваагүй том эгчийгээ би дуудсан” гэв.

 

Шүүгдэгч Ч.А-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6 тал/,  Д.Б, Б.А, С.Дамдин, Б.А нарын тайлбарууд /хх-7-11 тал/, Ц.Очирбат, Б.Амаржаргал, С.Дамдин нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим хайлтын систем /хх-12-14 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, хохирогч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирлын баримтууд /хх-19-27 тал/, гэрч Д.Алтанбаганаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-29 тал/, гэрч Т.Дагва-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30 тал/, гэрч Б.Аоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-32 тал/, гэрч Д.Цэрэннадмидаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34 тал/, гэрч Ц.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35-36 тал/, гэрч С.Чинзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37 тал/, гэрч Ж.Гүнцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-39 тал/, гэрч Б.Бат-Итгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40 тал/, гэрч Н.Туулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41-44 тал/, гэрч Б.Амаржаргал /хх-45-46 тал/, гэрч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-47-49 тал/, гэрч Г.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-50-51 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16859 дугаартай дүгнэлт /хх-53-54 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивын өвчний түүх /хх-55-68 тал/, эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз /хх-69 тал/, шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа /хх-73-74 тал/, шинжээч О.Болороогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-78-80 тал/, гэрч А.Уранчимэг /хх-102 тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-143-147 тал/, хохирогч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-148-149 тал/, гэрч Ц.Золжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-153-155 тал/, гэрч Б.Эрдэнэмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-159-160 тал/, гэрч Н.Цэндсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-162-163 тал/, гэрч Ч.Ариунбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-164 тал/, гэрч Ц.Ганчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-165 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1104 дугаартай дүгнэлт /хх-168-172 тал/, хохирлын баримтууд /хх-189-250, 2-р хх-1-103, 2-р хх-171 тал/, гэрч Н.Туулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-207-209 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаартай дүгнэлт /2-р хх-222-224 тал/, шинжээч Ц.Ганболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-228 тал/,  гэрч Т.Сэлэнгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-229-230 тал/, гэрч Б.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-232-233 тал/, гэрч Б.Шинэсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-234-235 тал/, гэрч Т.Ариунтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-236-237 тал/, гэрч Б.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-238 тал/, гэрч Б.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-239-240 тал/, гэрч Г.Энхмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-241-242 тал/, гэрч С.Нямбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-1-2 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 603 дугаартай дүгнэлт /3-р хх-4-11 тал/, яллагдагч Ч.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-17-19 тал/, хохирогч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-38 тал/, гэрч С.Чинзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-39 тал/, шинжээч Д.Дэжидмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-40 тал/, шинжээч Я.Ганхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41 тал/, шинжээч Б.Нарантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-42 тал/, яллагдагч Ч.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-65-66 тал/, эд мөрийн баримтаар хуваан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-73-74 тал/, хохирогч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-81-82 тал/, гэрч Д.Алтанбаганаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-83-84 тал/, гэрч Б.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-85-86 тал/, гэрч Б.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-87-88 тал/, гэрч Т.Ариунтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 89-90 тал/, гэрч Н.Цэндсүрэн /3-р хх-102 тал/,  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-195-198 тал/, яллагдагч Ч.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-216-217 тал/, шүүгдэгч Ч.А-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /1-р хх-89-94, 129-133, 3-р хх-23-31, 3-р хх-168-195, 3-р хх-200-208, 3-р хх-225-227, 3-р хх-240-250, 4-р хх-1-30 тал/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмрийн 8-8 тоот хашаанд байх гэрт иргэн С.Д зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “...Хавирганууд хугаралтай, гар цээж түлэгдэлтэй, шанаа цөмрөлтөй байсан. Одоогийн зовиур нь хамар нь битүүрдэг, хөл гар тэнийхгүй байнгын хөшөөтэй, даралт нь байнга ихсэж толгой нь байнга өвддөг, гаднах илэрч байгаа зүйл нь ийм л зүйл байна. Дотроо юу болж байгааг мэдэхгүй түргэн дуудаад үзүүлэхэд хоёр уушигандаа хатгай авсан байна гэж хэлсэн. Одоогоор хэвтэрт байна. Зодуулж гэмтсэнээс хойш бид нартай харьцаж ярихаа байсан. Юм ярьж асуухаар мэдэхгүй, байхгүй, өвдөж байна уу гэхээр өвдөөгүй мэдэхгүй. Хоол унд ч нэхэхгүй, юм өгвөл идэж уугаад байдаг. Харин тамхийг хэлж тамхи байна уу гэж асууж авч татдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

 

гэрч Д.Алтанбаганы “...Очсон чинь Баасандулам аавыг минь хүн зодчихсон гээд цагдаа дуудсан гээд уйлаад зогсож байсан... ...Орон дээрээ дээшээ харсан байдалтай эрүүний хэсэг нь халцарсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

 

гэрч Т.Дагва-Очирын “...Зодуулсан гэх Дамдин нь Хайлааст багын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байхад нь уулзаж байцаахаар ороход уг хүн нь унтаж байсан бөгөөд түүний биед гэмтэл байгаа эсэхийг ажиглахад хамраас нь цус гарч, дээд уруул нь гадна талдаа цус болсон, хавдаад язарсан, цээжийг нь сөхөөд харуулахад зүүн талын эгэм хэсэг нь цус болсон байдалтай байсан. Эмч нь өвчтөнд тариа хийсэн унтаж байна. Маргааш өглөө сэрэхээр нь уулз гэж хэлсэн. Маргааш нь Дамдин гэж хүнээс 11 цаг 47 минутад орж тайлбараа асуух гэсэн боловч асуусан асуултад хариулахгүй ярьж чадахгүй миний асууж байсан зүйлийг ойлгож толгойгоороо дохиж байхаар нь таныг Ч.А зодсон уу гэхэд. "биш биш" гэж маш бүдэг хариулсан. Тэгэхээр нь хүргэн Ч.А биш өөр Ч.А гээд хүн байгаа гээд Ч.А гэх залууг эмнэлэгт оруулж ирж энэ хүн таныг зодсон хүн мөн үү" гэж асуухад толгой дохиж хариулсан. Тэгж асуухад хажууд нь хөндлөнгийн гэрчээр охин Баасандулам, сувилагч Уранчимэг нарыг байлцуулж тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

 

гэрч Б.А-ын “...Хэрэг болсны маргааш нь эмнэлэг дээр аавыг байхад Ч.А-ыг оруулж аавтай уулзуулсан аав ярьж чадахгүй байсан ба Ч.А-ыг харуулаад энэ зодсон хүн мөн үү гэхэд гэхэд мөн гэж толгой дохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

 

гэрч Д.Цэрэннадмидын “...Эмнэлэг дээр ирээд харахад нүүр нь битүү хөх эрээн , хавдартай, хүн танихгүй, цээжиндээ шалбарсан артай, баруун гаран дээрээ шалбарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

 

гэрч Ц.Батбаярын “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирж цээжний гэмтэл, 2 талд хавирга өвчүүний хугарал, цээжний хөндийд бага зэргийн шингэнтэй, төрхийн гэмтэлтэй, нүүр хэсэг хөхөрсөн, хавдсан санагдаж байна. Мөн нүүрэнд цээжинд зулгарсан шархнуудтай байсан. Өвчтөн ярихдаа муу, хэлж байгаа үг нь ойлгогдохгүй байсан. Эмчийг үзэхэд сахиур нь ярьж тайлбарладаг байсан... ...сахиур нь бусдад зодуулсан талаар хэлж байсан... ...2015 оны 11 дүгээр сарын 23-нд хэвтэж 2 хоногийн дараа хүргэгдэж ирсэн гэмтэл байсан... ...намайг үзэхэд түлэгдэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

 

гэрч С.Чинзоригын “...Маргааш нь урд айлдаа өглөө эрт 08 цагийн үед ороход Дамдин гуайн эрүү, шанаа нь хавдсан, хүргэн Ч.А, Баасандулам мөн хүүхдүүд нь ирсэн хот авч явна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

 

гэрч Ж.Гүнцэцэгийн “...Үзэхэд өвчтөний биеийн байдал дунд зэрэг, артерийн даралт 140/90 тэй зүрхийг чагнахад тод жигд, уушгийг чагнахад амьсгал хэвийн, бусад эрхтэн талаас өөрчлөлтгүй байсан. Гадна талын үзлэгт баруун шанаа хавдартай, амнаас нь цус гарч хатсан, цээжний урд хэсэгт цээж хавдартай эмзэглэлтэй арьс нь 3х5 см хэмжээний газарт арьс зулгарсан баруун гарын бугалганы орчимд мөн арьс нь бага зэрэг зулгарсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Өвчтөнд тайвшруулах болон өвчин намдаах эмчилгээ хийж эмнэлэгт хонуулаад маргааш нь Улаанбаатар хотруу авч явсан... ...Дамдин гуай өөрөө юу ч ярихгүй байсан түүнээс юм асуухад ярьж чадахгүй авч ирсэн хүүхдүүд нь хэлэхдээ “бид нарыг гэрт байхгүй хойгуур аавыг согтуу хүн зодсон” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

 

гэрч Б.Бат-Итгэлийн “...Б.А болон эхнэр нь “чи яаж байгаа юм бэ хөгшин хүнийг зодоод ийм болгочихдог" гэж хэлэхэд нөгөө залуу "наадах чинь өөрөө намайг өшиглөсөн” гээд эхнэртэй нь хэрүүл хийх өнгө аястай зүйл хэлж байсан. Б.А-ын эхнэр нь тэр залуу руу дайрч “чи муу манай аавыг зодчихлоо гар зайл гэж хэлэхэд нөгөө танихгүй залуу" хаашаа янхан бэ өлөгчин” гэх зэргээр есөн шидээр нь хэлээд гараад явсан. Аав нь ухаан орохгүй байсан тул цагдаа дуудаж ирж аавыг нь эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-40 тал/,

гэрч Н.Туулын “...гэрийн эзэн Ч.А-ын эхнэр нь “танай найз чинь аавыг зодчихоод зугтаачихлаа” гээд байж байсан. Аав нь гэх хөгшнийг Ч.А эхнэртэйгээ түшиж гарч ирж машинд суулгаж такси авчирсан аваад явсан. Би эмнэлэг дээр очоод эмчийг нь авчирч үзүүлсэн. Тэр хөгшний эрүү нь шалбарсан харагдсан. Би дотроо бодоходоо маргалдаад түлхсэн юм байхдаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-41-44 тал/,

 

гэрч Д.Б-ын “...гэрт ороод иртэл Ч.А бол гэрийн баруун баганы хажууд хойморлуу харсан өмдөний тэлээний арал нь унжсан зогсож байхаар нь түүнээс юу болсон бэ? гэж асуухад надыг “ална шүү Пязда" гэснээ аавын орон дээр гараад хэвтээд өгсөн. Манай аав тэр үед зуухны хойд талд хоймрын авдар, зурагтын тавиур 2-ын харалдаа 1 метр гарангын урд хивсэн дээр толгой нь зүүн тийшээ нуруу нь хаалга руу харсан баруун талаараа байрлаж эвхэрсэн хэвтэж байсан. Би аавыг цайгаа уу гээд татсан чинь босож ирэхгүй болохоор нь ямар хурдан унтдаг юм бэ гэж бодоод дахиад аавыг татсан чинь сонин дуу гаргасан тонгойгоод хартал нүүр ам нь цус болсон хэвтэж байсан. Хойд айлд гүйж ороод нөхөртөө “танай найз чинь миний аавыг зодчихлоо, алчихлаа" гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр орж ирээд цагдаа, эмнэлэг дуудсан... ...Баруун талын шанаа нь тэр чигтээ хөх эрээн болж хавдаад хөхөрсөн, эмчид үзүүлэхэд зүү гар нь  0.5 см хэмжээтэй түлэгдсэн, цээж хэсэг нь цэврүүтээд арьс нь үхжилт үүсч цэврүүтээд ус гүйсэн байсан хоолой нь тэр чигтээ улаан хүрэн болсон байсан. Хоолойг нь боосон ч юм уу гараа базсан ч юм уу мэдэхгүй улаан хүрэн болсон байсан. Өөр биед нь ил харагдах зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-47-49 тал/,

 

Шинжээч О.Болороогийн “...16859 тоот дүгнэлтийн 1-р хариултад дурдагдсан гэмтэл учирсан байсан хохирогчийн нүүрэн хэсэгт 3-с дээш удаагийн үйлчлэлээр цээжин хэсэгт нэг ба түүнээс хүчээр хатуу мохоо зүйлээр  үүсгэгдэх боломжтой. Цээжний өвчүү хэсэгт хүчтэй дэвсэлтээр 2 талын хавирга хугарах боломжтой... ...Цээжинд учирсан гэмтэл, хавирганы хугархай хэсэг нь цээжний гялтан хальс цоолсноос цээжинд шингэн хуримтлагдсан байгаа юм...”  гэх мэдүүлэг /хх-78-80 тал/,

 

Гэрч Т.Дагва-Очирийн: “тухайн үед Дамдин гуай ярьж чадахгүй хэл нь хавдсан, асуусан асуултыг ойлгож, асуултад толгойгоороо дохиж хариулж байсан. Ч.А таныг зодсон  уу гэхэд биш биш гэж бүдэг хэлсэн. Ч.А-ыг дуудаж оруулж ирээд энэ хүнийг бас Ч.А гэдэг юм байна. Энэ хүн таныг зодсон уу гэхэд толгой дохиж мөн гэж хариулсныг тайлбар тэмдэглэлд тусгаж тэмдэглэлийг гэрчээр сувилагч, тухайн үед дусал хийлгэж байсан хүнээр гарын үсэг зуруулан, охин баасандуламд танилцуулж гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /хх- 94-96 тал/,

 

Шинжээч Ц.Ганболдын “...дээрх тогтоогдсон гэмтлүүд нь тодорхой хугацааны дараа ч гэсэн үхэлд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөхгүй учрах үедээ л амь биед аюултай гэмтлүүд юм...” /2-р хх-228 тал/, 

 

Гэрч С.Чинзоригийн: “...маргааш өглөө нь Б.А-ын гэрт ороход С.Дамдин гэж хүнийг урд орой нь гэрт нь унтаж байсан залуу зодсон гээд нүүр нь хаана хаанаа байсныг мэдэхгүй байна шалбарсан бие нь муу байсан ба Улаанбаатар хотруу авч явна гээд хүүхдүүд нь байж байсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-39 тал/,

 

Шинжээч Д.Дэжидмаагийн: “...2017 оны 06 дүгээр сарын 14-ны өдрийн 603 дугаартай дүгнэлтийг гаргасан Миний бие комиссыг даргалж Г.Нарантуяа, Энхтуяа, Баттулга, Ганхуяг  нарын бүрэлдэхүүнтэй санал нэгтэйгээр гаргасан ба С.Дамдин нь 2008 оны тархинд цус харвалт өгч улмаар тархинд дүгнэлтэд тусгасан үлдэц байсан ба 2015.11.23-нд С.Дамдин нь бусдад зодуулж тархинд доргилт авсны улмаас дээрх тархины цус харвалтын үлдэц нь сэтэрч тархи эмгэгших эмгэг учирч сэтгэцэд нөлөөлсөн...” “...Гол нь 2015.11.23-нд С.Дамдин бусдад зодуулж тархинд доргилт авсны улмаас 2008 оны тархины цус харвалт нь сэтгэцэд нөлөөлж тархи эмгэгших эмгэг болсон ба тэрнээс доргилт аваагүй тохиолдолд хэвийн л байх байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-40 тал/,

 

Шинжээч Я.Ганхүүгийн: “...2008 онд тархинд цус харвасан үед 2015 оны 11 дүгээр сарын 23-нд тархинд доргилт үүссэний уулмаас тархинд гэмтэл үүсч улмаар тархи эмгэгших эмгэг учирсан ба С.Дамдины тархинд 2015.11.23-нд доргилт үүсээгүй бол 2008 онд цус харвасан ч гэсэн тархи эмгэгших эмгэг учирахгүй байх боломжтой байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-41 тал/,

 

Шинжээч Б.Нарантуяагийн: “...С.Дамдин нь 2008 онд тархинд цус харавсны улмаас түүний үлдэц хоёр том бөмбөлгийн дух зулай чамархайн эдэд голомтод уулинхайнуудтай архаг шигдээсийн голомт зэрэг архаг өөрчлөлт байсан нь 2015 оны 11 дүгээр сарын 23-нд бусдад зодуулж тархинд доргилт авснаар дээрх тархины цус харвалт нөлөөлж тархи эмгэгших эмгэг учирсан байх үндэслэлтэй... ...2015.11.23-нд бусдад зодуулж тархинд доргилт аваагүй бол 2008 онд тархинд цус харвасан үлдэц нь сэтгэцэд нөлөөлөхгүй хэвийн байх боломж тархинд доргилт авсанаас болж сэтгэцэд өөрчлөлт орсон...” гэх мэдүүлэг /3-р хх-42 тал/,

 

Гэрч Н.Цэндсүрэнгийн: “...Ч.А-ыг дагуулж орж ирээд энэ таныг зодсон, зохисон хүн мөн үү гэж асуусан. Тэгэхэд аав Дамдин дугарч чадахгүй байж толгой дохиод байсан...” “...Хэрэг бүртгэгч Дагва-Очир тэмдэглэл үйлдэж тэнд байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан. Талийгаач өөрөө гарын үсэг зурж чадна гэж толгой дохиод гарын үсэг зурсан...” гэх дахин мэдүүлэг /3-р хх-102 тал/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16859 дугаартай ...С.Дамдингийн биед өвчүү, ясны хугарал, баруун 4-5-6-р хавирга, зүүн 2-3-4-р хавирганы хугарал, цээжний баруун, зүүн хөндийд шингэн хуралт, цээжний шарх зулгаралт, цус хуралт, хоншоор ясны баруун урд хананы хугарал, баруун хацар ясны хугарал, тархи доргилт, эрүү хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-53-54 тал/,

шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны ...асуусан асуултад хариулах боловч сайн мэдэгдэхгүй, ойлгомжгүй ярина. Хэл нь орооцолдоно... магадалгаа /хх-73-74 тал/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1104 дугаартай ..С.Дамдин нь гэмт хэргийн улмааэс хохирсон 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. С.Дамдин нь сэтгэцийн хувьд удамшлын эмгэгтэй гэх баримт бичиг үгүй байна. С.Дамдин нь одоогоор сэтгэцийн хувьд тухайн хэргийн талаар ойлгож, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. С.Дамдин нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. С.Дамдин нь тархи толгойнд гэмтэл авсны улмаас сэтгэцэд “DS:F07.2 тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил” эмгэгтэй болсон байна. С.Дамдин нь сэтгэцийн хувьд одоогоор өөрийн үйлдлийг ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвараа алдсан байна... дүгнэлт /хх-168-172 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаартай ...С.Дамдингийн биед тухайн үед 16859 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. С.Дамдингийн биед өвчүү, ясны хугарал, баруун талын 4, 5, 6, 8р

 

хавирга, зүүн талын 2, 3, 5-р хавирганы хугарал, цээжний хоёр талын хөндийнд шингэн хуралдалт, цээжний шарх зулгаралт, цус хуралт, хоншоор ясны баруун урд хананы хугарал, баруун хацар ясны нумны хугарал, тархи доргилт, эрүү хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал бүхий амь биед аюултай хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /2-р хх-222-224 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад баримттай харьцуулах, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэхэд тухайн хэрэг учрал гарах цаг хугацаанд буюу дүгнэхэд

Хэрэг учрал гарсан гэх цаг хугацааны өмнө гэрч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн удаа дараагийн мэдүүлэгт С.Дамдин нь ил харагдах шарх, бэртэл гэмтэлгүй байж байгаад /Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмрийн 8-8 тоот хашаанд байрлах хохирогч С.Дамдины гэрт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн/ мөн өдрийн 21 цаг 30 минутын орчимд хохирогч С.Дамдин нь шүүгдэгч Ч.А-той хамт байх 5-10 минутын хугацаанд өвчүү ясны хугарал, баруун 4,5,6,8-р хавирга, зүүн талын 2,3,5-р хавирганы хугарал цээжний 2 талын хөндийн цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд  гэмтэл авсан нь хангалттай нотлогджээ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ч.А-ын хохирогч С.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь өвчүү ясны хугарал, баруун 4,5,6,8-р хавирга, зүүн талын 2,3,5-р хавирганы хугарал цээжний 2 талын хөндийн цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарагдах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэг

Шүүгдэгч Ч.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.Аын хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн эцсийн  үгийг сонссоны дараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орж,

 

Шүүх шүүгдэгч Ч.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Ч.А-од гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон хугацаанд эхлүүлэхэд шүүгдэгч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 471800 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2020 оны 1 сарын 15-ны өдрийн ХААН-н банкны орлогийн мэдүүлгээр нотлогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан хэлэлцэхэд шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснөө илэрхийлсэн байна.

 

Шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн, гэмт хэрэг учрал гарснаас хойш 5 жил орчмын хугацаа өнгөрсөн/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний урьдчилан цагдан хоригдсон 302 хоногийг буюу цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцоход 4.530.000 төгрөгтэй дүйцэж байгаа тул түүнд оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 сая төгрөгөөр торгох ялаас 4.530.000 төгрөгийг хасч, торгох ялын хэмжээг 7.470.000 /долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож,  

Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2022 оны 1 сарын 15-ны дотор /2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг санууллаа.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хойд талын халаасандаа улаан өнгийн даавуун шар өнгөөр AUTO-BI гэсэн бичигтэй, шороо болон техникийн тос мэт зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдсон, урд хэсгээрээ 45 см урттай, босоо цахилгаантай тэлээ зүүх зориулалтгүй, ажлын хар хөх өнгийн өмдийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж,

              мөн прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн 201519000803 дугаартай хэргээс хуулбарлан авсан CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хадгалавал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ч.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 12000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ч.А-од Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 сая төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 302 /гурван зуун хоёр/ хоногийг буюу цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцоход 4.530.000 төгрөгтэй дүйцэж байх тул түүнд оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 сая төгрөгийн торгох ялаас 4.530.000 төгрөгийг хасч, торгох ялын хэмжээг 7.470.000 /долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.А-од оногдуулсан 7.470.000 /долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг 2022 оны 1 сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хойд талын халаасандаа улаан өнгийн даавуун дээр шар өнгөөр AUTO-BI гэсэн бичигтэй, шороо болон техникийн тос мэт зүйлээр нэлэхүйдээ бохирлогдсон, урд хэсгээрээ 45 см урттай, босоо цахилгаантай, тэлээ зүүх зориулалтгүй, ажлын хар хөх өнгийн өмд устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж,

“20151130_005502, 20151130_003859” дугаартай бичлэгүүдийн хуулсан цагаан өнгийн СД 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсаргасугай.

 

7. Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал болон гэм хорын хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 471800 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

 

8. шүүгдэгч Ч.А-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.А-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОТГОНЖАРГАЛ