Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/31

 

 

 

 

   

 

 

 

   2020            01              17                                                     2020/ШЦТ/31                                                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Н.Баяр, Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О.Х-т холбогдох эрүүгийн 1834007640360 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн О.Х, Регистрийн дугаар: СЧ, Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймаг, Дэлгэрхаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн 2 дугаар гудамж 8 тоотод оршин суух хаягтай,

Урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан,

-Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч О.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 18 цагийн орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шинэ булаг” гэх газраас иргэн Д.Б-ы өмчлөлийн хонин сүргээс олон тооны бог малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад олон тоогоор айлын мал хулгайлах сонирхол байгаагүй. Хэргийн газар дээр 5 хонины гэдэс гаргачхаад байж байхад өвөлжөөний эзэн нь гээд нэг хүн ирээд би зугтсан. Надад олон тоогоор нь авах хүсэл огт байгаагүй. Тэр үед надтай хамт байсан гэсэн хүмүүс надад 1 литр бензин л авчирсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зурагууд /хх-ийн 9-10, 14-15 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09/413 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-23 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/26 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-51 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09/413 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-64 тал/, яллагдагч О.Х-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-93-94, 95-96 тал/, шүүгдэгч О.Х-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-97-159, 182-198 тал/ зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч О.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 18 цагийн орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шинэ булаг” гэх газраас иргэн Д.Б-ы өмчлөлийн хонин сүргээс 72 тооны бог мал, 5 тооны хонь нядалсан буюу бусдын тооны бог малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Хохирогч Д.Б-ы: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хонио хариулж байгаад 17 цагийн үед уулан дээр үлдээгээд хөрш айлынхаа гэрийг нүүлгэж 1 цаг гаруй болсон юм. Гэтэл манай хөрш айлын малчин Чадраабал над руу утсаар залгаад манай хаваржаан дээр танай хониноос тасалж аваад нядалсан байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь манай хониноос таван тооны сувиа хонийг нядалсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан... ...Би нядлагдсан эр хонио 200.000 төгрөг, үлдсэн 4 тооны хонийг 400.000 төгрөгөөр нийтэд нь 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-30 тал/

Хохирогч Д.Б-ы: “...Би хонио тухайн өдөр Төмөртэй овоон дээр орхиод явсан юм. Тус газраас Чадраабалын хаваржаа 3-4 орчим километр зайтай байдаг юм... ...Манай саахалтын Чадраабал хэлж байсан юм. Манай хонийг хаваржаандаа хашсан байсныг харж ирчхээд надад тэгж хэлсэн... ...Нас гүйцсэн эм ямаа 11 толгой, нас гүйцсэн эр хонь 6 толгой, Соёолон эр хонь 5, хязаалан эр хонь 4, шүдлэн эр хонь 2, нас гүйцсэн эм хонь 20, соёолон эм хонь 10, хязаалан эм хонь 10, охин төлөг 4 байсан үүнээс нэг толгой нас бие гүйцсэн эрх хонь, 4 толгой сувай эм хонийг нь гаргачихсан байсныг махыг 100.000 төгрөгөөр эм хонины махыг зараагүй таньдаг хүмүүстээ зүгээр өгчихсөн байсан... ...Би маш их гомдолтой байна. Үнэхээр нүд халтирам байсан. Намайг очиход дутуу алаад гэдсийг нь гаргаад хаячихсан зүрх нь цохилж байсан. Би 5 хониныхоо хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-31 тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэдалайгийн: “...Хэрлэнбаяр манай төрсөн дүү  Оюунчимэгийн хамгийн том хүү нь байгаа юм... ...Тухайн хэрэг болох үед нь би эзгүй эмнэлэгт хэвтэж байсан юм. Энэ хойгуур Хэрлэнбаяр ирээд мотоциклыг маань аваад явсан байсан. Дараа нь цагдаа надад мотоциклыг маан зарж үрэгдүүлж болохгүй шүү гээд хүлээлгэн өгсөн. Одоо мотоциклыг нь би унаж эдлээд байж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33 тал/

Гэрч Д.Б-ы: “...Төмөртэй гэх уулан дээр хонио үлдээгээд гэртээ хариад, тэгээд айлын гэр нүүлгээд 17 цаг өнгөрөөгөөд байж байтал Чадраабал над руу утсаар ярьсан. Танай хониноос тасалж аваад манай хаваржаан дээр нядалж байгаад хулгайч нар нь зугтаад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хаваржаан дээр яваад очсон чинь манайхаас 11 тоон ямаа, 56 тооны хонь хашаанд хийсэн 5 тооны хонийг нядлаад гэдсийг гаргаад хаячихсан байсан. Тэгэхээр нь би амьд хонинуудыг хониндоо нийлүүлээд нядалсан 5 тооны хониныхоо махыг нь Багануур дүүрэгт оруулаад манай эхнэр ченжид зарсан... ...Би ерөөсөө танихгүй хараагүй нутгийн малчид ярихдаа хоёр мотоциклтой сундлаатай гурван хүн өдрөөс хойш голоор явж байсан гэж хэлж байсан... ...Би нэг хонийг нь 200000 төгрөгөөр энэ дотроо эм хонийг нь 100000 төгрөгөөр, эр хонийг 200000 төгрөгөөр үнэлж байна. Харин ямаагаа 100000 төгрөгөөр үнэлнэ. Миний хулгайд алдсан хонин дотроос 17 тооны хонь эр хонь бусад нь сувиа эм хонинууд байсан... ...Би гомдолтой байна. Нядалсан 5 тооны хониныхоо төлбөрийг нэхэмжилж байна... ...Дээр манайхаас 20 гаруй хонь дутсан уг малыг дээрх этгээдүүд хулгайлсан байж болзошгүй. Шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/

Гэрч Т.Чадраабалын: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 15 минутын үед тугалаа харах санаатай гэрээсээ уул руу өгсөөд явж байтал манай хаваржааны гадаа улаан, цэнхэр өнгийн хоёр мотоцикл байсан. Тэгэхээр нь юун хүмүүс юм бол гэж бодоод мотоциклоо унаад очсон чинь хашаан дотор хонь хашчихсан 3 залуу зогсож байсан. Тэгсэн хашаан дотор 5 тооны хонь төхөөрөөд гэдсийг нь хяргачихсан байсан. Тэгэхээр нь та нар яаж яваа хүмүүс вэ гэж асуусан чинь малаа туугаад явж байна. Муудсан малаа хийж байна гэсэн. Тэгэхээр нь та нарын байдаг газар юм уу наадах чинь миний өвөлжөө гэж хэлсэн. Тэгэхэд би хашаа руу даваад орсон чинь дандаа сувиа тарган хонинууд байсан. Уг хонины гэдсийг гаргасан байсан болохоор нь хулгай юм байна гэж бодоод хашааны гадаа гараад түлхүүрийг нь булааж аваад зугтаах гэсэн чинь гурвуулаа дайраад ноцолдож байгаад түлхүүрээ надаас булааж авсан. Тэгснээ миний мотоциклын түлхүүрийг булааж авсан. Тэгэхээр нь уурлаад ноцолдож байгаад түлхүүрээ аваад мотоциклоо асаагаад та гурвыг танина шүү. Би эргээд одоохон ирнэ гэж хэлээд гэр рүүгээ цагдаад мэдэгдэхээр явсан. Намайг гэрт ирээд эргээд очхын хооронд уулын цаагуур хоёр мотоциклоо унаад Багануур дүүрэг чиглээд зугтааж байсан. Тэгээд би цагдаа руу утсаар залгаж мэдэгдсэн... ...Би тухайн хүмүүсийг танихгүй. Харин одоо харвал танина. Бүгд орос хувцас өмсөж явсан. Харин нэг залуу нь нүүрээ нуугаад баг өмсчихсөн байсан... ...Мотоцикл нь улсын дугааргүй байсан... ...Хашаан дотор 67 тооны мал байсан. Түүнээс 5 тооны мал нь нядлагдсан байсан. Нийт 72 тооны мал байсан. Үүнээс 11 тооны ямаа, 56 тооны хонь байсан. Нядлагдсан 5 тооны хонийг хасаад тоолсон...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/

Гэрч Ц.Баасандоржийн: “...Хэрлэнбаяр ах 20-30 тооны орчим хонь туугаад гарч ирсэн. Тэгээд би өөрийнхөө мотоциклоос бензин аваад Хэрлэнбаяр ахын мотоциклинд хийж өгсөн юм. Намайг бензин хийж өгч байх хооронд Сүхбат, Хэрлэнбаяр ахын тууж ирсэн хонийг хашсан. Би Хэрлэнбаяр ахад явлаа гэхэд хамт явъя байж бай гээд хонь хашсан хашаа руугаа Хэрлэнбаяр ах бид хоёр яваад орсон. Би мотоциклоо янзалчхаад тэр хонь хашсан хашаан дотор яваад очиход Хэрлэнбаяр ах, Сүхбат нар хонь нядалж байсан. Тэгээд байж байхад нэг мотоциклтой хүн ирээд энэ юу болж байгаан энэ бойны чинь газар уу гээд Хэрлэнбаяр ахтай юм ярьж байгаад яваад өгтөл Хэрлэнбаяр, Сүхбат нар мотоциклоо асаагаад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь мотоциклоо асаагаад Багануур руу явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй... ...5 тооны хонь нядалсан хонийг Сүхбат, Хэрлэнбаяр хоёр барьсан... ...Би ямар ч үүрэг гүйцэтгээгүй...” гэх мэдүүлэг /хх-40 тал/

Гэрч Ц. Баасандоржийн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад манай эхнэрийн хамаатан Хэрлэнбаяр ах миний 88136404 дугаарын гар утас руу залгаад аягын аманд мотоциклтой явж байсан чинь бензин дуусчихлаа гэж хэлсэн. Би мотоцикл унаад бензин өгөөд зогсож байтал Хэрлэнбаяр ах 20-30 тооны орчим хонь туугаад гараад ирсэн. Би явах гэтэл Хэрлэнбаяр ах хамт явъя байж бай гээд хонь хашсан хашаа руугаа яваад өгсөн. Би мотоциклоо янзалчхаад тэр хонь хашсан хашаан дотор яваад очиход Хэрлэнбаяр ах, Сүхбат нар хонь нядалж байсан. Тэгээд байж байтал нэг мотоциклтой хүн ирээд энэ юу болж байгаа юм гээд Хэрлэнбаяр ахтай хашаан буланд муудалцаад байх шиг байсан. Нээх удалгүй тэр мотоциклтой хүн яваад өгсөн. Тэгээд Хэрлэнбаяр ах, Сүхбат нар зугтаасан. Би ч мөн адил араас мотоциклоо асаагаад Багануур дүүрэг рүү зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/

Гэрч Д. Оюунчимэгийн: “... Би ээж нь байгаа юм... ...Саранцэцэг гэх хүнтэй 2016 оноос хойш одоог хүртэл хамт байж байгаад хэрэг холбогдохын өмнө манайд ирээд хэрэг хийгээд түүнээс хойш тэр хүн дээрээ очоогүй зугтаад яваад байгаа юм. Хэрлэнбаярт өөрт нь ноогдох эд хөрөнгө байдаггүй юм... ...Сараа гэдэг хүүхэнтэй үерхэж байгаа гэж ярьдаг байсан. Сүүлд больсон салцгаасан байх, би харж байгаагүй. Ойр дотно байдаг найз нөхдийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/

Гэрч Э.Сүхбатын: “...Хэрлэнбаяр ах ирээд хоёулаа ийшээ ойрхон манай нэг найзаас хонь аваад ирье гэхээр нь Хэрлэнбаяр ахын мотоциклын ард сундлаад Багануур дүүргээс урагшаа зүг рүү Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг руу нэрийг сайн мэдэхгүй газар руу явж байтал мотоцикл бензингүй болоод зогссон. Тэгээд Хэрлэнбаяр ах нөгөө хонь авах айлдаа оччихоод ирье гээд явганаар яваад өгсөн. Удалгүй мотоциклтой Баасандорж яваад ирэхээр нь бензин авч хийгээд байж байтал Хэрлэнбаяр ах 20-30 тооны орчим хонь уулснаас туугаад ирсэн. Би юун хонь юм бэ гэж асуутал Хэрлэнбаяр ах манай найзын хонь байгаа юм энэ хониноос авах ёстой гэж хэлээд хонинуудыг нядалж эхэлсэн. Баасандорж бид хоёр хараад зогсож байсан. Би хонь гаргаж хийж чаддаггүй юм... ...Хэрлэнбаяр ахын хонь юм байх гэж бодсон... ...Би бол ерөөсөө туслаагүй ээ хараад зогсож байсан... ...Нэг хүн ирээд цагдаа дуудна гэхээр айгаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-45 тал/

Яллагдагч О.Х-ын: “...Би Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх хулгай хийхдээ хонь ямаа нийлсэн 20 толгой бог мал хониноосоо тасраад явж байсныг нь туугаад эзэнгүй хашаанд аваачиж хашаад 5 хонийг нь нядлаад байж байхад мотоциклтой хүн ирээд надад хандаж пизда минь чи яагаад хот бузарлаад байгаа лалар вэ гэж хэлээд эндээс зайл гэхээр нь одоо явлаа гэж хэлэхэд миний мотоциклын түлхүүрийг авахаар нь би нөгөө хүний мотоциклын түлхүүрийг сугалж аваад нөгөө хүнтэй түлхүүрээ солилцоод нөгөө хүн яваад өгсөн. Ингээд Сүхбат, Баасандорж бид гурав мотоциклтойгоо зугтаад яваад өгсөн... ...3 ямаа байсан, 2 нь борлон байсан, 16-17 хонь байсан. Хамгийн том нь миний нядалсан хязаалан эр хонь байсан. Бусад 4 нь төлөг байсан. Үлдсэн 12 нь хурга, төлөг байсан юм. Би үнэлгээтэй танилцсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Миний туусан хонинд нас гүйцсэн эр хонь байгаагүй, хамгийн том нь хязаалан, бусад нь төлөг хурга байсан юм. Цэвэр жингээр гэдэс, толгой, арьс ширийг нь хасуулж үнэлүүлэх хүсэлтэй байна... ...Би энэ хоёртой ах дүү төрөл садангийн холбоо байхгүй... ...2012 оноос хойш Сүхбаттай танилцсан юм. Баасандоржтой 2017 оноос хойш таньдаг болсон... ...Хэрлэнбаян-Улаан сум руу манай ахынд очоод ирье гэж хэлээд явсан юм. Тэгтэл замдаа бензин дуусаад би Сүхбатын утсаар Сүхбаттай ярилцаж байгаад тухайн үед бензин авчраад өг гэж дуудсан юм. Би Сүхбаттай хамт явж байгаа хүн байна гэдгээ хэлсэн... ...Би тэр хоёр хүнээс хонь авсан юм гэж хэлсэн... ...Тэр хоёр туслаагүй хараад зогсож байсан юм... ...Улаан өнгийн улсын дугааргүй даюун маркийн мотоциклтой явж байсан юм. Тэр мотоцикл манай ээжийн төрсөн ах Эрдэнэдалайгийн нэр дээр байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-95-96 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч О.Хын Д.Б-ы өмчлөлийн хонин сүргээс 11 толгой ямаа, 61 толгой хонь зэрэг нийт 72 тооны буюу олон тооны бог малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

          “Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.

          “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг гурван богоор тооцно” гэж хуульчилсан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч О.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх О.Х-т холбогдох эрүүгийн 1834007640360 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Х-ыг бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт О.Х түүний өмгөөлөгч нар нь “бусдын олон тооны мал хулгайлаагүй” 5 тооны хонь хулгайлсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэж маргаж мэтгэлцсэн боловч

Шүүгдэгч О.Х нь бусдын 72 тооны буюу олон тооны бог малыг бэлчээр дээрээс нь тууж гэрч Чадраабалын хашаанд хашиж улмаар 5 тооны бог малыг няцалж байх явцад гэрч Чадраабал очсон  болох нь гэрч Т.Чадраабалын: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 15 минутын үед тугалаа харах санаатай гэрээсээ уул руу өгсөөд явж байтал манай хаваржааны гадаа улаан, цэнхэр өнгийн хоёр мотоцикл байсан. Хашаан дотор 5 тооны хонь төхөөрөөд гэдсийг нь хяргачихсан байсан.” гэх мэдүүлэгт тусгагдсан байдаг.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгох бөгөөд О.Х нь хохирогч Д.Батсахайны өмчлөлийн олон тооны бог малыг бэлчээр дээрээс тууж, бусдын хашаанд хашсан үйлдэл хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд бусдын олон тооны бог мал буюу 11 тооны ямаа, 56 тооны хонь хашаан дотор байсан, 5 тооны хонь нядлагдсан байсан талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь гэрч Т.Чадраабал, хохирогч Д.Б нарын алдагдсан малын тоо, нядлагдсан малын тоотой тохирч байх тул шүүгдэгч О.Х-ыг бусдын 5 тооны бог мал хулгайлсан гэж үзэх үндэслэл няцаагдаж байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэх хүсэлтийг хүлээн авах үндэсгүй байна.

 Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад нотлох баримтыг үнэлж шүүгдэгч О.Х-ыг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн талаар” гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлах хугацааг 2 хоногоор тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч О.Х нь хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хулгайлагдсан бог малаас 11 тооны ямаа, 56 тооны хонийг хохирогч Д.Б буцаан авсан ба нядлагдсан 5 тооны эм хонийг нэг бүрийг 100000 төгрөг, эр хонийг 200000 төгрөгөөр нийт 600000 төгрөгийг нэхэмжилсэн талаар хохирогч Батсайханы мэдүүлэгт тусгагджээ. /хх-31,34 тал/

Иймд шүүгдэгч О.Х-аас 5 тооны хонины үнэ 600000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгох нь зүйтэй байна.

 

            Шүүх шүүгдэгч О.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ын урьдчилан цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

        

Шүүгдэгч О.Х-ын гэмт хэрэг үйлдэх үедээ бусдын өмчлөлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг ашигласан талаар тухайн мотоциклын хууль ёсны өмчлөгч Д.Эрдэнэдалай мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг битүүмжилсэн” Төв аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  мотоциклыг хууль ёсны өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

Харин шүүгдэгч О.Х нь гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтаах зорилгоор хэрэглэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын үнэлгээгээр тогтоогдсон /хх-55-60 тал/ үнэ 142500 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийг О.Х-аас гаргуулж, Улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овгийн О.Х-ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Х-ыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цаг 40 минутаас эхлэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 00 минут хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цаг 40 минутыг хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ёс/ хоног, нийт цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүйг, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Д.Эрдэнэдалайгийн өмчлөлийн “Даюун” маркийн мотоцикл битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Эрдэнэдалайд буцаан олгож, “Даюун” маркийн мотоциклын үнэ болох 142500 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч О.Х-аас гаргуулан Улсын орлого болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-аас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч УА78042013 дугаарын регистртэй Д.Б-д олгосугай.

8. Шүүгдэгч О.Х-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ