Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

                            

 

 

   2020         02          10                                             2019/ШЦТ/61                               

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч А.Т, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Г.Г-т холбогдох Эрүүгийн 19340010360012 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

О овгийн Г.Г /Регистрийн дугаар:ТА/ Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монел 36 дугаар гудамж, 11 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Дархан-Уул аймгийн шинэ Дарханы 33-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орох чиглэлийн сайжруулсан шороон зам дээр 54-48 УБЦ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчин, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Т-ийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Г.Г нь: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч А.Т: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Фэйсбүүкээр унаа хайгаад өргөө дээрээс суусан. 17 цаг 20 цагийн орчим Урьхан дээр очсон. Тэгээд би цааш унтсан байсан учраас нэг мэдэхэд осолд орсон байсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хагалгаанд орсон. Эмчилгээ хийлгээд миний биеийн байдал дээрдэхгүй байна. Дэлүүгээ авхуулсан учраас цаашид сар болгон эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Эмчилгээ хийлгэх санхүүгийн боломж байхгүй байна. 13 хоног эмнэлэгт хэвтсэн. Надад 2095000 төгрөг өгсөн. Би баримтаар 214000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, нийт 1574500 нэхэмжилж  байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-4 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5 тал/, осол гарсан байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8 тал/, хохирогч А.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14 тал/, иргэний нэхэмжлэгч С.Цогтоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, гэрч Г.Г-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22 тал/, гэрч Э.Мөнхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23 тал/, гэрч Ш.Түвшинтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24 тал/, шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 974 дугаартай дүгнэлт /хх-34-35 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 170 дугаартай дүгнэлт /хх-39 тал/, “Вендо” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15937361 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-44-45 тал/, яллагдагч Г.Г-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-55-56 тал/, хохирол төлсөн баримт /хх-81 тал/, шүүгдэгч Г.Г-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-57-69 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Г.Г нь “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орох чиглэлийн сайжруулсан шороон зам дээр 54-48 УБЦ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчин, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Т-ийн биед хүнд хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч А.Т-ийн: “...тухайн үед би нойр хүрч байсан тул замын турш унтаж явсан. Гэтэл нэг мэдэхэд л машин доошоо харчихсан хүмүүс ирсэн та нар зүгээр үү гээд асуугаад машинаас татаж гаргаж байсан... ...дэлүү бяцралтай гээд хагалгаанд орсон. Мөн дотуур цус их алдалттай, толгой болон цээж хэсэгт хөндүүртэй, толгой их өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/

Иргэний нэхэмжлэгч С.Ц-ийн: “...гомдол санал байхгүй. Манай байгууллагаас гэрээ байгуулан мөнгө зээлж авсан тул зээлийн үлдэгдэл 3410000 төгрөгийг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/

Гэрч Э.Мөнхбатын “...би жолоочийн арын суудалд сууж явсан. Тэгээд Жаргалант сум руу салдаг уулзвар хүрэх замд жолоочийн эсрэг талын урд дугуй хагарч машин замын хажуу руу хөмөрч унасан... ...манай машинд жолоочоос гадна 3 хүн сууж явсан. Би ослын улмаас бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

Гэрч Ш.Түвшинтөгсийн “...Жаргалант сум руу салдаг уулзвар хүрэх гэж явахад Баруун талын урд талын дугуй хагарч машин замын хажуу руу ороод хөмөрч унасан... ...би ослын улмаас бэртэж гэмтээгүй...” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 974 дугаартай “...А.Т-ийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, мэс заслын аргаар дэлүүг авсан байдал, хагалгааны дараах байдал зэрэг нь амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан...” талаарх дүгнэлт /хх-34-35 тал/, 

 

Төв аймаг дахь  Цагдаагийн газрын замын цагдаагийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 170 дугаартай “...цагаан өнгийн 54-48 УБЦ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн эзэмшигч Г.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурд хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн заалтуудыг зөрчсөн...” талаарх дүгнэлт /хх-39 тал/,

Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч нь Г.Г нь “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орох чиглэлийн сайжруулсан шороон зам дээр 54-48 УБЦ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчин, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Т-ийн биед хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн өвчтөний түүхийн хуулбар, мэс заслын тэмдэглэлүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Г.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улаас хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт хохирогч А.Т-т нь нийт 3781000 /гурван сая долоон зуун наян нэгэн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 

өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, ослын улмаас ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 1060000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Харин эмчилгээ сувилгаа болон бусад зардалд 2421000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд 2095000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 11, 81 дүгээр хуудаст авагдсан “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд  шүүгдэгч Г.Г-ээс үлдэгдэл 326000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Т-т,

3410000 /гурван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч “ЖДМБ” ХХК банк бус санхүүгийн байгууллагад тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч А.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичгийн баримт болох  шүүгдэгч Г.Г-ийн 1061315 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг,

Hyundai Sonata-7 маркиийн 5448 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02178587 дугаарын гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Г.Г-т буцаан олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгах нь зүйтэй байна.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн Г.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овгийн Г.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 326000 /гурван зуун хорин зургаа мянга/ төгрөгийг хохирогч А.Т-т,

3410000 /гурван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч “ЖДМБ” ХХК банк бус санхүүгийн байгууллагад тус тус гаргуулан олгож, хохирогч А.Т-ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Г нь 2095000 төгрөг хохирогч А.Т-т төлснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Г.Г-ийн жолоочийн 1061315 дугаартай үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг,

Hyundai Sonata-7 маркиийн 5448 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02178587 дугаарын гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Г.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ