Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/72

 

                      

 

 

 

    2020          03          03                                            2020/ШЦТ/72                              

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Б.М-д холбогдох Эрүүгийн 1934010170058 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв. 

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Г овгийн Б.М /Регистрийн дугаар:ЙГ/ Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Урлах эрдэм дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 7, аав, ээж, ах, 2 эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 10 дугаар хороо зүүн наран 12-60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цавхангай гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг чиглэлийн асфальтан замд 21-84 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 12.”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчиж явсан Б.О-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.М нь: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь: “...Утсаар хэрэг гарсан талаар мэдсэн. Тэгээд осол гарсан газар очсон. Гэтэл талийгаач нас барсан байсан. Яллагдагчид гомдол санал байхгүй. Буяны үйл ажиллагаанд аав, ээж, ах, дүү нараа раа дэмжиж тусалсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-7 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12 тал/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-22 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24 тал/, хохирогч Б.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26 тал/, иргэний хариуцагч Б.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-29 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-32 тал/, гэрч Б.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-33-35 тал/, гэрч Н.Отгосүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-36-37 тал/, гэрч Б.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38-39 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №184 дүгээр дүгнэлт /хх-41-42 тал/, “Кости – Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, бэлэн мөнгөний орлогын баримт, зургийн үзүүлэлт /хх-48-50 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №163 дугаартай дүгнэлт /хх-56 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6306 дугаартай дүгнэлт /хх-61/, №6306 тоот шинжилгээний гэрэл зургийг үзүүлэлт /хх-62 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №790 дугаартай дүгнэлт /хх-67-68 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №791 дугаартай дүгнэлт /хх-74-75 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №789 дугаартай дүгнэлт /хх-81-82 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №792 дугаартай дүгнэлт /хх-87-88 тал/, яллагдагч Б.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-98-99 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-101 тал/, бичмэл нотлох баримтыг авсан тухай тэмдэглэл, /хх-111 тал/, шүүгдэгч Б.М-ын хувийн байдлыг тогтоох бусад баримт /хх-102-106, 109, 107, 112, 113 тал/  зэрэг хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цав хангай гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг чиглэлийн асфальтан замд 21-84 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 12. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчиж явсан Б.О-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын: “...Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирогч болон хэргийн холбогдогч нь миний ах дүүсийн хүмүүс...” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Хохирогч Б.М-ийн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М-ийн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар гэр бүлийн хүмүүс...” гэх мэдүүлэг /хх-28-32 тал/,

Гэрч Н.Отгонсүрэнгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Мөнхзул жолоо барьсан. Мөнх-Эрдэнэ, Загдсүрэн, талийгаач, хүү Тэгшжаргал нар Төв аймгийн Эрдэнэсант сум руу гараад явсан. Их хурдтай яваагүй гэв гэнэт машин хоёр тал руу дайвалзаад тухайн үед 2 машин зөрсөн. Гэнэт замын урд хэсэг рүү 2 удаа хөрвөөгөөд 4 дугуй дээшээ хараад унасан...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

Гэрч Б.М-ийн: “...Атар гэх газар орох замд машин гэнэт хоёр тал руугаа дайвалзаад гэнэт замын хажуу тал руу хоёр удаа хөрвөөгөөд дөрвөн дугуй нь дээш хараад унасан... ...Мөнхзул жолоо барьж явсан ба жолоочийн хажуу талд сууж явсан харин ард тал д жолоочийн хэсэгт талийгаач дунд талд нь ээж Цэндсүрэн зүүн хойд талд бэр эгч Отгонсүрэн нар сууж явсан... гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №184 дугаартай “...Талийгаач Б.О-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы далд 2 хосолсон хугарал, цээжний хөндийн цус хуралт /1800 мл/ уушги авто ослоос цээж хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нар барсан...” талаарх дүгнэлт /хх-41-42 тал/,

“КОСТИ-ЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15593363 дугаартай “...Б.М-ийн Тоёота приус-20 маркийн 2184 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2190000 төгрөгийн хохирол учирсан талаарх...” хохирлын үнэлгээ /хх-49-50 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн ахлах дэслэгч Ш.Анхбаярын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн “...Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээврэхгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” талаарх дүгнэлт /хх-56 тал/,

 шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6306 дугаартай “...Б.М 20/эм XI/08 гэж хаягласан цусанд этилийн спирт илрээгүй...” талаарх дүгнэлт /хх-61-62 тал/,

шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 791 дугаартай “...Б.М-ийн биед зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол учисран...” талаарх дүгнэлт /хх-74-75 тал/,

шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 789 дугаартай “...Б.Тэгшжаргалын биед гэмтэл тогтоогдоогүй...” талаарх дүгнэлт /хх-81-82 тал/,

шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 792 дугаартай “...Б.М-ын биед гэмтэл тогтоогдоогүй...” талаарх дүгнэлт /хх-81-82 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.М-ын мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цавхангай гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг чиглэлийн асфальтан замд 21-84 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 12.”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчиж явсан Б.О-ийн амь насыг хохироосон гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буяны ажлын зардалд 3450000 төгрөгийг “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, 60000 төгрөгийг “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар, 

хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд /хх-26 талд/ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М мөрдөн байцаалтын шатанд /хх-27 талд/ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.М-ын 1304656 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Б.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Б.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д 3510000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Б.М-ын жолоочийн 1304656 дугаартай үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ