| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0089/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/76 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/76
2020 03 04 2019/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.Н-д холбогдох Эрүүгийн 1934007660428 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Н.Н /Регистрийн дугаар:НУ/ Монгол улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сум, Тамган 5 дугаар багийн нутаг Өвөржанчивлан гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Өвөржанчивлан гэх газарт 4308 УБР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Н.Н нь: “...2019 оны 08 дугаар сард нутгийн хүмүүсийг гуйж мод хөрөөдсөн. Ганбаатар Төөлөө нарыг машинтайгаа ирээд мод зөөгөөд өг гэж гуйсан. Модоо шуудайлж байгаад ойрхон манай нагац ахын гэр байдаг юм. Ахынх ирж хоол ид гэж хэлсэн. Тэгээд хоол идчихээд дараа нь хүмүүс гуйсан юм чинь 1 шил архи задалж өгсөн. Тэгээд буцаж гарч модоо шуудайлж байгаад Ганбаатар хэсэг ойр орчим харагдахгүй байсан. эгээд нэг хартал шуудайлсан моднуудын сүүдэрт унтаж байсан. Хэсэг хугацааны дараа Г-ыг босоорой гэж хэлчхээд машиныг нь асаах гээд түлхүүрийг нь түлхээд хөдлөхөд машины доор сүүдэрт хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж цагдаа дуудсан. Миний анхаарал болгоомжгүй үйлдлээс болсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06 тал/, Замын Цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-07 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08, 10-12 тал/, хохирогч О.Г-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14 тал/, иргэний хариуцагч П.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17 тал/, гэрч П.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-19 тал/, гэрч Н.Н-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 644 дугаартай дүгнэлт /хх-23-24 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай дүгнэлт /хх-29 тал/, яллагдагч Н.Н-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38-39, 53-54 тал/, иргэний хариуцагч П.Эаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-85 тал/, гэрч Д.Төгсжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-86 тал/, яллагдагч Н.Н-ээс урьд сонсгосон ялыг өөрчилж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-89-90 тал/,шүүгдэгч Н.Н-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-42-47, 52 тал/, хохирол төлсөн баримтын жагсаалт /хх-93 тал/ хохирогчид хохирол төлсөн баримтууд /хх-95-96 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Өвөржанчивлан гэх газарт 4308 УБР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Г-ын: “...Н.Н эгчийн хашаанд эргээд иртэл хашаанд мод шуудайлж байсан гадаа бүгчим нартай халуун байсан тул 10 гаруй шуудайлсан мод байхаар машинд ачиж өгчхөөд машины сүүдэрт зүүрмэглээд хэсэг зуур хэвтэж байсан. Тэгтэл гэнэт машин асаад цээжин хэсгээр дээгүүр даваад гараад хөдөлсөн. Ийм л зүйл болсон Тэгээд Эрдэнэ сумын түргэн ирж үзээд шууд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн...” “...Осол болох үед би жолоочийн эсрэг талын хойд дугуй урд дугуй хоёрын голд хэвтэж байсан. Жолооч хэр хурдтай хөдөлсөн талаар мэдэхгүй байна...” “...Намайг хашаанд буцаж ирэхэд Нарангэрэл эгч хэдэн хүмүүстэй нийлсэн нэг шил архи ууцгааж байсан. Би тэрнээс нь ганц л удаа татсан...” “...Миний биед учирсан гэмтэл нь 3 хавирга хугарсан өөр гэмтэл байхгүй...” “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хүнд зэргийн гэмтэл гарсан байна энэ гэмтлийн зэргийг би хүлээн зөвшөөрч байна...” “...Надад гомдол, санал байхгүй. Мөн цаашид эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14 тал/
Иргэний хариуцагч П.Эын: “...Би тухайн өдөр гэртээ байж байтал Гамбаа гэдэг дүү ирээд Нарангэрэл эгчийн ундааг нь зөөж өгөх хэрэгтэй байна гэхээр нь Портер маркийн 43-08 дугаартай тээврийн хэрэгслээ Гамбаагаар бариулаад би өөрөө хамт явсан...” “...Тийм ээ би өөрөө жолооддог юм...” “...Яг мод шуудайлаад дуусаад за хэдүүлээ хөдлөе гээд жолоочийн эсрэг талын хаалгаар Нарангэрэл орсон. Би тээврийн хэрэгслийн араар тойроод хүн амьтан байна уу үгүй юу гэдгийг нь харах гээд явсан ба би өөрөө хөл муутай. Мөн нүд муутай болохоор бага зэрэг удаан явдаг юм. Тэгээд яг араар нь тойроод л хархад машин дор Ганбаа доош хараад хэвтэж байсан ба Ганбаа босоорой гэж хэлэхийн завдалгүй машин ухас хийгээд Ганбаагийн дээгүүр нь гарчихсан юм. Би Н.Н-д машиныг маань барь гэж огт эрх олгоогүй, барьчих гэж хэлээгүй. Харин Ганбааг бариад ажлыг нь амжуул гэж л өглөө нь гуйж ирэхэд нь зөвшөөрсөн юм...” “...Их л хоромхон хугацаанд уг асуудал болсон доо их л харамсалтай гэнэтийн болгоомжгүй асуудлаас болж ийм байдалд хүрсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 17 тал/
Гэрч П.Эын: “...Ганбаатар ирээд Нарангэрэл эгч дэлгүүрийн ундаа зөөгөөд өгөөч гэхээр нь би дэлгүүрт зөөж өгөөд тэгээд Нарангэрэл шуудайтай мод зөөгөөд өгөөч гэхээр нь модыг 15 цагийн үед шуудайлж өгсөн. Тэгээд Нарангэрэл, Төөлөө бид хэд машины сүүдэрт сууж байгаад Болор нэр нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд шуудайлж дуусаад хөдлий гээд босоход Нарангэрэл машины эсрэг талаар суугаад би ар талаар тойртол Ганбаатар доогуур хэвтэж байсан. Ганбаа миний дүү босоорой гэсэн тэгсэн чинь Нарангэрэл машины түлхүүрийг түлхтэл машин хөдөлсөн 1-1,5 метр орчим зайд автомашин ухасхийсэн. Тэгээд би машиныг цоожлоод түлхүүрийг өөрөө авсан...” “...Надад гомдол санал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал/
Гэрч Н.Н-ийн: “...араатай байсныг мэдэхгүй автомашин шууд хөдөлсөн. Тэгтэл жолоочийн талын хоёр дугуйны хооронд хүргэн дүү Ганбаатар унтаж байсныг мэдэлгүй цээжин дээгүүр гарсан. Тэгээд Эрдэнэ сумын түргэн дуудаж удалгүй дүүг ирээд аваад явсан...” “...би уг архинаас 2 удаа л уусан...” “...1.31% согтолттой гарсан...” “...Тухайн үед сандраад миний буруугаас болж гарсан...” “...Миний биед учирсан гэмтэл байхгүй...” “...Эрдэнэ сумын Өвөржанчивланд байдаг таньдаг хүн П.Эын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юмаа. Энэ өдөр би мод ачаад өгөөч ээ гээд гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/
Яллагдагч Н.Н-ийн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна гэв...” “...Би урьд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгрэнгүй ярьсан байгаа учир нэмж ярих зүйл байхгүй байна...” “...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөр нэмж ярих зүйл байхгүй байна ярьсан зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-н 38-39 тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 644 дугаартай “...О.Г-ын биед уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун талын 7, 8, 9, 10, 11-р хавирга, зүүн талын 9,10-х хавирганы хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан...” талаарх дүгнэлт /хх-23-24 тал/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай “...жолооч Н.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 3.7а жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байна... ...Н.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 3.7а Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын далага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан...” талаарх дүгнэлт /хх-39 тал/,
Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Н.Н-ийн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Өвөржанчивлан гэх газарт 4308 УБР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн өвчтөний түүхийн хуулбар, мэс заслын тэмдэглэлүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Н.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч Н.Н нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт хохирогч О.Г-т 2841000 /хоёр сая найман зуун нэг мянга/ төгрөгийг төлж барагдуулсан талаар хавтаст хэргийн 95, 96 дугаар хуудаст авагдсан хохирлын баримтууд болон гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-91 тал/, мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн мэдүүлэг /хх-13-14 тал/, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн иргэний хариуцагч П.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх мэдүүлэг хавтаст хэргийн 17, 18-19 талд тус тус авагдсан тул шүүгдэгч Н.Н-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт болох шүүгдэгч Н.Н-ийн №172464 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н.Н-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Н.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч О.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Н.Н-ийн жолоочийн №172464 дугаартай үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ