| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0086/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/74 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/74
2020 03 04 2020/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Э.Билгүүн,
хохирогч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.У-т холбогдох 1934011180038 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2-5 насны хүүхдүүдийн хамт Төв аймгийн Дэлгэрхаан сум, Дуутхуримт 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Б овгийн Э.У /РД:НФ/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутхуримт 2 дугаар багийн нутаг “Хонхор тойром” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой иргэн Д.Ц, Ц.Т нартай маргалдан улмаар хутгаар хатгаж Д.Ц, Ц.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У-т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...”
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03, 04-08 тал/, эд мөрийн баримтаар хуваан авсан тэмдэглэл /хх-10-11 тал/, хохирогч Д.Ц-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14 тал/, хохирогч Ц.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, гэрч Ц.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-19тал/, гэрч Л.Мөнхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20 тал/, гэрч Э.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22тал/, гэрч Э.У-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23-24 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-26-27 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 825 дугаартай дүгнэлт /хх-31-32 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 826 дугаартай дүгнэлт /хх-36-37 тал/, яллагдагч Э.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-44-45 тал/, яллагдагч Э.У-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-49-60 тал/, яллагдагч Э.У, хохирогч Д.Ц, Ц.Т нарын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-61 тал/, хохирогч Д.Ц-ын өвчний түүх /хх-62-67 тал/, хохирогч Д.Ц, Ц.Т нарын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-71 тал/, хохирогч Д.Ц, Ц.Т нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-73-78 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ут холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Э.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутхуримт 2 дугаар багийн нутаг “Хонхор тойром” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой иргэн Д.Ц, Ц.Т нартай маргалдан улмаар хутгаар хатгаж Д.Ц, Ц.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Ц-ын: “...над руу Ууганаа дайраад хэл амаар доромжлоод намайг үснээс зулгаагаад түлхэж унагаагаад байсан. Нэг сэхээд харсан чинь Ууганаа намайг түлхээд би зүүн талын модон орны хөл мөргөөд тэгээд би нэг хэсэг юм сайн мэдэхгүй байна... ...Нурууны ар талд юмаар зүсчихсэн байсан. Нүүр хөхрөөд хавдчихсан байсан... ...Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна... ...Мөнхжаргалтай муудалцсан зүйл байхгүй ээ... ...Би эмчилгээ болон замын зардалд 2.500.000 мянган төгрөг зарцуулсан. Үүнийгээ гаргуулж авмаар байна. Надад гарсан зардлаа төлүүлчихвэл гомдол, санал байхгүй... ...Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Хохирогч Ц.Т-ын: “...гэнэт Ууганаа эгч, ээж хоёр хоорондоо хэрэлдэж байснаа манай ээжийн үснээс зулгаагаад, түлхэж унагаагаад байхаар нь би ээжийг аваад явах гээд гэрээс гарах гээд хаалган дээр очтол Ууганаа эгч миний баруун талын хүзүүний хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд л би ухаан алдаад ойчсон. Нэг мэдсэн өглөө болчихсон мөнгөө ахынд сэрсэн. Тэгээд би Ууганаа эгчийг аваад замаараа гэрээрээ орчхоод сумын эмнэлэгт очиж хүзүүдээ 3 оёдол тавиулсан... ...Намайг ээжийг аваад яг гэрээс гарах гээд хаалганы наана зогсож байхад миний хүзүү рүү юмаар цохих шиг болохоор нь харсан чинь Ууганаа эгч хутга буцаагаад авч байсан. Тэгээд л би хутгалуулснаа мэдсэн. Өөр надад учирсан гэмтэл байхгүй ээ... ...Мэдэхгүй ээ юунаас болсныг нь гэнэт л тэр хоёр хэрэлдээд л Ууганаа эгч манай ээжийг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд үснээс зулгаагаад цээж рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би дундуур орж салгасан... ...Би эмнэлэгт хувиараа 1 хоногийн 60.000 төгрөгөөр 10 хоног хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энэ зардлаа гаргуулаад авчихвал өөр надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй... ...Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/,
Гэрч Ц.Т-ын: “...тэр хоёр юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо хэрэлдээд Ууганаа манай ээжийг гичий, янхан банзлаар нь доромжлоод үснээс зулгаагаад орноос буулгаад газар унагаад цээж рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд тэр хоёрыг салгаад ээжийг бүснээс нь өргөөд хаалгаар гарах гэтэл араас Ууганаа ирэнгүүтээ миний хүзүүний тал руу цохих шиг болсон. Тэгээд би нэг хэсэг ухаан алдаад унасан юм шиг байна лээ. Нэг мэдсэн өглөө болсон Мөнгөөгийн гэрт сэрсэн... ...Тэгээд би Ууганаа аваад сумын төв орж эмнэлэгт ирж оёдол тавиулсан... ...Миний хүзүүний талд Ууганаа хутгаар хатгасан. Яг ямар хутга байсныг нь би хараагүй. Би эмнэлэг дээр очоод хүзүүндээ 3 оёдол тавиулсан. Өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Миний толгой хатгаж өвдөөд, гар хуруу татаад байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... ...Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Л.Мөнхжаргалын: “...Ууганаа хутга аваад Түвшинээ рүү дайраад очсон. Би бага хүүхдээ Догоо эгчийг авч бай гэж тэврүүлчхээд эргээд хартал баруун орон дээр Түвшинээ, Ууганаагийн хутгатай гарыг барьчихсан дээрээс дарчихсан хэвтэж байсан. Тэгээд би очоод Ууганаагийн хутгыг булааж аваад орны хөндий рүү шидчхээд Түвшинээгийн араас татаад орны урд суулгасан чинь хүзүүнээс цус гарч байсан. Тэгээд би бүсээрээ хүзүүг нь боогоод тэгээд жаахан цусыг тогтоож байгаад мотоциклтой Түвшинээ, Догоо эгч хоёрыг гэрт хүргэж өгсөн чинь гэртээ оронгуутаа Догоо эгч бас Түвшинээ намайг зодлоо гээд дайраад тэр хоёр муудалцаад Түвшинээ ээжийгээ 2-3 удаа өшиглөөд авахаар нь би дундуур нь орж салгаад чи манайд очиж хоно гээд Түвшинээг дагуулаад гэртээ ирж хоносон... ...Манай гэрийн цагаан иштэй жижиг хутгаар хүзүү рүү нь 1 удаа хатгасан... ...Би бол тэрийг хараагүй. Муудалцсан юм байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-20 тал/
Гэрч Э.У-ын: “...Догоо эгч бид хоёр зууралдаад ноцолдсон. Тэгээд би Догоо эгчийг зууралдаад байхаар нь үснээс зулгааж байгаад түлхсэн. Тэгсэн чинь хажуугаас Түвшинээ орж ирээд бид хоёрыг салгаад намайг түлхэхээр нь би бас барьж аваад ноцолдсон. Тэгээд Түвшинээ намайг түлхэхэд би орон дээрээ хойшоо ойчоод босч ирээд цагаан иштэй хутга байсныг аваад уурандаа би Түвшинээгийн хүзүүнд хатгасан. Тэгтэл Догоо эгч хажуунаас орж ирээд бас салахгүй зууралдаад тэгж байхдаа би Догоо эгчийг хатгачихсан. Би уг нь хатгая гэж бодоогүй байсан юм... ...Би өөрийн буруугаа хүлээж байна. Бид нар хоорондоо тохиролцоод эвлэрсэн байгаа. Мөн тэр хоёрт учирсан хохирлыг бүхэн барагдуулж 1500000 төгрөгийг өгсөн байгаа...” гэх дахин мэдүүлэг /хх-23-24 тал/
Яллагдагч Э.У-ын: “...Хохирогч Д.Ц, Ц.Т нарт эмчилгээний зардал 2200000 гаран төгрөг хохирол бүрэн өгч барагдуулсан... ...Манай гэрт Цэрэндолгор, Ц.Түвшинбат бид нар архи согтууруулах ундаа ууж байгаад маргалдаад гэрийн тогооны шүүгээнд байсан цагаан иштэй хутгаар Ц.Т-ын хүзүү тус газарт нэг удаа хатгаж гэмтэл учруулсан юм... ...Би тухайн үед архи согтууруулах ундаа уусан байсан их согтуу байсан тул болж байгаа үйл явдлыг мэдэх чадваргүй байсан. Тэгээд Д.Ц, Ц.Т нарын биед гэмтэл учруулаад цусыг нь хараад гэмтэл учруулж хэрэг үйлдсэн байна гэдгээ мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутхуримт 2 дугаар багийн нутаг “Хонхор тойром” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой иргэн Д.Ц, Ц.Т нартай маргалдан улмаар хутгаар хатгаж Д.Ц, Ц.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг
Шүүгдэгч Э.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэмт буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэж шүүгдэгч Э.Ут 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Төв аймгийн Эрдэнэ сумын тамгын газарт/ даалгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгч Э.У нь хохирогч Д.Ц, Ц.Т нарт 1500000 төгрөгийг авсан тул гомдол санал, нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргахыг,
Цагаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.У-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Төв аймгийн Зуунмод сумын тамгын газарт/ даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Д.Ц, Ц.Т нарт 1500000 төгрөгийг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргахыг,
Цагаан өнгийн иштэй 1 ширхэг хутга устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус даалгасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.У-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ