Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/81

 

                      

 

 

 

 2020 оны 03 сарын 09 өдөр                             Дугаар 2020/ШЦТ/81                                            Зуунмод сум            

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Э.Ё нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Э.Ё-д холбогдох Эрүүгийн 1934005230424 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

З овгийн Э.Ё /Регистрийн дугаар:ВБ/ Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тогооч ажилтай, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ё нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг 246/185 дахь км-ийн шонгийн буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн засмал зам дээр 5662 УНҮ улсын дугаартай  Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/-д заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, зорчигч Д.Л-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Ё шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03 тал/, осол гарсан байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-09 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-10 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-16 тал/, гэрч Э.Ёаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-19 тал/, гэрч Д.Лхагвагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21 тал/, гэрч Б.Жамбал-Ишээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-23 тал/, гэрч С.Чимэддоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-25 тал/, гэрч Э.Төгөлдрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27тал/, гэрч Т.Галбадрахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, гэрч Ж.Өлзийбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-34-35 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 08586 дугаартай өвчний түүх /хх-36-46 тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаартай авто машины эвдрэл, хохирлын  үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-57 тал/, “Ино марк мастер” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19/07/16 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-59 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатарын 2019 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65 тал/, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунчимэгийн 2019 оны 03 дугаар сарын 15 өдрийн 767 бүртгэлийн дугаартай худалдах худалдан авах гэрээ /хх-69-70/, шүүгдэгч Э.Ё-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-77-78, 80-89 тал/, яллагдагч Э.Ё-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-100 тал/, гэрч Г.Жамбал-Ишээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-104 тал/, гэрч Д.Лхагвагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-131-132 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-134-139/  болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Э.Ё нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг 246/185 дахь км-ийн шонгийн буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн засмал зам дээр 5662 УНҮ улсын дугаартай  Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/-д заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, зорчигч Д.Л-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Д.Л-ийн: “...Арвай сум руу Э.Ё гэх хүүгийн машинтай явж байгаад замдаа осолд орсон... ...миний одоо хөл, гар хөдөлж болохгүй байна. Гэмтэл авснаас хойш ийм болчихсон. Өмнө нь зүгээр байсан... ...Э.Ё хөлгүй хүний тэргэнцэр 150000 төгрөгөөр авч өгсөн. 2 удаагийн зураг авахуулах мөнгө өгсөн. Өөр эмчилгээний зардал өгөөгүй. 200000 төгрөгийн зардал өгсөн байх Э.Ё эмнэлэгт байхад бүх эмчилгээний баримтуудыг аваад явсан... ...эмчилгээний зардалд 1500000 төгрөг авчихвал гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” /хх-131-132 тал/,

Гэрч  Д.Л-ийн: “...тухайн осол болох үед би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байсан. 70 км цагийн хурдтай явж байсан. Машин дайвалзаад миний сууж явсан талаар машин замын хашлага руу онхолдсон. Тэгээд машинд сууж явсан Э.Ё, Төгөлдөр, Жамбал-Иш, нөхөр Чимэддорж нар машинаас гарч ирээд намайг авсан байх би тухайн үед ухаан алдсан. Гадаа газар хэвтэж байсан. Сэрээд намайг Чимэддорж бид хоёрыг Жамбал-Иш эмнэлэг рүү замын унаагаар явсан. Тэгээд  эмчилгээ хийлгээд хотоос манай хүүхдүүд ирж авсан... ...Миний биед гэмтэл байгаа хоёр гар, хоёр хөл мэдээгүй байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ... ...Би хамгаалах бүстэй явсан. Э.Ё зүүсэн байсан арын хүмүүс хэрэглээгүй байх... ...Осол болох үед гадаа нартай үзэгдэх орчин сайн зам шулуун байсан... ...Надад гомдол санал байна хөл, гараа зүгээр болгомоор байна...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч Б.Жамбал-Ишийн: “...Осол юунаас болсон талаар мэдэхгүй юм. Хотоос гараад эмээлт орох гэж байгаад онхолдсон. Яг хаана онхолдсон талаар мэдэхгүй. Эрдэнэсант сум орох гэж байна гэсэн. Би яагаад онхолдсон гэж Э.Ёаас асуухад зогсох гэж байгаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би замын машинаар Чимэддорж ах Лхагва эгч нарыг аваад Эрдэнэсант сумын эмнэлэг орсон... ...Би мэдэхгүй тухайн үед унтаж явж байсан... ...Манай найз Э.Ё жолоодож явсан... ...Миний биед гэмтэл байхгүй, би биеэ шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, сууж явсан хүмүүсээс Лхагва эгч гэмтсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23тал/,

Гэрч С.Чимэддоржийн: “...Төв аймгийн Лүм сум өнгөрөөд Эрдэнэсант сум руу орох гэж байгаад засмал замаас гарах шиг болоод хойд дугуй шарваад байх шиг болоод зүүн талын хаалгаар засмал замын хашлагаруу  онхолдоод нэг мэдэхэд баруун хаалга дээшээ харсан сууж явсан. Хүмүүс зүгээ рүү гэж асуухад бүгд зүгээр гэсэн миний дээр Төгөлдөр, Жалбал-Иш хоёр унасан. Манай эхнэр урд сууж явсан. Машинаас Э.Ё, Төгөлдөр хоёр гараад би гарсан. Тэгээд манай эхнэрийг дээш нь өргөж гаргасан. Эхнэр Жамбал-Иш бид гурав Эрдэнэсант сум руу замын машинд суугаад эмнэлэг дээр нь очоод эхнэрээ үзүүлсэн. Би амрахдаа үзүүлсэн миний даралт хэвийн эхнэрийн даралт бага байсан. Тэгээд бид хэд эргээд хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан... ...Би киллометрийн заалт хараагүй их зөөлхөн явж байсан байх хурдтай явж байсан бол аюул болох байсан байх, машин зүүн талын хажуугаар унасан... ...Би ард сууж явсан болохоор хамгаалах бүс зүүгээгүй... ...Миний биед гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Гэрч Төгөлдөрийн: “...осол болох үед би унтаж явж байсан. Нэг мэдэхэд машин шарваад замын хойд зүг рүү машин хараад жалга руу Чимэддорж ахын талаар унасан. Тэгээд машинаас Э.Ё гараад араас нь би гараад машинаас Жамбал-Иш, Чимэддорж ах гарсан. Бид хэд машинаас гарахдаа баруун талын хойд хаалгаар гарсан. Машин дотор Лхагва эгч үлдэхээр нь бид хэд нийлээд дээш татаж гаргаад Эрдэнэсант сумын эмнэлэг рүү Чимэддорж ах, Лхагва эгч, Жамбал-Иш нар явсан. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 60-70 км цагийн хурдтай явж байсан. Их хурдтай явж байсан бол машин олон хөрвөөж онхолдох байсан... ...Би жолоочийн ард сууж явсан. Машинийг манай найз Э.Ё жолоодож явсан. Хажуу талд нь манай найз Мөнхтайваны ээж Лхагва эгч, Лхагва эгчийн ард Чимэддорж ах суугаад голд нь Жамбал-Иш сууж явж байсан... ...Миний биед гэмтэл алга би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...”  гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

Гэрч Т.Галбадрахын: “...Уг тээврийн хэрэгслийг би мэднэ. Одоогоос 2-3 жилийн өмнө Өлзийбаяр нэг хүнд 10 сая төгрөгөөр бодож зарж байсан. Энэ хугацаанд 2-3 удаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгч байсан. Тухайн хүн солиулж амжсангүй гээл хүрээд ирдэг хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өлзийбаярт би худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгөөд явуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь надад огт хамаагүй тээврийн хэрэгсэл. Цаашид цагдаагийн байгууллагад уг асуудлаар дуудагдаж цаг заваа алдмааргүй байна...” гэх мэдүүлэг /хх- 28 тал/,

Гэрч Ж.Өлзийбаярын: “...Уг тээврийн хэрэгсэл нь Галбадрах гэх хүний нэр дээр байгаа боловч уг тээврийн хэрэгслийг би 2014 онд Галбадрах гэдэг хүнээс 10 сая төгрөгийн ажил хийгээд авсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл маань 350000 төгрөгийн торгуультай учраас өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй юм. Авснаасаа хойш 3 удаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Уг тээврийн хэрэгсэлийг Э.Ё нь надад 2019 оны 06 дугаар сард 7 сая төгрөгийн ажил хийж өгөөд авсан юм. Би удахгүй нэр дээр нь шилжүүлж өгнө... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгсэл нь бүрэн Э.Ёын эзэмшлийн тээврийн хэрэгсэл цаашид цагдаагийн байгууллагад дуудагдаж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй ажил ихтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Яллагдагч Э.Ёын: “...Уг ослын улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсанд гэмшиж байна. Уг хэргийн хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-100 тал/,

Гэрч Б.Жамбал-Ишийн: “...Болсон хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа нэмж ярих зүйл байхгүй...” “...Би Э.Ётай найз нөхдийн холбоотой таван жил найзалж байна. Э.Ё нь хүнд тусархуу зөөлөн сэтгэлтэй найз нөхөд дундаа нэр хүндтэй, ээж аав хоёр нь хөдөө Баянхонгор суманд мал малладаг. Э.Ё нь одоо Улаанбаатар хотод барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, найз эмэгтэй нь 7 сартай жирэмсэн цуг байгаа. Улаанбаатар хотод түрээсийн байранд амьдардаг ажилсаг сайн хүн...” “...Миний эрүүл мэндэд гэмтэл учраагүй...” “...Тухайн осол болоход би унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай найз Э.Ё нойрмоглоод осол гарсан гэж хэлсэн дугуй хагарсан гэж хэлээгүй... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-104 тал/

шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай “...Д.Лхагваагийн биед хүзүүний С4, 5, 6-р нугалмын жийргэвчийн цүлхийлт бүхий хүндэвтэр хохирол учирсан...” талаарх дүгнэлт /хх-34-35 тал/, 

Хас Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаартай ...Ж.Өлзийбаярын Subaru Impreza маркийн 5662 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2035000 төгрөгөөр үнэлсэн... авто машины эвдрэл, хохирлын  үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-57 тал/, 

“Ино марк мастер” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19/07/16 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-59 тал/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатарын 2019 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн ...Э.Ё нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А-д зааснаар “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-65-67 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Ёийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Э.Ёийн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Э.Ё нь .Э.Ё нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг 246/185 дахь км-ийн шонгийн буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах чиглэлийн засмал зам дээр 5662 УНҮ улсын дугаартай  Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/-д заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, зорчигч Д.Л-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.Ёийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэмт буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэж шүүгдэгч Э.Ё-ад 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ё-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Төв аймгийн Эрдэнэ сумын тамгын газарт/ даалгах нь зүйтэй.    

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Ё нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Э.Ё нь хохирогч Д.Лхагвад 1000000 төгрөг өгсөн тул гомдол санал нэхэмжлэхгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Э.Ё-ын жолоочийн 1257039 дугаартай үнэмлэхийг буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн Э.Ё-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн Э.Ё-д 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ё-ад оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Баянхонгор аймгийн Баянговь сумын тамгын газарт/ тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ё нь шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Ё нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Э.Ё нь хохирогч Д.Лхагвад 1000000 төгрөг өгсөн тул гомдол санал нэхэмжлэхгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Э.Ё-ын жолоочийн 1257039 дугаартай үнэмлэхийг буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.

 

7. Шүүгдэгч Э.Ё-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ё-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ