Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0263

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Б.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.О-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дүгээр захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Б-ын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний  төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 392 м.кв газрыг, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл (Нийслэлийн Засаг даргад газар эзэмших, ашиглуулах шийдвэр гаргахад дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий зөвлөл)-ийн хурлаар хэлэлцүүлж, орц гарц бүхий хэсгийг хасаж, хугацааг сунгахаар шийдвэрлэсэн.

Шүүхээс үзэхдээ Газрын  тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүй тул дүгнэлт өгөөгүй, харин орц, гарц бүхий 164 м.кв газрыг хасахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг захиргааны байгууллага зөрчиж, шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихөд хүрчээ (шүүхийн шийдвэрийн 7-8 дахь тал) гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.О-ийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянах үүргийнхээ дагуу тухайн маргаан бүхий газрын орц гарц бүхий хэсэг хамаарч байгааг тогтоон, орц гарц бүхий хэсгийг хасахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийн дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд нэхэмжлэгчийн эзэмшил газарт орц, гарц бүхий хэсэг байсан тул тухайн хэсгийг хасах тухай нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь хариу тайлбар, санал гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дүгээр захирамж гарсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О “... миний бие холбогдох хууль тогтоомж болон гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглаж  ирсэн ... гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй нөхцөлд гэрчилгээгээ үргэлжлүүлэн сунгуулан авах эрхтэй ... гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан байхад хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр талбайн хэмжээг 164 м.кв-аар …багасгасан ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Б-ын О-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган, шүүх хуралдааны явцад “Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Баяртын Октябрьт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”,  37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн аваад эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, хэрэв түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаар байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хэмжээг багасган газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны маргаан бүхий А/614 дүгээр захирамжийн хавсралтын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар захирамжаар иргэн О.Баярмандахын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай 392 м.кв талбай бүхий газар /5 жилийн хугацаатай/ эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.О-т шилжүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0358382 дугаар гэрчилгээг олгож, мөн өдөр газар эзэмших гэрээ байгуулснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай, 392 м.кв талбай бүхий  газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч уг газар эзэмших эрхийн 0358382 дугаар гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргаснаар “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр хурлаар хэлэлцүүлэн нэхэмжлэгчийн 392 м.кв талбай бүхий газрыг “Барилгын суурийн хэмжээгээр талбайн хэмжээг багасгаж, хугацааг сунгах”-ыг зөвшөөрсөн байх бөгөөд Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр /1хх-79/ нэхэмжлэгч Б.О-т “... хурлаас бусдын орц, гарц болох газрыг хасаж шийдвэрлэхээр болсон”-ыг мэдэгдсэн байна.

 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу тус захирамжийн хавсралтад заасан 17 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дотор нэхэмжлэгч Б.О-ийн 392 м.кв талбай бүхий газрын хэмжээг 228 м.кв газар болгон багасгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байх бөгөөд хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ “... энэ газарт одоогоор ямар нэгэн давхцал байхгүй ч ... барилгажсан тохиолдолд явган хүний явах орц, гарцын хэсгийг хаахаар байна ... Нийслэлийн Засаг дарга газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрхтэй ...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газарт үзлэг хийсэн “... Маргаан бүхий газарт 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга байна. Уг барилгын хойд хэсэг /хассан талбай/ нь олон нийтийн зорчих хэсэг байна ...” гэх тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлэн авсан зураг /1хх-158/, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03-06/1546 дугаар албан бичгээр ирүүлсэн зурган мэдээлэл /1хх-132/, Б.О-ийн эзэмшил газрын кадастрын зураг /1хх-86/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Ө-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “... хурал дээр мэргэжлийн хүмүүс нь хэлсэн. Тухайн газар эзэмшигч газар дээрээ барилга барьчихвал бусдын орц, гарц, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулах юм байна гэж тухайн хурлын 20 гишүүд олонхийн саналаар сууриар нь зөвшөөрч хугацааг нь сунгах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн ...” гэх гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас хасагдсан хэсэг газар нь нийтээр ашиглах талбай буюу явган хүн явахад зориулагдсан, хэрэв тус газарт барилга барих тохиолдолд орц, гарц хаагдах нөхцөл байдал үүсэхээр байх тул Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 392 м.кв талбай бүхий газрын хэмжээг 228 м.кв болгон багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гаргасан “барилгын суурийн хэмжээгээр талбайн хэмжээг багасгаж, хугацааг сунгахаар зөвшөөрсөн” дүгнэлт гарсны дараа хариуцагчаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд гэж үзэж нэхэмжлэгчид мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчээс уг мэдэгдэлтэй холбогдуулан ямар нэгэн тайлбар, санал гаргаагүй байна.

Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх “... захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ... газар эзэмших эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянах үүргийнхээ дагуу маргаан бүхий газар нийтийн орц, гарц бүхий хэсэг хамаарч байгааг тогтоож, уг хэсгийг хасахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийн дагуу явагдсан ... хасах тухай нэхэмжлэгчид ... мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь хариу тайлбар, санал гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул ... А/614 дүгээр захирамж гарсан ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй дүгнэлт хийгээгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О-ийн “Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Баяртын Октябрьт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн “Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Б-ын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ