Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 177

 

 “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06251 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Цэлмэг Ази констракшн" ХХК, Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал, Э.Болор-Эрдэнэ, Д.Эрдэнэ, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс, Э.Эрдэнэсайхан, Л.Эрдэнэчимэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 100 359 910 төгрөгийг баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Э.Эрдэнэтөгс нь "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот зээлийн гэрээнээс Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс, Э.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэсэг болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр нар нь "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот зээлийн гэрээний төлбөрт хариуцагчаар Э.Болор-Эрдэнийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөр, Ж.Гунгаа, О.Батжаргал,

хариуцагч "Цэлмэг Ази констракшн" ХХК, Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж,

хариуцагч Э.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэтөгс, Д.Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: "Цэлмэг ази констракшн ХХК, иргэн Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал, Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нар нь 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг 11-р хороолол, 6-р байрны 106 тоот хаягт байрлах З0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж 50 000 000 төгрөгийн зээл 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж зээлдэн авсан. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар очиж уулзаж байсан. Зээлдэгч “Цэлмэг ази констракшн”
ХХК, иргэн Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нар нь барилга угсралтын
компани бөгөөд компанийн орлогоос зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой
гэсэн. Гэтэл хуваарийн дагуу төлөхгүй олон cap хугацаа хэтэрч байгаа тул зээлийн
гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж шүүхийн байгууллагад шилжүүлж зээлийн
төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд зээлдэгч “Цэлмэг ази констракшн” ХХК, иргэн Н.Буядбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал, Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нараас нийт 68 489 850 төгрөгийг гаргуулж, мөн баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 100 359 910 төгрөг болгосон бөгөөд хариуцагч “Цэлмэг Ази констракшн” ХХК, Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал, Э.Болор-Эрдэнэ нараас зээлийн төлбөрийг гаргуулж, хариуцагч Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэтөгс, Э.Эрдэнэбат нарын барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: "Цэлмэг Ази констракшн ХХК-ийн захирал Н.Будбаяр над руу яриад байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэсэн. Би зөвшөөрөөгүй. Гэтэл “хорооллын барилгад хөрөнгө оруулалт хийгээд байраа барьж ашиглалтад оруулаад байрыг нь зээлээс чөлөөлөөд өгнө” гэсэн. Н.Будбаяр миний ахын хүүхэд учраас итгэсэн, хороололд барьж байгаа барилгад нь мөнгө төгрөг дутаад байгаа юм болов уу гэж бодоод байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Ингээд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар гарын үсэг зурж зээлд тавихыг зөвшөөрүүлсэн. “Цэлмэг Ази констракшн” ХХК-ийн зээлж авсан мөнгөнөөс манай үр хүүхэд, гэр бүл нэг ч төгрөг аваагүй уг компаниар зээлийг төлүүлж байрыг минь чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн тайлбартаа: Бид дээрх ББСБ-аас зээл болон мөнгө аваагүй. Зөвхөн манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг хамаатны Н.Будбаяр ах ааваар дамжуулан гуйсаар барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлж чадсан байдаг ба аав ахдаа туслах хэрэгтэй байраа барьцаанд тавихыг зөвшөөрөх хэрэгтэй гэснээр аавынхаа үгэнд орж зөвхөн барьцаанд тавихыг л зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурлаа гэж ойлгосон. Бидэнд гэрээг унших боломж олгоогүй ба бүх юмыг бэлдсэн зөвхөн гарын үсэг зурах зайг л зааж өгч энд зур гэсэн. Би болон манай гэр бүлийнхэн дээрх ББСБ-аас зээл болон мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн эөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Болор-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Н.Будбаяр, Б.Пүрэвжаргалын хамт "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн хувьцааг хуваан эзэмшдэг байсан бөгөөд 2014 оны 10 сарын үед "Цэлмэг ази констракшн" ХХК гүйцэтгэх захирал Н.Будбаяр над руу залган хорооллын барилгын ажлыг дуусгахад хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Би "Нэткапитал” ББСБ-тай зээл авах талаар ярилцлаа. Барьцаа хөрөнгө байвал зээл авч болохоор байна гээд аавын чинь байрыг барьцаанд тавихаар боллоо гэсэн. Д.Эрдэнэ ах зөвшөөрсөн, чи ирж гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гээд дуудсан. Би очиж гарын үсэг зурахдаа гэрээтэй огт танилцаагүй гэжээ.

 

Хариуцагч Э.Эрдэнэсайханы шүүхэд гаргасан тайлбарт: Манай аав Д.Эрдэнэ нь өөрийн ахын хүүхэд Н.Будбаярт өөрийн 11-р хорооллын 6-р байр 106 тоот орон суцаа барьцаалан ажил төрөлд нь тус болоё гэж хэлсэн. Үүний дагуу бид очиж гарын үсэг зурсан, гэрээг бидэнд уншуулаагүй. Би уг байрыг барьцаанд тавихад анхнаасаа дургүй байсан учир барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, нотариат руу ч цуг яваагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани тус ББСБ-аас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 106200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Эдийн засаг санхүүгийн хямралт байдлаас хамааран зээл хүүг хуваарийн дагуу төлж чадаагүй бөгөөд барилгын салбарын хямралт байдал үүнд ноцтой нөлөөлж байгаад харамсалтай байна. Манай компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг чармайн ажиллаж байгаа боловч хамтран ажиллагч байгууллага болон хувь хүмүүс санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тухайгаа мэдэгдэж байгаа, нөгөө талаас барилга, орон сууцны худалдан авалт борлуулалт зогсоод байгаа зэрэг хүндрэлтэй байдлууд аргагүй нөлөөлж байна. Нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци" ББСБ-ын зүгээс зээл.хүүгийн асуудлыг хөнгөлж өгөх бололцоотой эсэхийг тодруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Цэлмэг ази констракшн” ХХК болон Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эрх зүйн этгээдийнхээ хувьд Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нар нь энэ зээлийг авч хэрэглээгүй. "Цэлмэг ази констракшн" ХХК-ийг анхнаасаа Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ нар байгуулсан.

Э.Болор-Эрдэнийг гүйцэтгэх захирлын ажлаас нь буулгаад хувьдаа эзэмшигчээр нь үлдээсэн. 3 хувьцаа эзэмшигч ярилцаад өөрийнх нь хүсэлтийн дагуу Нүхтийн төслийг өөрт нь өгсөн байдаг. Холбогдолтой төлөх төлбөр болон авлагыг хувиарласан. Нөгөө талаараа Э.Болор-Эрдэнэ огт юу ч үгүй хүн биш. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Өнөөдөр энэ баримтуудынхаа эсрэг өөр зүйл ярьж байна. Барьцаанд байгаа эд хөрөнгийн талаар хариуцагч нар өөр, өөр тайлбар хэлээд байна. Өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалах гэж байгаа хүмүүс тэгэж хамаагүй гарын үсэг зурахгүй шүү дээ. Мөн хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тайлбаруудаа нотлох үүрэгтэй. Э.Болор-Эрдэнэ энэ зээлийн асуудлыг хариуцахгүй гэж байгаагаа нотлох үүрэгтэй. “Цэлмэг ази констракшн” ХХК-ийн хувьд бол үлдсэн 2 хувьцаа эзэмшигч нь авах авлага болон төлөх ёстой төлбөрөө ч хариуцаж байгаа. Энэ зарчмынхаа үүднээс хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд Э.Болор-Эрдэнийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу авлагыг нь ч өгсөн, төлбөрийг нь ч төлсөн байгаа. "Буянт металл" ХХК-ийнхаа 60 хувийг өөртөө шилжүүлж авсан. 100 000 000 төгрөгөө Н.Будбаярт өгсөн гээд байгаа. Хэрэгт авагдсан баримтуудад агуулах эд хөрөнгүүд худалдсан гээд байгаа. Эдгээр баримтуудад Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ нарын хоорондын асуудлууд байгаа. Хэрэгт авагдсан "Цэлмэг ази констракшн" ХХК-иас хурал хийгээд “Нэткапитал” ББСБ-д Н.Будбаяр захирал 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр огноологдсон бичгийг өөрөө өгсөн. Э.Болор-Эрдэнэ нь 3 өрөө орон сууцыг худалдан борлуулаад үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой гэсэн мэдэгдэл өгсөн байгаа. Үүний дагуу ямар арга хэмжээ авсныг бид мэдэхгүй. Харилцан ярилцаад өгөх өглөгөө хоорондоо тохирсон байгаа гэжээ.

 

"Цэлмэг ази констракшн" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: “Цэлмэг ази констракшн" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-тай зээлийн 106200048 тоот гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй зээлсэн, 2015 оны 5 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигч нарын хурал хуралдаж, хувьцаа эзэмшигч Э.Болор-Эрдэнийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр компанийн өглөг.авлагыг харилцан тооцож, акт үйлдэж тохиролцсон.

 

Э.Болор Эрдэнэ өөрийнхөө хувьцааг хувьцаа ззэмшигч Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр нарт шилжүүлж, оронд нь охин компани болох "Буянт метал" ХХК-ийн 60 хувийг өөртөө шилжүүлэн авч, таван этгээдэд төлөх 100 000 000 төгрөгийн үүргийг Э.Болор-Эрдэнэ өөрөө хариуцан барагдуулахаар шилжүүлэн авсаны дотор "Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн 50 000 000 төгрөгийн үндсэн зээлийн гэрээний үүрэг орсон. Энэ тухай "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д албан ёсоор мэдэгдсэн.

Иймд Э.Болор-Эрдэнийг 106200048 тоот зээлийн гэрээний төлбөр хариуцагч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 50 000 000 төгрөгийн зээлийг тус компаний 5015025525 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлсэн. Манайхаас авсан 50 000 000 төгрөгийн зээлийг Э.Болор-Эрдэнэ хариуцан төлөх талаар манайд мэдэгдээгүй гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Баттогтохын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авах ёсгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сөрөг нэхэмжлэл нь хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргах атал нэхэмжлэгчид холбогдуулсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Э.Болор-Эрдэнийг төлбөр төлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Э.Эрдэнэтөгсийн сөрөг нэхэмжлэлд: Би болон манай гэр бүлийнхэн дээрх ББСБ-аас зээл аваагүй. Зөвхөн манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг манай хамаатны “Цэлмэг ази констракшн” ХХК-ийн захирал Н.Будбаяр ах ааваар дамжуулан гуйсаар аавыг ятгаж барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлж чадсан байдаг ба аав “ахдаа туслах хэрэгтэй” гэснээр аавынхаа үгэнд орж зөвхөн барьцаанд тавихыг л зөвшөөрсөн гэрээнд гарын үсгээ зурлаа гэж ойлгосон байсан. Гэтэл асуудал өөр байсан гэдгийг бид шүүхэд дуудагдсан үеэсээ мэдсэн. Би болон манай гэр бүлийнхэн дээрх ББСБ-аас зээл болон мөнгө огт аваагүй мөн ипотекийн эрх ч өгөөгүй. Иймд бид төөрөгдлийн улмаас гэрээ хийсэн байх тул “Нэткапитал финанс корпораци” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс, Э.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

Мөн тус гэрээний хамт хийсэн дагалдах гэрээ болох баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

“Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. "Нэткапитал финанс корпараци" ББСБ нь 2014 оны 10 сарын 23-ны өдөр 106200048 тоот зээлийн гэрээг "Цэлмэг ази констракшн" ХХК-тай байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд хамтран зээлдэгчээр Э.Болор-Эрдэнэ, Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээнд Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нар нь гэрээний аль нэг тал болж оролцоогүй учир сөрөг нэхэмжлэлийн нэр бүхий этгээдэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага нь үндэслэлгүй байна.

"Цэлмэг ази констракшн" ХХК-тай байгуулсан 106200048 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан өдөр 106200048 тоот Баталгаат ипотекийн гэрээг байгуулж Э.Эрдэнэтөгс нарын 6 хүний дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороолол, 6-р байрны 106 тоот 30 м.мв 2 өрөө байрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Баталгаат ипотекийн гэрээг байгуулахаас өмнө дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч нарын бичгээр гаргасан зөвшөөрлийг авсан байх шаардлагатай тул Э.Эрдэнэтөгс нарын хүмүүсээс бичгээр гаргасан зөвшөөрлийг нь үндэслэн уг гэрээг байгуулсан болно. Иргэний хуулийн 58-р зүйлд заасны дагуу хэлцэл хийгч этгээдийг төөрөгдсөн гэж үзэхийн тулд энэ хуульд заасан үндэслэл бий болсон байхыг шаарддаг. Гэтэл дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь дундын өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч, зөвшөөрлийг бичгээр гаргаж өгсөн, мөн сөрөг нэхэмжлэлд "ахдаа туслах шаардлагатай гэж барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрүүлж чадсан" гэж дурдсанаас үзвэл сөрөг нэхэмжлэгч нар нь барьцааны гэрээ буюу Баталгаат ипотекийн гэрээ байгуулах зорилгоор зөвшөөрөл олгосон, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулсны эрх зүйн үр дагаварыг ойлгож, мэдсэнийг илтгэх бөгөөд дундын өмчлөлийн байраа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалж байгаагаа мэдсэний үндсэн дээр энэ гэрээг байгуулсан байх тул сөрөг нэхэмжлэгчийг хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч Э.Эрдэнэтөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа "байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэрээнд л гарын үсэг зурсан гэж ойлгосон" гэж дурдсан байдаг тул Э.Эрдэнэтөгс нь анхнаасаа барьцааны гэрээ буюу баталгаат ипотекийн гэрээ байгуулж байгаагаа мэдсэн, байраа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалахыг зөвшөөрсөн болохыг илтгэж байна. Мөн "Нэткапитал финанс корпораци" ББСБ-ын зүгээс Баталгаат ипотекийн гэрээг байгуулахдаа Э.Эрдэнэтөгс нарыг гэрээ байгуулах зорилгоор хууран мэхлэсэн, хүч хэрэглэсэн аливаа үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй учир Э.Эрдэнэтөгс нартай байгуулсан Баталгаат ипотекийн гэрээний хариуцагч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч "Цэлмэг ази констракшн" ХХК, Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ нараас 91 780 141 төгрөг гаргуулан "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 579 769 төгрөг болон барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Э.Эрдэнэтөгсийн нэхэмжлэлтэй "Нэткапитал финанс корпораци" ХХК-д холбогдох 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот "Баталгаат ипотекийн гэрээт" хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нарын нэхэмжлэлтэй "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтййн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч "Цэлмэг ази констракшн" ХХК, Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ нараас 616 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч 'Нэткапитал финанс корпораци" ББСБ-д олгож, нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-ийн урьдчилан төлсөн 955 600 төгрөг, Э.Эрдэнэтөгсийн 140 400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нарын урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдолд:

1. ИХШХШТХ-ийн 4 дүгээр зүйлд хуульчилсан үндсэн зарчмыг зөрчсөн тухай.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх 2015.09.21-ний өдрийн 29730 тоот захирамжаар хариуцагчаар "Цэлмэг ази констракшн" ХХК, иргэн Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал, Э.Болор-Эрдэнэ, Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нарыг тогтоосон.

Харин шүүхийн шийдвэрээр хариуцагч "Цэлмэг ази констракшн" ХХК, Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нараас 91 780 141 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул гомдолтой. Зээлийн гэрээ байгуулан зээл авах үед "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нар байсан болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 25.1-д заасан бүхий л шинжийг агуулсан хуулийн этгээд болох "Цэлмэг ази констракшн" ХХК энэхүү 50 сая төгрөгийг зээлийг авч, үйл ажиллагаандаа ашигласан байдаг. Хуулийн этгээд зээлийн гэрээний үүргийг хариуцах учиртай атал яагаад эрх зүйн тусдаа этгээд болох иргэн Н.Будбаяр, Э.Болор Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нарт үүргийг хамтатган хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хуулийн этгээдийн тусгайлсан өмчтэй байх зарчим нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хязгаарлагдах учиртай.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нараас бусад хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн тухай хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй бөгөөд энэ нь ИХШХШТХ-ийн 4 дүгээр зүйлд хуульчилсан шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмыг зөрчсөн.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухай.

Зээлийн гэрээ байгуулж, зээл авсан үеэс хойш "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж Э.Болор-Эрдэнийн гаргасан хүсэлт, Н.Будбаяр, Б.Пүрэвжаргал нар хамтран шийдвэрлэсэний дагуу Э.Болор-Эрдэнэд ногдох хөрөнгө болон өглөгийг харилцан тохиролцож өгч, авалцахаар шийдвэрлэн акт үйлдсэний дотор "Нэткапитал корпораци" ББСБ-д төлөх 50 сая төгрөгийн зээлийн үүрэг багтсан.

Сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, талуудад гардуулан өгч, тэдгээр нь хариу тайлбар гаргасан бөгөөд энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдэгдэх шууд шалтгаант холбоотой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байтал шүүх ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 50 сая төгрөгийн зээлийг татгалзах, үүнийг үгүйсгэх шаардлага биш. 50 сая төгрөгийн үндсэн зээлийн гэрээний төлбөр хариуцагч нь Э.Болор-Эрдэнэ болохыг тогтоолгох шаардлага атал шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь алдаатай шийдвэр болсон.

3. Иргэний хуулийн 216.4 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч "Цэлмэг ази констракшн" ХХК-ийн төлсөн мөнгийг үндсэн зээлээс нь хасч тооцоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Гунгаагийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн зээлийн шимтгэл гэх 500 000 төгрөгийг зээл олгохдоо хасч, суутган авсан атлаа үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 000 000 төгрөгөөс тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, зээлийн хүү тооцсон аргачлалыг зөрүүтэй байдлаар тайлбарлаж байсныг шүүх эцэслэн тогтоогоогүй, 91 780 141 төгрөгийн хэд нь үндсэн зээл, хэд нь хүү, хэд нь нэмэгдүүлсэн хүү гэдгийг шүүх хөдөлбөргүй тогтоож шийдвэрлээгүй нь ИХШХШТХ-иар хуульчилсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг зөрчсөн, эрх зүйн үр дагавар бүхий байдлыг нэг мөр, хянан шийдвэрлэж чадсангүй гэж үзнэ.

91 780 141 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хэн, хэрхэн, хэдэн төгрөгөөр тооцож, барагдуулах асуудалд дүгнэлт хийх ёстой байсан бөгөөд "Цэлмэг ази констракшн" ХХК, Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нарын хэн нь хэдэн төгрөг төлөх вэ, энэ төлбөрийг барагдуулах талаар маргаантай байдал эцэслэн шийдэгдсэнгүй, нөгөөтэйгүүр бусад хамтран зээлдэгчид болох Д.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нарыг хамтран зээлдэгчдээс чөлөөлсөн хууль зүйн үндэслэл тодорхойгүй бөгөөд шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдалд хууль бусаар халдсан гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06251 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдолд:

1. Зээлийн гэрээний үүрэгт 100 359 910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хариуцагч "Цэлмэг ази констракшн" ХХК, Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр, Э.Болор-Эрдэнэ-нар нь "Нэткапитал финанс корпораци" ББСБ-тай 2014 оны 10 сарын 13-ны өдөр 106200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд сард 0,8 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож зээлдүүлэгчид олгохоор харилцан тохиролцож, зээлдэгчийн Хаан банк дахь дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан болно. Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 6 сарын хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх ёстой байсан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 733 316 төгрөгийг 2015 оны 1 сарын 09-ний өдөр төлж, үүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр нэмж төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардлага тавьсан боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо. зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулснаас хойш шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааны үндсэн зээлд 49 933 350 төгрөг, 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд 42 010 592 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-д зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд сарын 0,8 хувийн нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид нэмж төлөхөөр тохиролцсон, түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т заасны дагуу хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учир нэмэгдүүлсэн хүүнд 8 415 967 төгрөг, нийт 100 359 910 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хуульд заасны дагуу бүхэлд нь хангах үндэслэлтэй атал шүүх чухам ямар нотлох баримт, хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас 8 579 769 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, түүнийг дурдаагүй нь ИХШХШ тухай хуулийн 116.2, 116.3-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлтэй байна.

2. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56.1.8 дах заалтыг үндэслэсэн. Гэтэл энэ хуулийн заалтад "Баталгаат ипотекийн гэрээ"-г байгуулахдаа өмчлөгч нарын бүгдийнх нь зөвшөөрлийг авах ёстой гэсэн агуулга байхгүй байхад шүүх энэ заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч нар нь 2014 онд 106200048 тоот зээлийн гэрээ байгуулахдаа Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, 6 байрны 106 тоот 30 м.кв 2 өрөө байрыг барьцаалж Барьцааны гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээг байгуулж, талууд бүгд гарын үсэг зуран, нотариатаар гэрчлүүлж, баталгаажуулсан байдаг. Орон сууцыг барьцаалахыг зөвшөөрөөгүй гэж маргаж байгаа. Э.Эрдэнэсайхан хүртэл дээрх барьцааны гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулахыг зөвшөөрч гарын үсгээ зурсан, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцыг нь барьцаалж зээл авах гэж байгааг мэдэж, ББСБ-аас хийх гэж байгаа гэрээнүүдэд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 128.2 дахь заалтаас харвал гэр бүлийн гишүүний хэн нэгэн нь эд хөрөнгөө захиран зарцуулах гэж байгаа бол бусад гишүүнээс зөвшөөрөл авсан байхыг шаардаж байна. Гэтэл дээрх тохиолдолд Д.Эрдэнэ нарын Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, 6-р байрны 106 тоот 30 м.кв орон сууцны хамтран өмчлөгчдийн хэн нэг нь тухайн орон сууцыг барьцаалахаар манай байгууллагад хандаагүй. Харин тухайн байрны бүх гишүүд орон сууцыг нь барьцаалан зээл авах гэж байгааг мэдсэн, Зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээнд бүгд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу орон сууцаа барьцаалахыг зөвшөөрсөн гэх хангалттай үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 61.1-д заасны дагуу гэрээний нэг нөхцөл хүчин төгөлдөр бус боллоо гээд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох үндэслэлгүй.

Хэдийгээр Э.Эрдэнэсайхан нь "би нотариатын дэвтэр дээр гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус" хэмээн маргаж байгаа хэдий ч түүний хүсэл зоригийн илэрхийлэл буюу орон сууцыг барьцаалах гэж байгааг мэдэж байсан, Баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. Гэрээ байгуулах үед Э.Эрдэнэсайхан нь энэ талаар маргаан гаргаагүй атлаа өнөөдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бидэнд мэдэгдсэн, маргаантай байсан бол бид хариуцагч нарт орон сууцыг барьцаалсан зээл олгохгүй, орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангах эд зүйлээр сонгохгүй байсан бөгөөд өнөөдөр 100 359 910 төгрөгийн хохирол хүлээхгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

     

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.   

 

Нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК нь хариуцагч "Цэлмэг Ази констракшн" ХХК, Н.Будбаяр Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нараас зээлийн гэрээний үүрэгт 100 359 910 төгрөг, бичиг баримтын болон хариуцагчийг хайж олохтой холбогдон гарсан зардалд 80 000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс Э.Болор-Эрдэнэ нартай байгуулсан баталгаат ипотекийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, хариуцагч Э.Эрдэнэтөгс 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот зээлийн гэрээний Л.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс Э.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэсгийг болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр нар нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 тоот зээлийн гэрээний төлбөр хариуцагчаар Э.Болор-Эрдэнэ болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 68 489 850 төгрөг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн боловч барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бичиг баримтын болон хариуцагчийг хайж олохтой холбогдон гарсан зардалд 80 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд нь хэрэг үүсгээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бичиг баримтын болон хариуцагчийг хайж олохтой холбогдон гарсан зардалд 80 000 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч "Цэлмэг Ази констракшн" ХХК, Н.Будбаяр Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвжаргал нарын 4 хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 100 359 910 төгрөг гаргуулахаар шаарддаг боловч хариуцагч тус бүрийн үүргийг тодорхойлоогүй, тодорхойлох боломжгүй үндэслэл заагаагүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, улмаар хамтран хариуцах үндэстэй эсэхийг дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байхын зэрэгцээ зээлийн үүрэгт 100 359 910 төгрөг гаргуулах шаардлагаас 91 780 141 төгрөгийн шаардлагыг хангаж, 8 579 769 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй болжээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Пүрэвжаргал, Н.Будбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөг, нэхэмжлэгч "Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ