Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/84

 

 

 

 

   2020 оны 03 сарын 16 өдөр                             Дугаар 2020/ШЦТ/84                                        Зуунмод сум            

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч Н.С,

шинжээч И.Г,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б.У-т холбогдох 1934000710117 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Б.У /Регистрийн дугаар:НЙ/, Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежер мэргэжилтэй, Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн Хонхорын 4-22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан ял гавьяа шагналгүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай эхнэрийн ахтай  маргалдаад заамдалцсан байсан. Би очоод салгах гээд гараараа цохичих шиг болсон. Шүд унах хэмжээний  цохисон зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Би өдөр сарыг сайн санахгүй байна. Дэлгүүрийн үүдэнд Алтангэрэлтэй  муудалцаад байж  байхад Засаг дарга ирээд намайг цохчих шиг болсон. Би машины урд байсан гэтэл хойно нь гарсан байсан... ...Би хэд цохисныг нь санахгүй байна...” гэв.

 

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08 тал/, хохирогч Н.С-гийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-09 тал/, хохирогч Н.С-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11-12, 13 тал/, гэрч Б.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14 тал/, гэрч Д.Алтангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, насанд хүрээгүй хохирогч С.Адъяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, гэрч Б.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18 тал/, гэрч А.Бадамхандаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-24-25 тал/, яллагдагч Б.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30-31 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №215 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-15-16 тал/, шинжээч И.Г-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38 тал/, гэрч Ц.Лхагвацэндээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-39-40 тал/, гэрч Ц.Лхагвацэндээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-98-99 тал/, гэрч Ц.Нармандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-101 тал/, яллагдагч Б.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-102-103 тал/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-118-119 тал/, гэрч Б.Баярмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-120 тал/, гэрч Д.Зол-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-121-122 тал/, гэрч Б.Дагиймаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-143-144 тал/, шинжээч И.Г-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-145 тал/, хохирогч Н.С-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-148-150 тал/, гэрч Б.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-151 тал/, гэрч Н.Тунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-152 тал/, гэрч Д.Бямбадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-153 тал/, гэрч Л.Бямбаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-154 тал/, яллагдагч Б.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-155 тал/, шүүгдэгч Б.У-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-32-37, 41-46, 49-50 тал/ зэрэг баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.У нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.С-гийн: “...Засаг дарга Ууганбаяр гүйж ирээд наад гөлөг чинь юу гээд гоншигноод байгаа юм гээд толгой тархигүй намайг зодсон. Тэгээд би маргааш нь аймаг явж цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд эмнэлэгт үзүүлсэн... ...миний шанаа руу цохиод миний баруун шанаа хавдсан. Тэгээд дотор жавьж язарсан миний араа шүд хөдөлсөн байсан. Тэгээд би Улаанбаатар хотод очоод шүдээ авахуулсан. Тэр үед дэлгүүрийн гадаа Даваасүрэн байсан тэр харсан Бадамханд Лхагвацэнд нар харсан. Би эрүүл мэндээ хамгаалуулж хохирлоо барагдуулмаар байна... ...Хишиг төвийн руд талд Алтангэрэл бид хоёр маргалдаж муудалцаад зогсож байх үед Ууганбаяр нь ирж миний баруун талын шанаа руу гараа раа нэг удаа их хүчтэй цохисон. Энэ үед шүд хөдөлж гэмтсэн. Тэгээд би цохилтын хүчинд нь буцаад эргээд хартал миний ар толгойн дагзан дундуур гараа раа нэг удаа цохисон юм бүү мэд нэг сэргэхэд Алтангэрэл бид хоёрын салгачихсан зогсож байсан... ...Намайг хэл амаар доромжилсон байсан. Эмчилгээний зардал шүдээ 30.000 төгрөгөөр авахуулсан. Ирж очих унааны зардал Борнуураас Зуунмод хүртэл ирж очсон. 220.000 төгрөг дансанд байсан. Тэр мөнгөө зарцуулж дуусгасан дээрх мөнгийг нэхэмжилнэ. Нааш цааш ирж очсон машинд бензин хийсэн баримтууд байгаа. Борнуураас Зуунмод таксинд суухаар нэг хүний 9000 төгрөг байдаг юм энэ баримтууд байгаа...” гэх мэдүүлэг /хх-11-12, 13 тал/,

Гэрч Б.Оюун-Эрдэнийн: “...Засаг дарга Ууганбаяр намайг ирээд толгой руу цохисон гэж байсан. Нүдээрээ харсан зүйл байхгүй... ...би Алтангэрэлийн байгаа газрыг олоод утсаар яриад очиж түлхүүрээ авсан. Өөрийн нүдээр хараагүй манай хажуу айлын Бадамханд харсан гэж надад хэлсэн. Мөн ангийнх нь Лхагвацэнд гэх хүн харсан гэж байна лээ” гэх мэдүүлэг...” /хх-14 тал/,

Гэрч А.Бадамхандын: “...Дэлгүүрэээс юм авах гээд Есөн-Эрдэнэ дэлгүүр рүү орох замд Сэлмэн ах жолооч Алтангэрэл ах нар зогсож байсан. Хажуугаар нь гарахад маргалдаад байх шиг байсан. Би хажуугаар яваад Есөн-Эрдэнэ дэлгүүр рүү ороод хүнсний зүйлс цуглуулаад нилээн удаж байгаад гарч ирэхэд маргаж байсан хүмүүс байхгүй болсон байсан. Гадаа бол байгаагүй намайг дэлгүүр ороход зөрөөд гарч явсан. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд бас харагдаагүй гэх мэдүүлэг...” /хх-20 тал/,

 

Шинжээч И.Г-ын: “...Хохирогч Н.С-гийн биед учирсан шүд унасан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт толгойд хавдар нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй дээрх гэмтлүүд нь тусдаа болон ерөнхийдөө гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Сэлмэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл юм. Н.С-гийн биед учирсан шүд унасан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, унаж оочих үед, тархи доргилт толгойд хавдар гэмтэл нь цохигдох унас оочих үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг...” /хх-38 тал/

 

Гэрч Ц.Лхагвацэндийн: “...Сэлмэн, Алтангэрэл хоёр маргалдчихсан байж байтал Ууганбаяр дэлгүүрээс гарч ирээд Сэлмэнгийн нүүр рүү нь гараа раа алгадаж цохиод толгой руу нь бас цохисон. Би тэгээд харчхаад энэ Ууганбаяр Засаг дарга хүн байж иргэдээ зодож болж байгаа юм байх даа гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би яваад өгсөн. Ууганбаяр гараа раа Сэлмэнгийн нүүр, толгой хавьд нь цохиод авсан. Хоёр удаа цохиод авсан. Би тэгж харчихааад л явсан. Ажил явдалтай байж хэрүүлд оролцоод яахав гээд явсан. Сэлмэнгийн нүүр ам наас цус гарсан эсэхийг нь би хараагүй яваад өгсөн. ...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Төв аймгийн Борнуур суманд манай хүргэн ах анс барсан байсан болохоор ажил явдалд нь оролцохоор очсон байсан... ...Ууганбаяр орж ирээд Сэлмэнгийн хацар руу хоёр удаа алгадсан. Тэр үед би Ууганбаярыг хараад Засаг дарга хүн байж олон түмний нүдэн дээр яасан муухай зүйл хийдэг юм бэ гэж бодоод өнгөрөөд явсан. Сэлмэн, Алтангэрэл хоёр хоорондоо маргалдаж байхад Ууганбаяр хажуунаас нь ороод Сэлмэнг хоёр удаа алгадсан. Сүүлд сонсоход Ууганбаяр нь Алтангэрэлийн дүүтэй гэр бүл болсон болохоор Алтангэрэлийг өмөөрч Сэлмэнг алгадсан гэж байсан гэх мэдүүлэг...” /хх-39-40, 98-99 тал/,

Гэрч Ц.Нармандахын: Би Ууганбаяраас мэдүүлэг авахдаа хэргийн дугаарыг бичих үед андуурч нэг орон илүү бичиж, Б.Лхагвацэндээс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Номтын аманд мэдүүлэг авахдаа хэргийн дугаарыг нь буруу харж бичиж хоёр орон дутуу бичсэн байна гэх мэдүүлэг /хх-101 тал/,

Яллагдагч Б.У-ын: “...Тэр хоёр дээр очиж юу болсон талаар асуухад “Алтангэрэл Сэлмэнг заагаад энэ 3 хоногийн өмнө миний машиныг мөргөж гэмтээчихээд хохирлоо төлж барагдуулна, хохиролгүй болгоно гэж хэлчхээд өгөхгүй яваад байна Одоо болохоор чиний буруу гээд над руу дайрлаа гэхээр нь би тухайн үедээ цагдаад хэлээд шалгуулахгүй яасан юм бэ гэж Алтангэрэлд хэлэхэд цагдаа Төв аймагт ажилтай явж байгаад тэгээд харуулаагүй итгээд явуулсан юм гэж байсан... ...Би гараа раа мөр рүү нь нэг удаа түлхсэн. Өөр зодсон цохисон зүйл байхгүй гэх мэдүүлэг...” /хх-102-103 тал/,

 

гэрч Д.Зол-Эрдэнийн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр над руу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед би төв аймаг дээр ажилтай явж байсан болохоор Баянчандмань сумын замын пост руу залгаж дуудлага өг гэж хэлсэн...” /хх-121-122 тал/,

 

гэрч Б.Дагиймаагийн: “...1.6 шүд гэдэг нь үүдэн хоёр шүдний баруун талын шүднээс эхэлж тоолоод 6 дахь шүд буюу 1 дүгээр их араа шүд юм. Уг Сэлмэн гэх хүний 1.6 шүд нь хөдөлгөөнтэй байсан учраас би шүдийг эмчилгээ хийлгүйгээр авсан... ...Надад тухайн үед ямар нэгэн учир шалтгаан хэлэлгүйгээр эмчилгээ хийлгээд гарсан... ...Уг араа шүд нь хүчтэй цохилт доргилтын хөдлөх боломжтой. Бусад байдлаар уг шүдэнд хөдөлгөөн үүсэхгүй гэх мэдүүлэг...” /хх-143-144 тал/,

 

шинжээч И.Г-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үзлэгийг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр 16-р шүд хөдөлсөн, тархи доргилт гэмтлүүдийг үндэслэж дүгнэлт гаргасан... ...Дээрх шүд нь гадны нөлөөний улмаас хөдөлгөөнд орсон тул Magic smile шүдний эмнэлэгт авахуулсан байсан гэх мэдүүлэг...” /хх-145 тал/,

 

хохирогч Н.С-гийн: “...би өргөдөл бичихдээ он сар өдрийг нь андуураад өгсөн байна. Хэрэг явдал 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарсан... ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ...миний шүдийг үзээд авахаас өөр арга байхгүй байна. Эмчилгээ хий жболохгйү байна шүү гэж хэлж байсан. Би тухайн үед хүнд цохиулаад шүд хөдөлчихлөө гэж хэлж байсан гэх мэдүүлэг...”  /хх-148-150 тал/,

 

гэрч Б.Оюун-Эрдэнийн: “...би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Сэлмэн гэртээ орж ирэхдээ Алтангэрэл ахтай мөргөлдөөд хоорондоо тохироод салчихлаа цагдаад мэдэгдэж шалгуулаагүй гэж байсан гэх мэдүүлэг...” /хх-151 тал/,

 

яллагдагч Б.У-ын: “...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан бүгд үнэн зөв гэх мэдүүлэг...” /хх-155 тал/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №66 дугаартай шинжээчийн “Н.С-ий биед шүд унасан, тархи доргилт, толгойд хавдарт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зурэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги 5%-р алдагдуулна” гэх дүгнэлт хх-15-16 тал/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.У нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан тул шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Б.У-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс“ Н.С-д учирсан хөнгөн хохирлын яг Н.Ууганбаярын учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Алтангэрэл Сэлмэн хоёр маргалдаж байсныг салгасан, энэ талаар Алтангэрэл ч мэдүүлсэн байдаг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч энэ хөнгөн хохирлыг урьд өдөр нь газар унах, машинтай явж байгаад Алтангэрлийн машинтай мөргөлдөх явцад ч үүсэх боломжтой тул Б.У-т холбогдох хэргийг цагаатгах тухай” хүсэлтийг,

 Шүүгдэгч Б.У нь “Алтангэрэл хохирогч 2 зодолдож байсан тул салгасан, би түүнийг санаатай зодож, санаатай гэмтэл учруулаагүй.” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан.

Хохирогч Н.С нь өмнөх өдрүүдэд машинтай явж байгаад мөргөлдсөн, ар дагзаараа унасан талаараа мэдүүлдэг боловч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн хэргийг цагаатгах хүсэлтийг хүлээн авч Б.У-т холбогдох хэргийг цагаатгах үндэслэлгүй байна.

Харин прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, 2019 оны 3 сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гарч, мөн өдөр яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, яллагдагчаар байцаасан байна.

  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ...” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 400000 төгрөг төлснийг, хохирогч Н.С гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2., 36.2., 36.4

дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр

зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн 1934000710117 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Б.У-т авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Б.У нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 400000 төгрөг төлснийг, хохирогч Н.С гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ