Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

   2020 оны 03 сарын 16 өдөр                    Дугаар 2020/ШЦТ/85                                      Зуунмод сум            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч, хохирогч Н.Д, Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Н.Д, Б овгийн Ж.П нарт холбогдох 2034000760055 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.  

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Тээврийн 1-44 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1., 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овгийн Н.Д /Регистрийн дугаар:ИЖ92042611/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 1415 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ж.П /Регистрийн дугаар:ФА/ гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Д нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 1415 тоотод байх Ж.П-ын гэрт архидан согтуурч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүрэн тус газарт гараа раа цохиж, гарыг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шуу, зүүн гарын 2-р хуруунд шарх, дух, зүүн чамархай, эрүү, хүзүү, баруун, зүүн дал, нуруу, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.П нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 1415 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Д-той маргалдаж, улмаар Н.Д-ийн зүүн шилбэ тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн улмаас миний  судас хагарсан байсан хагалгаанд ороод 1200 000 төгрөгний  хохирол учирсан түүнийгээ нэхэмжилж  байна...” гэв.

 

Хохирогч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад 300 000 төгрөгний  хохирол учирсан.  Н.Д  бид 2 тохиролцоод надад учирсан 300 000 төгрөгийг Н.Дид суутгаад нэмж  500 000 өгнө гэж ярьсан...” гэв.

 

Шүүгдэгч Н.Д, Ж.П нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-06 тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-11 тал/, Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16 тал/, хохирогч Н.Д-оос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 22-23 тал/, хохирогч Ж.П-аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 25-26 тал/,  хохирогч Ж.П-аас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 27 тал/, Гэрч Д.Дуламсүрэнгээс  мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 28-29 тал/, Гэрч О.Батболдоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 30-31 тал/, Гэрч Д.Батхуягаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 32-33 тал/, Гэрч Ж.Ганболдоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 34-35 тал/, Гэрч О.Батболдоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 36 тал/,  Гэрч Ү.Нямцэцэгээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 37-38 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 49 шинжээчийн дүгнэлт /хх-43-44 тал/,  Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дүгээр сарын 04-ны өдрийн дугаар 10 шинжээчийн дүгнэлт /хх-47-48 тал/, Яллагдагч Ж.П-аас   мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 58-59 тал/, Яллагдагч Н.Д-оос   мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-66-67 тал/, Шүүгдэгч Ж.П, Н.Нямдорж нарын хувийн байдлыг тогтоосон  баримтууд /хх-68-85, 86-99 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Д нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 1415 тоотод байх Ж.П-ын гэрт архидан согтуурч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүрэн тус газарт гараа раа цохиж, гарыг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шуу, зүүн гарын 2-р хуруунд шарх, дух, зүүн чамархай, эрүү, хүзүү, баруун, зүүн дал, нуруу, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.П нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 1415 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Д-той маргалдаж, улмаар Н.Д-ийн зүүн шилбэ тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Н.Д-ийн: “...уурлаад эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би боль гэж хэлтэл нөхөр нь миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би буцаагаад цохиод бид хоёр харилцан зодолдсон. Тэгтэл Ж.П гэрээсээ гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирээд намайг орон дээр сууж байтал дахиж дайраад чамайг ална гээд байсан. Тэгтэл Ж.Пын ах дүү нь орж ирээд салгасан. Тэгтэл Ж.П гартаа хутга барьчихсан чамайг ална гээд байхаар нь би хөлөөрөө хамгаалах гээд орон дээр хэвтэж байтал миний зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгалсан. Тэгээд тэнд байсан хүмүүс рүү дайраад цагдаа, түргэн дуудвал ална шүү гээд утсаар яриулахгүй байсан ба миний хөлөөс цус гараад нэг цаг гаруй болж байхад эмнэлэг, цагдаа дуудаагүй байхаар нь би өөрийн утсаараа цагдаад дуудлага өгсөн... ...Миний зүүн хөлийн шилбэ хэсэгт 3 оёдол тавиулсан өөр ямар нэгэн гэмтэл учраагүй... ...Маргалдаж байгаад харилцан зодолдоод уурандаа гарч яваад хутга авч орж ирээд хутгалсан... ...Намайг бор өнгийн модон иштэй богино хутгаар хутгалсан... ...Би хутгалаагүй би гартаа хутга бариагүй. Ж.Паас ах, дүү хоёр нь хутгыг нь салгаж авах гэж бөөн юм болсон хутгаа салгуулах гэж байхдаа өөртөө гэмтэл учруулсан байх гэж бодож байна... ...Одоогоор нэхэмжлэх зүйл гомдол санал алга... гэх мэдүүлэг /хх-22-23тал/,

Хохирогч Ж.П-аас: “...манай эхнэр Н.Д-ийн бугуйнд байх бугуйвчийг авч зүүгээд байсан. Тэгэхээр нь би уурлаад чи түрүүн караокед байхад л үзээд байсан хүний юманд битгий нүдээ унагаагаад бай дараа нь аваад л өгнө биз гэж хэлээд эхнэртэйгээ жоохон маргалдсан. Тэгтэл Н.Д бид хоёр хоорондоо муудалцсан Н.Д намайг эхэлж  цохиж зодсон ба намайг зодож байхад манай хажуу айлын Батболд орж ирэн намайг салгасан. Тэгтэл Н.Д шургуулга онгойлгон хутга авч миний гарыг нутгаар исгэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч зугтаагаад авга ах О.Ганболдын гэрт нь явж ороод гэрээс нь бор өнгөтэй хутга аваад буцаж гэртээ очоод Н.Дашоржийг айлгах гээд далайгаад ор руу нь нэг удаа хутгаараа хий зоосон дараа нь дахиад айлгах гэж байгаад дайлайтал Н.Д өөдөөс хөлөөрөө өшиглөх гээд байхаар нь хөлийн шилбэнд нь 1 удаа хутгаар хатгачихсан юм. Тэгээд цагдаа эмнэлэг болоод явцгаасан… ...Нүүр хавдсан, нуруу зулгарч шалбарсан, гарын тохой, хуруунд хутгаар зүсүүлж оёдол тавиулсан... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Хохирогч Н.Ж.Пын: “...Надад өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... ...зүүн гарын шуу, зүүн гарын долоовор хуруу хутгаар зүсэгдсэн, дух, чамархай, эрүү, хүзүү, нуруу, нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, хаван хавдар. хөхрөлт үүссэн... ...Н.Д намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Мөн хутга авч гар зүссэн... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч Д.Дуламсүрэнгийн: “...манай нөхөр намайг сэрээгээд цагдаа дууд гэж хэлсэн би цагдаа дуудах гэтэл утас цэнэггүй байсан тэгээд юу болсон талаар асуутал Нямбуу хүн хутгалсан гэж байсан... ...Нэг бугуйн зүүлт юм уу, бугуйвч юм уу мэдэхгүй нэг юмнаас болоод л маргалдаж нөгөө гэрт нь ирсэн залууг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу гэсэн утгатай юм яриад маргалдаад байсан... ...Би Нямбууг хүн хутгалж байхыг нь хараагүй би гэртээ унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч О.Батболдын: “...Нямбуугийн эхнэр хүн аллаа гээл орилоод байхаар нь би Нямбуугийн гэрт ортол Нямбуу нөгөө залуутайгаа зодолдож байсан ба нөгөө залуу дээр нь гарчихсан Нямбуугийн толгой, нүүр рүү нь цохиод хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгтэл эхнэр нь намайг гарч бай гэтэл Нямбуу байж бай хөгшөөн гэхээр нь зодолдохоо боль гээд хориод байж байтал нөгөө залуу нь дахиад гэрийн зүүн талын орон дээр Нямбууг зодоод гал тогооны шүүгээнээс жижиг хутга авах шиг болсон. Тэгэхээр нь хорьтол Нямбуугийн гарыг тэр хутгаараа исгэх шиг болсон. Тэгээд Нямбуу гэрээсээ гараад гүйсэн. Би гэртээ ороод сууж байтал дахиад Нямбуугийн эхнэр хүн аллаа гээд орилоод би гэрээс гарах гэж байтал Нямбуу манай гэрт ороод ирсэн. Нямбуугийн нүүр, хамар амнаас нь цус гарчихсан би хүн хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би эхнэрийг цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудуулсан... ...Би Нямбууг хүн хутгалж байхыг нь хараагүй. Нямбуугийн эхнэр нь орилоод байсан удалгүй Нямбуу манай гэрт орж ирээд хүн хутгалсан талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

Гэрч Д.Батхуягийн: “...Нямбуу ах гаднаас гэрт орж ирэхдээ би хүнд зодуулчихлаа гээд нүүр амнаас нь цус гараад хавдчихсан гараа хутгаар зүсүүлчихлээ гээд цустайгаа холилдоод орж ирээд манай гэрийн шүүгээнээс хутга аваад гарсан. Тэгэхээр нь аав бид хоёр хувцасаа өмсөөд Нямбуу ахын араас гараад гэрт нь ортол Нямбуу ах гэрт нь байсан эрэгтэй хүний дээр гараа дарчихсан байсан... ...Нямбуу ах нөгөө хүн рүү дахиж дайрсан нөгөө хүн айгаад хөлөө өргөөд орон дээр хэвтэж байхад нь Нямбуу ах нөгөө эрэгтэй хүний шилбэ хэсэгт нь хутгалсан. Тэгээд гаднаас аав орж ирээд аав бид хоёр Нямбуу ахыг түлхээд аав хутгыг нь булааж аваад гаргаад шидсэн. Тэгтэл Нямбуу ах цагдаа, түргэн дуудвал ална шүү гээд орилоод байсан юм. Тэгтэл нөгөө хутгалуулсан ах өөрөө цагдаа дуудсан... ...Жаргал овогтой Ж.П гэдэг юм ар гэр хамаатан садан нь Нямбуу гэж дууддаг юм... ...Ж.П-д хутгалуулсан гэх залуугийн биед хутгалуулсанаас өөр гэмтэл шарх байгаагүй... ...Ж.П-ын дух нь хавдсан, нүүр нь хавдсан, ам, хамраас нь цус гарчихсан гар нь нил цус болчихсон гар нь зүсэгдээд цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх- 32-33 тал/,

Гэрч Ж.Ганболдын:  “...манай дүү Ж.П гэрт орж ирэхдээ би хүнд зодуулчихлаа гээд нүүр амнаас нь цус гараад хавдчихсан хувцас, гутал нь нил цус болчихсон цээж нүцгэн манай гэрт орж ирээд гараа хутгаар зүсүүлчихлээ гээд гэрт юм хайгаад байсан ба гал тогооны шүүгээнээс хутга аваад гарсан. Тэгэхээр нь би өөрийн хүү Д.Батхуягийг дагуулж гараад Ж.П-ын гэрт нь очтол Ж.П гэртээ байсан нэг эрэгтэй хүний хөл рүү нь хутгаар хатгачихсан байсан ба намайг гэрт нь ортол шалан дээр нь их цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Ж.П-ын гараас хутгыг нь авах гэтэл өгөхгүй, хутгаа тавихгүй байсан. Тэгэхээр нь би цамцны ханцуйгаар жийрэглэж байгаад хутгыг нь хуглах гээд дартал муруйгаад хугараагүй тэгэхээр нь Ж.Пын гар дээр нь өвдөглөж байгаад гарыг нь хөшиж хутгыг нь салгаж аваад хашаагаар гаргаж шидсэн... ...Ж.П-ын толгой, нүүр хэсэг хавдаж, хамар, хацраас цус гарсан. Нуруу гэдэс хавиар нь урагдсан, зулгарсан шархтай, гарын хуруу, шуу, тохой хэсэгт зүсэгдсэн шархтай байсан... ...Ж.П нь манай гэрт ирэхдээ л гараас нь цус гарчихсан хутгалуулсан гээд ирсэн... ...Ж.Пд хутгалуулсан гэх залуугийн биед хутгалуулсанаас өөр гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Гэрч О.Батболдын: “...Эхлээд Н.Д нь Ж.Пыг доороо оруулчихсан толгой, хэсэг нь гараараа цохиод зодоод байсан ба би тэр хоёрыг салгасан ба би Ж.П-ын гар дээр ус хийж өгөөд нүүр гарыг нь угаалгасан ба Ж.П хамар, амнаас нь цус гараад байсан. Би Ж.П-ын гэрт хэсэг сууж байгаад гараад гэртээ ороод байж байтал Ж.П-ын эхнэр манай гэрт орж ирээд нөгөө хоёр чинь дахиад зодолдоод болохгүй байна гэхээр нь би гэрт нь яваад ортол дахиад зодолдлоо Ж.П доор нь ороод зодуулж байсан ба Н.Д гал тогооны шүүгээнээс нь жижиг хар иштэй хутга аваад ардаа нуугаад байсан. Тэгэхээр нь би чи юу авчихваа гэж асуутал надад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би Ж.П-д хандан наад залуу чинь хутгатай байна шүү гэж хэлтэл Ж.П за үгүй байлгүй дээ гэж хэлж байсан… ...Жижиг хар иштэй, хурц үзүүртэй хутга байх шиг байсан... ...Ж.П манай гэрт орж ирээд надад гараа харуулаад найз нь гартаа хутгаар дүрүүлчихлээ гэчихсэн гараас нь цус гарчихсан орж ирээд манайхаас гараад гүйсэн би хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад ахынх руу явлаа гээд гүйгээд гараад явсан...” гэх дахин мэдүүлэг /хх- 36 тал/,

Гэрч Ү.Нямцэцэгийн: “...Н.Д, Ж.П хоёр хоорондоо нөгөө бугуйвчнаас болж хоорондоо маргалдаад зодолдсон Н.Д эхэлж манай нөхөрийн толгой, нүүр ам руу гараа раа цохиод байсан ба тэр хоёр хоорондоо зодолдоод хэсэг салтал манай нөхөр нүүр ам нь хавдчихсан цус гарчихсан байсан ба би хүүхдээ авч гараад хажуу айлдаа орон О.Батболдыг нөгөө хоёр зодолдоод байна чи ороод салгаадах гэж хэлсэн. Тэгээд О.Батболд ороод нөгөө хоёрыг салгасан. Би хүүхдээ тэврээд гэртээ явж байхад манай нөхөр гэрээс гараад гүйсэн. Тэгээд удалгүй гэрт орж ирэхдээ гартаа бор иштэй хутга барьчихсан орж ирсэн ба Н.Д-ийг ална гээд хөөгөөд яваад байтал араас нь манай нөхрийн  төрсөн ах Ж.Ганболд, хүү Д.Батхуягтай орж ирээд манай нөхрөөс хутгыг нь булааж авах гэтэл хоёр удаа орон дээр хий зоогоод Н.Д орон дээр хэвтэж байгаад Ж.П-ыг өшиглөх гээд хөлөө урдаа эвхээд байж байхад нь хөлийх нь шилбэ хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би түргэн болон цагдаа дуудсан... ...Би өөрөө нүдээрээ харсан зүйл бол байхгүй манай хажуу айлын залуу надад хэлэхдээ танай найз чинь жижиг, хар өнгийн иштэй хутга барьчихсан Ж.П руу дайраад байсан гэж хэлсэн. Манай нөхөр бол гаднаас шар өнгийн иштэй хутга барьж орж ирээд Н.Д-ийн зүүн хөлийн шилбэ хэсэгт 1 удаа хутгалсан... ...Ж.П-ын дух нь хавдсан, нүүр нь хавдсан, ам, хамраас нь цус гарчихсан гар нь нил цус болчихсон гар нь зүсэгдээд цус гарчихсан байсан... ...Зүүн хөлийн шилбэ хэсэгт нь 1 удаа хутгалагдсан шархтай байсан. Өөр гэмтэл шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,

Яллагдагч Ж.П-ын: “...Би болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн өмнө ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй… ...Намайг түрүүлж цохиж зодоод байхаар нь би ахынхаа гэрээс хутга авч ирж хөл рүү нэг удаа хатгаж гэмтэл учруулсан... ...Би өмнө нь Н.Д-той зодолдож байсан ба намайг хотод найзтайгаа нийлж зодож байсан... ...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,

Яллагдагч Н.Д-ийн: “...Ж.П гартаа хутга барьчихсан чамайг ална гээд байхаар нь би хөлөөрөө хамгаалах гээд орон дээр хэвтэж байтал миний зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгалсан. Тэгээд тэнд байсан хүмүүс рүү дайраад цагдаа, түргэн дуудвал ална шүү гээд утасаар яриулахгүй байсан ба миний хөлөөс цус гараад 1 цаг гаруй болж байхад эмнэлэг, цагдаа дуудаагүй байхаар нь би өөрийн утсаараа цагдаад дуудлага өгсөн... ...Би гараа раа л цохиж гэмтэл учруулсан. Өөр зүйл байхгүй… ... Би Ж.П руу хутга барьж дайрсан асуудал байхгүй… ...Ж.Пын ах нь ирээд гэрийнх нь шалан дээрхи цусыг арчиж цэвэрлэж байсан. Миний хувьд гомдолтой байна. Би Төв аймгийн төвөөс яваад эмнэлэгт хэвтэж маш их эмчилгээ хийлгэж хагалгаанд орж байсан…” гэх мэдүүлэг /хх- 66-67 тал/,

Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн “Н.Д-ийн биед зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол учирсан” талаарх дүгнэлт /хх-40-41 тал/,

Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №49 дугаартай шинжээчийн “Ж.П-ын биед зүүн шуу, зүүн гарын 2-р хуруунд шарх, дух, зүүн чамархай, эрүү, хүзүү, баруун, зүүн дал, нуруу, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан” талаарх дүгнэлт /хх-43-44 тал/ болон мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

 Хохирогч Н.Д-ийн биед зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ж.П-ын,

Хохирогч Ж.П-ын биед зүүн шуу, зүүн гарын 2-р хуруунд шарх, дух, зүүн чамархай, эрүү, хүзүү, баруун, зүүн дал, нуруу, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Н.Д-ийн тус тусийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

Шүүгдэгч Н.Д болон Ж.П нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Д болон Ж.П нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүгдэгч Н.Дид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ж.Пд 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Д, Ж.П нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын, Төв аймгийн Эрдэнэ сумын тамгын газарт/ тус тус даалгах нь зүйтэй.    

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Н.Д, Ж.П нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг архины шил устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Х овгийн Н.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б овгийн Ж.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг,

Шүүгдэгч Ж.П-д оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын, Төв аймгийн Эрдэнэ сумын тамгын газарт/ тус тус даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Ж.П нарт тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

 5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Д, Ж.П нар нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг архины шил устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.Д, Ж.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Д, Ж.П нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ