Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр                        Дугаар 2020/ШЦТ/90                                       Зуунмод сум            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч У.П, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овгийн У.П-д холбогдох 1834004340420 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.   

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, Ү овгийн У.П /Регистрийн дугаар ТЯ/, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эмээ, ахын хамт Хөвсгөл аймаг, Их-Уул сумын Сэлэнгэ 5 дугаар багт тоотод оршин суух хаягтай, урьд нь Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч У.П нь 2018 оны 6 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.53 м3 хуурай, 1.206 м3 нойтон буюу нийт 2.799 м3 нарс мод бэлтгэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-ийн эзэмшлийн Истана маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэсэн модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн байгаль орчинд 725598 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт:

          шүүгдэгч У.П мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 1834004340420 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-07 тал/, Тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-09 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх- 12-13, 16-17 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-18 тал/, 0074245 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-20 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22 тал/, иргэний нэхэмжлэгч томилох тухай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А/162 Төв аймгийн Борнуур сумын засаг даргын захирамж /хх-26 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чингисээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-28-29 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Баттөрөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-32 тал/, гэрч У.П-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-35 тал/, гэрч У.П-гээс дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-36 тал/, гэрч С.Буянгаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-37 тал/, гэрч Ш.Жигжидээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-38 тал/, шинжээч М.Батмагнайгаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-39 тал/,  гэрч Ш.Гомбосүрэнгээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-40-41 тал/, гэрч Б.Баттөрөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-42 тал/, гэрч Б.Түвшинтөрөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-43 тал/, Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн инженер М.Батмагнайгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 05 шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-48 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-гийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 07/29 Б.Б-ийн өмчлөлийн 27-16 УНК улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-51-57 тал/, Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 59-62 тал/, сэжигтэн У.П-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-67 тал/, яллагдагч У.П-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-77-78 тал/, сэжигтэн У.П-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-145 тал/, яллагдагч У.П-гээс ял өөрчлөн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-156-158 тал/, шүүгдэгч У.П-гийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-79-109 , 116-117, 131-140 тал/ зэрэг болно.

 Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.П-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч У.П нь 2018 оны 6 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.53 м3 хуурай, 1.206 м3 нойтон буюу нийт 2.799 м3 нарс мод бэлтгэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-ийн эзэмшлийн Истана маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэсэн модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн байгаль орчин 725598 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэний нэхэмжлэгч Б.Ч-ийн: “...Миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул тодорхой мэдэх зүйл алга...” “...Тухайн бичиг нь бэлтгэх хугацаандаа хүчин төгөлдөр байдаг юм... ...Сум дотор тээвэрлэхэд мод бэлтгэх эрхийн бичиг хэрэгтэй, харин сумаас сумын хооронд тээвэрлэлт хийх тохиолдолд мод бэлтгэх эрхийн бичгийн хамт гарал үүслийн бичгийн хамт авсан байх шаардлагатай...Гэм буруутай нь тогтоогдож байгаа бол албан ёсны экологи эдийн засгийн үнэлгээг орон нутгийн дансанд тушаалгах хүсэлтэй байна . хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн: “...Миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул тодорхой мэдэх зүйл алга...Бид хоёр бага байхдаа Хөвсгөл аймгийн Их уул суманд нэг гудамжинд амьдардаг айл саахалт байсан юм. Түүнээс хойш хуурай ах дүүгийн холбоотой байгаа юм...Би 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймаг явсан тухайн үедээ Улаанбаатар хотод Пүрэвсүрэнд хариуцуулаад үлдээсэн юм. Тухайн үед Пүрэвсүрэн ойр зуурын ажилдаа хэрэглэж байсан. Түүнээс мод тээвэрлэхэд ашигласан гэж мэдээгүй ээ...Би уг машин дээр Барс зах дээр ногоо ачиж амьдралаа залгуулдаг юм...Би автомашинаа 2018 оны 01 дүгээр сард 5 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Машинаа авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэрч У.П-гийн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өглөө Төв аймгийн Борнуур сумаас мод бэлтгэх эрхийн бичигтэй 25 ширхэг гуалин модыг 27-16 УНК улсын дугаартай стана маркийн автомашинаар Баянчандмань сум руу авч яваад Дуган хадны хажууд явж байхад Гомбосүрэн гэдэг хүн намайг зогсоогоод Баянчандмань сумын цагдаагийн журмын хашаанд машиныг хийгээд яваад өгсөн... Жигмэд гэдэг хүнээс худалдаж авсан. Уг модыг дуган хадны хажууд байдаг айлын гаднаас ачиж авсан юм. Би 120 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Манай хамаатан Баттөр гэдэг хүний машин байгаа юм. Би машиныг гуйж аваад явж байсан юм...Надад мод бэлтгэх эрхийн бичиг л байгаа гарал үүслийн бичиг байхгүй...Би тэр талаар мэдэхгүй бичигтэй болохоор нь болдог юм байх л гэж бодсон юм.” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч У.П-гийн: “...Би тухайн модыг худалдаж аваагүй Төв аймгийн Борнуур сумын Дуган хад гэх газрын уулнаас бэлтгэсэн. Мод бэлтгэх эрхийн бичгийг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Борнуур сумын Хаан банкны ойролцоох газраас олсон юм...шороон дээр ил дан бичиг хэвтэж байсан...Уулан дотор нилээн явсан тул мэдэхгүй байна. Мөн тухайн газар бороо их орж үертэй тул машин явах боломжгүй...Би тухайн 2018 оны 06 дугаар сарын 19-ний шөнө очиж хоноод маргааш үүрээр очиж бэлтгээд авч явж байгаад шалгалт хийж байсан хүмүүсд баригдсан юм.” гэх дахин мэдүүлэг /хх- 36 тал/,

Гэрч С.Буяны: “Батсүмбэр сумын ойн ангиас шалгалт хийж яваад Борнуур сумаас хууль бус мод бэлтгэсэн микро машиныг барьсан талаар сонссон, өөр зүйлийг сайн мэдэхгүй байна...Пүрэвсүрэн гэх хүнийг огт танихгүй, иргэний зурагтай лавлагааг харлаа өмнө харж байгаагүй хүн байна. Жигмэд бол манай Борнуур сумын иргэн байгаа юм...Тийм ээ би уг бичгийг бичиж өгч байсан...Тухайн бичиг нь яг тухайн цаг хугацаандаа хүчин төгөлдөр байдаг юм...Уг модыг тээвэрлэхдээ шинээр гарал үүслийн бичиг авна. Харин өөр аймаг сум руу тээвэрлэхдээ гарал үүслийн бичгийг сум дундын ойн ангиас ямар зориулалтаар тээвэрлэх гэж байгаа талаар хэлээд бичиг авна... Тухайн үедээ Жигмэд хашааны мод дутаад байна өөрөө хэрэглэнэ гээд авч байсан. Гэхдээ цааш нь зарах болох хэрэглэх нь өөрийнх нь эрх, гол нь гарал үүслийн бичиг авах ёстой.” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

Гэрч Ш.Жигжидийн: “...Би Пүрэвсүрэн гэх хүнийг огт танихгүй иргэний зурагтай лавлагааг нь харлаа өмнө нь харж байгаагүй хүн байна...Би 0074245 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигтэй танилцлаа миний гарын үсэгтэй миний авч байсан бичиг мөн байна. Хэн нэгэнд уг бичгийг өгөөгүй тул сайн мэдэхгүй байна. Тухайн үедээ Төв аймаг Борнуур сум мод бэлтгээд өвөлжөөндөө хэрэглээд дууссан. Тухайн модыг хэн нэгэнд өгсөн зүйл байхгүй. Би 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Борнуур сумын төвд Автомашины бичиг баримтаа гээсэн тухайн үед 2-3 удаа зар тавиад олоогүй, уг бичиг машины бичиг баримттай явсан үгүйг мэдэхгүй байна. Надад өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

Шинжээч  М.Батмагнайгийн: “...Тийм ээ би тус зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан гэх модны дүгнэлтийг гаргасан... Миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул мэдэх зүйл алга. Тус модыг Борнуур сумын нутгаас тээвэрлэлт хийж яваад шалгалт хийж байхад баригдсан юм...Хэзээ бэлтгэсэн талаар цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Тус модны 3 ширхэг нь хуучин, бусад нь шинэхэн хөрөөдөгдсөн мод байсан. 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд бэлтгэсэн мод гэж харагдахааргүй байсан...” гэх мэдүүлэг /хх- 39 тал/,

Гэрч Ш.Гомбосүрэнгийн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Байгаль аялал жуучлалын яамны удирдлагатай шалгалтаар явж байхад Төв аймгийн Борнуур сумын Нарт дөрөвдүгээр баг Дуган хадны шороон замаар 27-16 Истана маркийн тээврийн хэрэгсэл дотор дүүрэн нойтон нарс мод ачсан 1 хүн явж байсан. Бид нойтон мод ачсан байсныг илрүүлж Төв аймгийн Баянчандмань сумын цагдаа нарт хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх- 40-41 тал/,

Гэрч Б.Б-ийн: “...Би өөрийн эзэмшлийн соната маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 09 сарын эхээр ВИ ЭС ЭМ ХХК-д 6 сая төгрөгөөр зарсан. Уг автомашин нь одоо миний эзэмшлээс гарсан...Би өр зээлтэй байсан тул мөнгөний хэрэг гараад зарсан юм...Би 2018 оны 09 дүгээр сард өдрөө санахгүй байна нэг удаа уулзсан. Түүнээс хойш огт уулзаагүй байна, утас нь огт холбогдохгүй байна. У.П Улаанбаатар хотод байр түрээсэлж байгаад сүүлд манай төрсөн дүү Бямбаагийн гэрт хамт амьдарч байгаад явсан байсан. Одоо хаана байгаа талаар огт мэдэхгүй байна...Би Улаанбаатар хотод гурвалжингийн хөсөг трейд дээр Ви Эс Эм ХХК-н нярав гэх эмэгтэйд үзүүлээд гэрээ хийж автомашинаа тухайн компанийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн компани нь Говь ХХК-ийн үйлдвэрийн баруун талд байдаг. Зарсан хүнийхээ нэр болон утасны дугаарыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх- 42 тал/,

Гэрч Б.Түвшинтөрийн: “...Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, цагдаа дээр шалгагдаж байгаа гээд надтай хамт Төв аймгийн Борнуур сум руу нэг удаа, аймгийн төв рүү цагдаа руу 2 удаа явж байсан...” гэх мэдүүлэг /хх- 43 тал/,

Яллагдагч У.П-гийн” “...Би тухайн модыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Дуган хад гэх газар бэлтгээд маргааш өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Стана маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж яваад баригдсан. Өмнө нь ярьсан тул нэмж ярих зүйл алга...мөнгөний хэрэг байсан юм...Надад эд хөрөнгө гэх зүйл байхгүй, яаж ийж байгаад төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх- 77-78 тал/,

Яллагдагч У.П-гийн: “.Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, асууж тодруулах зүйл алга..Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад хэлэх зүйл алга...Надад нэмж хэлэх зүйл алга. Хохирлыг төлж барагдуулна...” гэх ял өөрчлөн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх- 156-158 тал/,

 

Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “...Уг модонд үзлэг хийхэд 250 см урттай, 25 ширхэг нарс мод байсан. Дээрх модны 5 ширхэг мод нь нойтон, 20 ширхэг мод нь хуурай, хэрэглээний мод байсан. Хууль бусаар бэлтгэсэн 25 ширхэг модыг “Бөөрөнхий модон материал эзлэхүүний хүрд” MNS 2379/2010 стандарт ашиглан эзлэхүүнийг тооцоход хуурай хэрэглээний мод 1,593 м3 нийт 2.799 м3 болж байна... ...Дээрх моднуудын экологи-эдийн засгийн үнэлгээг “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн тогтооход хуурай хэрэглээний нарс мод 1,593 м3*60.000*1.8=172.044 төгрөг, нойтон хэрэглээний нарс мод 1.206 м3*255.000*1.8=553.554 төгрөг нийт 725598 төгрөгийн бодит хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т /энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна/ гэж заасан. Энэ хуулийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч гурав дахин нэмэгдүүлэн тооцно гэсний дагуу тооцоход 725.598*3=2.176.794 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна. Төв аймгийн Борнуур сумын нарт 4 дүгээр баг Дуган хад гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-48 тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 07/29 дугаартай “...Istana маркийн тээврийн хэрэгслийг 3140750 /гурван сая нэг зуун дөчин мянга долоон зуун тавин/ төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 51-57 тал/ үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлтийн талаар.

 

Шүүгдэгч У.П-гийн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.53 м3 хуурай, 1.206 м3 нойтон буюу нийт 2.799 м3 нарс мод бэлтгэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-ийн эзэмшлийн Истана маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэсэн модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн байгаль орчин 725598 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Шүүгдэгч У.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Иймд шүүгдэгч У.П-гийн хуул бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч У.П нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн хор уршиг болох 725698 төгрөгийг 3 дахин нугалж 2176794 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга долоон зуун ерөн дөрөв/ төгрөгийг төлсөн болох нь шүүхэд өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.П нь гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар арилсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” байх шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч У.Пд 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Шүүгдэгч У.П нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 3 сарын 18-ны өдрийн хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг /мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний урьдчилан цагдан хоригдсон 60 хоног*8 цаг=480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэхээр байна./ хорих ялын нэг хоногоор тооцоход У.П нь шүүхээс оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч У.П энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

У.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.П-гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Истана маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3140750 /гурван сая нэг зуун дөчин мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж,

хэрэгт битүүмжлэгдсэн 25 ширхэг модыг тус тус Улсын орлогод оруулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ү овгийн У.П-г зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ү овгийн У.П-д 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П-д оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил /түүний урьдчилан цагдан хоригдсон 60 хоног*8 цаг=480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэхээр байна/ хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

4. Шүүгдэгч У.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч У.П энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.П-гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Истана маркийн 27-16 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3140750 /гурван сая нэг зуун дөчин мянга долоон зуун тавин/ төгрөг,

хэрэгт битүүмжлэгдсэн 25 ширхэг модыг тус тус Улсын орлогод оруулсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

                                                                                                                            

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ