Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/94

 

                      

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                        Дугаар 2020/ШЦТ/94                                       Зуунмод сум            

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

гэрч Б.М

шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б.М-д холбогдох Эрүүгийн 1934008640010 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.   

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Х овгийн Б.М /Регистрийн дугаар:ЛЛ/ Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймаг, Халзан сумын 4 дүгээр баг, 11-2 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газарт Жаргалант сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 10-29 БНА улсын дугаартай “TOYOTA PRIUS-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэгэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-т заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Ч-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.М нь: “2018 оны 10 дугаар сарын 04-ний орой манай талийгаач найз болон найз охин Сувд-Эрдэнэ хоёр намайг эргэхээр ирээд шөнийн 1 цагт унтсан. Би машиндаа унтаад талийгаач Мөнхбат гэрт унтсан. Маргааш нь талийгаач буцаж явна гээд би унаанд суулгаж өгөх гээд явж байхдаа ажлын ачааллаас болоод ядарсан байсан. Машин унаж байгаад  зүүрмэглээд нэг мэдсэн чинь замын хажуу руу орсон байсан. Миний буруутай үйлдлээс болоод миний  найз амь насаа алдсанд маш их гэмшиж байна.” гэв.

 

Гэрч Мөнхбат нь: “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай найзууд 3 шил архитай  эргэж ирсэн.  Согтотлоо уугаагүй.  Шөнийн 12 гэж унтсан. Мөнхсүрэн тухайн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр архинаас уугаагүй.  Тагийгаач бид 2 архи уусан хэрэг гаргасны дараа сандарсандаа ямар мэдүүлэг өгсөнөө сайн санахгүй байна.” гэв.

 

Эрүүгийн 1934008640010 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 05 тал/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-06 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-14 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-20 тал/, цогцосны хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-23 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баатарчулуунаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27-28, 29 тал/, гэрч Б.М-аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-30 тал/, гэрч Б.Сувдан-Эрдэнээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 31 тал/, гэрч Б.М-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх- 32-33 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 165 шинжээчийн дүгнэлт /хх-39-40 тал/, Төв аймгийн замын цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дугаар  152 шинжээчийн дүгнэлт /хх-42 тал/, яллагдагч Б.М-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-50-52 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Буянаагаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-54 тал/, гэрч Р.Наранбаатараас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-55 тал/, гэрч Г.Батсүрэнгээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-56 тал/, шүүгдэгч Б.М-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-57-61, 64-79,  тал/, хохирлын баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баатарчулууны гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй талаарх хүсэлт /хх-81-88 тал/,  яллагдагч Б.М-гээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-94-95 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж нэг хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр хүндрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газарт Жаргалант сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан замын хажуу руу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10-29 БНА улсын дугаартай “TOYOTA PRIUS-10” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож уг зам тээврийн хэрэгслийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Ч-ийн амь нас хохирсон үйл явдал болсон байна.

 

 Зам тээврийн осол гаргасан 10-29 БНА улсын дугаартай “TOYOTA PRIUS-10” маркийн тээврийн хэрэгслийг Б.М нь хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаараа маргаж мэтгэлцээгүй байна.

 

Иймд тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-гийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газарт Жаргалант сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 10-29 БНА улсын дугаартай “TOYOTA PRIUS-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-т заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Ч-ийн амь насыг хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баатарчулууны: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний хүү Баатарчулуун овогтой Чулуунсүх нь өөрийн найз Б.М-гийн хамт Төв аймгийн Жаргалант сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан талаар нь тухайн өдөр мэдсэн ба 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумаас гараад Төв аймгийн Жаргалант суманд ирээд талийгаачийнхаа шарлийг Сүхбаатар аймгийн Халзан сум руу гэр рүүгээ явж буяны ажлыг нь зохион байгуулж хийж дуусгасан... ...Би Б.М гэх хүнийг танина. Миний хүүгийн багын найз нь байгаа юм бага байхаасаа л миний хүүтэй хамт тоглож өссөн хүү байгаа юм... ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

            Гэрч Б.М-ын: “...бид 4 уулзаад юм ярьж суугаад бид 4 машиндаа 0.75 гр Хараа архи ууж дуусаад тэгээд би талийгаачийн хамтаар гэрт ороод амарсан. Б.Mөнхсүрэн, Сувдаа 2 машиндаа амарсан. Цагийг нь мэдэхгүй байна. Өглөө 08 цагийн үед байх найзыгаа Улаанбаатар хот руу явуулахаар Тал булаг орсон. Тэгээд унаа байхгүй буцах замдаа осолд орсон. Яг яаж унасанг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн онхолдоод машинаас хурдан гараарай гээд замын хүмүүс ирсэн байсан. Тэгээд буугаад хартал талийгаач машинаас гараад хажууд нь хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаад өг гээд тэгээд цагдаа эмнэлэг ирсэн... ...Мөнхсүрэн жолоо барьж байсан. Өөрийх нь эзэмшлийн пpиүс 11 маркийн тээврийн хэрэгсэл байсан... ...Би яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна км заалт руу нь хараагүй нээх хурдан биш удаан биш явж байсан... ...Өглөө тал булаг ороод нэмж архи авч уугаагүй машинд тал шил архи үлдсэн байсан. Тэрийгээ өглөө Сувдаа уугаагүй бид 3 хуваагаад уусан. Нийт 3 шил архи уусан... ...Жолоочийн ард сууж явсан... ...Харахад нээх их согтуу байгаагүй хэр зэрэг согтуу байсанг нь мэдэхгүй... ...Би осолд орсноос болоод толгой дүүрч өвдөөд далны хажууд хүнд байна. Дух шалбарсан байна. Өөр ил харагдах шарх гэмтэл байхгүй... ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй зүгээр... ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

            Гэрч Б.Сувдан-Эрдэний: “...буцах замдаа би арын суудал дээр талийгаачтай хамт унтаад явж байсан урд Мөнхсүрэн жолоо бариад хажууд нь Мөнхбат суугаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн намайг наана аа хэвтэж бай гээд байсан. Тэгээд ухаан ортол осолд ороод талийгаач нилээн цус алдаад машины гадна хэвтэж байсан. Тэгээд Мөнхсүрэн түргэн дууд гээд орилоод байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэг ирсэн... ...Нэмж архи уугаагүй урд шөнө нь 3 шил архи уусан... ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

            Гэрч Б.М-гийн: “...Жаргалант сумаас гараад Төв зам руу явж байтал би замдаа үүрэглээд нэг хартал замын хажуу руу орчихсон байсан ба машин хөрвөөгөөд онхолдсон. Тэгээд машинаас гартал талийгаач арын суудал дээр сууж явсан ба машины дээвэр цус болсон талийгаачаас цус гараад хэвтэж байхаар нь би талийгаачийг машинаас татаж гаргаж иртэл талийгаач хэсэг амьсгаатай байж байгаад юу ч ярилгүй амьсгал хураасан. Б.Сувдан-Эрдэнэ болон Б.М нарын бие нь гайгүй машинаас гараад ирсэн байсан... ...Би тухайн үед 50-60 орчим киллометр цагийн хурдтай явж байсан юм... ...Би найзуудаа унаанд суулгаад л өгчихнө гэж бодож явсан юм... ...Би яг хэр зэргийн согтолттой байсан талаараа бол би мэдэхгүй байна. Миний архи бүрэн гараагүй би шоконд орчихсон байсан... ...Намайг энд хөдөө ажиллаж байсан учраас намайг эргэж ирсэн Б.Чулуунсүх Баянхонгор аймагт ажил хийдэг юм буцаад ажилдаа явахаасаа өмнө ирсэн юм...“...Бид хоёр багаасаа л найзалж нөхөрлөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

            Яллагдагч Б.М-гийн: “...буцаад салдаг уулзвар дээр очъё гээд явж байсан юм. Тэгтэл нэг мэдсэн замын хажуу руу онхолдсон байсан ба машины арын суудал дээр талийгаач хэвтэж байсан. Талийгаачийн байсан газрын ойр орчим их цус болсон байсан. Би талийгаачийг тээврийн хэрэгслээс чирч гаргаад хэсэг тэврээд сууж байхад талийгаач амьсгаатай байж байгаад ямар ч үйлдэл хийж юм ярилгүй байж байгаад нас барсан. Б.Сувдан-Эрдэнэ, Б.М нарын бие нь гайгүй гараад ирсэн байсан... ...Би тухайн үед нэг их хурдтай бол яваагүй 50-60 орчим киллометр цагийн хурдтай явж байсан... ...Тухайн үед би их ачаалалтай ажиллаж байсан ажлаа хийж байхад талийгаач, найз охин хоёр ирэхээр нь уулзсан юм. Би их ядарсан байсан 2-3 өдөр нойр дутуу ажиллаж байсан юм. Би Б.Сувдан-Эрдэнэ, Б.М, Б.Чулуунсүх нарын ууж байсан архинаас тухайн үедээ нэг их уугаагүй, нэг их согтоогүй байсан юм. Урьд шөнө нь авч ирсэн архиа ууж дуусгаагүй байж байгаад маргааш өглөө нь буюу хэрэг болдог өдрийн өглөө Б.Чулуусүх, Б.М хоёр тал шил архи хувааж уусан. Би  архинаас нь уугаагүй... ...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх- 50-52 тал/,

            Иргэний нэхэмжлэгч Ц.Буянгийн: “...Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч би уг тээврийн хэрэгслийг  2019 оны 05 дугаар сард Р.Наранбаатарт 5.000.000 төгрөгөөр худалдсан ба уг тээврийн хэрэгслийнхээ нэрийг худалдаж авсан хүмүүс нь шилжүүлж аваагүй байгаа. Ирэхгүй завгүй байгаа гэх зэргээр ирж нэрээ шилжүүлэн аваагүй байгаа... ...Би Б.М гэх хүнийг танихгүй Р.Наранбаатар нь тийм хүнд худалдсан байх... ...Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг тээврийн хэрэгсэлээ бусдад худалдсан худалдаж авсан хүмүүс нь нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Худалдаж авсан хүмүүс нь тээврийн хэрэгсэлээ хариуцах байх...” гэх мэдүүлэг /хх-54 тал/,

            Гэрч Р.Наранбаатарын: “...Би 10-29 БHA улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сард Б.М-д уг тээврийн хэрэгслийг 5.500.000 төгрөгөөр худалдсан ба Б.М нь нэрээ шилжүүлж аваагүй явсан. Уг тээврийн хэрэгслийг би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Ц.Буянаагаас худалдаж авсан тээврийн хэрэгсэл байсан ба нэр шилжүүлэх гэтэл Ц.Буянаа гэх хүн нь тухайн үедээ хуралтай тарахгүй байна гээд байсан юм. Тэгтэл Б.М би буцаж ирэх юм чинь буцаж ирээд нэрээ шилжүүлчихье гээд аваад явж байсан. Тэрнээс хойш ирээгүй, нэрээ шилжүүлээгүй ба ажилд орчихлоо очиж чадахгүй байна гэж байсан... ...Б.М нь их тайван, дөлгөөн, хүний үгээр хүнтэй маргалдаж, муудалцаад байдаггүй сайн, сайхан харьцаатай, хүмүүжил их сайтай, хариуцлага сайтай хүн байгаа юм. Архи, согтууруулах ундааны зүйл бол нэг их хэрэглээд байдаггүй хүн байсан... ...Надад уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг тээврийн хэрэгслийг Б.Мд зарсан. Б.М нь өөрөө захиран зарцуулах эрх, үүргээ хүлээнэ...” гэх мэдүүлэг /хх-55 тал/,

            Гэрч Г.Батсүрэнгийн: “...Миний хүү Б.М нь талийгаачтай олон жил хар багаасаа л найзалж нөхөрлөж явсан хүмүүс байсан юм... ...Би тэр талаар нь сайн мэдэхгүй. Баянхонгор аймагт ажил хийж байхдаа л цалингаараа авч унасан машин нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-56 тал/,

            Яллагдагч Б.М-гийн: “...Надад өмнө өгсөн яллагдагчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй... ...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-94-95 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаартай шинжээчийн “...2. 3. 8. Талийгаачийн цогцост суурь чс духны зүүн хэсгээс дотогш баруун тийш, баруун, зүүн ухархайн дээд ханыг хөндлөн дайрч духны баруун дотор хэсэгт төгссөн олон салаалсан шугаман хугарал, зүүн чамархайн хэсгээс дотогш баруун тийш зүүн их далавч, өнчин тархийг дайрч баруун их далавчны их биений хэсэгт төгсч, олон салаа үүсгэсэн хөндлөн хугарал, тус хугарлын зүүн их далавчны их биений хэсгээс хойш тахиан залааг дайрч дагз руу чиглэж олон салаалсан шугаман хугарал, гавлын орой ясны баруун, зүүн чамархайн хэсгийн хөндлөн хугарал, тархины эдийн няцрал, дух, зулай, чамархай, суурь, бага тархи, дагзны хуйханд цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал тархины битүү гэмтлээр нас барсан...” гэх дүгнэлт /хх-39-40 тал/,

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Ч.Энхдалайгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаартай ...Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно. А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан... талаарх дүгнэлт /хх-42 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Харин шүүгдэгч Б.М нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа согтуурсан, мансуурсан үедээ буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг жолоочийн согтуурлыг шалгасан магадалгаа үйлдээгүй, Монгол Улсын эрүүл мэнд, Спортын сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаар “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 1.6-д заасан “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн уг зам тээврийн осол гарсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2019 оны 10 сарын 05-ны өдрийн 14 цаг 20 минутад хүлээн авч, энэ тухай тэмдлэглэл үйлджээ. /хх-04 тал/

Улмаар Төв аймгийн замын Цагдаагийн газрын зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-эрдэнэ 14 цаг 50 минутад үзлэг хийж зам тээврийн ослын актыг тогтоожээ./хх-6 тал/

Дээрх баримтаас дүгнэхэд осол гарсан мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авснаас хойш 30 минутын дараа хэргийн газарт очсон боловч тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.М-гээс журамд зааснаас цус аваагүй, драйгер багажаар үлээлгэж согтуурсан, мансуурсан эсэхийг тогтоогоогүй нь автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэргийн хамгийн эхний ээлжид хийж гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 5 сарын 17-ны өдрийн №215 дугаартай тогтоолд “ жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж эсхүл согтуурсан, мансуурсны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байвал зохино.” гэж  зааснаар Б.М-г согтуурсан эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журамд зааснаар нотолж чадаагүй бөгөөд 2019 оны 10 сарын 5-ны 14 цаг 20 минутад үйлдэгдсэн гэмт хэрэгт 5 сарын дараа согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаж тогтоолгохоор хэргийг Прокурорын газарт буцаах нь биелэгдэх боломжгүй байна.

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн 2019 оны 10 сарын 05-ны өдрийн Согтуурал шалгасан гэх тэмдэглэл /хх-57 тал/ хэрэгт авагдсан боловч Монгол Улсын эрүүл мэнд, Спортын сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаар “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 2.3-т “ цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар бэхжүүлнэ.” Мөн дүрмийн 2.4-т “Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус шээснээс дээж, авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ.” гэж журамд тус тус зааснаар Б.М-гийн согтолтыг тогтоогоогүй тул дан ганц мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж дүгнэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхэд эргэлзээ төрж байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т “ шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэснийг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

 

Б.М-гийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа” мөн хуулийн 1.2-т заасан “хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Б.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж,

1029 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0883497 дугаарын татварын гэрчилгээг эзэмшигч Б.М-д буцаан олгох,

Бичгийн баримтаар ирсэн Б.М-гийн 961560 дугаарын жолооны үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуулийн хугацаанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Амарбаясгаланд даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Х овгийн Б.М-г Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овгийн Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баярхуягийн Мөнхсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Б.Мгийн жолоочийн 961560 дугаартай үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг,

Тоёота приус-10 маркийн 10-29 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0883497 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.Мд буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ