| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0113/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/101 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/101
2020 оны 03 сарын 25 өдөр Дугаар 2020/ШЦТ/101 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Н.Э, Д.Э тэдний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Д.Э, Н овгийн Н.Э нарт холбогдох 2034000530133 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овгийн Д.Э, Регистрийн дугаар: НК, Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын 2 дугаар баг, Баянцогт гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
Н овгийн Н.Э Регистрийн дугаар: ХВ, Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар баг, Монгол гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Н.Э, Д.Э нар нь бүлэглэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим Төв аймгийн Бүрэн сумын 2 дугаар баг, Өвдөгийн хороо гэх газраас иргэн Ц.Б-ын өмчлөлийн 3 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 4426100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Н.Э, Д.Э нар нь бүлэглэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим Төв аймгийн Бүрэн сумын 2 дугаар баг, Өвдөгийн хороо гэх газраас иргэн Ц.Б-ын өмчлөлийн 3 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 4426100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Б-ы: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хонио хариулж байгаад 17 цагийн үед уулан дээр үлдээгээд хөрш айлынхаа гэрийг нүүлгэж 1 цаг гаруй болсон юм. Гэтэл манай хөрш айлын малчин Чадраабал над руу утсаар залгаад манай хаваржаан дээр танай хониноос тасалж аваад нядалсан байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь манай хониноос таван тооны сувиа хонийг нядалсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан... ...Би нядлагдсан эр хонио 200.000 төгрөг, үлдсэн 4 тооны хонийг 400.000 төгрөгөөр нийтэд нь 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-30 тал/
Хохирогч Ц.Б-ын: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 73 тооны үхрээс 3 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд ойр орчмын нутгуудаар хайгаад явж байтад сумын төвөөс ертөнцийн зүгээр урагшаа ажнай гэх газар миний эзэмшлийн 3 тооны үхэр нядлагдсан байдалтай байсан гэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан... ...Бүрэн сумын баруун хоолойн дэрс гэх газраас алдсан... ...давхар дугуйтай машины мөр байсан. Баруун хойд зүгээс өвөлжөөний хороонд ирсэн мөр байсан... ...1 улаан халзан гуна, зөв талын чих нь араас ухам имтэй, баруун чих ногоон ээмэгтэй, 2 халзан сувай үнээ баруун чих ногоон ээмэгтэй зөв чих ухам 3 эрээн хүрэн сартай сувай үнээ чих араасаа ухам буруу чих ногоон ээмэгтэй байсан... ...Манай сумын иргэн Н.Э, Д.Э 2 над дээр ирээд буруу юм хийлээ уучлаарай гээд уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь мэдсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... ...Төлсөн 6 сая төгрөг төлсөн... ...Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх- 09-11 тал/,
Гэрч Д.Итгэлийн: “...Мах худалдан авч борлуулж байгаа. 2019 оны 10 дугаар сараас эхэлж худалдан авч борлуулж байгаа… ...Ихэвчлэн үхэр, хонь, ямаа гэх мэт мах худалдан авч борлуулдаг… ...Надад бүртгэл судалгаа хөтөлдөг дэвтэр байгаа… ...худалдан авсан махаа таарсан нэг ченжд борлуулдаг...” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,
Гэрч Т.Урангоогийн: “...Д.Итгэлд өөрт нь бүртгэл судалгаа хөтөлдөг дэвтэр байгаа...” гэх мэдүүлэг /хх- 20-22 тал/,
Яллагдагч Д.Э-ын: “...манай саахалт айлын залуу Н.Э бид хоёр яваад адуун дээрээ очтол адууны захад 3 тооны үхэр зогсож байсан. Тэгэхээр нь би адуугаа хөөж гэрийнхээ гадаа орхичхоод буцаж адуу байсан газарт очиж 3 тооны үхрийг тууж ойрхон байсан эзэнгүй айлын хаваржаанд оруулаад Н.Э бид хоёр нядлаад махыг нь Н.Э 1 борлуулсан ба надад 600.000 төгрөг өгсөн… ...Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Өвдөгийн хороо гэх газарт айлын эзэнгүй хаваржаанд нядалсан ба хэн гэж хүний үхэр болохыг нь мэдээгүй. Хоёр хар, цоохор тарлан зүсмийн 3 тооны үхэр байсан… ...Эзэнгүй мал байхаар нь л авчихсан юм… ...Би бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан… ...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна… ...Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна, миний ярьсан үнэн зөв…” гэх мэдүүлэг /хх-23, 48-50 тал/,
Яллагдагч Н.Эын: “...адуун дээрээ очтол адууны захад өвдөгийн хороо гэх газарт хорооны хажууд үхэр байсан. Тэгэхээр нь Д.Э ах бид хоёр адуугаа гэрийнхээ гадаа аваачиж орхиод буцаад эзэнгүй байсан 3 тооны үхэр дээр очоод айлын эзэнгүй хаваржаанд оруулж нядалж махалсан. Махыг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ченж гэсэн байх нэг хүн ирж авсан. 3 тооны үхрийн махыг 2.500.000 төгрөгөөр өгөөд Д.Э ахад 600.000 төгрөг өгсөн… ...Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Өвдөгийн хороо гэх газарт айлын эзэнгүй хаваржаанд нядалсан ба хэн гэж хүний үхэр болохыг нь мэдээгүй хоёр хар, цоохор тарлан зүсмийн 3 тооны үхэр байсан… ... Эзэнгүй мал байхаар нь л авчихсан юм… ...Хүн байгаагүй манай гэр бүлийн хүмүүс болон Д.Э ахын гэрийнхэн сумын төвд байсан юм… ...Би мал зарсан хүнээ одоо хараад танихгүй. Би манай мал байгаа юм гэж хэлж гуйж байгаад зарчихсан юм… ...Надад мөнгө хэрэг болоод л мал хулгайлсан юм… ...Надад мөнгө хэрэг болоод би дараа нь өгье гээд 600.000 төгрөг өгсөн юм… ...Би бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан... ...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-24-25, 54-56 тал/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06/48 дугаартай “...Ц.Б-ын өмчлөлийн 3 тооны үхрийг 4.426.100 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан /хх-28-34 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э, Д.Э нар нь 2020 оны 2 сарын 21-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргажээ./хх-48,55 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авч 2020 оны 3 сарын 20-ны өдөр 24 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-112 тал/ 2020 оны 3 сарын 20-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Э нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Э, Д.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг 6000000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нар ойлгосон байх тул шүүгдэгч Н.Э, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э, Н.Э нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогтой Д.Э, Н овгийн Н.Э нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Э нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Э нарт ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Э нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Э нар нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүйг, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, шүүгдэгч Н.Э, Д.Э нар нь хохирогч Ц.Б-д 6000000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Э, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ