| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0112/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/100 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/100
2020 оны 03 сарын 25 өдөр Дугаар 2020/ШЦТ/100 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С.Г-т холбогдох 1834009720517 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сум, Аргал 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн С.Г-т /Регистрийн дугаар: /ЗЮ/ гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Т-ийн итгэмжлэн өгсөн малыг Төв аймгийн Алтан булаг сумын нутагт маллаж байх хугацаандаа 10 тооны эм ямаа, 4 тооны эр ямааг завшиж 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э.Т гэх хүний малыг маллаж байгаад цас зуданд нилээд өртсөн. Цалин хөлс, өвс тэжээлийн мөнгө өгөхгүй болохоор 14 ямааг нь хэрэглэсэн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Машинаа улсын орлого болгуулмаар байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-17 тал/, хохирогч Ц.Т-аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-19-20 тал/, хохирогч Ц.Т-аас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-21-22 тал/, хохирогч Ц.Т-аас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-23-24/, гэрч С.Отгонбаатараас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-25-26 тал/, гэрч С.Г-оос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-27-28 тал/, гэрч Т.Сүхбаатараас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-29-30 тал/, гэрч М.Сундуйдоржоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-31-32 тал/, гэрч С.Ариунтуулаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-33-34 тал/, гэрч С.Жанлаваас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-35-36 тал/, гэрч Д.Дашбэмбэрэлээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-37-38 тал/, гэрч С.Гоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-39-40 тал/, гэрч М.Даваажаргалаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-41-42 тал/, гэрч Н.Бат-Өлзийгөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-43-44 тал/, гэрч Ш.Чагнаадоржоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-45 тал/, гэрч Ч.Цэндээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-46 тал/, гэрч Ч.Эрдэнэзулаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-47 тал/, гэрч С.Отгонбаатараас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-48-49 тал/, гэрч Ш.Чагнаадоржоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-50-51 тал/, гэрч Н.Хишигсүрэнгээс дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-52 тал/, гэрч М.Лхамноржмаагаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-53 тал/, Гэрч С.Цэрэнбалжираас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-54 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-гийн 2018 оны 12 дугаар сарын 13 оны өдрийн үнэлгээний тайлан /хх-56-59/, яллагдагч С.Гоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-68-69 тал/, яллагдагч С.Гоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-70-72 тал/, шүүгдэгч С.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-74-100, 101-103, 125-127, 110-132 тал/, хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-106-109 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар 09/11 Монгол улсын иргэн С.Г-ийн өмчлөлийн 8797 ТӨА улсын дугаартай Хяундай Маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-134-139/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-143-145 тал/, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06/07 тоотын хавсралт /хх-148-149/, УЦУОШ Төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/06 дугаар албан бичгийн хавсралт /хх-152 тал/, Дундговь аймгийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16 –ны дугаар 16 тодорхойлолт /хх- 153 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-158-159 тал/, бусад бичгийн баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Т-ийн итгэмжлэн өгсөн малыг Төв аймгийн Алтан булаг сумын нутагт маллаж байх хугацаандаа 10 тооны эм ямаа, 4 тооны эр ямааг завшиж 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Т-ийн: “...2017 оны 07 дугаар сард Алтанбулаг сумын иргэн С.Г гэдэг хүнийг манай найз Содном-Өлзий танилцуулаад тэгээд малаа тэр айлд тавихаар болсон. Тухайн үед нийт адуу 21, үхэр 14, хонь 263, ямаа 291, тооны мал хүлээлгэн өгч хэн хэндээ тус болцгооё ноос ноолуураа та нар өөрсдөө авч бай гээд тохирсон юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард ирээд уулзтал танай мал их хорогдсон шүү гээд байсан. Тэгээд би 11 сарын 26, 29 өдрүүдэд бүх малаа авахаар ирсэн. Тэгээд малаа тоолоод автал анх хүлээлгэн өгч байсан малаас ямаа 195, хонь 115, үхэр 13 дутсан. Тэгээд С.Г тайлбарлахдаа зуданд үхсэн гэсэн би малаасаа нэг ч төл аваагүй. Тэгээд би хүнээс сүүлд сонсоход миний малаас хулгай хийж зараад байдаг гэж сонссон… ...Би С.Гтой гэрээ байгуулаагүй аман хэлцлээр тохирсон. Би анх 590 тооны мал хүлээлгэн өгсөн талаар Содном-Өлзий, С.Г өөрөө бас охин нь сайн мэднэ… ...Миний мал тодорхой хэмжээгээр хорогдож болно. Гэхдээ ийм их хэмжээгээр дутах ёсгүй гэж бодож байгаа. Миний малыг хувьдаа авч ашиглаж надаас хулгайлж авсан. Тэгээд дээрээс нь би нэг ч төл аваагүй. Би гомдолтой байна. Би дутсан гэх 195 ямаа 115 тооны хонь. 13 тооны үхэр хохирлоо гаргуулж авмаар байна… ...би 2017 оны 07 дугаар сараас хойш огт тоолоогүй байж байгаад 2018 оны 11 гээр сард тоолсон юм. Миний хонь ямааны зүүн чих цуулбар баруун чих нь онь имтэй. Сарман хүрэн үнээ хар тугалтай, Алаг бух, Бөөр алаг саарал соёолон насны эр тугалтай гунжин үнээ, жижиг улаан зүсмийн тугалтай шүдлэн үнээ том Tарлан бяруутай байсан. Эдгээр үхрүүд нимнээгүй байсан… ...Би алдсан гэх нийт 195 тооны ямаагаа нийтэд 12.675.000 төгрөгөөр 115 тооны хонио 8.625.000 төгрөгөөр 13 тооны үхрээ 8.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна… ...Би С.Гийг сэжиглэж байна…” гэх мэдүүлэг /хх- 19-20 тал/,
Хохирогч Ц.Т-ийн: “...Миний хувьд малтай болохоор шийдээд 2014 онд 301-н толгой хонь, ямаа худалдан авч байсан бөгөөд үүнээс 138 хонь 162 ямаа байсан. Тухайн жилийн төл болох олон авсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сард манай хонь 396 толгойд хүрснээс хойш тоололгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн С.Г гэх хүнд малаа тоолж хүлээлгэн өгөхөд 554 толгой мал хонь, 291 ямаа байсан мөн дээрээс нь 21 тооны адуу 14 тооны үхэр зэргийг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн жилдээ өвөлжөөд ирэх жилд нь надад хүмүүс хэлэхдээ танай имтэй мал борлуулагдаад байна гэхээр нь 2018 оны 11-р сард малаа авахаар шийдэж очиж тоолж хүлээн авахад 68 тооны хонь буюу 195 тооны хонины зөрүүтэй 176 ямаа буюу 115 тооны ямааны зөрүүтэй адуу бол огт хүлээж аваагүй бөгөөд С.Г гэх айлд миний A үсгэн тамгатай хязаалан үрээ үлдсэн мөн 1 тооны үхэр хүлээн авсан байгаа тул гомдол гаргасан юм… ...Тийм баримт бол байхгүй… ...Миний малыг авсан хүн надад утсаар хэлж байсан. Хүмүүс С.Г ийм имтэй мал нядлаад байгаа гэж хэлсэн гэж байсан. Тэр хүмүүс өнөөдөр дахин мал нядалж байгаа гэж хэлэхээр нь цагдаад дуудаад дагуулаад яваад ирэхэд С.Г хадмынхаа гадаа 100 гаруй хонь ямаа нядалж байсан бөгөөд тэр дотроос нь үзэхэд манай баруун чих нь араасаа цуулбар нөгөө чих нь араасаа ухам имтэй 14 тооны ямааны толгой гарч ирж байсан юм… ...Миний хувьд малыг нь тоолж үзээгүй мянгат гэдэг айл байсан бөгөөд хонио цөөлсөн гэж ярьж байсан юм. Тэгэхдээ өөрсдөө надад хэлэхдээ хонь ямаагаа цөөлсөн манайх 3-4 зуугаад л хонь ямаатай гэж байх шиг байсан… ...Миний хувьд адуунаасаа 8 тооны адууг өөрөө олж авсан. Үлдсэн адуу нь олдоогүй… ...Мал их үхсэн гэж л тайлбар хийж байсан. Тэрнээс биш яг ямар учраас мал дутсан талаар надад хэлээгүй… ...Надад ченж л хэлсэн. Тэрнээс биш өөр хүн хэлсэн зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-21-22 тал/
Хохирогч Ц.Т-ийн: “...С.Г гэдэг хүн худлаа яриад байгаа юм. Учир нь би С.Гоос 1 тооны адуу авч идсэн. Тэр адууныхаа оронд А үсгэн тамагтай үрээ өгсөн. Одоо уг үрээ өөр дээр нь байгаа. Мөн 2 тооны хонь мөн авч идэж байсан. Тэр хоёр хонийг буцаагаад хониор нь өгсөн. Тэрнээс биш өөрөөс нь өөр мал авч идэж байсан удаа байхгүй юм. Уг хүнээс авсан мал бол дан төлөг борлон нь үлдсэн байсан. С.Г өөрөө манай малыг зуданд үхсэн мэтээр ярьж байна үнэхээр зуданд үхсэн бол надад ирдэг төлөг борлон нь хамгийн түрүүнд үхэх ёстой байсан боловч тэдгээр нь үхэлгүй харин нас гүйцсэн эм эр хонинууд байхгүй болсон байсан учир бүгдийг С.Г зарж үрэгдүүлсэн гэж үзэж байгаа. Мөн ажлын хөлсийг нь би саравчний модоор өгч байсан юм. Тухайн зүйлийг нэг ч удаа дурдаагүй байна. Миний хувьд төлөө нэмж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх- 23-24тал/
Гэрч С.Отгонбаатарын: “...2018 оны 11 сарын 30-ны шөнө С.Гийнд очтол С.Г 11-тооны ямаа ачуулсан. Тэгээд би өөр имтэй ямаа байхаар нь Төмрөө гэдэг хүнээсээ хөлсөндөө авсан ямаа юм байх гэж бодсон. Тэгээд очоод бой хийж байтал цагдаа ирсэн… ...Би 11 сарын 27-ны өдөр эхнэр Эрдэнэ-Зулийн хамт Налайх руу С.Гийн Маяти маркийн 87-97 ТӨА гэсэн улсын дугаартай машинтай 100 тооны баруун чих араасаа хоёр ганзага имтэй ямаа ачсан… ...Би С.Гийнд очиход С.Г энэ хэдэн ямааг аччих гээд ачуулсан юм… ...Би С.Гийн ямаа биш гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би С.Гоос асуугаагүй. Би 100 тооны ямаа зарсан гэх газраа мэднэ… ...Тэр 14 ямаанууд зөв чих нь цуулбар имтэй буруу чих нь онги имтэй байсан…” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч Т.Сүхбаатарын: “...Би ер нь танихгүй Чагнаадоржийн хүргэн гэж сонссон... ...Би С.Гийг танихгүй Мөнгөнсүхийг бол танина. Миний сонссоноор 100 ширхэг мал 2018 оны 11 дүгээр сард Зуунмод сумын Зүүндэлгэрт нядалсан гэж сонссон. Тэгээд дээрээс нь 50 ширхэг ямаа Налайхад өгсөн гэсэн. Тэгээд дотроо шөнийн цагаар малаа нядалдаг гэсэн. Надад намар 200 ширхэг хонь хоримоор байна гэж хэлж байсан... ...Тэр мал нядалсан гэх хүмүүс сайн мэдэж байгаа... ...Надад мал зараагүй... ...Би хараад огт танихгүй... ...Тэр талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан 250 тооны бага мал борлуулсан талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
Гэрч М.Сундуйдоржийн: “...Би С.Гийн яг хичнээн малтайг сайн мэдэхгүй. Өнгөрсөн 10, 11 дүгээр сард хоёр, гурван газар нилээн мал борлуулсан гэсэн. Тэгээд амьдаар нь бас төв рүү хийсэн сонсогдож байсан... ...би яг тийм малын тоог нь сайн мэдэхгүй байна... ...200 тооны ямаа 11 сард хийсэн. Тэрнээс өмнө Зуунмод суманд аваачиж бой хийсэн гэж хэлж байсан... ...Их л хоньтой хүн харагддаг байсан. Сүүлд сонсоход хүн амьтаны мал хуй хийчихсэн байгаа гэж сонсоод байгаа өөрөөр сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,
Гэрч С.Жанлав: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр И.Төмөрбаатар гэдэг хүнээс Төв аймгаас очиж 134 хонь 91 тооны ямаа худалдаж авсан юм. Тэгээд тухайн малыг авч байхад С.Г гэдэг хүнээс И.Төмөрбаатарт малыг нь хүлээлгэж өгөхөд би хамт байсан юм. Тухайн үед ойр хавийн хүмүүс С.Гийх дандаа шөнөөр мал нядалж зардаг зун намаржингаа зарсан гэж байсан... ...Тухайн үед тэр хавийн хүмүүс намаржин мал зарсан. Шөнөөр л аваад явчихдаг гэж ярьж байсан... ...С.Г малаа дандаа шөнийн цагаар нядалдаг гэж хүмүүсээс сонссон. Тэгээд нэг ч төл аваагүй бүгд үхсэн байх боломжгүй байх. Би тэр С.Г гэдэг хүн нядалсан байх гэж бодож байна. Тэр С.Г-ийн малыг нядалсан гэх Наранбаатар гэдэг хүн 5 уулаа нядалсан... ...Би С.Г, Төмөрбаатар нарыг урьд өмнө таньдаггүй байсан. Би Төмөрбаатарын малыг худалдаж авсан махны ченж хийдэг хүн. Би бол 1 жилийн дотор тийм олон тооны мал үхэхгүй байх гэж бодож байна... ...Би тэр С.Г гэдэг хүн малыг нь зарж ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/
Гэрч Д.Дашбэмбэрэлийн: “...Би 2018 оны малын тооллогыг би өөрөө хийсэн… ...С.Г 2018 оны мал тооллогоор хонь 312 ямаа, 81 ийг тоолуулсан… ... Би малыг нь нүд үзэж тоолсон… ...Малын гарал үүслийн бичгийг хариуцсан малын эмчээс бичгээ аваад багийн засаг дарга цагдаагийн ажилтанд бүртгүүлнэ. Журмандаа заавал хариуцсан малын эмчээсээ авах ёстой байдаг… ...Болохгүй заавал өөрийн хариуцсан малын эмчээс авах ёстой байдаг…” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/
Гэрч С.Г-ийн: “...Би 2017-2018 онд өөрийн 370-аад тооны адуу насыг нь яг тоогоор хэлж мэдэхгүй байна. Үхэр 225, хонь 520, ямаа 590 тооны байсан. Ч.Төмөрбаатарын 14 тооны тугалтай 4 үнээ, бяруутай 1 үнээ шүдлэн насны 2 гунж, соёолон насны эр үхэр, бух 1 байсан. Хонь 300-аад тооны эм хонь хурга голдуу байсан насыг нь тоогоор харж мэдэхгүй байна. Ямаа 200-аад тооны эм ямаа ишиг борлон голдуу байсан бас насыг нь тоогоор хэлж мэдэхгүй байна. Тэгээд хонь, ямаа нь хамуутай таргалаагүй туранхай байсан… ...Би 2017-2018 онд малласан өөрийн малаас адуунаас 20 тооны унага, үхэр 39 тооны тугал, хонь 70 тооны хурга, ямаа 23 ишиг авсан. Харин Ч.Төмөрбаатарын малаас огт төл аваагүй… ...Ямаа нь өвөл ишиг хаясан зарим нь дарагдаад үхсэн. Хавар хэдэн хонь хурагласан байсан. Тэгээд цасанд дарагдаж үхсэн… ...Би 2017 оны 07 дугаар сард Төмөрбаатараас 14 тооны үхэр 200-аад тооны ямаа, 300-аад тооны хонь хүлээн авсан. Тэгээд 2018 оны 11 сард 1 тооны соёолон насны эр үхэр, хонь 142 Үүнээс эм хонь сувай хонь голдуу байсан. Яг нарийн сайн насаар нь тоолж мэдэхгүй байна. Ямаа 91 эм ямаа сувай эм ямаа голдуу байсан. Би эм ямаа, эм хонь онд орж үлдсэн байсныг нь л би өөрт нь хүлээлгэж өгсөн. Төлөг борлон ганц хоёрхон л байсан… ...Би ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Эрдэнэчимэг одоогоор надтай хамт хөдөө мал дээр байгаа манай охин Цэвээнорлом 19 настай одоогоор анагаах ухааны их сургуулийн оюутан Улаанбаатар хотод амьдардаг. Манай өрхийн нэг жилийн орлого 10 сая төгрөг орчим байдаг… ...Манай эхнэрийн бие өвдөөд тэгээд мөнгөтөй болъё банкны өр зээлээ даръя, тэгээд хүүхэд оюутан учраас мөнгө төгрөг хэрэгтэй болоод би 200 тооны мал зарсан юм… ...Малын гарал үүслийн бичиг эхний 100 малыг манай баз Отгонбаатар авч явж зарсан. Отгонбаатар мэдэж байгаа. Дараагийн 100 малын бичгийг би Төв аймгийн Зуунмод сумын Энхтайванд байдаг нэг хөгшин эгчээс авсан нэрийг нь сайн мэдэхгүй байна… ...Би 200 тооны ямааг эхний 100 ямааг Отгонбаатар амьдаар нь Төв аймаг руу ачаад аваад явсан дараагийн 100 ямааг манай гэрийн гадаа талыг нь Отгонбаатарын авчирсан бойчидтой бойлсон талыг нь манай хадам аавийн гадаа тэр бойчид бойлсон. Би танихгүй Отгонбаатар л танина...” гэх дахин мэдүүлэг /хх-39-40 тал/,
Гэрч М.Даваажаргалын: “...С.Г-ийнх 1000-аад бага мал байсан санагдаж байна. Сая ирэхэд тал нь байхгүй юм шиг цөөхөн харагдаад байгаа. Үхэр 100 гаран тооны байгаа байх. Адуу бас 100 гаран тооных байгаа байх... ...Манайх С.Гийхоос 4 км орчим зайтай байдаг. С.Г эхнэртэйгээ хоёулаа байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/
Гэрч Н.Бат-Өлзийгийн: “...Хонь ямаа бага мал намраас хойш их л цөөрсөн маягтай харагдаад байгаа. Үхэр 100 тооноос илүү байгаа байх. Адуу бол 200 тооны адуу байгаа байх... ...Манайх айл саахалт байсан гэх үед С.Гийн бага мал Чимэддоржийнд байсан байх. Эхнэр тэгээд нэг туслах гээд залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,
Гэрч Ч.Эрдэнэзулын: “...бид хоёр туслах зорилгоор 100 тооны ямааг С.Гийн хотноос нь бариад ачаад Төв аймгийн Зуунмод суманд байдаг Цэнд гээд хөгшинийд авч ирэн хийсэн байгаа. Хийхдээ нэр усыг нь мэдэхгүй ямар ч байсан Зуунмод суманд байдаг хүмүүс гэсэн... ...Баруун чих нь араасаа хоёр ташуу хоёр ганзага имтэй байсан. Өөр имтэй ямаа байгаагүй. Ихэнх нь охин ямаа байсан юм… ...Налайх дүүргээс Бат-Эрдэнэ гэдэг 80113842 гэсэн дугаартай ченж дуудаж өгсөн. Тухайн үедээ дунджаар 15 орчим килограмм болж байсан бөгөөд нийтдээ 6 сая гаруй төгрөг болж байсан шиг санагдаж байна. Энэ мөнгөө буцаагаад өөрсөд рүү нь шилжүүлсэн… ...Бэлнээр өгсөн бөгөөд нэг ямааг 5000 төгрөгөөр гээд 500,000 төгрөг болж байсан юмаа… ...Энэ талаар мэдэх зүйл байхгүй ямар ч байсан бид хоёроор хийлгүүлсэн. Ямаа бол бүгд өөрийнх нь ямаа л байх шиг байсан… ...Гарал үүслийн бичиг Төв аймгийн Энхтайванд байдаг эгчээс авсан би нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-47 тал/
Гэрч С.Отгонбаатарын: “...С.Г гэдэг хүн бүл муутай байдаг байсан учир намайг гуйгаад 100 тооны ямааг хийлгүүлсэн юм. Хийлгүүлэхдээ Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Усны аж ахуйд байдаг хадам Чагнаадоржийн хашаанд нь ачиж авч ирэн хийсэн юм. Хийхдээ би болон эхнэр Эрдэнэзул, Цэнд хөгшин байсан. Мөн хэдэн сургуулийн хүүхэд нэрийг нь танихгүй гурван залууг гуйгаад хийлгүүлсэн юм. Тэр хүмүүстээ сөнгийг нь бэлнээр өгөөд хийлгүүлсэн. Тухайн мал хийсэн бойчингуудыг танихгүй. Одоо харвал танихгүй байх. Тухайн үедээ одоо санахгүй байна хүнээс асууж яваад л дугаарыг нь а юмаа. Яг хэн утсыг нь өгсөн талаар санахгүй байна. Тухайн үед хийсэн бүгд С.Гийн өөрийнх нь им буюу буруу тал нь давхар хөндлөн сам имтэй ямаанууд байсан. Бүгд л эм ямаа байсан… ...Тэр хүмүүст нэг ямааг 4000 төгрөгөөр хийлгүүлсэн байх тэгээд мөнгийг нь тухайн бойчингуудын содон шинж тэмдгийг хэлнэ үү... ...Налайх дүүрэгт л аваачиж өгсөн нэг ченж рүү утсаар яриал тэр хүн тосож аваад л буулгаж өгсөн. Нэг килограммийг нь 4200 төгрөгөөр бодож өгсөн яг хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй байна… ...Өөр имтэй ямаа байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/
Гэрч Х.Хишигсүрэнгийн: “...Ер нь манай сумын хувьд бог болон бод мал 10 сар болон 11 сар хээл авдаг. Хуц ухна тавиаагүй тохиолдолд хээл авахгүй байж болно… ...Ямар нэгэн тохиолдолд эцэг мал байгаа л бол хээл болон төл авч таарна… ...Өвлийн улиралд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бага мал буюу бог мал тэсвэртэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-52 тал/
Гэрч М.Лхамноржмаагийн: “...намайг ирэх үед хийж дуусаад явчихсан байсан. Хэдэн тооны ямар содон шинж Тэмдэгтэй ямаа байсан талаар мэдэхгүй байна… ...Тэр талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-53 тал/
Гэрч С.Цэрэнбалжирийн: “...Миний хувьд танихгүй өмнө нь харж байгаагүй. Отгонбаатар бол сүүлд гурван жил шахуу мах зараад надаас гарал үүслийн гэрчилгээ авдаг хүн байгаа юм. Тэрнээс биш садан төрлийн холбоо бол байхгүй… ...Эрдэнэ буман хувьцаат компанийн лабраторын эмч ажилтай… ...Би махны эрүүл мэндийг хариуцдаг өвчтэй малын мах худалдаанд гаргахгүй байх үүрэгтэй юмаа…” “...С.Г дээр бол 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150 тооны ямааны маханд гарал үүсэл бичиж өгсөн. Миний хувьд махыг нь үзсэн арьсыг нь бол үзээгүй. Мөн Отгонбаатарт бол 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50 тооны ямааны махны гарал үүслийн бичиг хийлгэж авсан. Мөн адил махыг нь харсан арьсыг нь бол хараагүй… ...Миний хувьд малын эмчийн эрхийг нь авсан учир харьяалал харгалзахгүй үйлчилдэг юмаа. Миний хувьд Төв аймгийн Зуунмод сум Сэргэлэн сумын иргэдэд гарал үүслийн бичиг хийж өгдөг байгаа. Миний хувьд машиний дугаар болон жолооны үнэмлэхийг үндэслэн гарал үүслийн бичиг хийж өгдөг юмаа… ...Отгонбаатар бол надаас байнга шахуу л надаас гарал авдаг харин С.Г бол нэг л удаа л гарал авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх- 54 тал/,
Яллагдагч С.Гийн: “...Хүлээн зөвшөөрөхгүй байна… ...Миний хувьд Төмөрбаатарын ямааг хийсэн асуудал байхгүй. Би өөрийнхөө ямааг хийсэн. Энэ ямаан дотор Төмөрбаатарын надад өмнө нь буюу 1 үхэр, 1 адуу, 18 бага мал авч байсан юм. Тухайн үедээ адуугаа адуугаар нь өгсөн мөн үхрийг нь болохоор мөнгийг нь өгсөн. 18 баrа малынхаа оронд 18 ямаа өгсөн байсны 14 толгой ямааг нь л би хийж зарсан байгаа. Ийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй байгаа… ...Тухайн жил зуд болсон. Мөн Төмөрбаатарын мал нь туранхай мал ирсэн юм. Тоог нь хэлж мэдэхгүй байна. Манай малаас хүртэл зөндөө л үхсэн юм… ...Тухайн үед би мал нь үхээд байгаа талаар нь хэлэх гээд утасдахаар утсаа авдаггүй байсан юм… ...Надад нэмж ярих зүйл гэвэл Төмөрбаатараас надаас авсан малныхаа оронд өгсөн 14 тооны ямаа хийж байгаа талаар Төмөрбаатар өөрөө мэдэж байсан юм. Миний хувьд өөрт нь хүртэл хэлж л байсан. Энэ талаар мэдэх хүмүүс Төмөрбаатарын эхнэр нь мэдэж байгаа. Эхнэрийн ах Мөнгөнсүх, хүргэн дүү Болор-Эрдэнэ нар мэдэж байгаа. Тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төмөрбаатар бид хоёр малаа ялгаж аваад би өөрийнхөө малыг нядлахаар Төмөрбаатар өөрийнхөө малыг нядлахаар хоёр тийшээ явсан бөгөөд манай гадаа нэг үхэр гурван хонь хийлгүүлсэн байгаа. Тэгээд л 30-31-нд шилжих шөнөдөө Алтанбулаг сумын цагдааг дагуулаад манай гадаа өөрөө хийлгүүлсэн хониныхоо толгойг гялгар уутанд хийгээд аваад ирсэн байсан гэсэн. Тэгээд тэр барьж ирсэн хонины толгойг миний хийсэн ямааны имтэй харьцуулаад байсан... гэх мэдүүлгээр /хх-70-72 тал/ нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Т-ийн итгэмжлэн өгсөн малыг Төв аймгийн Алтан булаг сумын нутагт маллаж байх хугацаандаа 10 тооны эм ямаа, 4 тооны эр ямааг завшиж 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
2017 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Т-ийн итгэмжлэн өгсөн малыг Төв аймгийн Алтан булаг сумын нутагт маллаж байх хугацаандаа 10 тооны эм ямаа, 4 тооны эр ямааг завшиж 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
С.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Г нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Т-ийн итгэмжлэн өгсөн малыг Төв аймгийн Алтан булаг сумын нутагт маллаж байх хугацаандаа 10 тооны эм ямаа, 4 тооны эр ямааг завшиж 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар арилсан, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч С.Г-т 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасан 3 сарын хугацаанд төлөхийг сануулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Т-т 1.430.000 төгрөг төлснийг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 87-97 ТӨА улсын дугаартай 5100000 төгрөгийн үнэ бүхий Маяти маркийн тээврийн хэрэгслийг Улсын орлого болговол зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С.Г-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27000 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Г-т оногдуулсан 27000 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 87-97 ТӨА улсын дугаартай 5100000 төгрөгийн үнэ бүхий Маяти маркийн тээврийн хэрэгслийг Улсын орлогод оруулж, 87-97 ТӨА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг С.Г-т даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Т-т 1.430.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г-т авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ