Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 778

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүгч Ц.Одмаа, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, иргэдийн төлөөлөгч Э.Н***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , Н.С , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж , түүний өмгөөлөгч Д.Х, гэрч Л.Б, У.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** овогт Ж ын С -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** овогт Ж ын Э ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: *** овогт  Ж гийн Ж 

Гуравдагч этгээд: *** овогт Л ын Д 

Нэхэмжлэлийн шаардлага: ... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ***т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Ж.С нь Сүхбаатар дүүргийн Хандгайтын богино хэмээх газарт хууль ёсны газар эзэмшигч байсан. Учир нь 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тухайн газарт 700.0 м.кв талбай бүхий газрын байршлын кадастрын зураг гаргуулан Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зуслангийн газар хүссэн өргөдлөө кадастрын зургийн хамт өгч, 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын газрын мэдээллийн санд нэгж талбарын *** дугаартай кадастрын зураг мэдээллийн санд баталгаажиж орсон.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 тоот захирамжаар *** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу олгосон.

Харамсалтай нь Ж.Ж  худал хуурмаг баримт гаргаж, эхнэр Л.Д***д газар авах санаагаа нууж, ямар ч үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээгүй атлаа 2012 оны 12 дугаар сарын 04-ний нэхэмжлэлээр иргэн ***ийг газар булаан авсан гэж зарга үүсгэсэн. Үүнийг 1 жил 6 сар судлаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан Ж.Ж ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Учир нь Ж.Ж , Л.Д***, Л.У*** нарын хүсэлтээр А/276 тоот захирамжаар Ж.Ж  0,3 га газар эзэмших болсон гэдэг нь батлагдаагүй. Н.С ын хүсэлтийн дагуу 1997 онд олгогдсон 0,3 га газар дээр Ж.Ж  0.07 га эзэмших зөвшөөрөлтэй, уг газар дээр Н.С , Н.Ш***, Н.Г*** нар тус бүртээ 0,07 га эзэмшиж айл гарц, замтай 4х0,07 нийт 2800 анх олгогдсон кадастр нь 100х25 га буюу 2500 түүн дээр зам, гарц нэмэгдсэн байгаа. Одоо түүний барьж яваа Л.Д***ын гарын үсэг бүхий 2004 оны газрын тооллогын баримтад ч Ж.Ж ид эзэмших газар заагдаагүй 3000 м.кв газар бүхэлдээ Н.С ын нэр дээр бүртгэгдсэн байгаа.

Иймд миний эзэмшиж буй 0,07 га тэр талбайд хамаарагдахгүй болох нь удаа дараагийн үзлэг, газрын кадастрын зураг, захирамжаар батлагдсан боловч Ж.Ж  давж заалдсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийн ***т холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Гэхдээ Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны 215 дугаар тогтоолд ...нэхэмжлэгч Ж.Ж  нь ***ийн тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш, зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж буй газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож, шийдвэрлэхэд шүүхийн энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж заасан нь Хандгайтын богины аманд Газрын тухай хуулийн дагуу миний авсан газрыг буруутгаагүй. Ж.Ж  өөрийн нэхэмжлэлийн агуулгыг өөрчилсөн байжээ гэдгийг батлаж байна. Ямар ч үл хөдлөх хөрөнгийн баталгаагүй миний байшингаа барих гэж байсан суурин дээр гуйж машинаа тавихаар зөвшилцсөн Ж ийн хэмээх гараж байгаа газрыг чөлөөлж, үлдэх газар дээрээ зуслангийн газар авах эрх хуулийн дагуу нээлттэй гэж Дээд шүүхийн хурал дээр тайлбарлаж тогтоол гарсан.

Иймд Ж.Ж ийн хэмээх гарааш байрлаж байгаа хэсэг газрыг оруулахгүйгээр надад бусад чөлөөт талбайд хуулийн дагуу оногдох 0,07 га газрын кадастрын зургийг шинээр гарган тогтоолд заасны дагуу хил хязгаарыг ялгамжтай тогтоон шийдвэрлэж өгөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Албан бусаар Ж.Ж  заргалдаж, загнаад зөвшөөрөхгүй байна гэсээр байсан тул бид шүүхэд хандсан. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 880 тоот албан бичгийг надад 08 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэний даруй Ж.Э  миний бие тэр өдөр нь очиж хүлээж авсан. Тухайн асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Бат-Үүлд хандаж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5/7337 тоот албан бичгээр Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Өмнө нь удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, газрын албанд хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй, төрийн жижиг ч гэсэн хэргийг шийдвэрлэхдээ хэн нэгэн хүний ааш аягт тохируулан гаргаж болохгүй хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуулийн дагуу эзэмшиж байсан газрыг минь Ж.Ж ийн хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс надад шинэчлэн тогтоож олгох тухай Дээд шүүхийн тогтоол гарсан. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр Ж.С надад Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Хандгайтын богины аманд хуулийн дагуу оногдох 0,07 га газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэж өгнө үү.

Мөн шүүхэд хандаж хэрэг маргааныг шалгаж байх явцад Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь хууль бусаар Ж.Ж  болон түүний эхнэр Л.Д нарт нэгж талбарын *** дугаар бүхий 503 м.кв талбайтай, *** дугаар бүхий 660 м.кв талбайтай газар эзэмших *** дугаартай захирамжийг 2015 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байна. Ингэхдээ шүүхийн шийдвэрт заасны дагуу Ж.Ж  нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг байршиж байгаа газраа багтаахгүйгээр кадастрын зураг гарган захирамж гаргуулсан байна. Харин Л.Д***д нь Ж.Ж ийн гарааш байгаа газрыг багтаан кадастрын зураг гаргуулан захирамж гаргасан байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчин гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Ж.Ж , Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Бидний хувьд бол Ж.Ж ийн гараашийг гаргаад өгчихсөн байгаа. Тэгээд үлдэгдэл газраа авъя гэсэн нэхэмжлэл л гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Анх 1993 онд би өөрийн дүү нарын хамт 5-уулаа Хандгайтад хүсэлтээ гаргасан байдаг.

Хүсэлтэд бичигдсэн нэрс бол гарын үсэг биш, миний гараар бичигдсэн 5 айлын нэрс юм. Үүний дотор Ж  гэсэн нэр байгааг шүүх бүрэлдэхүүнийг анхаараасай гэж хүсч байна. Бүх хүмүүсийн нэрний урд овгийн эхний үсэг байхад Ж.Ж ийн нэрийн эхэнд овгийн эхний үсэг тавигдаагүй байдаг. Тухайн үед Ж.Ж  Холбооны Бүгд Найрамдах Герман улсад эхнэр, 2 охины хамт ажиллаж, амьдарч байсан. Тэгээд Ж.Ж ийн ах нь надтай хамт амьдарч байсан учраас ...би нэг дүүгээ хажуудаа авмаар байна гэхээр нь би Н.Г*** гэдэг дүүгээ хасаад, Ж.Ж ийг оруулсан түүхтэй юм. Дээрх өргөдөл маань Нийслэлийн Засаг дарга агсан Ж.Наранцацралтын яаралтай шийдвэрлэх гэсэн цохолттой байсан учраас бид хэд яаралтай хурлаар оруулах гээд Ж.Ж ийн овгийг олоогүйн улмаас овоггүй бичигдсэн болно.

Хоёрдугаарт, хавтаст хэрэгт авагдсан кадастрын зургийг анхаараасай гэж хүсч байна. Яг хотод барилга барих гэж байгаа юм шиг бүх байгууллагуудын зөвшөөрөл буюу эрчим хүч, ариун цэвэр, байгаль орчин зэрэг бүх холбогдох зөвшөөрөл, гарын үсгийг авсан. Өргөнөөрөө 25 м.кв, уртаараа 100 м.кв газрын кадастрын зургийг гаргуулж, тог авах техникийн нөхцлийн хамт хавсарган өгсөн. Ингэж явсаар энэ захирамж гарсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, би Ж.Ж ийг өөрийн нэг дүүгээ гэж үзээд 5-уулаа болж авсан ийм газар байгаа юм.

Дээрх газрыг эзэмшихтэй холбоотой Н.С ын гарын үсэгтэйгээр гэрээ байгуулсан бөгөөд 2003 онд гэрээний хугацаа дуусахад дахин шинээр гэрээ байгуулсан. Тухайн сунгасан гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан. Учир нь Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж байсан тул 1 жилээр хийх шаардлага тавигдсан юм. Мөн газрын жил бүрийн төлбөрийг Н.С ын гарын үсэгтэйгээр төлж байсан баримтууд бий.

Анх газар авахдаа 35.000 төгрөг төлж авсан. Энэ нь 1997 оны хувьд бол нилээн өндөр үнээр авч байна гэж бид тухайн үедээ үзэж байсан юм.

Ингээд 2004 онд газар эзэмших гэрээний хугацаа дуусаад, Газрын тухай хууль шинээр батлагдаад, уг хуулиар айл өрх болгон 700 м.кв газартай байхаар зүйлчлэгдээд улс орон даяар тооллого явагдаж эхэлсэн. Тооллогын комиссоос 5 хүн манай зуслан дээр 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Бүртгүүлсэн бүртгэл нь энэ байна. Үүнд Н.С ын нэр дээр, 3000 м.кв газар, 4 жилийн хугацаатай, 2 давхар модон байшин гэсэн байгаа. Тэр мөчид би дүү нараа дуудсан. Яагаад гэвэл, 3000 м.кв газар дээр 4 байшин баригдчихсан байсан. Тэдгээр нь Ж.Ж ийн байшин, манай байшин, н.Балдорж гээд манай хүргэн дүүгийн байшин, мөн дүү Н.Г***ийн байшин байсан. Тэгээд энэ 4 айлыг бүртгүүлмээр байна гэсэн хүсэлт тавиад бүртгүүлсэн. Ийнхүү бүртгүүлэхэд Ж.Ж ийн нэр дээр 2 давхар модон байшин бүртгэгдэж, харин газрын хувьд 1 м.кв газар ч бүртгэгдээгүй.

Тооллогын комиссын зүгээс айл болгон 700 м.кв газрынхаа кадастрын зургийг гаргаад тус тусдаа болгож ав, тэгэхгүй бол сүүлдээ ах, дүү нар ч гэсэн хоорондоо будилдаг юм гэсэн асуудал яриад явсан. Ингээд үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Газрын албанаас гэрчилгээ, нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургууд айл бүр дээр гарсан байдаг. Ж.Ж ийн хувьд яасныг нь мэдэхгүй байна. Ийнхүү 4 айлын газар нийт 2800 м.кв газар, үүн дээр зам харгуйн 200 м.кв газрыг нэмээд нийт 3000 м.кв газрын асуудал дуусч байгаа юм.

2007 онд яагаад Ж.С өргөдөл бичсэн юм бэ гэхээр манай талийгаачийн бие муу байсан. Ингээд эд нар бас захирамж гаргуулаад, кадастрын зураг, гэрчилгээгээ аваад 3000 м.кв газрынхаа хашааг өргөжүүлж барьснаар тэр хашаа одоо 5132 м.кв талбайтай, 7 айлтайгаар 2010 он хүртэл ямар нэгэн гомдол, саналгүйгээр бүгд тус тусдаа газрынхаа төлбөрийг төлөөд амьдарч ирсэн.

2011 онд Ж.С газрын төлбөрөө төлөх гээд очтол газар дээр нь хоёр айлын зураг ороод ирсэн. Тэгээд үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Газрын алба, Нийслэлийн Газрын албанд тус тус уг асуудлыг тавьсан байдаг. Ингээд дүүрэг болон нийслэлээс 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ...Ж.Ж  өөрийнхөө газрыг баталгаажуулаагүй, ***ийн баталгаат газар дээр хашаа татсан, кадастрын зургийг дур мэдэн өөрчилсөн зэрэг нь иргэд хоорондын маргаан гарах үндэслэл болсон байх тул асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн агуулга бүхий хариуг өгсөн.

2014 онд ***ийн газрыг хүчингүй болгов гэсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан. Яагаад хүчингүй болгов гээд үзтэл гарааш байгаа үл хөдлөх хөрөнгөтэй газрыг ***т өгсөн байна, тийм учраас тус газрыг нь чөлөөлж өг гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Тэгээд кадастрын зургийг нь шинэчлээд хуваагаад авах байлгүй дээ гэтэл ...өө яахав, хашаан дотроо ямар ч зураг гарсан яахав гээд бид нар яриад өнгөрсөн.

2013 онд Ж.Ж ийг нэхэмжлэл гаргасны дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Уг шинжээчийн дүгнэлтийн нэмэлт тайлбарт буюу 3 дугаар хуудсанд ...холбогдох Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр 2009-2011 онуудад Ж.Ж , Ж.С нарын эзэмшил газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж байсан байна гэж, дараа нь 2014 онд гаргуулсан шинжээчийн дүгнэлт дээр 2007-2010 оны кадастрын зургийн мэдээлэлд уг газарт айл бүр орц, гарцтай тэмдэглэгдэж байсан байна гэж дүгнэсэн байдаг.

2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 386 дугаар Ж.С танаа гэсэн албан тоот байна. Үүнд: ...Таны хүсэлтээ гаргаж буй газар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэжээ. Энэ заалт нь газрын давхардлыг тодорхойлсон заалт юм байна. Тэгэхээр энэ газар дээр ямар нэгэн захирамж, кадастрын зураг гарсан байж таарна. Гэтэл тэнд ямар ч зураг байхгүй. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн хариу нь энэ байна. Үүнд мөн л ...31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн учраас танд газар өгөх боломжгүй, таны өргөдлийг авч хэлэлцэхгүй гэсэн байсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир гэдэг хүн хэлэхдээ ***ийн газар эзэмших 255 дугаар захирамж нь захиргааны хэргийн шүүхээр шийдэгдээд хүчингүй болсон учраас Үндсэн хууль, Газрын тухай хуулиар энэ газар төрийн мэдлийн газар болсны улмаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ж.Ж , Л.Д нарт өгөх бүрэн эрх нь нээгдсэн юм гэж тайлбарласан аж. Тэгэхээр энэ нь тухайн газарт ямар ч шийдвэргүй байсны баталгаа нь мөн гэж үзэж байна.

Магадлалын 4 дүгээр хуудсанд өмгөөлөгчийнх нь хэлсэн үг байна. Үүнд ...Ж.Ж , Л.Д хоёрыг хүсэлт гаргахад маргаан бүхий газар болоогүй байсан учир ***т мэдэгдэх шаардлага үүсэхгүй юм гэж дурдсан байна. Тэгэхээр энэ чинь бас л тэр газар дээр өөр ямар нэгэн хүнд эрх олгоогүй л байсан гэсэн үг байхгүй юу даа.

Мөн дүүргийн Засаг даргын тайлбар дээр ...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ***ийн өргөдөл нь регистрийн дугааргүй, хаана, ямар хэмжээтэй, хэдий хугацаанд газар авах нь тодорхойгүй өргөдөл байсан учраас бид шийдвэрлэж чадаагүй гэсэн. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гуравдагч этгээдэд өгчихсөн л байгаа байхгүй юу.

Сая шүүхээс баримт бичгийн үзлэг хийсэн. Тэгээд ямар ч хамаагүй өгч байсан өргөдлөөс нь хуулбарлаад өгөх боломж байна уу гэж Газрын албанаас хүсэхэд надад өгсөн. Үүн дээр регистр бүү хэл бараг 3 үеийнхээ түүхийг бичихээ алджээ. Тэгээд би өргөдөлтэй нь уншиж танилцсан. Хавсаргасан материалыг нь үзтэл газар хувааж авах саналын зурагнууд гээд гараараа зурсан зурагнууд, албан ёсны кадастрын зурагнууд байж байсан. Тэгээд ийм зурагнууд өгөөд Ж.Ж  зөвшөөрөхгүй байна гээд байгаад байдаг. Би бас гайхдаг. Газрын тухай хууль болон холбогдох бусад хуулиудад иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан. Ж.Ж ийн газрын хувийн хэргийг үзэх гээд чадаагүй, ***ийн газрын хувийн хэрэг гэж 100 гаруй хуудастай баримт байсан.

Хавтаст хэрэгт авагдсан хувийн хэрэгтэй нь танилцлаа. Гэтэл ...***ийн захирамжийг хүчингүй болгож, манай хоёр газрыг шүүхийн шийдвэрээр чөлөөлсөн учир шүүх болон бусад байгууллагын нотлох баримтад үндэслэн захирамж өгнө үү гэсэн нэг хуудсан дээр хоёр хүний гарын үсэгтэй хүсэлт байсан. 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтээ өгсөн байна, захирамж 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан байна. Нэг хүн жил гаруй хөөцөлдөөд авч чаддаггүй юмыг нэг хүн 10 хоногийн дотор хөөцөлдөөд авчихдаг юм байна.

Ж.Ж ийн тайлбар дээр ...1997 онд Ж.Ж , Л.Д***, Л.У*** бид гурав энэ газрыг хөөцөлдөж авсан гэж бичсэн. Тэгвэл мөн л над шиг өргөдлөө өгсөн байх ёстой шүү дээ. Тэр өргөдөл байна уу? Тэрний дагуу гарсан захирамж байх ёстой. 2004 онд улсын бүртгэлд газар Ж.Ж ийн нэр дээр бүртгэгдээд Л.Д гарын үсэг зурсан гэж энэ хүн бичсэн байна. Тэр бүртгэл хавтаст хэрэгт байхгүй.

2007 онд захирамжаа гаргуулсан ***ийн газар ямар шийдвэрээр алга болчихсон юм гэдгийг гайхаж байна. Тэр шийдвэр байхгүй. Өргөдөл өгөхөд Ж.Ж  нэхэмжлэл гаргасан учраас буцааж шийдвэрлэдэг тийм дүрэм, журам гэж байдаг юм уу? ***ийн газрыг хүчингүй болгосон нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр юм байна лээ. Шийдвэр гарч, хүчингүй болтол тэр газар мэдээллийн сангаас устгагдах журам ч байхгүй, хууль ч байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ж.С нь захирамж, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр уг газрыг 2007 оноос хойш эзэмшиж байсан. Ж.Ж ийн хувьд анхнаасаа газар эзэмших захирамж, албан ёсны баталгаажсан кадастрын зураг, гэрчилгээ байдаггүй. Нэг өргөдлөөр хоёр хүнд газар олгосон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа харагддаг. ***ийн газрын хувийн хэргийг үзэхээр захирамж гарах хүртэл 3-4 мэргэжилтнээр дамжиж, 2-3 сарын хугацаа шаардагдсан байдаг бол Ж.Ж ийн газрын хувьд 10-хан хоногийн дотор шийдэгдсэн. Иймд бидний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн ***ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Ж.Ж , Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилснийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.С нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Ж той холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд иргэн Ж.Ж , Л.Д нар нь тус албанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших талаар хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.1-д овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-т газар эзэмших зориулалт, хугацаа гэж заасны дагуу гаргасан нь хувийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн Газрын тухай хуульд заасны дагуу дээрх 2 иргэнд эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ж.Ж  миний бие тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар захирамжаар эзэмших болсон. Энэ газар дээр анхнаасаа байгаагүй Ж.С гэдэг хүн гэнэт гарч ирж миний газраас авна гэж дайраад байна. Монгол Улсын Ардын жүжигчин Н.С  нь өөрийн бүх ах дүү нартаа эргэн тойрны газрыг авч өгсөн. Одоо өөрийн хамаатан ***т миний эзэмшиж буй газрыг авч өгөх гэж улайрч байна. Ж.С нь манай хашаа, гаражыг оролцуулан нууцаар захирамж гаргуулсан байсныг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон. Би хуулийн дагуу хүсэлтээ гаргаж 1996 оноос хойш амьдарч байгаа газар дээрээ эхнэр Л.Д***тайгаа хамт хууль ёсоор эзэмшиж байгаа болно. Иймд ***ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар Л.У*** гэдэг хүн Соёлын яаманд ажиллаж байхдаа энэ захирамжийг гаргуулсан. Ингээд ах, дүү нараараа газар авахаар болж, нэг хэсгийг нь надад өгч, нэг хэсгийг нь н.Балган ахад гэх зэргээр хэдэн айл газар авсан. Манай дүү нар Булган аймгийн Тэшиг сумаас 1 байшингийн мод авчирч өгөөд Л.У***т газар дээр нь байшин барьж өгсөн.

2006 онд талийгаачийг нас барсны дараа 2007 онд гудамжийг нь хаагаад миний гараашийг оруулаад газар авчихсан байсан. Тэгэхээр нь би энэ газрыг биш миний гараашийг чөлөөлж өгөөч ээ гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан юм.

Анх газар авч байхад би талийгаачид энэ 5 айлын газрыг хуваачих юм бол айл болгон газрын төлбөрөө тус тусдаа төлнө шүү гэж хэлж байсан. Тэгээд манай гэргий болон Н.С  хоёр газрын төлбөр болгож 70.000 төгрөгийг өгсөн байдаг. Ер нь анх манайх газрын төлбөрийг төлж байсан. Гэтэл газрын төлбөрийг төлөөгүй мэтээр ингэж зөрүүтэй ярьж байгааг нь гайхаж байна.

Миний гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гармагц би дүүргийн Газрын албанд очоод ...шүүхийн ийм шийдвэр гарсан байна. Одоо би газраа авч болох уу гэхэд ...одоо та газраа авч болно оо. Өргөдлөө бичээд өгчих гэсэн. Тэгээд Л.Д бид хоёр сууж байгаад нэг цаасан дээр өргөдөл бичээд, хоёр гарын үсэг зураад өгсөн. Тухайн газар дээр юу ч байгаагүй, хэн ч байгаагүй. Тийм газар хоёр өнчин байшин босгож байсан хүн нь би юм шүү. Н.С*** гэдэг хүн амьд байсан бол бүхнийг хэлэх байсан даа. Тэр хүн тухайн үед сайн дурын манаач байсан юм.

2004 он хүртэл Газрын тухай хууль батлагдаагүй байна гээд газрын гэрчилгээ өгөхгүй байсан. Хоёулаа нэг өргөдөлд гарын үсэг зурж болно гэж хэлэхээр нь зураад өгсөн нь хожим хүний олз болдог юм байна.

Газар эдэлбэрийн улсын тоо бүртгэлийн хуудас гэдэгт бид хоёр хоёулангийнх нь нэрээр орсон. Үүнийг үндэслэн гэрчилгээ өгсөн юм. Ингэтэл хотын захиргаа намайг хүлээж бай гээд эд нарын гэрчилгээг гаргаад өгчихсөн. Тэгэхээр эд нар тэнд л юм хийсэн улс. Энэ бол 2006-2008 оны үйл явдал гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Улсын Дээд шүүхийн 2016 оны 358 дугаар тогтоолоор уг захиргааны хэрэг анхан шатны шүүхэд буцсан. Уг тогтоолын хянавал хэсэгт ...Н.С ын эзэмшил газрын байршлыг тодруулах, газрын хэрхэн эзэмшиж, ашиглаж ирсэн, газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар эзэмшүүлэх бодит боломж байгаа эсэхийг тодруулах гэж дурдсан.

Газар эзэмшүүлэх бодит боломж байгаа эсэх талаар 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт дээр ойлгомжтойгоор ярья гэж бодож байна. Хандгайтын Богины аманд байгаа энэ газар нь нийт 5132 м.кв газар байгаа. Ардаа уултай, урдуураа битүү айлтай, ямар ч орох, гарах боломж байхгүй газар. Ганцхан нийтийн хаалгаар гараад явдаг ийм л газар. Энэ газрын гол хэсэгт нь Ж.Ж , Л.Д нарын хоёр айлын газар бий. Эдгээр нь 700 м.кв газар хүрэхгүй. Нэг нь 500 м.кв, нэг нь 600 м.кв газар. Урд хэсгээр орц, гарцын хэсэгтэй. Зүүн урд талынх нь буланд нь гараж байгаа. Энэ гарааш сууриараа 23 м.кв талбайтай. Энэ газар анхнаасаа Л.У*** гэдэг хүний газар байсан. 1997 онд талийгаач эдгээр 5 иргэнтэй нийлээд энэ газрыг авсан байдаг. Авахдаа Газрын албанд 3000 м.кв газраар хүсэлт гаргасан чинь ийм томоор буюу 5132 м.кв-аар өгсөн. Тухайн үед Газрын тухай хууль батлагдаагүй, зүгээр хашаалаад ав гэдэг ийм л сайхан цаг байсан. Энэ хүмүүс юу гэж маргаад байна вэ гэхээд энэ ногооноор тэмдэглэчихсэн хашааны хил, зааг байгаа. Энэ газар дээр давхцуулахгүйгээр газар эзэмшүүлж өгөөч ээ гээд Ж.С гэдэг хүн нэхэмжлэл гаргаад байдаг. Ингэж болохгүй. Юм үнэн, бодит байх ёстой. Орц, гарц ингээд тойроод орохоор 00 харагдана. Ж.Ж , Л.Д нарын газар урагшаа түрээд орчихсон, 1997 онд хийсэн, банзаар барьсан хоёр гарааш нь байгаа. Ж.Ж  гуайн гарааш нь 21 м.кв хэмжээтэй, Л.Д гуайн газрын баруун урд талд байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон. Түрүүнд миний ярьдаг 23 м.кв хэмжээтэй газар нь Л.У*** гуайн газар буюу одоогоор бол Л.Цогзолмаа гуайн газрын зүүн талд нь байдаг. Өөрөөр хэлбэл, 21 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талд нь гэсэн үг. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн тогтоол дээр дурдсанчлан бодит байдал дээр Ж.Ж  гуайн газартай давхцуулахгүйгээр газар олгох ямар ч боломжгүй. Мөн Н.Г*** гэдэг хүний газар байгаа. Тэрний урд нь мод тарьчихсан хоосон газар байгаа. Энэ газар бол Н.С  гуайн дүү Н.Ш***ээ гэдэг хүний газар байгаа байх. Тэгэхээр энэ орчим газрыг үндсэндээ Н.С  гуайн төрөл төрөгсөд, хамаатан садангууд авсан гэх дүр зураг харагддаг. Харин Ж.Ж , Л.Д нар нь 1997 оноос хойш газар эзэмших эрхээ хууль ёсоор хэрэгжүүлээд явах гэхээр Ж.С гэдэг хүний кадастрын зургийг хууль бусаар хийсэн байгаа нөхцөлд дүүргийн Засаг даргаас газар олгох ямар ч боломжгүй. Л.Д гуайн газраас 133 м.кв газрыг, Ж.Ж  гуайн газраас 226 м.кв газрыг давхцуулан хийлгэчихээд байгаа кадастрын зураг нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зураг юм. Тэгэхээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн газар дээр оруулаад кадастрын зураг хийлгээд байж болохгүй. Тийм учраас газар эзэмшүүлэх нөхцөл байдал огт байхгүй гэдэг нь үүгээр тогтоогдож байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар анх ***т 700 м.кв газар олгосон байдаг. Энэ захирамжийг хууль бус юм гэж үзээд Ж.Ж  гуай нэхэмжлэл гаргаад явсан байдаг. Тэгэхээр энэ захирамжийн дагуу хоёр гараашийг хойд хэсэгтээ оруулан кадастрын зураг хийлгээд газар эзэмших эрхийн гэрчилгээ авчихсан. Үүнийг хууль бус гэдгийг 3 шатны шүүх шийдчихсэн асуудал. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Ж.Ж  гуайн газар эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл, Ж.С гэдэг хүнд газар олгохгүй байх ёстой гэдгийг Улсын Дээд шүүх шийдвэрлэчихсэн.

1997 оны захирамжаар газар олгосон 5 хүний асуудал байгаа. Бодит нөхцөл байдал дээр эдгээр 5 хүнд 700 м.кв хэмжээтэйгээр газар олгох юм бол 3500 м.кв газар л олгоно. Гэтэл энэ чинь 5200 м.кв газар байгаа. Цаана нь 1700 м.кв газар илүү байгаа. Энэ илүү газраас Л.У*** гуайтай ярьж байгаад Ж.Ж  гуай Л.Д гэдэг хүнтэй 2005 онд хүсэлтээ гаргаад авсан байдаг. Газар эзэмших эрх нь баталгаажихгүй явсаар байгаад энэ Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа буюу 2015 оны нэхэмжлэгчийн хүчингүй болгох гээд байгаа захирамжаар баталгаажсан байдаг. Тэгэхээр 1997 онд Ж.Ж  гэдэг хүнд газар эзэмших эрх үүссэн, дээрээс нь энэ эрхээ хэрэгжүүлж яваад 2015 онд шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу авсан байгаа. Иймд Н.С  гуайн ярьж байгаачлан 10 хоног хөөцөлдсөн хүнд газар эзэмших эрх олгосон байна гэдэг яриа үндэслэлгүй. Дүүргийн Засаг дарга зөвхөн Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлээд энэ хоёр хүнд газрыг нь хуваагаад олгочихсон. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан асуудлыг биелүүлчихсэн байгаа юм. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлага бол ямар ч үндэслэлгүй, бодит нөхцөл байдал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болно.

Улсын Дээд шүүхийн сүүлд гарсан тогтоолд Ж.Ж ийн газар нь хэдэн м.кв болох, мөн газрын байршил, хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн болох, бусад этгээдийн эзэмшил газартай давхцсан эсэх талаар нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж дурдсан байдаг. Мөн гараашийн хэмжээ хэд болох, хаана байрлаж байгааг нягтлан үзэх шаардлагатай гэж заасан. Гадаа сууж байгаа Л.Б , У.Х гэдэг хоёр хүний нэг нь Л.У*** гэдэг хүний дүү, нэг нь Л.У*** гэдэг хүний охин байгаа. Тэгэхээр анх газар эзэмших эрх яаж үүссэн, тэр байшинг хэн барьсан, хашааг хэн барьсан гэдгийг У.Х гэдэг хүн тодорхой тайлбарлаад ярих байх.

Ямар этгээдийн газартай давхцалтай байна гэдэг асуудлын хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоочихсон. Өөрөөр хэлбэл, түрүүнд би 133 м.кв, 233 м.кв хэмжээгээр давхцалтай байна гэж хэлсэн. Тэгэхээр газрын давхцлыг тодруулчихсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая хэлэхдээ нэг өргөдөл дээр хоёр гарын үсэг зурсан нь хууль бус гэж тайлбарласан. Тэгвэл Л.У*** нарын 5 иргэний газар хүссэн өргөдлийг яах вэ? Үүн дээр гарын үсэг байхгүй. Энэ нь 1 хүний бичгийн хэвтэй, 5 хүний нэр биччихсэн ийм л зүйл байгаа. Энэ чинь тэгвэл шаардлага хангаж байгаа юм уу? Газрын тухай хуульд хоёр иргэн хүсэлтээ гаргана, 1 иргэн хүсэлтээ гаргана гэсэн зохицуулалт байхгүй. Тус хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлтээ хэрхэн гаргах талаар зохицуулсан байдаг. Тэгэхээр энэ хүрээнд хүсэлтээ гаргаад явсныг процесс зөрчсөн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна.

1997 онд 5 иргэний нэр дээр газар эзэмших хүсэлт дээр Ж.Ж  гуайн нэр байгаа. Тэгэхээр Ж.Ж  гэдэг хүн анхнаасаа газар эзэмших эрхтэй хүн байсан байна, тиймээс газар эзэмших эрхийг нь олго гэсэн шийдвэрийг шат шатны шүүхүүд гаргасан. Иймд 3 шатны шүүхээр яваад тогтоочихсон асуудлыг одоо өнөөдөр сөхөж яриад байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрээс нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гээд байдаг. Ж.Ж , Л.Д нар нь өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар дээр газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд явж байгаа.

 

Ж.С гэдэг хүн гарын үсгээ 5 өөр янзаар зурсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. 1 хүн гарын үсгээ ийм 5 өөрөөр зурдаг асуудал байдаггүй. Ийм хууль бус юмыг хийж болохгүй. Үүнийг нотолж байгаа нотариатч өнөөдөр хариуцлага хүлээгээд явах ёстой. Гэтэл ийм хариуцлага Монгол Улсад байхгүй байна. Нөгөөтэйгүүр, Ж.С гэдэг хүн байдаг эсэхийг би мэдэхгүй. Энэ шүүх хуралдаануудад би нэг ч удаа харж байгаагүй. Энэ хүнийг шүүх хуралдаанд оролцуулъя гэдэг хүсэлтийг би зөндөө тавьсан. Энэ хүнийг авчраад та яагаад 5 янзаар гарын үсгээ зурдаг юм гэдгийг нь тодорхойлуулах ёстой. Газар эзэмшихээр гаргасан хүсэлт, газрын гэрээ, иргэний үнэмлэх дээрээ хүртэл өөр өөрөөр гарын үсэг зурдаг нөхцөл байдал байж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Э.Н*** шүүх хуралдаан дээр хэлсэн дүгнэлтдээ:

Иргэн миний ойлгож байгаагаар иргэн Ж.С нь 2007 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших хүсэлтээ Газрын албанд өгч 255 дугаартай шийдвэрээр 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Гэтэл тус газар нь иргэн Ж.Ж***ийн газрын орц, гарцыг хаасан нь иргэн Ж.Ж ийн эрх, ашгийг хөндөж байгаа гэж үзсэн. Гэвч нэхэмжлэгч Ж.С нь заавал 700 м.кв газар эзэмших нь чухал бишээ, Ж.Ж  гуайн орц, гарцыг тойруулаад газар эзэмших хүсэлтэй байна гэсэн. Иймд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломж байна гэж үзэж байна гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 11 сарын 27-ны өдөр захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр ***т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд хуулийн дагуу ногдох 0,07 га газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 сарын 15-ны өдөр, 2016 оны 5 сарын 25-ны өдөр, 2016 оны 7 сарын 01-ний өдөр тус тус нэмэгдүүлж байсан байдаг. Энэхүү шүүх хуралдаан дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Ж.Ж , Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ***т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр /заавал 0,7 га газар гэхгүйгээр боломжит хэмжээгээр/ газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах хэмээн тодруулснаар шүүхээс уг шаардлагуудад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт холбогдох бусад бичгийн баримтуудыг тал бүрээс үнэлж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзээд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 сарын 06-ны өдрийн 215 дугаар тогтоолд нэхэмжлэгч Ж.Ж  нь ***ийг тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш, зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж буй газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож, шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй гэж дүгнэснээр газар эзэмших эрхээ баталгаажуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг, Ж.Ж  нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газартаа захирамж гаргуулах үүрэгтэй байтал гараашаа багтаахгүйгээр захирамж гаргуулсан, харин Л.Д***д Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг хамруулан захирамж гаргасан захиргааны байгууллагын шийдвэр хууль бус болохыг дурдаж, өөрсдөө мөн газарт газар эзэмших эрхтэй гэж маргаж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч Ж.С нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Ж той холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, харин иргэн Ж.Ж , Л.Д нар нь тус албанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших талаар хүсэлтээ гаргасныг хүлээн авч Газрын тухай хуульд заасны дагуу дээрх 2 иргэнд эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлсэн, нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 сарын 06-ны өдрийн 215 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгч ***ийг маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхгүй гэдгийг нэгэнт тогтоочихсон, Ж.Ж , Л.Д нар нь өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар дээр газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд явж байгаа хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж  нарын зүгээс маргаан бүхий газрын эзэмшлийг хэн хэрхэн яаж эхэлж олж авсан, газар эзэмших эрхээ хэрхэн хэрэгжүүлж ирсэн талаар тайлбарласныг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн маргаан бүхий газар дээр Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 сарын 06-ны өдрийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 215 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойшхи холбогдох үйл баримтанд дүгнэлт өгч шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч Ж.С нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 сарын 13-ны өдрийнГазар эзэмшүүлэх тухай 255 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын богины аманд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшиж, эрхээ баталгаажуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаар, газрын кадастрын мэдээллийн санд *** нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн үйл баримт байсан авч түүнд газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу, нөгөө талаас маргаан бүхий газрын маргаантай эрхийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 сарын 06-ны өдрийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 215 дугаар тогтоолд ...нэхэмжлэгч Ж.Ж  нь ***ийг тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш, зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж буй газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож, шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй гэж дүгнэсний дагуу иргэн Ж.С болон Ж.Ж  нарын хэн аль нь уг эрхийн маргаантай газарт газар эзэмших талаар холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж байжээ.

Улмаар Ж.Ж  болон түүний эхнэр Л.Д нарт тус бүр газар эзэмших эрхийг олгосон шийдвэрийг захиргааны байгууллага гаргаснаар нэхэмжлэгч Ж.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус хэмээн үзэж, дээрх иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус өөрсдөө мөн газар эзэмших эрхтэй гэж үзсэнээр энэхүү маргаан гарах болжээ.

Шаардлага тус бүрийн хууль зүйн үндэслэлийг авч үзье.

1. Захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухайд.

Нэхэмжлэгч Ж.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  нарын зүгээс Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 сарын 06-ны өдрийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 215 дугаар тогтоол гарсан цаг хугацаанаас хойш маргаан бүхий газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших талаар 2014 оны 11 сарын 10[1], 2015 оны 3 сарын 13[2], 2015 оны 4 сарын 02[3], 2015 оны 5 сарын 02[4], 2015 оны 6 сарын 16[5], 2015 оны 10 сарын 09[6]-нд гэхчлэн удаа дараа хүсэлт гаргаж байсан нь хариуцагчийн хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн газрын албанд бичиг баримтын үзлэг хийсэн тэмдэглэл[7], холбогдох дүүргийн Өмч, газрын харилцааны зохих албан тушаалтны бүртгэж авсан бүртгэл, өргөдөл гомдлын бүртгэлийн бүртгэл хяналтын карт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага тухай бүр зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч байсан ба уг хүсэлтүүдийн талаар огт шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас таны газар эзэмшилтэй холбоотой болон газрын маргаантай асуудлаар ... хуралдах болсон гэх агуулгатай 2015 оны 4 сарын 22-ны өдрийн 454 дугаартай албан бичгээр, түүнчлэн таны удаа дараалан хүсэлт гарган ирүүлж буй газарт иргэн Ж.Ж  нь давхцуулан хүсэлтээ ирүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж буй тул шийдвэрлэх боломжгүй. Мөн таны өргөдлийг хянан үзэхээс татгалзаж байна[8] хэмээн 2015 оны 7 сарын 10-ны өдрийн 880 дугаартай албан бичгээр, сүүлд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ... маргаантай асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн 2016 оны 5 сарын 24-ний өдрийн 3/3531 дугаар албан бичгээр[9] тус тус хариу өгсөн байх тул маргаан бүхий газар дээр газар эзэмших ***ийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эсэхийг нь дүгнэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших хүсэлтийг огт шийдвэрлээгүй бус харин шийдвэрлэхээс татгалзаж, сөрөг агуулгатай шийдвэрийг гаргаж байсан гэж үзэхээр байна. Ийм учраас хариуцагч захиргааны байгууллагын захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актын тухайд.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай *** дугаар захирамж[10] нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 10/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарч нэр бүхий 77 иргэний газар эзэмших эрхийг хавсралтаар баталгаажуулж шийдвэрлэжээ. Ийнхүү үндэслэсэн холбогдох хуулийн заалтууд нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон агуулгатай байна. Харин Газрын тухай хуулийн 31.3 хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэсэн зохицуулалт байна.

Иргэн Ж.Ж ид Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 3 сарын 27-нд ... үл хөдлөх хөрөнгөө байршиж байгаа газрынхаа кадастрын зургаа шинэчлэн хийлгэж 700 м.кв талбайг баталгаажуулах боломжтой гэх хариу[11] өгсөн байдаг ба энэ хугацаанаас хойш 2015 оны 9 сарын 10-нд Ж.Ж , Л.Д гэсэн нэрээр нэг өргөдлөөр хүсэлт гаргасныг нэг бүртгэл хяналтын картаар бүртгэж, харин тус тусад нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж газрын гэрчилгээ олгосон буюу иргэн Ж.Ж ид 661 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгож, нэгж талбарын *** дугаарт бүртгэсэн, иргэн Л.Д***д 504 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгож, нэгж талбарын *** дугаарт бүртгэсэн нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас нотлох баримтаар ирүүлсэн нэгж талбарын хувийн хэргээр тогтоогдож байна. Ийнхүү эзэмшүүлсэн газар нь анхны буюу 1997 оны газар эзэмшигч Ж.Ж ийн эзэмшиж буй газар болон түүнээс урагш ***ийн эзэмшиж байсан, мөн хүсэлт гаргасан газрыг оролцуулан хойноосоо урагшаа түрж, зэрэгцүүлэн Ж.Ж , түүний эхнэр Л.Д нарт олгосон байх ба ингэхдээ ***т газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Ж.Ж ийн гараашийн доорх газрыг буюу иргэн Ж.Ж ийн гараашийг түүний эзэмшил газарт багтаахгүйгээр харин түүний эхнэр Л.Д***ын нэр дээр эзэмшүүлсэн газрын зурваст багтаасан байна.

Шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий захиргааны акт буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны *** дугаар захирамжийн Ж.Ж , Л.Д нарт холбогдох хэсэг бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэнгүй. Учир нь тэдгээрт энэ захирамжаар эзэмшүүлсэн газрын зарим хэсэг буюу ***ийн эзэмшиж байсан одоо эзэмших хүсэлт гаргаж буй хэсгээс бусад хэсэг нь Ж.Ж ийн 1997 оноос хойш эзэмшиж байгаа газар байна.

Газар эзэмшүүлэх, ийнхүү эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болон бусад нөхцлийг судалж, иргэдэд газар эзэмшүүлэх эрхийг Газрын тухай болон холбогдох хуулиар хуулиар олгох эрх буюу бүрэн эрх хариуцагчид байна.

Тэгэхээр хамгийн гол нь захирамж гарган эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий газар гэдгийг буюу иргэд өөр хоорондоо тухайн газрыг эзэмших эрхтэй талаар хүсэлтээ гаргаж байсан гэдгийг хариуцагч мэдэж байсан, нэхэмжлэгч Ж.С болон гуравдагч этгээд Ж.Ж  нарын аль алинд нь эзэмшихийг хүсэж буй газар нь бусдын хүсэлт гаргасан газартай давхцуулан ирүүлсэн гэдэг хариуг өгч байсан хирнээ Газрын тухай хуулийг зөрчиж тухайн иргэнд гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж олгох газрын хэмжээнээс хэтэрч, нэг гэр бүлийн хоёр иргэнд тус бүрт нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон нь захиргааны байгууллага зорилгодоо нийцээгүй, хуулийг дээдлээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 10537 дугаар захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлт[12]-ээр Нийслэлийн Засаг даргын 1997 оны 9 сарын 5-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Л.У*** нарын иргэдэд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв талбайтай газрыг агаарын зурагтай давхцуулан харуулах боломжгүйг дурдаж, түүнчлэн мэдээллийн сангийн 2008 оны архивын зурган мэдээлэлд нэгж талбарын *** дугаар бүхий 700 м.кв талбайтай иргэн ***ийн эзэмшил газрыг одоо маргаж буй 2017 оны зурган мэдээлэлд нэгж талбарын *** дугаар бүхий 503 м.кв талбайтай иргэн Л.Д***ын эзэмшил газар, нэгж талбарын *** дугаар бүхий 660,9 м.кв талбайтай иргэн Ж.Ж ийн эзэмшил газрын зурган мэдээлэлтэй давхцуулж харуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу заавал 700 м.кв гэхгүйгээр Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг хасаад үлдсэн газар дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгөх-ийг хүссэн ба энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгоогүй болно. Иргэн ***ийн *** ХХК-иар хийлгүүлсэн кадастрын зураг буюу 638.4 м.кв талбайтай газрыг хүсэж буй бөгөөд иргэн Ж.Ж ийн эзэмшил газартай 337.2 м.кв талбайгаар, иргэн Л.Д***ын эзэмшил газартай 126.59 м.кв талбайгаар тус тус давхцалтай байгааг шинжээч тогтоосон /2017 оны 6 сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хавсралт зурагт заагдсан/, ийнхүү хэсэгчлэн давхцалтай хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь энэхүү давхцалтай хэсэгт үл хөдлөх ямар нэгэн эд хөрөнгө байхгүй гэхдээ, захиргааны байгууллага зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа айл өрхүүдийн орц гарцны асуудал, нийтийн бие засах байгууламжийн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д: газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д: зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д: иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна, мөн хуулийн 21 дүгээр 21.5.3-д: ... дүүргийн хэмжээнд иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах заалтуудыг зөв хэрэглэж, маргаантай асуудалд дүгнэлт өгч дахин акт гаргах нь зүйтэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр давхцаагүй хэсэг нь буюу тэр дундаа Л.Д***д газар эзэмшүүлсэн шийдвэрийн давхцаагүй хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул бүхэлд нь хүчингүй болгох, түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг нь ажлаасаа чөлөөлөгдсөн, нөгөөд нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн урьд нь шүүхэд гаргаж байсан тайлбаруудыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэнийг тэмдэглэж байна.

Шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12сарын 16-ны өдрийн 10537 дугаар захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн зардалд[13] буюу геодезийн магадлан хэмжилт боловсруулалтын ажилд 773500 төгрөг, тээврийн зардалд 13386 төгрөг тус тус зарцуулжээ.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д: дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ, 44.3.1-д: шинжээчийн тээвэр, ... шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил... гэж зааснаар дээрх шинжээчийн зардал нь шүүхийн зардалд хамаарч байна. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх ба мөн хуулийн 47.2-д: нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ гэснээр шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч болон хариуцагчаар төлүүлэхээр зааж шийдвэрлэлээ.Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд 309500 төгрөг[14] урьдчилж төлснийг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зйүлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Ж.Ж , Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ***т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж ийн гарааш байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлагын зарим хэсэг болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Ж.Ж , Л.Д нарт холбогдоххэсгийг гуравдагч этгээд Ж.Ж , Л.Д нарын эзэмшиж байгаа газрын давхцалтай хэсгийг буюу ***ийн хүсэлт гаргаж буй газрын 638,4 м.кв кадастрын зургаас 463,79 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас орц гарц гаргаж, ариун цэврийн буюу нийтийн бие засах байгууламж, гараашийг ашиглах эрхийг хөндөхгүйгээр уг газраас дээрх байдлуудыг тогтоон хасах замаар хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хэсэгчлэн 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Сүхбаатр дүүргийн Засаг даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах, ***т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан шинжээчийн зардал нийт 865574 төгрөгийн 50 хувь буюу 432787 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас, нэхэмжлэгчээс үлдэх төлбөр 123287 төгрөгийг тус тус гаргуулж *** ХХК-д /Голомт банк ***/ олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөр 70200 төгргөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжчлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай *** дугаар захирамжийн Ж.Ж ид холбогдох хэсгээс 226,1 м.кв, Л.Д***д холбогдох хэсгээс 133,7 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН

                      ШҮҮГЧ                           Ц.ОДМАА

                        ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА

 

 

 

________________________________________

[1] [1] 1-р хавтаст хэргийн 228-229-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 14-р хуудас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 3 сарын 3-ны өдөр хандсаныг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн.

[3] 1-р хавтаст хэргийн 224-227-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 15-18-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 44-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 45-46-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 199-200-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 19-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 189-191-р хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 95-96-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 188-р хуудас Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 3 сарын 27-ны өдрийн 316 дугаартай албан бичиг.

[12] 2-р хавтаст хэргийн 147-158-р хуудас

[13] 2-р хавтаст хэргийн 139-141-р хуудас

[14] 2-р хавтаст хэргийн