Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0300

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Н-г 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5,092,434.75 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл хугацаанд цалингийн зөрүү 9,378,204.96 төгрөг, нийт 14,470,639.71 төгрөгийн (ажилгүйдлийн тэтгэмж 3,517,680 төгрөгийг суутгана) Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ТЗ-11 ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдаж,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

5 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад гомдол гаргах эрхгүйг, тогтоох хэсгийн бусад заалтыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүргийг хариуцагч хэрэгжүүлж О.Г-ыг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар томилсон байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэхэмжлэгч Б.Н-ийн мэргэжил, мэргэшилд тохирох төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо байгаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу тус яамны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд шилжүүлсэн.

Улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 16-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгууллатын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” гэж тайлбарласан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалх төвийн мэдэлд шилжүүлсэн нь урьд ажиллаж байсан албан хаагчийг эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийг бололцооны дагуу өөр ажлаар хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй буюу ажлын байр, албан тушаалд томилоогүй байна” гэж дүгнэсэн нь тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч Б.Н-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ТЗ-11 ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг гаргуулах” шаардлагын хүрээнд хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халах үндэслэлгүй, зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар нарийвчлан зааж, ийнхүү өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа тус төрийн албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 2001 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг /1хх-72/, 2012 онд Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн /1хх-73/, төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Б.Н-г томилуулахаар нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн даргад санал болгосноор нэхэмжлэгчийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилж байжээ.

Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Н-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/05 /1хх-25/ дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2/14908 дугаар албан бичгийг биелүүлэх хүрээнд нэхэмжлэгчийг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд хариуцагчаас мөн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай” Б/05 /1хх-26/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б.Н-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/17 /1хх-32/ тушаалуудыг гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/17б дугаар тушаалаар /1хх-33/ Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/116 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол, “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2/14908 дугаар албан бичиг, тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2/14908 дугаар албан бичгийг биелүүлж тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга Балдангийн Нансалмааг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн байна.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар баталсан бүтэц орон тооны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, тус байгууллагад  ТЗ ангиллаар цалинждаг албан тушаал байхгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болох нь хэрэгт авагдсан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/11 дүгээр албан бичиг /1хх-215/,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбар /3хх-55/ зэргээр тогтоогдсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн маргаан бүхий Б/17б дугаар тушаал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гарсан, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасныг үндэслэсэн байх хэдий ч нэхэмжлэгчийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн буюу тодорхой албан тушаалд ажиллуулахаар шилжүүлэн эсхүл сэлгэн ажиллуулахаар томилоогүй, нэхэмжлэгчийг өөр байгууллагад сэлгэн ажиллуулах талаар санал, зөвшөөрөл аваагүй, хариуцагчаас нэхэмжлэгч “чөлөөлөгдөх тушаал гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдмөөр байна”, “ажлаас чөлөөлөх тушаал гаргаад өгчих” гэсний дагуу “2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг гаргасан” гэж тайлбарласан /1хх-61/ байх боловч холбогдох баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй, нэхэмжлэгчийг шилжүүлсэн гэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ТЗ ангилал, зэрэглэлээр цалинждаг албан тушаал, орон тоо байхгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн маргаан бүхий Б/17б дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг хуульд нийцээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлж, хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн албан хаагчийн баталгаанд халдсан нь тогтоогдсон энэ тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд шилжүүлсэн, тухайн цаг үед нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшилд тохирох албан тушаал, орон тоо байгаагүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүргийг хариуцагч хэрэгжүүлж О.Г-ыг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар томилсон ... Б.Н-ийн мэргэжил, мэргэшилд тохирох төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо байгаагүй тул ... Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд шилжүүлсэн ... шүүх “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн нь урьд ажиллаж байсан албан хаагчийг эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийг бололцооны дагуу өөр ажлаар хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй буюу ажлын байр, албан тушаалд томилоогүй байна” гэж дүгнэсэн нь тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн ...” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн “2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг гаргуулах” шаардлагатай холбоотой  Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 24, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн “2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг гаргуулах” шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ