| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0024/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 17
2020 оны 01 сарын 10 өдөр Дугаар 2020/ШЦТ/17 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Найман овгийн М-ын З-д холбогдох эрүүгийн 1934010470017 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Заамар сум, Хайлааст баг, Өгөөмрийн 4-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Найман овгийн М-ын З
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.З нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цариг шонхор” ХХК-ийн уурхайд хамгаалагч Б.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З:
...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934010470017 дугаартай хэрэгт хохирогч Б.С /хх-ийн 5-7, 36-37, 59 дүгээр хуудас/, гэрч Э.Энхболд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.Будсүрэн /хх-ийн 10 дугаар хуудас/, холбогдогч М.З /хх-ийн 11-12 дугаар хуудас/, холбогдогч Г.Даваасамбуу /хх-ийн 13 дугаар хуудас/, холбогдогч Б.Золбаяр /хх-ийн 14 дүгээр хуудас/, холбогдогч Ү.Энхсайхан /хх-ийн 15 дугаар хуудас/, холбогдогч У.Алтаншагай /хх-ийн 16 дугаар хуудас/, холбогдогч Г.Буянтогтох /хх-ийн 17 дугаар хуудас/, яллагдагч М.З /хх-ийн 51-54 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13047 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, уурхайн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 27 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтүүд /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч М.З нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цариг шонхор” ХХК-ийн уурхайд хамгаалагч Б.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Сгийн ...2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө би “Цариг шонхор” ХХК-ийн гаднаас ордог үүдний харуулын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл нутгийн 6 залуучууд гаднаас харуулын объект руу орж ирсэн... ...хамгаалалтанд авсан объект руу зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй талаар удаа дараа сануулсан боловч тэр залуучууд огт тоохгүй дайраад орсон. Тэгээд замд нь цааш нь явж болохгүй гэж зогсооход тэдгээр залуучуудын хамгийн намхан залуу нь намайг гараараа нэг удаа нүүр лүү цохиод холдооч пизда минь гэж хэлсэн... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Э.Энхболдын ...Манай хамгаалагч Будсүрэн баримтжуулах зорилгоор бичлэг хийтэл шууд тэнд байсан хамгийн намхан залуу нь ямар нэг зүйлээр Будсүрэнгийн бие рүү нь цохисон. Тэгээд дахиад цохих гэж оролдоход нь Б.С тухайн залууг барьж байсан эд зүйлийг нь барьж аваад зогсоосон. Тэгэхэд нөгөө залуу нь Сумъяагийн хамран тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13047 дугаартай ...Б.Сгийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, уурхайн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 27 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтүүд /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч М.З-д холбогдох эрүүгийн 1934010470017 дугаартай хэргийг шүүгдэгч М.Згийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Б.С-гийн түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.З-гийн 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цариг шонхор” ХХК-ийн уурхайд хамгаалагч Б.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч М.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.З-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.С нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилдэг ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч М.З нь хохирогч Б.С-д эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд болон хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.З-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчтой эвлэрч хэргээ хялбаруулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 1934010770017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Найман овгийн Мын М.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Найман овгийн Мын М.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Найман овгийн Мын М.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Найман овгийн Мын М.З-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934010770017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Найман овгийн Мын М.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Найман овгийн Мын М.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН