Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020       01           21                                      2020/ШЦТ/33

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Тийн Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934011710003 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

      

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 1994 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум 6 дугаар баг, 8-в-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б овгийн Тийн Г

 

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Усны аж ахуй гэх газарт хохирогч Х.Дг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод уруулд шарх бүхий хөнгөх хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г:

“....Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...”

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны орой ажлаасаа буугаад найз охинтойгоо уулзах байсан. Тэгээд Усны аж ахуйд найзуудтайгаа уулзаад байж байсан. Тэр орой бид хоёрт хоорондоо муудалцах үндэслэл байгаагүй. Би гадаа найзтайгаа юм яриад зогсож байсан чинь энэ хүн гарч ирээд намайг түлхэж унагаагаад хэл амаар доромжилж, надруу агсан тавиад байсан. Би явлаа гээд хувцсаа аваад гарсан чинь тэр хэд намайг явуулаагүй. Тэгээд буцаад гэр рүү орсон. Гэтэл Г хамарнаас нь цус гарчихсан цусаа угаагаад байж байсан. Би ороод чи яагаад намайг зайл гээд хөөгөөд байгаа юм бэ гэсэн чинь “пизда минь чи зайлахгүй яасан гичий вэ” гээд бас хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би уурлаад үснээс нь зулгаасан чинь өөдөөс цохиод миний үүдэн шүд хугарсан. Замын зардал, бензины мөнгө 95.000 төгрөг гаргуулж авмаар байна. Яагаад 95.000 төгрөг болсон бэ гэхээр Г намайг нэгдэх өдөр хүрээд ир хоёулаа уулзая гэж хэлчихээд өөрөө алга болчихсон. Тэгээд найз охиноос нь ээжийнх нь дугаарыг авч Гтой холбогдсон. Тэгээд ирж очихын зардал нь 95.000 төгрөг болсон. Хэрэг болсны маргааш өглөө нь уулзаад чи яагаад намайг цохиж байгаа юм бэ шүд хугарчихлаа гэсэн чинь найзыгаа уучлаарай гэсэн. Тэрнээс өөрөө уучлалт гуйгаагүй. Дараа нь шүд хийлгэх хэрэгтэй байна гээд ярьсан чинь ядаргаатай юм бэ гэж байсан. Дараа нь ээжтэй нь уулзсан чинь нэг л удаа янзлуулж өгвөл өгнө цаашид чадахгүй. Бензины мөнгийг чинь ч өгч чадахгүй гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934011710003 дугаартай хэрэгт хохирогч Х.Д /хх -ийн 7-10 дугаар хуудас/, гэрч Х.Д /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Э.Мөнхцэцэг /хх-ийн 13 дугаар хуудас/,  гэрч Б.Пүрэвсүрэн /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Г /хх-ийн 22-24 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №16 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 16-17 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн засаг даргын 701 дугаартай албан тоот /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогч Х.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч Х.Дгийн гэрэл зураг /хх-ийн 34 дүгээр хуудас/, мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 36 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Усны аж ахуй гэх газарт хохирогч Х.Дг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод уруулд шарх бүхий хөнгөх хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч, гэрч Х.Дгийн ...Пүрэвсүрэн эхнэртэйгээ муудалцсан. Пүрэвсүрэн хадмындаа очиж агсам тавина гэж хэлэхээр нь тайвшруулаад байж байтал гэрээс Г гарч ирээд намайг газар түлхэж унагаагаад зайл гичий минь янхан минь гэх зэргээр надруу дайрсан. Тэгэхээр нь би явлаа гээд гэр рүү орсон чинь намайг Г болон тэнд байсан хүмүүс явуулахгүй гээд байсан. Тэгээд эргээд ортол Г дахиад намайг зайл гичий минь гэж хэлэхээр нь чи намайг яахаараа зайл гэж хэлдэг юм бэ гээд Гийн үснээс зулгаасан чинь намайг гараараа хоёр удаа цохисон. Тэгээд миний дээд талын зүүн талын шүд унасан. Тэгээд би цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь цагдаа дуудаж яах гэж байгаа юм бэ гэж хэлээд миний утсыг авчихаад өгөөгүй... /хх-ийн 7-8, 12 дугаар хуудас/,

гэрч Э.Мөнхцэцэгийн ...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Усны аж ахуйн 5-8 тоотод манай гэрт би, Д, Сүрэн нар 2 ширхэг нийслэл гэх нэртэй 2 литрийн хэмжээтэй пиво уугаад сууж байсан. Гэтэл Сүрэн, Д Г нар гарж явсан. Удалгүй Гийн хамарнаас цус гарсан орж ирсэн. Араас нь Д орж ирээд үсдсэн. Гэтэл Г гараа савтал Дгийн шүдийг нь оноод 1 шүд унагаачихсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Б.Пүрэвсүрэнгийн ...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод  сумын Усны аж ахуйн 5-8 тоотод буюу Мөнхцэцэгийн  гэрт би болон манай найзууд болох Г Мөнхцэцэг, Д нарын хамт очиж пиво уугаад сууж басан. Би гарж бие засах гэтэл араас Г, Д хоёр гарж ирээд бие засч байтал Г Дг түлхсэн. Гэтэл Д газар унасан босч ирээд Гийг чи намайг унагачихлаа гээд хамар луу нь цохиод цус гаргасан. Гэтэл Г  гэрлүү орж цусаа угааж байхад араас нь Д ороод үсдэхэд нь Г санамсаргүй шүдрүү нь цохиод Д-гийн 1 шүдийг унагасан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

яллагдагч Гийн ...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн.. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн №16 дугаартай ...Х.Дгийн биед үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... дүгнэлт /хх-ийн-ийн 16-17 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Х.Дгийн гэрэл зураг /хх-ийн 34 дүгээр хуудас/, мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Г-ийн хүний эрүүл мэндэд үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Х.Д нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай 95,000 /ерэн таван мянга/ төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г нь 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн шатанд гаргаж хэрэгт авагдсан хохирол төлсөн тухай баримтаар тогтоогдож байна. Харин үлдэх 50.000 /тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Гт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн нийтэд тустай ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

                   хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                         36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                     хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Тийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Тийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Тийн Гт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

4. Шүүгдэгч Б овгийн Тийн Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Тийн Г нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Тийн Гоос 50,000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч ВН93122709 дугаарын регистртэй, Өөлд овгийн Хүрлээгийн Дд олгосугай.

 

            7. Хохирогч Х.Д нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Тийн Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Тийн Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ш.ГАНДАНСҮРЭН