Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

2020      01           22                                      2020/ШЦТ/34

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч О.Л , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

хохирогч Б.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн О-ын Л-д холбогдох эрүүгийн 1934007920545 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.        

      

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин ажилтай, ам бүл 7, ээж дүү нарын хамт, Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр багийн нутаг Фермийн 02 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б овгийн О-ын Л-

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                       /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Л  нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Л :

...2019 оны 9 дүгээр сарын 3-ны 17 цагийн үед Өгөөмөр 1 дүгээр баг дээр хохирогчтой таараад муудалцаад зодолдсон. Тэгээд зодолдоод маргааш нь сумын эмнэлэгт үзүүлээд хотод ирж үзүүлсэн. Зураг авахуулсан. Тэгээд би гар бариад уучлал гуйгаад явсан. Тэрнээс хойш 4 хоногийн дараа би гэмтэл дээр дахиж ирээд бүх хохирлыг Алтан-Эрдэнэ гэдэг хүний данс руу хийж эмчилгээ хоол хүнс гээд хэрэгтэй юмыг нь авч өгсөн. 700 М төгрөгийг ээжид нь, 250 мянгыг Эрдэнээ гээд ахынх нь данс руу өгсөн. Эм тариа гээд бүх юм нь нийлээд 2 сая гаран төгрөг болсон. Би тэрийг нь төлсөн... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б :

...2019 оны 9 дүгээр сарын 3-нд 8 цагийн үед Алтан-Эрдэнэ бид 2 модны ажил хийж байсан. Хөрөө эдврээд ах дээр очоод буцаад явж байтал Лхагваа ирээд хамт төв орох уу, бүжиг болж байна гэсэн. Би чадахгүй гээд явлаа гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь хөдлөөд явсан. Араас мотоциклтойгоо ирээд манай найзыг цохисон. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд цонхоо онгойлготол намайг 2-3 удаа цохисон. Тэгээд чи амь юм уу, чи энд мод хийж байхаар цагдаадаа хэлээд надаас мөнгө ав гэсэн. Тэгээд гэртээ иртэл эгч эмнэлэгт үзүүл гэсэн. Би маргааш болъё гээд маргааш нь үзүүлсэн. Машинаа барьж явж чадахгүй хүнээр бариулсан. Тэгээд 2 хоноод эмнэлэгт ирсэн. Яагаад гэвэл явж байгаад гэнэт ухаан алдсан. Гэтэл 4 мөч хүндрээд байсан. Би 9 сая төгрөг нэхээгүй. Надаас уучлал гуйгаагүй. Над руу нэг ч яриагүй. Би гомдолтой байна. Би Лхагвааг сайн мэдэх болохоор өрөвдөөд байдаг юм. Гарсан хохирлоо нэхэмжилж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934007920545 дугаартай хэрэгт хохирогч Б.Б  /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч Б.Б  /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Г.Алтан-Эрдэнэ /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.О- /хх-ийн 17-18 дугаар хуудас/, яллагдагч О.Л  /хх-ийн 61-62 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн № 670 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

3 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн № 1434 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 25-46 дугаар хуудас/, шүүгдэгч О.Л гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрлэлийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр төлбөртэй эсэх лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 76-76-83 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 86-87 дугаар хуудас/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/,  хохирогч Б.Б ийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 89-110 дугаар хуудас/, хохирогч Б.Б ийн гэрэл зургууд /хх-ийн 111-113 дугаар хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч О.Л  нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутагт иргэн Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Б ийн ...тэгээд би машиныхаа цонхыг нээгээд “чи яагаад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь хоёр муу лалар амьгүй зан гаргаад харанхуй шөнө мод хөрөөдлөө юу гээд хэл яриагаар дахиж доромжпоод байсан тэгээд Л- машинаас буугаад миний сууж байсан машины үрүүл талыг хаалгыг онгойлгож намайг чирч буулгаад нэг цохисон дараа нь ахиад нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөсөн тэгээд би чи яагаад байгаад юм бэ? Би чамтай зодолдохгүй гэж хэлсэн чинь чи ямар амь юм уу гэж хэлэхээр нь дуугай байсан чинь машины хойд талд гаргаж толгой руу цохиод машины урд талд нэг цохиод хоолой боогоод байхаар нь би чи яагаад байгаа юм бэ? Намайг ийм болгож байхаар гүйцээчих гэж хэлэхэд чи ямар амь юм уу гэж хэлэхээр нь “чи намайг алж болно дараа нь би хэлж явдаг газар гэж байдаг шүү” гэж хэлсэн чинь чи энд мод хөрөөдөөд шуудайлж байхаараа цагдаадаа хэлээд надаас мөнгө ав гэж доромжилсон. Маш их гомдолтой байна яагаад гэвэл эрүүл мэнд болон сэтгэл санаа бие махбодиороо хохирсон болохоор гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон болохоор зардлыг гаргуулж хохиролгуй болгоно уу... /х/х-ийн 10-12 дугаар хуудас/,

гэрч Г.Алтан-Эрдэнийн ...Б-ийн гэр рүү явж байтал Л- таараад ..төв ороод ирье гэхээр нь Б- бид хоёр амжихгүй машиныхаа гэрлийг тусгаж модоо хөрөөдөж дуусгана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явж байтал араас мотоцикпио Б-ийн талд зогсоосон Б- мөн зогссон, тэр хоёр маргалдсан. Б-ийг буулгаад машины хамрын урд талд Л- Б-ийг заамдаж цохиод Б- уурлаад би явлаа гээд яваад өгсөн... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

яллагдагч О.Л гийн ...Тэгээд бид хоёр эвлэрээд сумынхөө эмнэлэг дээр очсон чинь сумын эмнэлэг үзээд Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд би Б-ийг аваад Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д очиж үзүүлээд бас хажууд нь байдаг хувийн эмнэлэгт имрай зураг авахуулсан. Б-ийн эмчилгээний зардалтай холбогдон гарсан бүх зардлыг би төлсөн. Би ээжид нь 2 сая гаран төгрөг өгсөн. Би мөнгөө дансаар бүгдийг өгсөн Б- надад гомдолтой одоо 9 сая төгрөг өг гээд байгаа. Би уг нь уучлалт гуйгаад эмчилгээний зардлыг нь чадахаараа л өгч байгаа... /хх-ийн 61-62 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

     шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн № 670 дугаартай ...Б.Б ийн биед зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, зүүн нүдний гэмтлийн гаралтай мэдрэлийн эмгэгшил бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

3 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн № 1434 дугаартай ...Б.Б ийн биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/ болон болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 25-46 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 76-83 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 86-87 дугаар хуудас/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/, хохирогч Б.Б ийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 89-110 дугаар хуудас/, хохирогч Б.Б ийн гэрэл зургууд /хх-ийн 111-113 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Ц О.Л гийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутагт иргэн Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж бусдыг зодож цохих үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул түүнд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Л г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Л гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар шүүгдэгч О.Л гаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр, эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого, бусад зардалд нийт 9.429.573 /есөн сая дөрвөн зуун хорин есөн мянга таван зуун далан гурав/ төгрөг нэхэмжилсэн.

 

Харин хавтас хэргийн 97-110 дугаар хуудсанд мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс гаргаж өгсөн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1.325.773 /нэг сая гурван зуун хорин таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийн баримт авагдсан байна.

 

Дээрх хавтас хэргийн 97-110 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг хохирогч нэмж нэгтгэн 5.495.150 /таван сая дөрвөн зуун ерэн таван мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирлын тооцоо гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь хавтас хэргийн 91-93 дугаар хуудсанд авагдсан байна.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад зардалтай холбоотой 91-93, 97-110 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг прокуророос хянаад хавтас хэргийн 94-96 дугаар хуудсанд авагдсан тооцоогоор 998.830 /есөн зуун ерэн найман мянга найман зуун гуч/ төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нэхэмжилсэн хохирол гэж үзсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогч Б.Б ийн хохирлын тооцоо, хохирлын тооцоотой холбоотой хохирлын баримтууд нь өөр хоорондоо нийлэхгүй, зөрүүтэй байгаагаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн хохирлын дүн нь мөрдөн байцаалтад нэхэмжилсэн хохирлын дүнгээс их зөрүүтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Мөн “Номуун”, “Сэтгэшгүй”, “Манал-Очир” зэрэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  нь миний өөрийн “ХААН” банкны 5920126646 дугаарын данс руу 2 удаагийн гүйгээгээр 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг, миний төрсөн эхийн “ХААН” банкны 5036127129 дугаарын дансанд 1 удаагийн гүйлгээгээр 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг тус тус шүүгдэгч О.Л  нь шилжүүлсэн гэдэг ба энэ нь шүүгдэгч мэдүүлэг болон хавтас хэргийн 76-83 дугаар хуудсанд авагдсан “ХААН” банкны Депозит дансны хуулгаар тус тус тогтоогддог бөгөөд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шалгаад нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 725.413 /долоон зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулахаар байгаа боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг сайн дураараа төлсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчид нийт 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг хохирогчийн “ХААН” банкны 5920126646 дугаарын данс, ээжийнх нь “ХААН” банкны 5036127129 дугаарын данс болон хохирогчийн найз Г.Алтан-Эрдэнийн дансаар шилжүүлэн төлбөр тооцоог хийж байсан, мөн бэлэн мөнгө өгч байсан гэж мэдүүлдэг хэдий ч хохирогчид 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг төлсөн нь нотлогдож, үлдэх 1.170.000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгийн хохирол төлсөн талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, тодорхойгүй байгааг дурдаж байгаа болно.

 

Мөн хохирогч Б.Б  нь үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлдэг бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр буюу олох ёстой байсан орлого гэж 1.560.000 /нэг сая таван зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилдэг ба энэ талаарх баримт болох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хүн амын орлогын албан татвар төлсөн, мөн мэргэжлийн зэргийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, газрын талаарх нотлох баримтууд, мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй бол цалин хөлс орлогогүй байсан талаарх нотлох баримтууд тус тус хавтас хэрэгт авагдаагүй байх тул бөгөөд хэрвээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол ийн олох ёстой байсан орлого 1.560.000 /нэг сая таван зуун жаран мянга/ төгрөгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, тодорхойгүй байна.  

 

Эцэст нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарын нэхэмжилсэн 9.429.573 /есөн сая дөрвөн зуун хорин есөн мянга таван зуун далан гурав/ төгрөгөөс төлсөн 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг хасаж тооцоод үлдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног, эмчилгээний зардал 6.889.753 /зургаан сая найман зуун наян есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөг, олох ёстой байсан орлого 1.560.000 /нэг сая таван зуун жаран мянга/ төгрөг, нийт 8.449.753 /найман сая дөрвөн зуун дөчин есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Л д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу гурван зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Л д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934007920545 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Л  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Л  нь хохирогч Б.Б т 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөг төлснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

   шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

            36.7., 36.8., 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн

                         1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн О-ын Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн О-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн О-ын Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

     

4. Шүүгдэгч Б овгийн О-ын Л-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1934007920545 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Л  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Л  хохирогч Б.Б т 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөг төлснийг тус тус дурдсугай.

 

     6. Хохирогч - дугаарын регистртэй, М овгийн Б-гийн Б- нь 8.449.753 /найман сая дөрвөн зуун дөчин есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн О-ын Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

                                                                                                   

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн О-ын Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН