| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0036/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 37
2020 оны 01 сарын 24 өдөр Дугаар 2020/ШЦТ/37 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,
хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Н ийн Д д холбогдох эрүүгийн 1934006600346 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Соёлын менежер мэргэжилтэй, Соёл Урлагын их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Алтанбулаг сум, 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б овгийн Н ийн Д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Д нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Замт 4 дүгээр багийн нутаг “Эрдэнэхангай” гэх газар бэр эгч Ц.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д
...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ унтаж байхад дүү сэрээгээд гадаа ах ирчихээд ээжтэй муудалцаад байна гэж хэлсэн. Тэгээд гараад харахад машин нь хажуу айлын урд байсан. Тэгээд очтол бэр эгч Ц.Н ээжийг минь хазгар авгай минь өмсөх хувцасгүй ядуу гуйлгачин хүүхдүүд чинь гуйлгачин янхан гээд хараагаад байсан. Тэгээд Н бүр хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Тэгээд манай дүү Номин ирээд болиулах гэтэл чи насанд хүрээгүй байж янхан болоо биздээ, баян хүнтэй сууж хамаг юмаа авахуулдаг биз дээ гээд байсан. Тэгээд би болиулах гээд очсон чинь машиндаа суугаад хаалгаа хаачихсан. Тэгэхээр нь араас нь машиныг нь тойрч очиход гарыг минь маажиж намайг цохисон. Хөнгөн хохирол учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна, харин ээмгийг нь алга болгосон талаараа бол хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н:
...2017 оны 07 дугаар сарын 27-ны 15 цагийн үед энэ хэрэг болсон. Манайх хадмынхаас 2 км зайтай байдаг. Манай дүү Адаацагт байдаг. Тэгээд манай дүү хагалгаанд орсон байсан юм. Яг тэр үеэр буюу 7 сарын сүүлээр наадам болно гэсэн энэ далимаар дүүгээ бас эргэнэ гэж бодоод явах гэсэн. Тэгээд хадмын гадаа иртэл хадам ээж гарч ирээд юун Адаацаг, би хүүхдийнхээ толгойг мэдэж байна гэсэн. Тэгээд үг хэлүүлэхгүй эсэн бусаар хэлээд тэгээд нүүр лүү минь шороо шидсэн. Тэгээд хэрэлдээд байж байтал нөхөр маань намайг машинд сууж бай гэсэн. Тэгээд машины хаалга түгжчихсэн байхад охидууд нь надруу ирээд дайраад харааж зүхээд байсан. Тэгээд эдний эмээ нь манай нөхөртэй хэрэлдээд байсан. Би тийм юм хэлээгүй. Надруу бүр юу ч хэлүүлэхгүй дайраад байсан. Тэгээд ч би гарыг нь маажаагүй. Миний нүүрийг харин маажсан. Нүүрний хажуу талд 2 сорви нь байж байна. Тэгээд тэр үеэр ээмэг байхгүй болсон. Алтан ээмэг байсан юм. Тэгээд үсний даруулга бас эвдэрсэн. Хойноос шороо цацаад хараагаад байсан болохоор бид нар буцаад гэртээ очсон. Тэгээд би Баян Өнжүүлээс унаанд суугаад Адаацаг руу явсан. Тэгээд би Алтанбулагийн цагдаа Нацагдоржтой яриад дуудлага өгсөн гэв. Намайг хадмынхан байнга хэл амаар доромжилдог. Эд нар 88190032 гэдэг дугаараас мессеж бичээд малын махаар биеэ үнэлдэг гэж хэлсэн. Жирэмсэн байхад минь ч, хүүхэд нялх байхад ч гэсэн элдвээр хэлээд байдаг байсан. 11 сард би эд нарыг намайг эсэн бусаар хэлээд мессеж бичээд байна гээд цагдаад хэлсэн. Гэтэл эдний ах нь буюу манай нөхөр тэр мессежүүдийг нь устгаад байдаг. Аав ээж маань аймагт байдаг. Би эд нартай хэрэлдээгүй. Д намайг гэмтээсэн болохоос биш би нөхрөөсөө сална гэж бодоогүй. Эд нар манай нөхрийг яриулахгүй байна. Хүүхэд дээрээ ирж уулзаач ээ гэтэл ирээгүй. Харин би том хүүхэдтэйгээ ярья гэтэл яриулахгүй гэсэн. Би хүүхдээ санаад санаа зовоод яримаар байхад эмээ нь загнаад манай нөхөртэй ч яриулахгүй байгаа. Тэгээд эмээ нь малаа ав юм хумаа ав гээд хойноос яриад байхаар нь би очиж авсан. Тэгээд өдийг болтол хүүхдүүдээ яаж байна гэж асуухгүй байгаа. Би 11 сард ирээд 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох гээд хөөцөлдөж байгаа. Гэтэл хадмууд салсан чигээрээ яв гэж дарамтлаад байна. Би бол 2 хүүхдээ л бодож өнчрүүлэхгүй гэж ингэж дарамтлуулж явдаг. Манай сумын засаг даргын дугаарыг хүртэл асууж намайг муулах гэж байна. Би гомдолтой байна. Ажил дээр гэр бүлийн асуудлыг оролцуулаад намайг ажил дээр минь эвгүй байдалд оруулаад байна. Дээрээс нь бас 2 хүүхэд маань аавтай байх уу үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол маш ноцтой асуудал гэж бодож байна... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934006600346 дугаартай хэрэгт хохирогч Ц.Н /хх-ийн 7-11, 100-101 дүгээр хуудас/, гэрч П.Уртнасан /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Н.Номинчулуун /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Н.Доржпүрэв /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Намжим /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Н.Отгон /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч Н.Д /хх-ийн 48-50 дугаар хуудас/, гэрч С.Чимэддулам /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрч О.Тэмүүжин /хх-ийн 104 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболор /хх-ийн 105 дугаар хуудас/, гэрч Б.Нацагдорж /хх-ийн 106 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 542 дугаартай дүгнэлт / хх-ийн 24-25 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 07/346 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 30-39 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 655 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ болон хохирогч Ц.Ны хохирлын баримтууд /хх-ийн 52 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгчийн гадаад паспортын хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/, Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 76 дугаар хуудас/, MED TRAUMA HOSPITAL эмнэлэгийн томографийн шинжилгээ /хх-ийн 102 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Замт 4 дүгээр багийн нутаг “Эрдэнэхангай” гэх газар бэр эгч Ц.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Ны ...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Адаацаг сум руу яваад 28-ны орой ирэхээр болоод хадмындаа малаа захих гээд очоод би машинаас буугаагүй сууж байтал манай нөхөр нилээн удаж байгаад гарч ирсэн. Тэгээд араас нь хадам ээж хамт гарч ирээд миний сууж байсан хаалган дээр ирээд юун Адаацаг явах би хүүгийнхээ толгойг мэднэ чи битгий давраад байгаарай гэж хэлэхээр нь би танай хүүхдүүд найр наадам гээд явдаг би яагаад явж болдоггүй юм гэж хэлтэл над руу шороо шүдэнз цацаад тэгээд манай нөхөр машинтайгаа хөдөлтөл би уурлаад зогсож бай гээд зогсоогоод би машинаас буутал хадам ээж ирж байсан тэгээд манайд нөхөр машиндаа сууж бай гээд намайг түлхээд тэгэхээр нь би цамцнаас нь татаад гарыг нь маажсан тэгээд би машинд сууж байтал хадам ээж ирээд дахиад хэрэлдээд байж байтал Намжим эмээ Д , Номинчулуун гурав ирсэн тэгээд Д машины зүүн хойд хаалга онгойлгоод шууд үсдээд нүүр чих маажаад байж байтал Уртнасан боль гэсэн чинь больсон. Тэгээд миний алтан 1 ширхэг ээмэг алга болсон хайгаад олоогүй, ...ерөөсөө Адаацаг сум явлаа гэх шалтгаанаар намайг үсдээд нүүр чих маажсан. Хадам ээж Уртнасан над руу шороо цацсан. Намайг өөр цохиж зодсон хүн байхгүй... / хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч П.Уртнасангийн ...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай хүү Доржпүрэв манай бэр Н хоёр Адаацагийн наадамд явлаа гэхээр нь явуулахгүй ганц гэр байж гээд Н д чи яасан толгойг нь мэддэг юм гэтэл урдаас манай бэр Н гичий минь би юманд явж болдоггүй чиний хүүхэд явж болдог юм уу гээд л уурлаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр машинтай хөдлөхөөр нь би шороо аваад цацчихсан юм тэгээд замдаа зогсохоор нь би охин Номинчулуун, Д нарын хамт яваад очтол хэрүүл хийгээд хараал хийлгэнэ гэх зэргээр их доромжилсон. Жаахан зулгаасан байх... ...Н машинаас бууж ирээгүй тэгээд өөр зүйл болоогүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Н.Номинчулууны ...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна манай ах Доржпүрэв гэрт орж ирээд Адаацаг явлаа гэсэн тэгээд би нэг сэрсэн чинь гэрийн гадаа бөөн хэрүүл болж байсан тэгээд би яваад очтол Н манай ээж Уртнасанг гичий нохойгоор нь дуудаад орилоод байсан. Тэгээд Д эгч ирээд бас элдэв янзаар хэлээд байсан. Тэгсэн Д эгч машиных нь цаагуур ороод үсдээд авах шиг болсон. Тэгээд эгчийг ээж салгаад л тараад явцгаасан өөр зүйл болоогүй... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч Н.Доржпүрэвийн ...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Адаацаг сум руу наадамд явах гээд тэгээд эхнэр бид хоёр аавынхаар ороод явах болсоноо хэлтэл манай ээж Уртнасан малаа эзгүй орхиод явах гээд байгаа юм уу гээд дургүйцсэн. Тэгтэл манай эхнэр Н манай ээж Уртнасанг пизда минь чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа хөдлөөд явж байтал машины хаалга Н онгойлгохоор нь би зогссон. Тэгээд Н ээж манай дүү нар луу хашгираад байсан. Тэгтэл манай дүү Д , Номинчулуун манай ээж эмээ манай хажуу айлын Чимэддулам нар ирсэн. Тэгээд би явъя гэтэл явахгүй гээд хэрүүл хийгээд байсан. Тэгтэл хэрүүл хийж байгаад Д г хэл амаар доромжлоод байсан. Д ирээд машины зүүн хаалга онгойлгоод Н ы үснээс зулгаагаад маажилцсан байх тэгээд өөр зүйл болоогүй сүртэй зодоон болоогүй байсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
гэрч Ц.Намжимийн ...тэр өдөр Доржпүрэв эхнэр Н хоёр ирээд хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд би очтол тэр хоёр хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд Д Номинчулуун хоёр араас ирсэн тэгтэл бөөн хэрүүл болоод тэгээд Д машины хаалгыг онгойлгоод Н г үснээс нь зулгаасан тэгээд өөр зүйл болоогүй... /хх-ийн 21-р хуудас/,
яллагдагч Н.Дгийн ...Номинчулуунд чи ер нь юу гээд байгаа юм бэ хүнийг хамаагүй янханаар нь дуудах хэрэггүй гээд учирлаад хэлтэл уурлаад миний зүүн гарны бугалага хэсэгт гараараа маажсан. Тэгээд би нөгөө талых нь хаалгаар ороод хаалгыг нь онгойлгосон чинь миний цээж рүү жийхээр нь хажуу талаар нь ороод үснээс нь зулгаагаад таттал ээж намайг салгасан... /хх-ийн 50 дугаар хуудас/,
гэрч С.Чимэддуламын ... Н тай бүгд л хэрэлдээд байсан. Тэрнээс биш энэ тэр гэж голчилж хэлснийг нь мэдэхгүй байна. ...Бэртэл гэмтэл харагдаагүй зүгээр л байх шиг байсан. Миний хувьд сүүлд гарч ирсэн болохоор зодоон, цохион хараагүй. Тэгээд салцгаагаад яваад өгсөн... /хх-ийн 103 дугаар хуудас/,
шинжээч И.Ганболорын ...Уг дүгнэлтийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Тэмүүжингийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолоор үзлэг хийж 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт гарсан. Миний хувьд балаар ямар нэгэн засвар оруулсан зүйл байхгүй. ...Дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... /хх-ийн 105 дугаар хуудас/,
гэрч Б.Нацагдорж ...Миний хувьд уг хүнтэй холбоо бариад Төв аймаг дахь Цагдаагийн газарт очоод шинжээч томилуулаад үзүүлчих гэж хэлж байсан. Тэгээд мөрдөгч, ахлах дэслэгч О.Тэмүүжинг гуйж байгаад шинжээч томилуулан өгсөн байгаа. ... Тухайн үед би дуудлага ихтэй байсан учир өргөдлийг нь бүртгэлээр оруулахаа мартсан байсан тул Цагдаагийн газарт ирж өргөдлийг нь бүртгэлд оруулж амжилгүй нөхөж бүртгэлээр оруулсан бөгөөд уг дүгнэлт нь өмнө нь гарсан байсан юмаа... /хх-ийн 106 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №542 дугаартай ...Ц.Ны биед тархи доргилт, зүүн хацар, зүүн чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ болон хохирогч Ц.Ны хохирлын баримтууд /хх-ийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, MED TRAUMA HOSPITAL эмнэлэгийн томографийн шинжилгээ /хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Д-гийн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Замт 4 дүгээр багийн нутаг “Эрдэнэхангай” гэх газар бэр эгч Ц.Н-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж үснээс нь зулгаан, маажсан, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул түүний дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Н.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон эд хөрөнгөд нь хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Н нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн баримт гаргаж өгсөн ба мөн эд хөрөнгөнд нь учирсан хохиролтой холбоотой үнэлгээний тайлангаар тогтоогдсон 308.000 /гурван зуун найман мянга/ төгрөг, үнэлгээний ажлын хөлс 20.000 /хорин мянга/ төгрөг, нийт 458.000 /дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.Д-гээс уг хохирлыг гаргуулан хохирогч Ц.Н-д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь бензин шатахууны болон бусад зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилдэг боловч энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт байхгүй тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.Д-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Д-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1934006600346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н ийн Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Н ийн Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н ийн Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин мянга буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Н ийн Д д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934006600346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг болон бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Н ийн Д гээс 458.000 /дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч - дугаарын регистртэй, Б овгийн Ц-ны Н д олгосугай.
7. Хохирогч Ц.Н нь бензин шатахууны болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Н.Д-гээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Н ийн Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Н ийн Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН