Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

  2020          01         29                                         2020/ШЦТ/40                              

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овгийн С гийн Б ад холбогдох эрүүгийн 1934008850515 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 08-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1317 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б  овгийн С гийн Б

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б  нь 2019 оны 10 дугаар 02-ны өдөр Төв аймгийн Аргалант Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газрын засмал замын 388/43 дахь километрийн шонгын ойролцоо 51-99 УНО улсын дугаартай Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган С.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б :

...Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934008850515 дугаартай хэрэгт хохирогч С.Ц /хх-ийн 15-16 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Гантөмөр /хх-ийн 21-23 хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Б  /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч А.Гантөмөр /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, яллагдагч Б  /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 731 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 172 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-11 дүгээр хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, СПЭШИЛГРАНДГРУПП ХХК-ийн 019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/19/55 дугаартай албан тоот /хх-ийн 18 дугаар хуудас/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэхийн хураангуй лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

Шүүгдэгч Б  нь 2019 оны 10 дугаар 02-ны өдөр Төв аймгийн Аргалант Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газар “Киа Бонго-3” маркийн 51-99 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган С.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Ц ийн ...2019 оны 10 дугаар арын 02-ны өдөр жолооч Б ын хамтаар Улаанбаатар хот руу тоосго авчихараар компанийн 51-99 УНО улсын дугаартай Киа Вонго маркийн тээврийн хэрэгсэлтэй 07 цаг 40 орчим минутын үед гарсан. Тэгээд замд Хөрс шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал тухайн үед цас ороод зам норсон байсан учир гэнэт машины бөгс хоёр тал руугаа гулгалж гарч ирээд шарваж байгаад засмал замын урд хэсэг рүү бүтэн эргэж онхолдоод жолоочийн талаар харж зогссон. Тэгээд тухайн үед жолоочийн талаар харж зогссон. Жолооч тухайн үед 70 км цагийн хурдтай явж байсан. Зам халтиргаатай байсан болохоор машин шарваж онхолдсон. Ослын улмаас миний баруун гар булчингийн хэсгээр яс хугарсан, нуруу орчмоор өвдөж байна... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрийн ...51-99 УНО улсын дугаартай Киа Бонго-3 маркын тээврийн хэрэгсэл нь манай СПЭШИЛГРАНДГРУПП ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд албан ёсоор бичиг баримтыг нь нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа юм... 51-99 УНО улсын дугаартай Киа Бонго-3 маркын тээврийн хэрэгслийг үнэлүүлэх шаардлага байхгүй бөгөөд бүх эвдрэл гэмтлийг нь засаж янзлаад хэвийн болгосон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ж.Б ын ...Тухайн 51-99 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр байдаг боловч 2019 оны 08 дугаар сард А.Гантөмөр гэх хүнд 13,500,000 төгрөгөөр зарсан, надад гомдол санал байхгүй... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч А.Гантөмөр ...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай жолооч Б , барилгын инженер С.Ц  нар нь Улаанбаатар хотоос барилгын материал авах гэж яваад замдаа онхолдсон байсан. Надад хэлэхдээ бол тухайн үед цас ороод зам халтиргаатай байснаас болоод тээврийн хэрэгсэл шарваж онхолдсон гэж хэлсэн... /хх-ийн 36 дугаар хуудас/,

яллагдагч Б ын ...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд болгоомжгүй байдлаасаа зам тээврийн осол гаргасандаа маш их гэмшиж байна... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 731 дугаартай ...С.Ц ын биед баруун атгаал ясны зөрсөн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 172 дугаартай ...51-99 УНО улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-11 дүгээр хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

  

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б ын “Киа Бонго-3” маркийн 51-99 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн С.Ц ийн биед хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч Б  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

 

Мөн шүүгдэгч Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.   

 

Иймд шүүгдэгч Б ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Цэнд-Аюуншын биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрийн эд хөрөнгөд тус тус хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Б  нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын талаар хохирогч С.Ц тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан ба иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэж мэдүүлсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, үлдэх 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүйг тус тус харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934008850515 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

           хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

     36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

           хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овгийн С гийн Б ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б  овгийн С гийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б  овгийн С гийн Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

     

4. Шүүгдэгч Б  овгийн С гийн Б ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1934008850515 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч С.Ц ид 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б  овгийн С гийн Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б  овгийн С гийн Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН