Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 878

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Г,  хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Э, түүний өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Л.О нарыг оролцуулан

Нэхэмжлэгч: Алтан харуул овогт Г ийн Б  

Нэхэмжлэгч: Дончинбуу овогт Д ын Ю 

Нэхэмжлэгч: Онход овогт Г  О  

Нэхэмжлэгч: Халзан овогт Р ийн М  

Нэхэмжлэгч: Тайж овогт Ч гийн Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан даргалагч Б.Э ,              

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Боржигин овогт Л гийн О

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай”  захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал болж, уг хурлаар хорооны Засаг дарга болон Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргыг сонгосон байна. 

Энэхүү хурлыг хийхдээ Хурлын тэргүүлэгчид болон хорооны ажилчид хурлын зарыг хорооны иргэдээсээ нууж зөвхөн өөрсдийнхөө ойрын хамаатан садан, тойрон хүрээлэгчид, Ардчилсан намын зарим гишүүдийнхээ хамтаар Монголын Ардчилсан холбооны байранд хийжээ. 

Дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэж заасан иргэд бидний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон ба бид дээрх хурлаар хорооны Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд нэр дэвших, бусдыг нэр дэвшүүлэх зорилготой байсан болно. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна”, мөн хуулийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж тус тус заасан байдаг ба энэхүү заалтын дагуу анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарлан хуралдуулах ёстой атал уг хурлыг зориуд хуралдуулалгүй өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж хууль ёсыг хүндэтгэлгүй дураараа авирлаж, шинэ сонгогдох иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөөр ирсэн. 

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болсон гэх иргэдийн Нийтийн Хурал нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан иргэний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон тэргүүлэгчид зарлан хуралдуулсан учир дээрх үндэслэлүүдээр хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Нэхэмжлэгчид бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг  тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, мөн хуулийн 93.2-д “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухай актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасны дагуу хурлын  тогтоолыг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хурал хуралдуулсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Э т мэдэгдэх гэсэн боловч өөрөө хорооныхоо байранд ирэхгүй, гар утас уруу нь 08 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд 5-6 удаа залгахад утас нь дуудаж байгаа боловч авахгүй байна. Хорооны иргэний танхимын ажилтан нь амралтаа авсан учир авах боломжгүй гэж утсаар холбогдоход мэдэгдсэн, хорооны зохион байгуулагч нь иргэдийн Нийтийн Хурал бидэнд хамаагүй учир авч чадахгүй гэсэн. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Иймд 2017 оны 08 дугаар 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан Засаг даргыг томилох, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож иргэдийн Нийтийн Хурлын товыг дахин гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б   шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсан. Миний бие иргэдийн Нийтийн Хуралд өрсөлдөхөөр бэлдэж байсан. Мөн бусад оршин суугчид хуралдаанд оролцохоор бэлтгэж байсан боловч тус өдрийн хуралдааны зарыг гаргалгүйгээр хуралдааныг хийсэн байсан. Миний бие хуралдааныг 08 дугаар сарын  09-ний өдөр болно гэсэн мэдээллийг сонсоод 08 дугаар сарын 08-ны өдөр хорооны байранд очиж асуухад 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаан болохгүй гэж хэлж байсан. Улмаар хуралдаан болсны дараа дахин очиж уулзахад хорооны ажилтнууд энэ талаар сайн мэдэхгүй байсан. Иймд хууль бусаар болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан тогтоолууд буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Г  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг хуралдуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагуудыг биелүүлээгүй байна. Иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн тул эдгээр актууд нь эрх зүйн зөрчилтэй акт гэж дүгнэн нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан. Гэвч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулаагүй учраас иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хариуцагчийн зүгээс тухайн хуралдааныг 15 хоногийн өмнө зарлан хуралдуулсан тухай фото зургийг гаргаж өгсөн гэх боловч фото зургууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь эдгээр фото зургуудад огноо байхгүй, хэзээ авсан нь мэдэгдэх боломжгүй байна.

Маргаан бүхий Засаг даргыг томилуулахаар уламжилсан тогтоол нь хуульд заасан журмын дагуу гараагүй. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт баг, хорооны Засаг дарга нь  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой талаар заасан. Гэтэл шүүхээс үзлэг хийсэн баримт болон бусад хэрэгт авагдсан баримтуудаас харахад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга эдгээр шаардлагыг хангасан эсэх нь тогтоогдохгүй байна.

            Иймээс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 03, 04, 05 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан даргалагч Б.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч нар нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хорооны иргэдээс нууж, зөвхөн өөрсдийнхөө ойрын хамаатан садан, тойрон хүрээлэгчид, Ардчилсан намын зарим гишүүдийнхээ хамтаар Монголын Ардчилсан Холбооны байранд хийсэн. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчиж, тэдний нэр дэвших, бусдын нэрийг дэвшүүлэх эрхийг хязгаарласан гэжээ. 

Миний бие 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааныг 07 дугаар сарын 27-ны өдөр миний оршин суух байрны зарлалын самбараас иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болох тухай зарыг харж хуралд оролцсон болно. Ийнхүү оролцоход хуралдаан даргалагчийг томилох санал асуулга явуулсан ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар намайг сонгож, хуралдаан даргалсан болно. 

Намайг хуралдаан даргалагчаар сонгогдох болон хуралдааныг даргалах үйл явцтай холбогдуулж ямар нэгэн санал, гомдол гарч байгаагүй болно. Түүнээс гадна иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт болж хорооны иргэн Д.Э  100 хувийн саналаар сонгогдож, түүнийг баталгаажуулсан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол үйлдэж баталгаажуулахад ямар нэгэн эсрэг саналтай иргэн байгаагүй бөгөөд хурлын дэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсны тогтоол үйлдэж, гарын үсэг зурсан болно. 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 7 дугаар хороонд бүртгэлтэй 2530 өрхөөс 123 өрхийн төлөөлөл ирж буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж зааснаар хүчин төгөлдөр ирцтэйгээр хурал хуралдаж дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгон уламжилсан болно. 

Иймээс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан тогтоолууд хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг үндэслэн Тэргүүлэгчдийн 12 дугаар тогтоолоор тов тогтоох болон хэлэлцэх асуудлыг баталсан. 

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тов тогтоох хурал хуралдаж байх үед 2 дугаар сургуулийн байр болон Эрдэмтөгс сургуулийн байр их засвартай байсан тул хурал хийх боломжгүй байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд зөвхөн эдгээр байруудад хурал хийж, хурал хийх нөхцөл бүрэлдсэн байранд хурлын үйл ажиллагаагаа сэлгэн явуулж байсан. 

Ардчиллын ордны хурлын танхимд болох Анхдугаар хуралдааны зарыг тус хорооны Засаг дарга, түүний ажлын алба 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс нийтэд илээр орцны зарын самбаруудад байршуулсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасныг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. 

Мөн энэхүү хуралдаанд манай хорооны 2530 өрхийн төлөөлөл болох 123 өрх оролцсон. Манай хороо иргэдээ нам эвслээр нь ялгаварладаггүй, иргэддээ төрийн үйлчилгээг тэгш хүргэх үүрэг хариуцлагаа ухамсарласан баг, хамт олон ажилладаг. Иймээс манай иргэд хорооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. 2015 оноос хойш жил дараалан Нийслэлийн шилдэг 20 хороонд багтсан. Улсын хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “хоггүй цэвэр хороо” уралдаанд 2016 оны шилдэг хороогоор шалгарч байсан. Мөн энэ оны нийслэлийн шилдэг спорт хороогоор шалгарсан. Манай хорооны Засаг дарга, ажлын баг, хамт олон иргэддээ тэгш үйлчилдэг.

Анхдугаар хуралдаанаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргад нэр дэвших, нэр дэвшүүлэх, өрсөлдөх эрх нь иргэдийн хувьд нээлттэй байсан. Анхдугаар хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг тайлбарлаж бичихдээ анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарлан хуралдуулах ёстой атал зориуд өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж, хууль ёсыг хүндэтгэлгүй дураараа авирлаж, шинэ сонгогдох иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөөр ирсэн гэж бичжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн хуралдааны чөлөөт цагт тэргүүлэгчид мөн” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2, Жаран хоёрдугаар дугаар зүйлийн 2 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүрэн эрх нь дуусгавар болох байсан иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид эдгээр заалтыг үндэслэсэн тул дээрх тайлбаруудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зүйлийг үндэслэсэн нь иргэдийн Нийтийн Хурлын зүйл заалтад хамаарахгүй болно. 

Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Иймээс ээлжит сонгууль гэдгийг 2016 оны 10 сард болсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Орон нутгийн сонгуультай холбон тайлбарласан нь үндэслэлгүй юм. Тийм учраас 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, бүрэн эрх нь дуусгавар болж буй одоогийн тэргүүлэгчдийг сонгосон байдаг. Иймд бид хуулийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, хурлын товыг зарлан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээлттэйгээр Анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. 

Иймд нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан зүйлүүд хуулийн үндэслэлгүй байна. 

Хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг гаргасан Тэргүүлэгчид 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон. Тиймээс тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол нь хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр тогтоол юм. Иймд нэхэмжлэгч Г.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А  шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа:

  “Бидний зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй. Учир нь 07 дугаар сарын 26-ны хуралдаан товлогдсоноос хойш тус хорооны Засаг даргын ажлын алба хуралдааны товыг боломжит хувилбараар буюу бүх орцнуудын зарлалын самбарт нааж байршуулан мэдээллийг хүргэсэн.

            Нэхэмжлэгч Г.Б  өөрөө иргэдийн Нийтийн Хуралд өрсөлдөхөөр бэлтгэж байсан гэлээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Б гийн сонгуульт албан тушаал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавьдаг субъект мөртлөө хорооны иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч болно гэдэг нь өөрийнхөө хяналт тавьж буй байгууллагынхаа гишүүн болно гэсэн үг. Энэ нь хуулийн шаардлагад нийцэхгүй.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн хуулийн шаардлага байгаа. Өмнөх иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон. Эдгээр хүмүүсийн бүрэн эрх нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 07 дугаар сарын 26-ны өдөр анхдугаар хуралдааны товыг тогтоосон. Иймд 20 хоногийн дотор гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

            Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын ажлын алба буюу Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, хорооны үйл ажиллагааг хариуцаж буй хүмүүс иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг мэдэх боломжгүй. Хорооны Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлын өмнө ажлаа хариуцан тайлагнах ёстой байдаг. Хороонд төсөв мөнгө байхгүй учраас боломжит хувилбараар буюу 20 орчим байрнуудын орцны зарын самбарт наасан.

            Нэхэмжлэгч хэрвээ маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болох хуулийн шаардлагыг тус тус шаардана. Нэхэмжлэгч 5 иргэний эрх ашиг нь хэрхэн зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна.

            Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 5 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт биш юм. Тус тогтоол нь иргэдээс сонгосон нэг этгээдийг Засаг даргаар томилж өгөхийг уламжилсан бичиг юм. Тус хорооны Засаг даргыг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байгаа бол дүүргийн Засаг даргын томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад явах боломжтой.

            Тухайн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрсдөө товоо гаргаж, хуралдаанаа хийсэн тул энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхтэй холбоотой маргаан биш байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан бөгөөд тус хорооны 2530 өрхөөс хуралдаанд 123 өрхийн төлөөлөл ирсэн буюу хурлын ирц 20.6 хувь байсан тул хурлын үйл ажиллагаа, хурлаас гарсан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна” гэв.

Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Л.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“Нэхэмжлэгч нар 2017 оны 08 сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хурлыг хорооны иргэдээс нууж зөвхөн өөрсдийнхөө ойрын хамаатан садан, тойрон хүрээлэгчид, Ардчилсан намын зарим гишүүдийнхээ хамтаар Монголын Ардчилсан холбооны байранд хийсэн. Энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ..." гэж заасныг зөрчиж, тэдний нэр дэвших, бусдын нэрийг дэвшүүлэх эрхийг хязгаарласан гэжээ.

Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэдэг нь аливаа нэр дэвшигч болон сонгогчдын сонгуультай холбоотой үйл явдалд чөлөөтэй, аливаа хязгаарлалтгүйгээр оролцох, хараат бусаар нэрээ дэвшүүлэх болон хэн нэгний нэрийг дэвшүүлэх эрхийг чөлөөтэй эдлэх тухай өргөн ойлголт билээ.

Хорооны Засаг даргын бүрэн эрх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө ... ажлаа хариуцна" гэж зааснаар тодорхойлогдоно.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 07 дугаар сарын 26-ний өдөр “Тов тогтоох тухай” 12-р тогтоол гаргасан. Дээр дурдсан хуулийн дагуу хорооны Засаг дарга нь тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгч болохынхоо хувьд уг тогтоолыг хэрэгжүүлсэн болно.

Уг шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд хорооны олон нийтийн үйл ажиллагааг явуулдаг байсан 2 дугаар сургууль болон Эрдэмтөгс сургуулиудын байр их засвартай байсан тул хурал хийх боломжгүй байсан. Ингээд өмнө хэд хэдэн удаа олон нийтийн арга хэмжээ хийж байсан “Монголын Ардчилсан Холбоо" ТББ-ын байрыг хүсэлт гаргаж ашигласан болно. Ийнхүү хурлын тов болон болох газрыг 2017 оны 07 дугаар сарын 26-ний өдрөөс нийтэд илээр бүгдэд ойлгомжтойгоор орцны зарын самбаруудад байршуулсан болно. Улмаар хурлын өдөр хуралд оролцсон нийт гишүүдийн дундаас нэр дэвшигчид шалгарч, хурал дэгийн дагуу үргэлжилж дээрх тогтоолуудыг гаргасан болно.

Хороонд санхүүжилт байхгүй гэдгийг нэхэмжлэгч Г.Б  дүүргийн Төлөөлөгчийн хувьд сайн мэдэж байгаа. Иймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуралдааны зарыг мэдээлэх боломж байхгүй. Хорооны ажилчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас цалинждаг. Өмнө нь иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хийхэд мөн байрнуудын орцонд зарлалыг нааж иргэдэд зарыг хүргэдэг байсан.

Нэхэмжлэл гаргасан хүмүүсийг би бүгдийг нь танина. Эдгээр иргэд хэзээ ч манай өрөөнд ирээд хуралдааны зарыг асууж болох байсан. Хуралдаанаас өмнө нэхэмжлэгч нар надтай гадаа таарч байсан. Хэн ч надаас хурлын товыг асуугаагүй. 

            Мөн нэхэмжлэл гаргасан 5 хүнээс Р.М , Г.О  нар нь хуралдаан болох үед амралтад байсан. Би хорооны Засаг даргын хувьд нийгмийн халамжаас ирж буй хөнгөлөлтөд тодорхойлолт бичиж гарын үсэг зурсан учраас мэдэж байна. 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын өмнөх Тэргүүлэгчид нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдож байсан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар 3-5 хүний бүрэлдэхүүнтэй 4 жилийн хугацаагаар сонгогддог болно. Нэхэмжлэгч тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн сонгуулийг тус хуулийн 23.5-д заасан баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийн сонгууль болон тэдгээрийн хугацаатай андуурч нэхэмжлэл гаргасан ба 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон хорооны Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх 2016 оны 10 сард болсон сонгуулиар сонгогдсон Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай андуурч болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон тэргүүлэгчид 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж шинээр үүсэх хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох хурлын товыг тогтоосон нь аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй болно. Ингээд тов тогтоосон өдөр нийт 7-р хороонд бүртгэлтэй 2530 өрхөөс 123 өрхийн төлөөлөл ирж буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж зааснаар хүчин төгөлдөр ирцтэйгээр хурал хуралдаж тэргүүлэгчид, дарга, засаг даргыг сонгон уламжилсан болно.

Иймээс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан тогтоолууд хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд “2017 оны 08 дугаар 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан Засаг даргыг томилуулах, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, иргэдийн Нийтийн Хурлын товыг дахин гаргахыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн болно.

Шүүх нэхэмжлэгч нараас ирүүлсэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах нөхцөлгүй гэж үзсэнээс гадна маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр шууд хүлээн авах боломжтой гэж үзсэн. Учир нь маргааны зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан захиргааны акттай холбоотой байв.

Нэхэмжлэгч нар нь “Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг зарласан, хорооны иргэдэд зарыг хүргэхгүйгээр хуралдсан, нэхэмжлэгч нарын болон бусад иргэдийн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, маргаан бүхий Засаг даргыг томилуулахаар уламжилсан тогтоол нь хуульд заасан журмын дагуу гараагүй” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. 

Хариуцагч захиргааны байгууллага нь “энэхүү хуралдаанд манай хорооны 2530 өрхийн төлөөлөл болох 123 өрх оролцсон. Манай хороо иргэдээ нам эвслээр нь ялгаварладаггүй, иргэддээ төрийн үйлчилгээг тэгш хүргэх үүрэг хариуцлагаа ухамсарласан баг, хамт олон ажилладаг. Өмнөх иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон тул эдгээрийн бүрэн эрх 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоос өмнө буюу 07 дугаар сарын 26-ны өдөр анхдугаар хуралдааны товыг тогтоосон нь 20 хоногийн дотор гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна. Иймд хурлын үйл ажиллагаа, хурлаас гарсан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр” гэж татгалзлаа тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “нэхэмжлэгч нарыг би бүгдийг нь таних бөгөөд эдгээр иргэд хэзээ ч манай өрөөнд ирээд хуралдааны зарыг асууж болох байсан, хэн ч надаас хурлын товыг асуугаагүй. Мөн эдгээр 5 хүнээс Р.М , Г.О  нар нь хуралдаан болох үед амралтанд байсан. Хурлын тов болон болох газрыг 2017 оны 07 дугаар сарын 26-ний өдрөөс нийтэд илээр бүгдэд ойлгомжтойгоор орцны зарын самбаруудад байршуулсан ба хуралд оролцсон нийт гишүүдийн дундаас нэр дэвшигчид шалгарч, хурал дэгийн дагуу үргэлжилж дээрх тогтоолуудыг гаргасан, хууль зөрчөөгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Шүүх багасган өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэр бүхий нэхэмжлэгчдийн нэхэмжлэл, түүний шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын өмгөөлөгч нарын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбарыг тал бүрээс шинжлэн судалж, үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал /цаашид ИНХ гэх/-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 7 сарын 26-ны өдрийн “Тов тогтоох тухай” 12 дугаар тогтоолоор  тус хорооны ИНХ-ын Анхдугаар хуралдааныг Ардчиллын ордны хурлын танхимд 2017 оны 8 сарын 09-ний өдрийн 08 цагт хуралдуулахаар товыг тогтоож, уг хуралдаанаар хорооны ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох тухай, хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай гурван асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар 2017 оны 8 сарын 09-ний өдрийн 08.30 цагт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын Анхдугаар хуралдаан 123 иргэний ирцтэйгээр хуралдаж, холбогдох захиргааны актуудыг батлан гаргаж, 09.18 цагт дууссан болохыг баталгаажуулж тэмдэглэл  үйлджээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо нь 2530 өрхтэй , сонгуулийн насны 6067 иргэнтэй , тус дүүргийн томоохон хорооны нэг аж.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны ИНХ-ын дарга сонгох тухай 03 дугаар тогтоол , “Хорооны ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол , “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоол -ыг тус тус тодорхойлж, эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн ба харин анхдугаар хуралдааны хугацаанд ажилласан Тооллогын комиссын шийдвэр болон бусад асуудалтай холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа үндэслэл болгосон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д: “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”, 17.1.2-д: “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ... сум, дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлэх”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д: “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23 дугаар зүйлийн 23.10-д: “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-д: “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ... хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д: “ баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд .... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаатанд санал болгоно” гэж тус тус хуульчилжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас харвал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хорооны ИНХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд ИНХурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын шинжтэй асуудлуудыг нэг мөр хэлэлцэж шийдвэрлэхээр тухайлбал, хорооны Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, хорооны Засаг даргыг томилуулахаар нэрийг нь өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, ийнхүү хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бүрэн эрх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар зөвхөн тухайн Хурлын өөрт нь хадгалагдах онцгой бүрэн эрх байж, хэрэгжүүлэх гол боломж нь “Анхдугаар” хуралдаан байхаар байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т: “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлана хуралдуулна” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нар нь дээрх хуулийн заалтын дагуу “хорооны Анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарлан хуралдуулах ёстой байсан” гэж маргадаг бол хариуцагч захиргааны байгууллага нь “ээлжит сонгууль гэдгийг 2016 оны 10 сард болсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Орон нутгийн сонгуультай холбон тайлбарласан нь үндэслэлгүй, одоогийн Тэргүүлэгчдийг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж сонгосон байдаг. Иймд бид хуулийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, хурлын товыг зарлан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээлттэйгээр анхдугаар хуралдааныг зохион байгуулсан” хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: “... нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, 3.4-т: “... хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн”, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т: ”Засаг захиргаа, нтаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараах бүтэцтэй байна” гээд 7.1.2-т: “ ... хорооны иргэдийн Нийтийн Хурал”, 7.1.3-т: “... Хурлын хуралдааны чөлөөт цагт тэдгээрийн Тэргүүлэгчид”, 7.1.4-т: “... баг, хорооны Засаг дарга” гэж тус тус заасан бол мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна” гээд 9.1.3-т: “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал” гэжээ.

Шүүх үзэхдээ, “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна”, “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, “нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэх Монгол Улсын Үндсэн хууль болоод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эдгээр ойлголтуудтай, мөн дээрх хуулиудын үзэл баримтлал, утга санаанд бүрэн нийцэж, ардчилсан ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёс, хууль дээдлэх гэхчлэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хангагдсан байдлаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдах байсан.

Энэ утгаараа “ээлжит сонгууль” гэсэн хуулийн агуулгад хорооны Анхдугаар хуралдаан хамаарч хуралдах байсан байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т: “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн ... Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.” хэмээн тодорхойлж заасан ба хариуцагч нь “одоогийн Тэргүүлэгчдийг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж сонгосон, бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх ёстой” гэж үзэж буй нь учир дутагдалтай. Хэдийгээр  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.5-д: “... дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн хугацааны хувьд тодорхойлсон байх боловч уг заалтын өмнөх заалт буюу хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т: “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... хуралдуулна” хэмээн мөн тодорхой хугацаа заасныг хариуцагч захиргааны байгууллага анхаарч, үйл ажиллагаандаа мөрдөх байжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтын ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдөр гэдэгт Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2: “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж хуульчилсан нь мөн хамаарах болохыг дээр дурдсан хуулиудын үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах нь зүйн хэрэг байна.

Тэгэхээр маргаан бүхий захиргааны актуудыг баталсан хорооны анхдугаар хурал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, нэмэлт санал хураалт 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус явагдсаныг анхаарч, хугацааны хувьд дээрх огнооноос тоолон, энэ талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тоотыг  хэрэгжүүлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааны тов тогтоож шийдвэрлэх байтал уг хугацааг баримтлаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим баримтлаагүй буруутай байна.

Тэрчлэн “Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлана хуралдуулна” гэх хуульд заасан хугацааг мөн баримтлаагүй байна. Хугацааг тодорхойлох талаарх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д зааснаар авч үзвэл, хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааныг товлохдоо 2017 оны 7 сарын 26-ны өдөр хуралдаж, 2017 оны 8 сарын 09-ний өдөр байхаар тогтоосон нь хамгийн багадаа 15 хоногийн өмнө товлох хуулийн шаардлагыг хангахгүйгээр 14 хоногийн өмнө товлосон нь хууль зөрчсөн, нөгөөтэйгүүр ажлын өдөр, ажлын цаг эхлэх 08 цагаар товлосон нь нутгийн өөрөө удирдах ёсны “бодит чадвар” илүү бодитой зөв хэрэгжих боломж байсан гэх итгэл үнэмшил, нэхэмжлэгч нарын анхдугаар хуралдааны зар мэдээгүй гэх тайлбарыг үгүйсгэх баримтыг хариуцагч гаргаж чадахгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д: “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь ... нээж удирдана” гэжээ. Анхдугаар хуралдааны материалаас үзвэл, хуралдаан даргалагч Б.Э  тухайн анхдугаар хуралдаанд хүрэлцэн ирсэн сонгуулийн насны иргэд дотроос хамгийн ахмад настай нь байсан гэдгийг нотлох баримт буюу хуралдаанд оролцогчдын регистрийн дугаар авагдаагүй, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д: “хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 26.6.1: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 26.6.2: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 26.6.3: “ялгүй байх” хэмээн гурван шаардлагыг хуулиар хорооны Засаг даргад нэр дэвшигч нь хангаж байх ёстойг заажээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргад нэр дэвшигчийн талаар эдгээрийг нотолсон ямар нэгэн баримт анхдугаар хуралдааны материалд байхгүй, энэ хэргийн гуравдагч этгээд Л.О нь хуулийн дээрх шаардлагыг хэрхэн яаж хангасан талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зүйлгүй байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т: “Хуралдааныхаа дэгийг тухайн Х

урал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан. Маргаан бүхий захиргааны актуудыг баталсан анхдугаар хуралдаан хэрхэн ямар дэгтэйгээр хуралдсан нь тодорхойгүй, энэ талаар баримт, дэгийг баталсан тогтоол гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нэг үндэслэл болж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болохынхоо хувьд нөгөө талаас тухайн хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох Хурал бөгөөд хэлэлцэж буй асуудал нь зохион байгуулалтын шинжтэй байх тул хуралдааны дэгийг заавал баталсан байх шаардлагатай байна. Хуралдааны тэмдэглэлд хуралдааны “дотоод журам”-ыг хэлэлцүүлж батлуулах талаар дурдсан байх боловч уг “дотоод журам” нь хуралдааны дэг мөн эсэх, уг баримт болон түүнийг баталсан тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргаагүй байх тул үнэлэх боломжгүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт зөрчигдөж, бидний хорооны ИНХ-д оролцож сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй, анхдугаар хуралдаан нь дээрх байдлаар холбогдох хуулийг зөрчсөн нь нэхэмжлэгч нарын тухайн өөрийн амьдарч буй хорооны ИНХуралд оролцож өөрийн нэрийг дэвшүүлэх, бусад этгээдийн нэрийг дэвшүүлэх зэргээр санал өгөх, сонгох сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болсон, үүгээрээ маргаан бүхий захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т: “аймаг, нийслэлийн Хурлын дарга нь сум, дүүргийн Хурлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй” гэснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тоотыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хуулийн заалтыг адилтгах байдлаар хэрэгжүүлж “зөвлөмж” -ийг гаргахдаа даруй долоон сар гаруй хугацааны дараа гаргасан нь учир дутагдалтайг тэмдэглэж байна.

Харин Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо нь нийт 2530 өрхтэй, үүнээс 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирвэл хүчинтэйд тооцогдох ба хуралдаанаар маргаан бүхий асуудлыг хэлэлцэхэд нийт 123 иргэн санал өгсөн нь хуульд заасан ирцтэйгээр хорооны ИНХ-ын хуралдаан явагдсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д нийцсэн гэж үзнэ.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэл гаргач нарт буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.14, 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б  нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН