Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0282

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.М-ын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-с Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах чиг үүрэгтэй ч Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна” гэж заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс гаргасан дүгнэлттэйгээ холбоотойгоор хариу тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн мөрийн хөтөлбөр “Тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчим, хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх” гэсэнд нийцээгүй гэснээс өөр тайлбар хийгээгүй цаашлаад Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйл, жаран есдүгээр зүйлийг хамааруулан тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасан. Хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан болох Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хувьд мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан нь аливаа зарчмыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй харин ч сонгуулийн үр дүнд сонгогдсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах бүрэн эрхтэй болно. Тухайн санаачилга нь ямар процессоор явагдахыг Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, жаран есдүгээр зүйлүүдээр тус тус зохицуулсан байна. Гэтэл шүүхээс хариуцагч хуульд нийцээгүй гэсэн дүгнэлтийг гаргахдаа тогтвортой хөгжлийн засаглал гэсэн ойлголтыг хэрхэн тодорхойлж, ойлгож байгаа, яагаад нийцээгүй болох үндэслэл хэрхэн нотлогдсонд дүгнэлт өгөөгүй харин “мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах чиг үүрэгтэй учраас эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан үйл ажиллагаа нь үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийн Үндэсний аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийн 2 дугаар хавсралтад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.М “... Миний бие мөрийн хөтөлбөрөө өөрийн үзэл бодол, иргэд нийтийн ашиг сонирхлын үүднээс цаашдын улсын хөгжил, үндэс суурийг бататгах, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаатай эдлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор багагүй хугацаанд судалж, нягтлан хуульд нийцүүлэн боловсруулсан ... мөрийн хөтөлбөрийн хувьд хуульд нийцсэн Үндэсний Аудитын газраас дүгнэлт гаргах бүрэн боломжтой ... Үндэсний аудитын газрын хууль бус шийдвэрийн улмаас сонгогдох эрхээ эдэлж чадаагүй..., Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр зохицуулсан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, өөрийн үзэл бодол, зарчмын үүднээс хуульд нийцүүлэн бэлтгэсэн мөрийн хөтөлбөр бүрийг ... хязгаарлан эрх ашгийг минь зөрчих бүрэн боломжтой..., шүүхээр эцэслэн шийдвэрлүүлснээр иргэн Д.М миний бие дараа дараагийн сонгуулийн харилцаанд сонгогдох эрхээ эдэлж, өөрийн үзэл санааг илэрхийлэх боломжтой ...” гэсэн үндэслэлээр “Үндэсний аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Үндэсний аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгээр иргэн Д.М-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянан “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвших иргэн Д-ийн М-ын “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т аудит хийхэд хуульд нийцээгүй зорилт, арга хэмжээг тусгасан байх тул дүгнэлт гаргах боломжгүй” гэж дүгнэсэн, уг албан бичгийн нэгдүгээр хавсралтаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн нэхэмжлэгч Д.М-ын мөрийн хөтөлбөрийн “Монгол Улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудын чанарыг олон улсын стандартад нийцүүлж, ерөнхий боловсролыг хүүхэд бүрт үнэгүй, тэгш, хүртээмжтэй олгоно” гэсэн хэсэг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж, хоёрдугаар хавсралтаар “... Д.М-ын мөрийн хөтөлбөрийн “VI. Үндсэн хуулийн өөрчлөлт, 6.1.1 Эдүгээгийн аймгуудыг нэгтгэсэн засаг захиргааны цоо шинэ нэгж (бүс), Сумдыг нэгтгэсэн шинэ нэгж (хошуу), Багуудыг нэгтгэсэн шинэ нэгж болох (сум)-ийг тус тус байгуулж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх; 6.1.2 “Монгол Улсын нийслэлийг улсын төвд нүүлгэн шилжүүлэх; 6.1.3 Хоёр танхимтай парламентыг хуульчилж АИХ, УБХ-ыг байгуулах. УБХ-ыг порпорциональ тогтолцоогоор, АИХ-ыг мажоритар тогтолцоогоор бүрдүүлэх. Улсын төсвийн батлах, ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болон томилгооны чиг үүргийг АИХ-д хариуцуулах. УБХ ээлжийн амралтаас бусад цагт хууль боловсруулж батлах ажлыг нягт нямбай хийх хуваарь тогтоох. 6.1.4. Улсын сүлдийг солих, 6.1.5. Улс төрийн намын эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх, үүний тулд а. Онол үзэл баримтлал, b. Санхүүжилтийн эх үүсвэр (улсын төсөв), c. гишүүнчлэлийг хуульчлахаар шинэтгэх” гэсэн хэсгийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцээгүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөн хуулийн 38.3-д “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно”, 38.3.4-д “иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх”, 38.3.6-д “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал”, 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглох зүйлийг тодорхой зааж хуульчилжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.4-д “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь тогтвортой засаглал мөн. Тогтвортой засаглалыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах номлолын дагуу улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулж, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлж, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэртэй хөгжлийг бататгахад оршино. Тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчим: - хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх” гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар  оршин тогтнохуйн  эрх зүйн үндэс, Монгол Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг мөн бөгөөд энэ хүрээнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл  ажиллагааны зарчим, журмыг энэ хуулиар тодорхойлж зохицуулна” гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж,  8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно” гэж Үндсэн хуульд хууль санаачлах эрх бүхий этгээдийг, үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга журмыг тус тус зааж хуульчилжээ. 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, 2-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна”, Жаран есдүгээр зүйлийн 1-д “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална”, 2-д “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй”, 3-д “Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно”, 4-д “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж  тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санаачлах, нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа нь хуулиар тогтоосон дэг журмын дагуу хэрэгжихээр байхад нэхэмжлэгч мөрийн хөтөлбөртөө “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” талаар буюу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд сонгогдсон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх, Монгол Улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, улсын сүлдийг солих зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүн болсон тохиолдолд өөрөө дангаараа хийж хэрэгжүүлэх боломжтой мэтээр тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга журмыг зааж хуульчилсан холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул түүний “2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших мөрийн хөтөлбөр”-ийн VI. “Үндсэн хуулийн өөрчлөлт” хэсгийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.4-д заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйл, Жаран есдүгээр зүйлд заасантай тус тус нийцээгүй, хуульд нийцээгүй зорилт, арга хэмжээг тусгасан” гэсэн үндэслэлээр “дүгнэлт гаргах боломжгүй” гэж үзсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн  үндэслэл бүхий болжээ.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан болох Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хувьд мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан нь аливаа зарчмыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй харин ч сонгуулийн үр дүнд сонгогдсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах бүрэн эрхтэй ... тухайн санаачилга нь ямар процессоор явагдахыг Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, жаран есдүгээр зүйлүүдээр тус тус зохицуулсан ... шүүхээс хариуцагч хуульд нийцээгүй гэсэн дүгнэлтийг гаргахдаа тогтвортой хөгжлийн засаглал гэсэн ойлголтыг хэрхэн тодорхойлж, ойлгож байгаа, яагаад нийцээгүй болох үндэслэл хэрхэн нотлогдсонд үнэлэлт дүгнэлт өгөөгүй харин “мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах чиг үүрэгтэй учраас эрх хэмжээний хүрээнд явуулсан үйл ажиллагаа нь үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн нь ... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь “2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших мөрийн хөтөлбөр”-ийн VI. “Үндсэн хуулийн өөрчлөлт” хэсэгтэй холбоотой мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр, зардлын дүн зэргийг тусгаагүй, энэ талаар тайлбар, нотолгоо гарган мэтгэлцээгүй байх тул түүний мөрийн хөтөлбөр Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.17-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах” Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” гэж тус тус хуульчилсантай нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан бөгөөд мөн зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэрийн төрлийг зааж хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвших эрхийг хөндсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар маргасан Үндэсний аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн маргаан бүхий 01/1676 дугаар албан бичиг нэгэнт хэрэгжсэн байх боловч нэхэмжлэгч уг албан бичгийг дээрх хуульд заасны дагуу “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүйг, мөн шүүхийн шийдвэрийн “... Үндэсний аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн маргаан бүхий 01/1676 дугаар дүгнэлтийн нэгдүгээр хавсралтаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн нэхэмжлэгч Д.М-ын мөрийн хөтөлбөрийн “Монгол Улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудын чанарыг олон улсын стандартад нийцүүлж, ерөнхий боловсролыг хүүхэд бүрт үнэгүй, тэгш, хүртээмжтэй олгоно гэсэн нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг зөв” гэж дүгнэсэн хэсэгтэй холбогдуулан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй..

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ