| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0068/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 66
2020 оны 02 сарын 13 өдөр Дугаар 2020/ШЦТ/66 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн А ын А.Б т холбогдох эрүүгийн 1934006840441 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, өрлөгчин, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хадам эх, эмээ, эхнэр, 2 хүүхэд, 2 үеэлийн хамт Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт-Өндөр 2 дугаар баг, 01-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 15 хоногийн баривчлах ялаар,
Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, -дугаарын регистртэй, Б овгийн А ын А.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Шатан 2 дугаар багийн нутагт иргэн П.О ийн баруун шуун хэсэгт шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Б :
...Урьд өдөр нь нилээн халамцуу П.О манайд ирсэн юм. 2019 оны 08 дугаар сарын 11-нд аймагт архи зарахгүй, дэлгүүр хаасан байсан. Шөнө манай найзууд бас ирсэн. Тэр шөнөө муудалцаж хэрүүл болсон юм. Тэгээд П.О гараад явсан. Тэгээд өглөө нь П.О ийн машинд шатахуун хийгээд эхнэрийн хамаатан гэрлүү хүргээд өг гээд байхаар нь хүргэх гээд явж байтал Отгобилэг өөрөө таараад хүргэж өгөхгүй гэж уурлаад больсон юм. Тэр үед П.О 4-5 найзтайгаа хамт байсан. Тэгээд голын эрэг рүү бид явцгаасан юм. Гол дээр очоод 4-5 шил архи ууцгаасан. Тэр үед манай эхнэрийг оролдоод нөхрийгөө явуулчих гээд байсан. Би тэрийг нь сонссон юм. Тэгээд дахиад машинд нь суугаад явж байтал эхнэрийн маань гуяыг илээд оролдоод байсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гээд ууралтал машинаа зогсоогоод бид 2 нилээн ноцолдсон. Тэгээд би эхнэрээ хөтлөөд явах гэтэл араас жийгээд унагаасан. Би айлгах гээд газарт байсан шилийг аваад далайтал өөрөө ирээд гараа зүсүүлсэн... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934006840441 дугаартай хэрэгт хохирогч П.О /хх-ийн 09-12, 23 дугаар хуудас/, гэрч Б.Арцгэрэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/, яллагдагч А.Б /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №587 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 42-45 дугаар хуудас/, прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсууд /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 54-60 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Шатан 2 дугаар багийн нутагт иргэн П.О ийн баруун шуун хэсэгт шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч П.О ийн ...тухайн үед миний гарнаас маш их цус асгараад миний хувьд болсон асуудлыг санахгүй байгаа. Манай найз болох Соёлоо, Динка нартай архи ууж байхад А.Б , Арцгэрэл хоёр ирсэн. Тэрнээс хойш санахгүй байгаа... ...А.Б надад би чамайг гомдол саналгүй болгож өгнө гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Энэ хэргээ хурдан шийдүүлмээр байна... /хх-ийн 09-12, 23 дугаар хуудас/,
гэрч Б.Арцгэрэлийн ...П.О миний өвдгөн дээр гараа тавиад байхаар нь би чи яагаад байгаа юм бэ зүгээр яваач гэсэн. Гэтэл миний нөхөр А.Б чи яагаад байгаа юм бэ авгай оролдоод байгаа юм уу гэсэн. Машинаа зогсоогоод П.О , А.Б хоёр маргалдаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний нөхөр намайг явъя гээд бид хоёр явах гэж байтал П.О А.Б ийг түлхээд унагаасан. Гэтэл А.Б гартаа шил барьсан байсан. Би эргээд хартал П.О ийн гарнаас цус гарсан байсан. Тэгээд би А.Б руу уурлаад чи хүний гар зүсчихлээ гээд П.О ийг дээшээ айл руу авч яваад түргэн дуудсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
яллагдагч А.Б ын ...Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр П.О мөн миний эхнэр болох Арцгэрэл нарын хамт архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад баруун гарын шуу хэсэгт нь шилээр зүссэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй... /хх-ийн 30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №587 дугаартай ...П.О ийн биед баруун шуунд шарх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн-ийн 17-18 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 42-45 дугаар хуудас/, прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсууд /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 54-60 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Б ийн иргэн П.О ийн гарыг шилээр зүсч биед нь баруун шуунд шарх, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг шилээр зүсэх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч А.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б ийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч П.О нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хавтас хэргийн 10-11, 12 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ ...гомдолтой байна... гэж, мөн хавтас хэргийн 23 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж, шүүх хуралдааныг товыг утсаар мэдэгдэхэд амаар гаргасан тайлбартаа ...Гомдолтой байна, А.Б аас эмчилгээний зардал өгсөн зүйл байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжилнэ... гэж тус тус мэдүүлдэг.
Иймээс хохирогч эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг үндэслэн эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч А.Б аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.Б т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол нөхөх төлөх талаар санаачлага гаргаагүй, төлөөгүй зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу торгох ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь тохиромтой байна гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ялыг таван зуун дөчин цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Б т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 1934006840441 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 336.1., 6.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А ын А.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн А ын А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А ын А.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн А ын А.Б т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934006840441 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч - дугаарын регистртэй, Б овгийн Пунцагийн П.О нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б овгийн А ын А.Б аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А ын А.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б овгийн А ын А.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН