| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0070/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 67
2020 оны 02 сарын 14 өдөр Дугаар 2020/ШЦТ/67 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн А ын А.А од холбогдох эрүүгийн 2034000680086 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэн ухааны технологийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 9 дүгээр байр 81 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б овгийн А ын А.А ,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Их майдар” гэх газар Зуунмодоос 4 дүгээр зөрлөг явах чиглэлийн асфалтан зам дээр 03-90 УНХ улсын дугаартай Тоёота приус 11 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, О.Ц , О.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А :
...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000680086 дугаартай хэрэгт хохирогч О.Ц /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хохирогч О.Ш /хх-ийн 17-20 дугаар хуудас/, иргэний хариуцагч Б.А /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Б.А /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Г.Мөнхдэлгэр /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Э.Энхсайхан /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Ч.Алтан-Оч /хх-ийн 27 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн №56 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн №08 шэ/77 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №18 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх талаарх хураангуй лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, хохирогч О.Ш ийн хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, хохирогч О.Ц гийн хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд /хх-ийн 69-71 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Их майдар” гэх газар Зуунмодоос 4 дүгээр зөрлөг явах чиглэлийн асфалтан зам дээр 03-90 УНХ улсын дугаартай Тоёота приус 11 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, О.Ц , О.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч О.Ц гийн ...Би найз нарын хамтаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг цэргийн анги орж алба хааж байсан найзыгаа эргээд тэгээд бид нар хоёр машинтай явсан. Би найз А.А ын машинд суугаад буцаад явж байгаад эргэлт дээр миний сууж явсан машин замын хажуу руу онхолдсон. Тэгээд би машины хажууд газар хэвтэж байсан. Тэгээд цуг явж байсан нөгөө машины хүмүүс бид нарыг аваад эмнэлэгт хүргэсэн юм... хх-ийн 13-16 дугаар хуудас/,
хохирогч О.Ш ийн ...Улаанбаатар хот Налайх дүүргээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг цэргийн анги руу 2020 оны 01 дүгээр сарын 12-нд найз найз нарын хамтаар найз цэргийн алба хааж байсанг эргээд тэгээд буцаад явж байгаад юу болсон мэдэхгүй. Миний сууж явсан машин онхолдсон... /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Б.А ын ...Манайх Улаанбаатар хот Налайх дүүрэгт амьдардаг юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай хүү А.А миний өөрийн эзэмшлийн 03-90 УНХ улсын дугаартай приус-11 маркын тээврийн хэрэгслийг гуйж аваад найз нарын хамтаар цэрэгт байдаг найзыгаа эргээд ирье гээд явсан юм. Тэгээд орой 18 цагийн орчим утсаар хүү А.А замын хажуу руу онхолдсон гэсэн. Тэгээд би тухайн газарт нь ирэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын “Их майдар” гэх газар засмал замын хажуу руу тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай зам тээврийн осол хэрэг учрал болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тухай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийг өөрийн ирсэн унаагаар Улаанбаатар хот Налайх дүүргийн эмнэлэг рүү явуулсан юм... ...Миний өөрийн эзэмшлийн 03-90 УНХ улсын дугаартай приус-11 маркын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ....Манай хүү А.А нь миний эзэмшлийн 03-90 УНХ улсын дугаартай приус-11 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Ш , О.Ц нарын биед гэмтэл учирсан. Тухайн хоёр хүнийг эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулж байгаа. Цаашид мөн эмчилгээ хийлгэх зардал нөхөн барагдуулах талаар иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авч байгаагаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Г.Мөнхдэлгэрийн ...Улаанбаатар хот Налайх дүүргээс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз нарын хамтаар хоёр тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 016 дугаар ангид цэргийн алба хааж байгаа найзыгаа эргээд тэгээд буцаад явж байгаад... ...Бид нарын урд А.А тээврийн хэрэгсэл бариад явж байсан. Тэгтэл замын тойрог хэсэг дээр А.А ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл гулгах шиг болж байгаа харагдсан. Тэгсэн замын хажуу руу гараад агаар дээр хоёр эргээд замын хажуу руу онхолдож зам тээврийн осол хэрэг болоод тэгээд бид нар машинаа зогсоогоод буугаад очиход О.Ц машинаас шидэгдсэн газар хэвтэж байсан. Бусад хүмүүс нь машинаас гарч байсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудаад тэгсэн эмнэлэг удаад ирэхгүй байхаар нь О.Ц болон гэмтсэн хүмүүсийг нөгөө машиндаа суулгаад Налайх дүүргийн эмнэлэг рүү аваад явсан юм... /хх-ийн 26 дугаар хуудас/,
гэрч Э.Энхсайханы ...Улаанбаатар хот Налайх дүүргээс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз нарын хамтаар хоёр тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн нутагт байдаг Зэвсэгт хүчний 016-р бригад дээр цэргийн алба хааж байгаа найзыгаа эргээд тэгээд буцаж явж байгаад би А.А ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд суугаад явж байхад тээврийн хэрэгсэл гэнэт гулгаад тэгээд замын хажуу руу онхолдсон юм. Тэгээд бид нар тээврийн хэрэгслээс гараад ирэхэд тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон байдалтай зам тээврийн осол хэрэг учрал болсон байсан юм... /хх-ийн 26 дугаар хуудас/,
гэрч Ч.Алтан-Очын ...Улаанбаатар хот Налайх дүүргээс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз нарын хамтаар хоёр тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн нутагт байдаг Зэвсэгт хүчний 016-р бригад дээр цэргийн алба хааж байгаа найзыгаа эргээд тэгээд буцаж явж байгаад би А.А ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд суугаад явж байхад тээврийн хэрэгсэл гэнэт гулгаад тэгээд замын хажуу руу онхолдсон юм. Тэгээд бид нар тээврийн хэрэгслээс гараад ирэхэд тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон байдалтай зам тээврийн осол хэрэг учрал болсон байсан юм... /хх-ийн 27 дугаар хуудас/,
яллагдагч А.А ын ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрийн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр өгсөн. Өмнө мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч О.Ц , Шинэгэрэл нарт эмчилгээний зардал барагдуулж байгаа. Цаашид мөн эмчилгээ хийлгэх зардлыг өгнө. Би зам тээврийн осол гаргаж хүний биед гэмтэл учирсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 56 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаартай ...О.Ш ийн биед бүсэлхийн L1-L5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун гарын 3-р хурууны хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, хуйханд шарх, баруун чамархай, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны 08шэ/77 дугаартай ...О.Ц гийн биед сээрний 8, 11-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, баруун далд ясны бяцарсан хугарал, баруун зүүн гуя, баруун шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай ...“Тоёота Приус” маркын 03-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 гэсэн заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч А.А од холбогдох эрүүгийн 2034000680086 дугаартай хэргийг шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт, хохирогч нарын түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.А ын 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Их майдар” гэх газар “Тоёота приус-11” маркийн 03-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч О.Ц , О.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний биед хүндэвтэр хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч А.А нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.
Мөн шүүгдэгч А.А ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч А.А ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.А ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн О.Ц , О.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Гэвч хохирогч О.Ц , О.Ш нар нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, иргэний хариуцагч Б.А нь хохирогч нарын эмчилгээний зардлыг төлсөн гэж мэдүүлснийг хохирогч О.Ц , О.Ш нар үгүйсгээгүй, төлсөн гэж тус тус утсаар тайлбарладаг болно.
Иймд шүүгдэгч А.А ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч Б.А аас гаргуулах төлбөргүй гэж тус тус үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.А од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүрэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдснийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч, шүүгдэгч нар эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцсон санал болгож байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнд буюу хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.А од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034000680086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Б.А аас гаргуулах төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А ын А.А ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн А ын А.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А ын А.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн А ын А.А од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034000680086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Б.А аас гаргуулах төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А ын А.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн А ын А.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН