Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020              02             17                                            2020/ШЦТ/68                            

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Д.Э ,

гэрч П.Дугарсүрэн, Б.Алтанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э д холбогдох эрүүгийн 1934011410027 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1999 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Төв аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Төв аймаг, Батсүмбэр сум, 2 дугаар баг, Ажилчдын байр 01-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б  овгийн Д -гийн Э  

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сум Дэнжийн 12-04 тоот хашааны гаднаас хохирогч Б.Т гийн эзэмшлийн 43-72 УНЯ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нар болон шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э :

...2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дугарсүрэнгийнд 20 цагт очиж архи уусан. Шөнө 00 цагаас 01 цагийн үед гэртээ харих гээд Т  Дугарсүрэн хоёр унтаж байхад машиныг чинь унаж харьчихаад өглөө авчираад өгье гэсэн. Тэгсэн Т  сонсоогүй, хэлээгүй гээд байгаа юм. Тийм учраас гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлийн асуудал дээр маргахгүй. Хохирлоо төлсөн ... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Дугарсүрэн:

...Би утсаа хулгайд алдаагүй. Манай найз Алтанбаяр аваад явчихсан байна лээ. Алтанбаяр урьд орой нь миний утсаар яриад бариад сууж байсан. Өөрийн утсыг ломбарданд тавьчихсан утасгүй байна гэж хэлж байсан... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Алтанбаяр:

...Тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө гар утсаа ломбарданд тавьчихсан байсан. Уул нь утсыг нь аваад явсан талаараа Дугарсүрэнд хэлсэн согтуу байсан учраас санахгүй байх шиг байна лээ... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934011410027 дугаартай хэрэгт хохирогч Б.Т  /хх-ийн 6-8 дугаар хуудас/, гэрч Б.Т  /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Б.Алтанбаяр /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Д.Барианжав /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч П.Дугарсүрэн /хх-ийн 16 дугаар хуудас/, яллагдагч Д.Э  /хх-ийн 37-38 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/484 дугаартай дүгнэлт  /хх-ийн 19-31 дүгээр хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 04-05 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 43-45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогчийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Д.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сум Дэнжийн 12-04 тоот хашааны гаднаас хохирогч Б.Т гийн эзэмшлийн “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 43-72 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, авч явсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Т гийн ...Унтаж байтал Алтанбаяр, Э  хоёр буцаж орж ирээд нэг юм хайгаад миний дэрлэж байсан куртикнээс татаад байсан... ...би ямар ядаргаатай юм бэ гээд хэлтэл за за гаръя гээд тэр хоёр гарч явсан... ...гараад хартал миний эзэмшлийн “приус-20” маркын 43-72 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

гэрч Б.Алтанбаяр ...Тэгээд би Дугарсүрэнгийн гэрээс түрүүлж гараад машинаа асаагаад Барианжавын гэрт очсон. Э  миний машинд суухгүй гээд үлдсэн. Тэгээд удалгүй Э  Барианжавын гадаа Т гийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаад хүрээд ирсэн... ...Э  Т гийн машиныг овгор шороон дээр тэгнүүлчихсэн байсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч П.Дугарсүрэнгийн ...Барианжав, Э  хоёр гэрлүүгээ явсан. Тэгээд Т  бид хоёр манай гэрт унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад өглөө сэртэл Т  гадаа байсан машин алга болчихжээ гэж хэлсэн... /хх-ийн 16 дугаар хуудас/,

яллагдагч Д.Э гийн ...Дугарсүрэнгийн гэрт очиход Дугарсүрэн, Т  хоёр гэртээ унтаж байсан. Тэгээд ширээн дээр байсан машины түлхүүрийг авсан. Уг нь би машины эзэн Т д хэлсэн юм сонсоогүй юм шиг байна лээ. Тэгээд Т гийн машиныг унаж яваад шороон дээр тэгнүүлдчихсэн юм... /хх-ийн 37-38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/484 дугаартай дүгнэлт  /хх-ийн 19-31 дүгээр хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 04-05 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 43-45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогчийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Д.Э гийн 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сум Дэнжийн 12-04 тоот хашааны гаднаас хохирогч Б.Т гийн эзэмшлийн “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 43-72 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, авч явсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн эсхүл өмчлөгч буюу эзэмшигчийн өөрийнх нь томилсон ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр, авч явах нь хууль бус гэдгийг мэдсээр байж өөрөө хүсэж тээврийн хэрэгслийг авч явснаар тухайн гэмт хэрэг нь төгссөн гэмт хэрэг буюу гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Э г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Э  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Э гийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т гийн эзэмшлийн 6.003.050/ зургаан сая гурван мянга тавь/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл алдагдаж, 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Хохирогч Б.Т  нь шүүгдэгч Д.Э гийн завших зорилгогүйгээр авч явсан 6.003.050/ зургаан сая гурван мянга тавь/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ биет байдлаар нь буцаан хүлээж авсан бөгөөд харин шүүгдэгч Д.Э гээс тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол болох 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөө нэхэмжилдэг бөгөөд дээрх 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Э гээс гаргуулан хохирогч Б.Т д олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Э д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэрэгт нь тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934011410027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

      36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э г бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б  овгийн Д -гийн Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

     

4. Шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1934011410027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э гээс 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч - дугаарын регистртэй, Х овгийн Б-гийн  Т д олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б  овгийн Д -гийн Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.ГАНДАНСҮРЭН