| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0364/И |
| Дугаар | 355 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 355
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 136-р байрны 43 тоотод оршин суух, Жанчив овогт Дуламсүрэнгийн Адъяа /РД: ЕН64060508, утас: 96463736 /-д холбогдох,
“Зээл, зээлийн хүү 2,843,257.54 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Эрдэнэ тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Дуламсүрэн хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Адъяа нар нь Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,255,606 төгрөгийг тэтгэврийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд сар бүр ордог тэтгэвэр болох 207,300 төгрөгийн тэтгэврийн дэвтрийг барьцаанд тавьсан. Зээлийн төлбөр 2015 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн 2015 оны 03 дугаар сарын 15-ныг хүртэл хэвийн төлөгдөж байгаад зээлдэгч Л.Дуламсүрэн нь 2015 оны 03 дугаар сарын 17-нд нас барсан. Үүний дараа 2015 оны 04 дүгээр сарын 15-нд тэтгэвэр орж зээлийн төлөлт хийгдсэн. Хамтран зээлдэгч Д.Адъяа нь 2015 оны 05 дугаар сараас зээлийн гэрээний үүргээ зөрчин 2015 оны 05 дугаар сард 95,234 төгрөг, 2016 оны 06 дугаар сард 399,034 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 200,000 төгрөгөөр тус тус төлсөн. Өнөөдрийн байдлаар нийт 574 хоног хугацаа хэтэрч зээл болон хүүний төлбөрийг төлөөгүй байна. Зээлдэгчийг нас барсны дараа зээлийг төлүүлэхээр хамтран зээлдэгч Д.Адъяатай удаа дараа утсаар ярьж зээл төлөхийг шаардсан. Мөн 2016 оны 04 дүгээр сард теллер Г.Ууганжаргал нь хамтран зээлдэгч Д.Адъяатай уулзаж зээлийг төлөхийг шаардсан боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй, хувиараа хоол хийж зардаг боломжтой болвол бага багаар ч болов хийж байя гэж тохирсон боловч зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хийгээгүй. Мөн хамтран зээлдэгч Д.Адъяатай утсаар ярихад зээлийг төлж чадахгүй гэж уурлан, загнаж бухимддаг төдийгүй утсыг нь өөр хүн авч тийм хүн байдаггүй гээд яриулахгүй байгаа” гэжээ.
Хариуцагч Д.Адъяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Адъяа миний бие нь Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлага болох 2,843,257.54 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Цаашид боломж бололцоогоороо бага багаар төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Эрдэнэ тооцооны төв нь хариуцагч Д.Адъяад холбогдуулан зээл, зээлийн хүү 2,843,257.54 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.Адъяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 2,843,257.54 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 30,302 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү 2,843,257.54 төгрөгийг хариуцагч Д.Адъяа нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 60,442.13 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 30,221.06 төгрөг, хариуцагч Д.Адъяагаас 30,221.06 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Эрдэнэ тооцооны төвд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ