Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  03 сарын 05 өдөр                 Дугаар 2020/ШЦТ/79                                  Зуунмод сум

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Б.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овгийн С ын Э д холбогдох эрүүгийн 1934010250020 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг, Зуунмод суманд 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг 5-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б  овгийн С ын Э

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 8 дугаар байрны 1-6 тоотод иргэн Б.Т тай хамт согтууруулах ундаа хамт хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э : 

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна... гэж,                                                                 ...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т : 

...2019 оны 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотоос 11 цагт Төв аймгийн Зуунмодод ирсэн. Хойд таксины зогсоолын тэнд Э тай таарсан. Тэр 3-уулаа явж байсан. Тэгээд 4-үүлээ үлдээд ууж байгаад 2 дүү нь яваад бид 2 үлдсэн. Би 2 шил Экс архи авч өгсөн. Тэгээд хоорондоо муудалцаад намайг архины шилээр цохисон. Миний тархины заадас хугарсан гээд хүнд гэмтэл гэж эмч хэлсэн. Тэгээд би 10 гаран хоног эмнэлэгт хэвтсэн. Энэ хүн над руу нэг ч яриагүй. Тэгээд эмчилгээний зардлаа авчихвал би хэлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934010250020 дугаартай хэрэгт хохирогч Б.Т  /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч Б.Ягаадай /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Х.Алимаа /хх-ийн 20 дугаар хуудас/, сэжигтэн С.Э  /хх-ийн 31-32 дугаар хуудас/, яллагдагч С.Э  /хх-ийн 36-37 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13927 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1265 дугаартай албан тоот /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/, Хаан банкны албан тоот /хх-ийн 44-46 дугаар хуудас/, Төрийн банкны албан тоот /хх-ийн 47 дугаар хуудас/, Хас банкны албан тоот /хх-ийн 49 дугаар хуудас/,  хохирлын баримтууд /хх-ийн 50-52 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Шүүгдэгч С.Э  нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 8 дугаар байрны 1-6 тоотод иргэн Б.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Т ын ...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн үед би Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд ирээд... ...хойд таксины буудал дээр зогсож байтал Э тай таарсан... ...бид уулзаад... ...Энхболдын гэрт очоод бид нар 1 шил архи хувааж уусан... ... бид гурав архиа хувааж ууж дуусаад дахиад 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байтал Булгаа бид хоёр хоорондоо маргалдсан ба би Булгааг чи хүнтэй хамт архи ууж байгаад хүний юмыг дураараа аваад яваад өгдөг гэх зэргээр маргалдсан тэгтэл Булгаа архи аягалж сууж байгаад гартаа барьж байсан шилтэй архиар миний толгой хэсэг рүү 3 удаа цохисон ба миний ухаан балартаад би гарч яваад байрны гадаа ухаан алдаж унасан байсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Б.Ягаандайгийн ...Миний хүү болох Б.Т  нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд дарга нарын шар байранд хүмүүстэй архи ууж байгаад зодуулан толгойдоо гэмтэл авч Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжиж одоо гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна... ...Булгаа гэх хүнд зодуулсан гэж байсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

гэрч Х.Алимаагийн ...Төөмөөг Э  цохисон гэж хэлж байсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

яллагдагч С.Э ы ...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Төв аймгийн Зуунмод сумын хойд таксины буудал дээр 14 цагийн үед Б.Т  /Төөмөөтэй/ тааралдсан... ...би дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад... ...8 дугаар байранд байдаг Мөнхболдын гэрт орж бид гурав нэг шил архиа хувааж ууж дуусчихаад... ...Б.Т  дэлгүүр гараад 1 шил 0,75 литрийн икс нэртэй архи авч ирсэн тэр архийг хувааж ууж сууж байгаад... ...би хэсэг тасарчихсан байсан нэг мэдэхэд Мөнхболд орон дээр сууж байсан. Т  байхгүй шалан дээр нил цус болсон байсан, ...Согтуугаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан, ... муудалцах сүртэй шалтгаан байгаагүй тухайн үед юунаас болж маргалдсан талаараа сайн санахгүй байна... /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,      

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13927 дугаартай ...Б.Т ын биед гавлын хоёр талын зулай, баруун дух, чамархай ясыг хамарч суурь ясруу чиглэсэн шугаман хугарал, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, тархины хаван бүхий хүнд гэмтэл тогтоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 50-52 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.Э ы 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 8 дугаар байрны 1-6 тоотод иргэн Б.Т ын толгойн тус газар нь “Экс” нэртэй архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих, улмаар архины шилээр цохих нь хүний амь нас хохирох, түүнчлэн амь насанд аюултай гэмтэл болон бусад байдлаар гэмтэл учирах боломжтойг урьдчилан мэдсээр байж уг үйлдлийг өөрөө хүсч үйлдсэн, учирах үедээ амь насанд аюултай хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хүнд хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч С.Э  нь хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаддаггүй, зөвшөөрдөг, мөн түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нь хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч С.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Э ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т ын эрүүл мэнд, амь насанд аюултай хүнд хохирол учирсан байна.

 

Эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын эмчилгээтэй холбоотойгоор хохирогч Б.Т  нь 1.365.820 /нэг сая гурван зуун жаран таван мянга найман зуун хорь/ төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн нь хавтас хэргийн 50-52 дугаар хуудсанд авагдсан байна.

 

Хохирогч Б.Т  нь дээрх эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 1.365.820 /нэг сая гурван зуун жаран таван мянга найман зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч С.Э аас нэхэмжилдэг ба шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 1.365.820 /нэг сая гурван зуун жаран таван мянга найман зуун хорь/ төгрөгийг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн талаараа 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 865.820 /найман зуун жаран таван мянга найман зуун хорь/ төгрөгийг тус тус төлөх тухай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой байгуулсан гэрээгээ биелүүлээгүй бол хохирогч нь эмчлүүлсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Э д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол нөхөх төлөхөө илэрхийлж эвлэрснийг тус тус харгалзан үзлээ.

 

Мөн ял шийтгэлийг оногдуулахдаа хохирогчийн эрүүл мэнд, хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс, бусад орлого олох боломжоор хангах үүднээс түүний заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэн түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялуудаас торгох ялыг оногдуулах боломжтой гэж, оногдуулах торгох ялыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр тогтоох нь тус тус зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Э д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч С.Э  нь арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон гурван жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь тус тус зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Э ы 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох ба түүний баривчлагдсан нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж тооцоход бүгд 02 /хоёр/ хоног болж байх тул баривчлагдсан хоёр хоногийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож шүүхээс түүнд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаас хасах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934010250020 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 56 секундын бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хаягтай, “Экс” нэртэй, 0.75 граммын архины шилийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овгийн С ын Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б  овгийн С ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн С ын Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн С ын Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн С ын Э ы 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн С ын Э ы баривчлагдсан нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон нийт гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийг эдлэх ялаас хассугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хаягтай, “Экс” нэртэй, 0.75 граммын архины шилийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            7. Эрүүгийн 1934010250020 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 56 секундын бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдсугай.

 

            8. Хохирогч - дугаарын регистртэй, Б  овгийн Б-ын Т  нь эмчлүүлсэн эмчилгээний зардалтай холбоотой 1.365.820 /нэг сая гурван зуун жаран таван мянга найман зуун хорь/ төгрөгийн баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б  овгийн С ын Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б  овгийн С ын Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ш.ГАНДАНСҮРЭН