Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 352

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД:2556375/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Тээврийн гудамж 1-23 тоотод оршин суух, Ноён цорс овогт Батнасангийн Болорцэцэг /РД:ЕЮ72032906/-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10.071.590,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитрон банк нь “БОМБ” ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагад менежер ажилтай Батнасангийн Болорцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 60 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 7.900.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, сарын 1,70 хувийн хүүтэйгээр зээлсэн  байдаг. Зээлдэгч Б.Болорцэцэг нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин тодорхой шалтгаангүйгээр зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй, зээлийн  гэрээний үүргээ биелүүлэхгүй удаан хугацаагаар сураггүй болж банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч Б.Болорцэцэгийн үндсэн зээл зээлийн үлдэгдэл 7.370.565,31 төгрөг, хүү 2.677.505,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23520 төгрөг, нийт 10.071.590,9 /арван сая далан нэгэн мянга таван зуун ерэн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болорцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Болорцэцэг миний бие нь Капитал банкнаас 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 7.900.000 төгрөгийн зээл авсанаас хойш 2015 оны 09 сар хүртэл төлөлт хийгдэж явсан. Үүнээс хойш төлж чадахгүй болсон. Компаний ажил муудаж, цалин авч чадахгүй, дэлгүүрийн орлого муудаж бараа эргэлтгүй болсны улмаас зээлээ төлөхгүй удааширч байсан нь үнэн. Бас миний бие өвдөж гэртээ хэд хоног хэвтсэн. 11 дүгээр сард ээжийн дүүгийн бие нь муудаж, нас барж, би Сайншандад ажил явдалд очоод цагаалган дээр хөлөө түлж 3  сар гэрээрээ эмчилгээ хийлгэж зээлээ төлөх чадваргүй удаашруулсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 10.071.590,9 төгрөгийг  төлөх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Б.Болорцэцэгт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10.071.590,9 төгрөг  гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Болорцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.071.590,9 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10.071.590,9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Болорцэцэг нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176096 төгрөгийн 50 хувь болох 88048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас  буюу улсын орлогоос 88048 төгрөгийг, хариуцагч Б.Болорцэцэгээс  88048 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.Болорцэцэг нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ