Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0336/З |
Дугаар | 804 |
Огноо | 2017-11-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 804
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Наранбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Манлайбаатар, түүний өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогт Сын М
Нэхэмжлэгч: Торгууд овогт Т ын Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,
Гуравдагч этгээд: “Г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрийн “Г” ХХК-нд олгосон ашиглалтын MV-***** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Наранбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“С.М миний нэхэмжлэлийн шаардлага болох MV-***** ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай хэрэгтэй холбоотой нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гарсан ба шүүх хуралдааны хоёр удаагийн товлолтонд миний бие өөрийн биеэр оролцож чадаагүй нь нутгийн зудын байдал болон цаг зуурын нөхцөл байдлаас шалтгаалан хуралдаандаа оролцож чадаагүй болно. Хоёрдугаарт, миний өвөг дээдсийн шүтэж ирсэн миний шүтээн, манай орон нутаг нийтээрээ шүтэж биширдэг тахилгат “Шахайт” хайрханы орчмын газрыг болон миний өвөлжөөний бэлчээр, мөн манай малчин Т.Наранбатын өвөлжөөний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг давхардуулан 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 328 дугаартай шийдвэр гаргаж MV-***** дугаартай ашиглалтын зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон байдаг. Энэ нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Булган аймгийн Баяннуур сумын 2-р багийн иргэн манай малчин Т.Н нь Баяннуур сумын нутаг Хар чулуу гэдэг өвөлжөөний газар дээрээ 7 жил өвөлжиж байгаа бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хуулийн дагуу 000430672 дугаартай 15 жилийн хугацаатай өвөлжөөний гэрчилгээгээ авсан юм. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 26.9 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх хэсэг болон холбогдох хууль тогтоомжуудыг тус тус зөрчиж олгосон гэж үзэж байгаа тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Т.Наранбатын хувьд газар эзэмших 000430672 дугаар гэрчилгээтэй газар дээр давхардуулан өөр этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон нь миний Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, монгол иргэдийн эрхийг удандаа гишгэсэн болох нь хавсаргасан нотлох баримтаар нотлогдож байна. С.М миний хувьд төрж өссөн нутаг манай малын бэлчээрийн газартай давхардуулан, орон нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөл авалгүйгээр, ард олон бид бүхний санал асуухгүйгээр давхардуулан лиценз олгосныг эс зөвшөөрч байна. Урьд нь шүүх миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд захиргааны хэрэг үүсгэсэн байсан нь нотолгоо мөн.
Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Наранбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д МV-***** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгосон байдаг. Тухайн тусгай зөвшөөрөл нь Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутагт олгогдохдоо газар эзэмшлийн гэрчилгээтэй малчдын өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан олгосон байсан. Энэ нь иргэн Т.Н болон миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Миний хувьд манай өвөлжөөний бэлчээрийн газартай давхцуулан олгосон байдаг. Шахайт гэж нэртэй манай нутаг усныхан тахин шүтдэг хайрханы энгэр хэсгийн газрыг давхцуулан олгосон нь бидний шүтэх эрхийг зөрчиж байна.
Лиценз олгосон талбайн нэг хэсэгт Шахайт хайрханы энгэр хэсэг нь хамаардаг ба “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл байгаа Баяннуур гэдэг нэртэй орд газар нь тухайн газар усны нэрээр нэрлэгдээгүй. Сум орон нутгийн нэрээр нэрлэгдсэн.
Булган аймгийн Баяннуур сумын хэмжээнд адил нэртэй ганц газар байдаг нь сумын төвөөс 500 метр зайтай газар байдаг. Одоогийн байгаа газар нь сумын төвөөс зүүн урагшаа 20 гаруй км зайтай орших Шахайт хайрханы орчимд лиценз олгогдсон. Цаашид олборлолт, ашиглалт явуулж эхлэх бол энэ хайрхан эвдэгдэн, ухагдах нөхцөл байдалд хүрч байна. Өнгөрсөн онд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхэд даалгавар бичиж явуулахдаа Баяннуур сумаас 20 гаруй км зайтай газарт уурхайн газар Хан Шахайт уулын баруун өвөрт байршилтай гэдгийг шүүхээс тогтоох үед бид мэдсэн.
Миний хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо тахиж шүтдэг хайрханыг оруулалгүйгээр газар олгосон байсан бол нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. Барилга хот байгуулалтын газрын хийж өгсөн зурагт анхаарах зүйл байдаг нь уурхайн тусгай зөвшөөрөлтэй газраас 1700 метрийн зайд байдаг гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд зөвхөн уулын орой энгэр хэсгийг оруулж дүгнэсэн нь асуудалтай гэж бодож байна.
Т.Наранбатын тухайд ашиглалтын талбайн хэсэг хамаарч байгаа газарт 2013 онд хуулийн дагуу авсан газар эзэмших гэрчилгээ олгогдсон байдаг. Хууль зөрчиж байна гэж үзэж байгаа шалтгаан нь Ашигт малтмал, газрын тосны газраас 328 дугаартай шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл дэх өргөдөл гаргах журмаар зааж өгсөн байдаг. Акт гаргахад байгаль орчны үнэлгээ хийлгэх, сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл судлаад үзэхэд энэ тухай баримт байдаггүй. Баримт байхгүй байгаа үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн зүйлийн 25.6 дахь хэсэгт зааснаар хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэж байгаа. Тухайн үнэлгээний баримтыг хууль бус материал ашиглан хийсэн байдаг. Тухайлбал, орон нутгийн Засаг даргын тодорхойлолт зайлшгүй байх ёстой гэдэг. Гэтэл баримтад Засаг даргын тодорхойлолт байна гэсэн боловч Булган аймгийн Баян нуур сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 26-өдрийн 107 тоот албан бичиг хавсаргасан ба энэ нь хуурамч албан бичиг байдаг.
Мөн сумын Засаг даргын Тамгын газраас энэ бичгийн талаарх лавлагааг авах хүсэлт өгөөд хариуг авахад тухайн үед Байгаль орчны сайдад хандсан хөрөнгө шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг оруулчихсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэсэн заалт байдаг. Маргаантай холбоотойгоор энэ талаар судлахад энэ газарт улсын төсвөөр хайгуул хийсэн байсан. Тэгэхээр тухайн газарт сонгон шалгаруулалт хийж лиценз олгох ёстой байтал сонгон шалгаруулалт хийлгүйгээр лиценз олгосон. Хайгуул хийсэн газар дараах газруудтай давхцалтай байна гэсэн жагсаалт байх ёстой ба миний ойлгож байгаагаар эрх зүйн акт хууль ёсны шаардлага хангаж байх ёстой гэж ойлгодог.
Хууль ёсны үндэслэл шаардлага бүхий байх ёстой гэсэн зарчимд нийцэхгүй байна гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна. Мөн шийдвэр гаргасан үе шатууд болон бүрдүүлсэн материал нь зөрчилтэй. Хууль зөрчиж олгосон шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхөөр байна гэж үзэж байна. Иймээс уг нэхэмжлэлийг гаргасан ба захиргааны акт хуульд нийцэж, хэн нэгний эрх ашгийг их, бага хэмжээгээр зөрчөөгүй байх ёстой гэж ойлгож байна” гэв.
Нэхэмжлэгч гаргагчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн байна. Хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа төрийн байгууллага аймаг, сум, багийн Засаг даргын саналыг харгалзалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь өөрөө хүмүүсийн Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан үндсэн эрхүүдийг маш ноцтой зөрчсөн явдал. Т.Наранбатын хувьд өмчлөх, эзэмших эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, бусад иргэдийн хувьд шашин шүтэх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хувьд тухайн нутаг дэвсгэртэй холбоотой бүх асуудлыг хариуцах тухай тусгасан байгаа. Энэ хэргээс гадна өөр 12 иргэн мөн л нэхэмжлэл гаргаад явж байгаа.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж байгаа холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.
Мөн тусгай зөвшөөрлийг хулгайн замаар авсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь эзэнд нь мэдэгдэхгүйгээр өмчид нь халдаж байна. Нутаг орондоо үе улиран нүүдэллэж байгаа Монголын ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Иймээс эрх бүхий байгууллагад хандаж хариу авч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, асуултад хариулж байгаа байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтаар захиргааны актыг хуулийн дагуу байсан гэдгийг нотолж чадахгүй байна. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газарт давхцуулан тусгай зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус юм. Аливаа нэг хууль нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалж гардаг. Гэтэл нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэх үндэслэл байна.
Хэн нэгэн этгээдийн эзэмшилд байгаа зүйлийг гэмтээсэн нөхцөлд төрийн албан хаагч хуулийн заалтаар хэн нэгэн этгээдэд зүгээр өгч болох мэтээр тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн 5000 м.кв-т талбайд давхардуулан тусгай зөвшөөрөл олгосон нь уг зөвшөөрлийг хүчингүй болгох хангалттай үндэслэл байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэр гаргах явцдаа багийн Засаг даргын эрх зүйн актыг үндэслэх байсан гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Иймээс хууль зөрчиж гарсан эрх зүйн актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Иргэн С.Манлайбаатар, Т.Н нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д олгогдсон ашигт малтмалын ашиглалтын МV-***** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
“Г” ХХК нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг “Баяннуур” нэртэй 3543.06 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 14977Х тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эзэмшиж байсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуульд заасан хугацаанд төлүүлэх” гэж заасны дагуу ‘Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6/3818 тоот байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн тухай тодорхойлолт, Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 тоот тодорхойлолтыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-***** тоот тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “... нутгийн тахилгат “Шахайт” хайрханы орчмын газар болон Баяннуур сумын Шар тал багийн малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хамруулж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон” тухай дурджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 402 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч үүрэг хүлээдэг бөгөөд 402.1.1, 402.1.2-д “ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ”, түүнчлэн мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлийн явцад нэхэмжлэгчийн өвөлжөө болон хаваржаа зэрэг бусад эд зүйлсэд гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн төлж, шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг компани хариуцан гаргах хуулийн зохицуулалттай болно.
Тусгай зөвшөөрлийг олгохдоо дээр дурдсан Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 тоот тодорхойлолт зэрэг бусад эрх зүйн актыг үндэслэл болгосон бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. “Г” ХХК нь хуулийн дагуу ээлжит жилийн төлбөр төлсөн хүчин төгөлдөр бүртгэлтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 328 тоот шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д өгсөн байдаг ба хайгуулын зөвшөөрлөө 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авсан байдаг. Түүнээс хойш хуулийн зохих шаардлагыг биелүүлж, хайгуулын зөвшөөрлөө эзэмшиж ирсэн байдаг. Хайгуулын зөвшөөрлөө ашиглалтын зөвшөөрөл болгохын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангах ёстой, мөн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.8 заасан шаардлагыг хангаж, маягтын дагуу өргөдлөө бөглөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь хангаж байна гэж үзэж, 2014 оны 08 дугаар сард 328 тоот шийдвэрээр МV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа Шахайт хайрхан лицензтэй бүсэд орсон. Баяннуур сумын Шар тал багийн малчдын өвөлжөө хаваржааны бэлчээрт 2013 оноос хойш эзэмшлийн гэрчилгээтэй амьдарч байсан гэж байна. Манай Кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэгдээд бүртгэл хариуцсан мэргэжилтэн сервертээ шивж оруулдаг. Ингээд оруулсан тохиолодолд уг өргөдөл нь хуулийн шаардлага хангасан бол хүний хүчин зүйлээс хамаарахгүйгээр шууд зохицуулагддаг. Кадастрын хэлтсийн даргаас 2014 онд шийдвэр гаргах үед Шахайт хайрханы орчмын газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваагүй байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 402 дугаар зүйлд зааснаар соёлын өвийг хамгаалах талаар үүрэг хүлээдэг бөгөөд 402.1.1, 402.1.2-д “ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан, түүнчлэн мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлийн явцад нэхэмжлэгчийн өвөлжөө болон хаваржаа зэрэг бусад эд зүйлсэд гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн төлж, шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг компани хариуцан гаргах хуулийн зохицуулалттай болно.
Тусгай зөвшөөрлийг олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ, Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 тоот тодорхойлолт зэрэг бусад эрх зүйн актыг үндэслэл болгосон бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. “Г” ХХК нь хуулийн дагуу ээлжит жилийн төлбөр төлсөн хүчин төгөлдөр бүртгэлтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Миний төлөөлүүлэгч нь энэхүү харилцааг зохицуулсан хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал хайх болон ашиглах эрхийг эзэмшсээр ирсэн билээ. Тодруулбал, хуулинд зааснаар өргөдлөө шаардлагатай мэдээлэл, баримтын хамт бүрдүүлэн эрх бүхий байгууллагад гаргасны дагуу ашигт малтмалын МҮ-***** тоот тусгай зөвшөөрлийг олгосон юм.
Нэхэмжлэгчид нь “...малчдын өвөлжөө хаваржааны бэлчээрийг хамруулж буюу бусдын эзэмшил дэх газрыг давхардуулан” тусгай зөвшөөрөл олгосон гэсэн үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж гуравдагч этгээдийн эрх олгогдсон гэж үзэж байгаа учир миний төлөөлүүлэгчийн эрх хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна. Тодруулбал, төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газрын Кадастрын алба нь нэхэмжлэгчдийн нутгийн захиргааны байгууллагад хуульд зааснаар хандаж, дэмжсэн хариуг авсан учраас эрхийг нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Иймээс хариуцагч нь хуульд зааснаар үйл ажиллагаагаа явуулсан тул гуравдагч эдийн эрх хөндөгдөхгүй гэж үзэж байх тул энэхүү захиргааны хэргийг хуулийг үндэслэн шударга шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гуравдагч этгээд буюу манай талыг эрх нь хөндөгдөж болзошгүй этгээд гэж үзэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хурал дээр гаргаж байгаа тайлбар болон хийгдсэн ажиллагаануудаас харахад хууль зөрчсөн зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийг баримтлан манай компанийн хүсэлтийг шалган үзэж шийдвэрлэсэн байх гэж үзэж байгаа. Иймээс газар эзэмших эрхийн тухайд тодруулга хийхэд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэх эрхтэй этгээд гэдэгт эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч гэдэгт эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гэж хуулиар тодруулсан байгаа. Эрх ашиг хөндөгдсөн этгээд гэдэг нь өөрийн гэсэн эрхтэй этгээд байж таарна. Эрх гэдэг ойлголтыг хуулиар заасан байгаа. Иймээс нэхэмжлэгч нарын ямар эрх зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхүүдийн аль нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй.
Өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн тухай ойлголт нь газар эзэмших гэрчилгээний үндсэнд тулгуурлаж байгаа ойлголт юм. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь.
Нэхэмжлэл гаргагч С.Манлайбаатар, Т.Н нараас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 8 сарын 12-ны өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д манай өвөлжөөний бэлчээр болон манай малчин Т.Наранбатын өвөлжөөний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг давхардуулан олгосон MV-***** ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдэх хасагдах байдлаар уг нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөөгүй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 26.9, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3,7.4, 7.4.1 болон бусад холбогдох хуулийг зөрчсөн, түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын нийт иргэдийн тахилгатай уул болох “Шахайт” хайрханы орчмын газар, өөрсдийнх нь болон Шар тал багийн нэр бүхий иргэдийн өвөлжөө буюу эзэмшлийн газар, бэлчээрийн газрыг хамруулж давхардуулан олгосон нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчиж, энэ байдал нь өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн буруутай шийдвэр болсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу олгодог, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нь бүртгээд шаардлага хангасан бол хүний хүчин зүйлсээс үл шалтгаалж шууд зохицуулагддаг, нэхэмжлэгч нарын болон бусад иргэдийн өвөлжөө хаваржааны газартай давхардуулан олгогдсон бол тухайн иргэдийн эд хөрөнгө болон бусад байдлаар гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн төлж, шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг компани хариуцан гаргах хуулийн зохицуулалттай, түүнчлэн ашигт малтмалыг эрж хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг мэдээллийн санд бүртгүүлэх, холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүргийг Соёлын өвийн тухай хуульд зааснаар компани хүлээдэг тул хууль зөрчигдсөн зүйл байхгүй” гэж татгалзлаа тайлбарлажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өргөдлөө шаардлагатай мэдээлэл, баримтын хамт гаргаж тусгай зөвшөөрлийг авсан, нэхэмжлэгч нарын ямар эрх хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хариуцагчийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж, гуравдагч этгээдэд ашигт малтмал ашиглах эрх олгогдсон хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан мөн шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий актад дүгнэлт өгч, нэхэмжлэгч С.Манлайбаатар, Т.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Бусдын болон өөрсдийн эзэмшил газартай давхцуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэх тухайд.
Нэхэмжлэгч Т.Н болон нэхэмжлэгч С.Манлайбаатарын аав гэхчлэн нэр бүхий малчид Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан болох нь тус шүүхийн “Даалгавар гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийн хүрээнд цуглуулсан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 106 дугаартай албан тоот , үзлэгийн тэмдэглэл , нэгж талбарын хувийн хэргүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал, “Г” ХХК-ийн MV-***** дугаартай ашигт малтмалын талбай нь Баяннуур сумаас урагшаа 20 гаруй км зайд Хан шахайт уулын баруун урд өвөрт байршилтай, 750.79 га хэмжээтэй газар байх ба уг талбайн дотор талд нэхэмжлэгч Т.Н өвөлжөөний зориулалтаар 5000 м.кв газар эзэмшиж байгаа, нэхэмжлэгч С.М Шар тал багт буюу маргаан бүхий уурхайн талбайд өвөлжөөний газар эзэмшдэггүй, харин түүний аав Сынх газар эзэмшдэг ба өвөлжөө нь ашигт малтмал ашиглах талбайгаас баруун хойд зүгт гүвээний ар тал уруу, уг талбайгаас шууд харагдахааргүй зайд байрладаг, уурхайн талбайн тэндээс Хан шахайт уулын дээр овоо, суварга зэрэг тахилгын зүйлүүд харагдаж байгаа гэхчлэн нэхэмжлэгч тус бүр газар эзэмших эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгааг тодорхой дурдсан, түүнчлэн нэхэмжлэлийн агуулгад тусгагдсан Шар тал багийн иргэдийн эртнээс шүтэж тахиж ирсэн овоо хайрхан буйг тусгаж, шүүхийн даалгаврын гүйцэтгэлийг ирүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Тэгэхээр энэ үйл баримт нь Газрын тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, уг эрхийн харилцааг хэрхэн хэрэгжүүлж буйтай холбоотой асуудал байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 7 сарын 2-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр 23212Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур нэртэй 3543.06 га талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, 2009 оны 7 сарын 3-ны өдөр гурван жилийн хугацаатай 14977Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 9019138109 тоот гэрчилгээтэй “Г” ХХК-д олгосноор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэр бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарах хугацааны төлбөрийг төлж, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэснээр Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баяннуурын барилгын ба өнгөлгөөний чулууны ордын XV-014977 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д: “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаар “Г” ХХК 2014 оны 7 сарын 01-ний өдөр үйлчилгээний хөлсөнд нэг сая төгрөг төлж, NM-025474 дугаартай өргөдлөөр хандан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэнийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч, холбогдох хуульд заасан заалт шаардлагыг биелүүлсэн хэмээн үзэж, маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 сарын 12-ны өдрийн “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 328 дугаар шийдвэр гаргаж, уг шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлснээр Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур нэртэй газарт орших 750,79 га талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9019038109 тоот гэрчилгээтэй “Г” ХХК-д 2014 оны 8 сарын 15-ны өдөр MV-***** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон болох нь мөн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Энэ үйл баримт нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд гуравдагч этгээд “Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал эрэх, ашиглах эрх, уг эрхийн харилцааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал байна.
Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн асуудал, гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглах эрхийн асуудал нь тус тусдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудаар хэрэгжиж, хуулийн дагуу байна. Гэвч маргаан бүхий асуудалд тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дайран өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг Иргэний хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж хуульчилсан байх боловч маргаан нь газар эзэмшигчийн газраар дамжиж дайран өнгөрөх, нэвтрэн орохтой холбоотой бус, энэ талаар маргаагүй тул Газрын тухай хуулийг хэрэглэхгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийг илүүтэйгээр тайлбарлаж хэрэглэх шаардлагатай гэж шүүх үзлээ. Учир нь маргааны зүйл нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хууль бусаар уг эрхийг олж авсан, өөрсдийнх нь эрхийг хөндсөн гэж нэхэмжлэгч нар үзэж байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч мөн”, 5.2-т: “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааснаар Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баяннуурын барилгын ба өнгөлгөөний чулууны ордын ашиглалтын эрхийг хуулийн шаардлага хангасан этгээдэд олгох эрх “Төр” болох хариуцагч захиргааны байгууллагад байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15: “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах ... “, 11.1.16: ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.17: “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.25: ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэхчлэн бүрэн эрхүүдийг хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгосон, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д: “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.3-т: “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэснээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй байна.
Шүүх нэхэмжлэгч нарын болон бусдын газар эзэмших эрхтэй давхцуулж, иргэдийн шүтэж биширдэг тахилгатай уул овоог хамруулан ашиглалтын талбайг солбицлоор тодорхойлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Г” ХХК-д олгосон гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутган маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заахдаа ... сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1 буюу улсын тусгай хамгаалалттай газар, 16.1.6 буюу аймаг дундын отрын бэлчээр, 16.1.7 буюу улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, 16.1.11 буюу бичил уурхайн зориулалтаар олгосон газрыг тус тус өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохыг хуульчилсан бол, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д: “Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” хэмээн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хадгалж, хэрэгжүүлэхээр хуульчилжээ. Тэгэхээр Газрын тухай хуулийн дагуу болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу маргаан бүхий уурхайн талбай нь шууд хориглосон газарт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2: “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” байна гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан гэж “Г” ХХК-ийг үзсэн нь хууль зөрчөөгүй байна.
Харин хэн нэгэн этгээдийн газар эзэмших эрхийг зөрчихгүйгээр хэрхэн ашигт малтмал эрэх буюу ашиглалтын үйл ажиллагаа явуулах, хэрэв тэр эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэх вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9: “уурхайн талбайн гадна орших газар нутгаар дамжин өнгөрөх”, 27.1.10: “энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигч зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх” эрхтэй буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд байхаар хуульчилж зохицуулсан бол, дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д: “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” хэмээн зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ашиглах явцад гарч болох үр дагаврыг зохицуулж өгчээ.
Тэгэхээр маргаан бүхий үйл баримт болох нэхэмжлэгч Т.Наранбатын эзэмшил газраар дамжин өнгөрөх, түүний өвөлжөөг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг хариуцах байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой ба үүнийг хязгаарлах үндэслэл алга байна.
Энэ утгаараа маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцэж, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх хэсгийг зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, түүнчлэн өөрсдийнхөө Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах болон шүтэх эрх зөрчигдсөн, тэр дундаа оюун санааны эрх зөрчигдсөн гэж үзэж буй нь учир дутагдалтай, энэ үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Яагаад гэвэл, Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас холбогдох хуульд заасны дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлийн төслийн баримт бичигт байгаль орчны ерөнхий үнэлгээ хийсэн ба ингэхдээ нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзжээ. Улмаар уг нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага “ПИГГГ” ХХК хийж гүйцэтгэн батлуулсан болохыг нотолж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох нотлох баримтыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1-ийг зөрчсөн гэдэг нь тодорхой бус, ерөнхий болон нарийвчилсан байдлаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа юу, эсхүл төсөл хэрэгжүүлэгчийг нөлөөллийн үнэлгээг буруу хийлгэсэн гэж үзэж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй, байгаль орчны ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээтэй холбоотойгоор гуравдагч этгээд “Г” ХХК-ийг холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн Үндсэн Хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэх тайлбарыг зөвтгөх баримтгүй байна.
Тэрчлэн нэхэмжлэл гаргагч нарын тайлбарласнаар уурхайн талбайд “Шахайт” нэртэй олон үеэрээ шүтэж ирсэн нутгийн тахилгат овоо байгаа гэж буй боловч уг овоо бүхий газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалын аль нэгэнд хамааруулаагүй, энэ талаар шийдвэр гараагүй, түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд мөн хамаарахгүй байгаа учраас нэхэмжлэгч нарын шүтэх эрх чөлөөг шууд зөрчсөн гэж үзэхгүй болно.
Ашиглалтын явцад соёлын өвд хамаарах зүйлс илэрвэл Ашигт малтмалын тухай хуулийн 402 дугаар зүйлийн 402.1.2-т: “ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж зааснаар зохицуулагдах боломжтой байна.
Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргаас “... Г ХХК нь хайгуулын ажлын явцад байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэсэн болно” гэх агуулга бүхий тодорхойлолтыг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан ба энэхүү албан тоотыг хуурамч болох талаар нэхэмжлэгч нараас маргадаг. Шүүх үзэхдээ эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан гарын үсэг, тамга бүхий албан бланктай баримтыг хариуцагч үнэлсэн нь хууль зөрчөөгүй, энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан бас нэг үндэслэл нь улсын хөрөнгөөр нөөцийг тогтоосон талбайг гуравдагч этгээд “Г” ХХК-д ашиглуулахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн асуудал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д:“Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэснийг зөрчиж, сонгон шалгаруулалт хийхгүйгээр зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж маргадаг. Шүүх нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд маргаан бүхий ашиглалтын талбайд улсын төсвийн хөрөнгөөр холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаарх баримт тухайлбал, 19701971 онд, 1989-1991 онд, 1995 онд тус тус улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын нотлох баримтыг , түүнчлэн “Г” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлыг нөхөн төлөх тухай нөхөн төлбөрийн гэрээ хийгээгүй тул төлбөр төлсөн баримт байхгүй болох талаарх баримтыг тус тус авсан байна. Гэхдээ шүүх гуравдагч этгээд “Г” ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй. Учир нь маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг явуулж байсан нь баримтаар тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх хэрэгжсэн гэж үзэх боломжтой, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Түүнээс гадна Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд: “.. тус компани өөрийн хөрөнгөөр 2009-2013 онуудад хайгуулын ажил гүйцэтгэж, Баяннуурын барилгын өнгөлгөөний чулууны нөөцийг бодтой болон боломжтой зэргээр тооцоолж, нийт зардалд 349.222.000.0 төгрөг зарцуулсан” гэх баримт , гуравдагч этгээдээс гаргаж өгсөн банкны орлогын баримтууд -аас үзэхэд Ашигт малтамлын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: “улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө”, 60.5-д: “нөхөн төлбөр хийх гэрээнд төлбөрийн нийт хэмжээ, хугацаа, жил бүр хийх төлбөрийн хэмжээг тусгана”, 60.8-д: “нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журмыг Засгийн газар батална”, 60.9-д: “нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас авснаас хойш 30 хоногийн дотор ...төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална” зэрэг заалтуудын дагуу төлбөр төлсөн, харин нөхөн төлбөр хийх гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих эрх, үүрэг хуулиар захиргааны байгууллагад байна, “гэрээ байгуулагдаагүй тул төлбөр төлсөн баримт байхгүй” гэх нотлох баримтаар гуравдагч этгээдийг буруутгах нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болохоор байна. Иймд хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг зөрчсөн гэх баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу зөвшөөрөл олгогдсон эсэх, эрх бүхий захиргааны байгууллага холбогдох хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулийн дагуу ажилласан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнээс гадна зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэж байна. Мөн нэхэмжлэгч С.Манлайбаатараас 2016 оны 7 сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн, 128/2016/0603/З индекс бүхий захиргааны хэргийг бүхэлд нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар авч, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлсэн ба уг хэргийг 1-р хавтаст хэрэг гэж үзэж, харин 2017 оны 2 сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн, 128/2017/0336/з индекс бүхий захиргааны хэргийг 2 болон 3-р хавтаст хэрэг гэж дугаарлалтын хувьд үзсэн болно.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1.9, 27.1.10, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Манлайбаатар, Т.Н нарын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 8 сарын 12-ны өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, “Г” ХХК-д манай өвөлжөөний бэлчээр болон манай малчин Т.Наранбатын өвөлжөөний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг давхардуулан олгосон MV-***** ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН