Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 117

 

Д.Басбишийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00517 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн  Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 10 тоотод оршин суух Тольтон бургууд овогт Даваажавын Басбишийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах Капитал банкны 993 дугаар салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Басбиш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Д.Басбиштэй байгуулсан 153 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлуулах, үндсэн зээл 247,267, 776.28 төгрөг, зээлийн хүү 37,217,328.82 төгрөг, торгуулийн хүү 1,891,014.95 төгрөг, нийт 286,376,120 төгрөгийг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймагт байсан Анод банк татан буугдахад тус банканд манай компани 388 сая орчим зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Татан буугдсан Анод банкны захирал П.Батбаяр нь одоогийн Капитал банкны захирал бөгөөд П.Батбаяр, Б.Ганбаатар нар нь намайг дуудаж, төвтэйгөө хийж байсан радио хуралд суулгаж, Анод банкны өрийг яаралтай төл, тэгэхгүй бол хөрөнгийг хураана, эсвэл манай банктай зээлийн гэрээ байгуул гэж тулган шаардсаны улмаас гэрээ хийхээр болж дараа нь хэдэн баримтад гарын зуруулж, Капитал банканд 584 сая төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ би банканд 584 сая төгрөгийн зээл өгөхийг хүссэн хүсэлт, өргөдөл гаргаагүй юм. Би гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг банкнаас авч бизнес хийгээгүй боловч сар бүр 15,460,500 төгрөгийг төлсөөр өнөөдрийн байдлаар 680,000,000 сая төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн. Дээрх зээлийн гэрээг байгуулахдаа миний бизнесийг цаашид ч дэмжинэ, нэмж зээл олгоно гэж хэлж байсан боловч надад ямар ч зээл олгоогүй бөгөөд намайг төөрөгдүүлэн хууран мэхлэх замаар гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Капитал банк нь миний Анод банканд төлөх ёстой өрийг өөрийн банканд татан авч агуулгыг нь хувиргасан, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилж бизнесийн зээл болгосон нь “мөнгө угаасан” үйл ажиллагаа юм. Иймд 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү” гэжээ.

           

            Сөрөг нэхэмжлэлийн агуулга: “Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 /таван зуун наян дөрвөн сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй, Жижиг дунд бизнесийн зээл авснаас үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.54 төгрөг, торгуулийн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлжээ.

Гэтэл Д.Басбиш нь зээлийн гэрээний үүргээ зөрчин 340 хоног зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 247,267, 776.28 төгрөг, зээлийн хүү 37,217,328.82 төгрөг, торгуулийн хүү 1,891,014.95 төгрөг, нийт 286,376,120 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 1,589,830.6 төгрөгийг нэмж тооцон нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар: “Капитал банктай 2011 оны 11 дүгээр сарын 25-нд байгуулсан 153 тоот зээлийн гэрээний утга, агуулга, хэлбэр нь зээлийн гэрээ биш. Зээлдэгч гэх Д.Басбишийн эрх ашигт үл нийцсэн, татан буугдсан Анод банканд төлөх Оюумандал ХХК-ний өрийг өөр банканд татан авч хувь хүний зээл болгон надаар төлүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Мөн дээрх гэрээнд заагдсан 584 сая төгрөгөөс би нэг төгрөгийн зарцуулалт хийгээгүй, банк бүх зарцуулалтыг хийсэн. Тус банканд бизнес хийхэд зориулж зээл олгохыг олон удаа хүссэн боловч зээл олгоогүй учир 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00517 дугаар шийдвэрээр

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Басбишийн нэхэмжлэлтэй, хариуцагч Капитал банканд холбогдох 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл, Капитал банкны Д.Басбишид холбогдох үндсэн зээл 247,267,776 төгрөг, зээлийн хүү 37,217,328 төгрөг, торгуулийн хүү 1,891,014 төгрөг, нийт 286,376,120 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Басбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Капитал банкны сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,589,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, бодит үнэнд тулгуурлаагүй юм.  Анод банк дахь өрийг Монгол банкны шийдвэрээр Капитал банк худалдан авсан гэрээ байхгүй, нотлох баримтыг Капитал банк гаргаж өгч чадахгүй байхад анхан шатны шүүх үүнд ямар нэгэн ач холбогдол өгч нотлох баримтыг нэг бүрчлэн нарийвчлан үнэлж, дүгнэлт өгөлгүй нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасан. Би Капитал банкнаас нэг ч төгрөг бэлнээр аваагүй мөртлөө сар бүр 15.460.500 төгрөг төлж нийт 680.000.000 / зургаан зуун наян сая / төгрөг төлж хохирохдоо Анод банкны зээлийн үлдэгдэл өрийг төлж байгаа гэж бодож, ноцтой төөрөгдлийн улмаас бусдад мөнгө завших боломж олгож, өөрөө давхар сэтгэл санаа, эд материалаараа хохирсон. Тухайн банкны албан тушаалтнууд эрх мэдлээ илт урвуулан ашиглаж, намайг хуурч мэхлэн ноцтой төөрөгдүүлж, миний мэдэхгүй хуурамч данс нээж, түүнийгээ ашиглан мөнгө угааж, завшиж байсан байж болзошгүй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд авч үзэн зөв шийдвэр гаргаагүй. Мөн хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дараах нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Нэхэмжлэгч Д.Басбиш нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай     нэхэмжлэлийн шаардлагыг Капитал банкны Ховд салбарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Капитал банк нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдүүлсэн  мөнгөний үлдэгдэл  үндсэн зээл 247.267.776 төгрөг, зээлийн хүү 37.217.328 төгрөг торгуулийн хүү 1.891.014 төгрөг нийт 286,376.120 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 1.589.830 төгрөг, нотариатын хураамжийг нэмж тооцож гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.Басбиш эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Капитал банкны Ховд салбар нь  зээлдэгчтэй 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №153 дугаар  зээлийн гэрээ байгуулан уг гэрээний 3-т зааснаар  584.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй буюу хүүг жилийн 360 хоногоор  бодож тооцохоор, зээлийг бэлэн бус хэлбэрээр хийхээр  2011 оны 11 дүгээр сарын 25-ны  өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай  зээлдэгчид зээл олгожээ.     

 Уг  гэрээний дагуу  зээлдэгч нь 2011 оны 12 дугаар сарын 25-наас 2015 оны 6 дугаар сарын 25-н хүртэл  зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан  талаар талууд маргахгүй байна. Зээлдэгч нь зээлийн дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Капитал банкны Ховд салбарын захирал П.Батбаяр, Б.Ганбаатар нар намайг төөрөгдүүлж хууран мэхлэх замаар зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид эдлэх эрх үүргийн талаар тайлбарлаж өгч, баримтанд гарын үсэг зуруулж баталгаажуулсан ба нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тайлбарынхаа үндэслэлийг шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн  гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар “хүчин төгөлдөр бус гэж тооцож” болох  Иргэний хуулийн 58,59 дүгээр зүйлүүдэд заасан  үндэслэлүүд тогтоогдохгүй  байна гэж   анхан шатны шүүх  үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Зээлдүүлэгч нь зээлдэгчийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс  хойш   гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 340 хоног зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин зээлээ төлөхгүй байгаа  тул сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байна. Талуудын дунд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д ”гэрээний 3.4-д заасан хугацаа дуусгавар болоход зээлдэгч зээл, зээлийн хүүгээ бүрэн төлөөгүй, эсхүл гэрээний 8.3-д заасан үндэслэлээр хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд төлөгдөөгүй зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцаа батлан даалтын гэрээнд заасан хөрөнгө, эх үүсвэрээс үл маргах журмаар төлүүлнэ”, 8.3.1-д  “зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн”  8.3.2-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй”, 8.3.11-д “”гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч  зохих арга хэмжээ аваагүй”  бол банк өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгож цуцлахаар тохиролцжээ. Дээрх гэрээний 8-д зааснаар банкны санаачилгаар гэрээг дуусгавар болгож цуцлаагүй байна.

            Сөрөг нэхэмжлэл гаргах үед талуудын дунд байгуулсан зээлийн гэрээний хугацаа  дуусаагүй байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т зааснаар нотлох баримтыг зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх эрхтэй бөгөөд  талуудаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад  хууль зүйн  үндэслэлтэй дүгнэлт хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл талуудаас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг талуудын зүгээс үгүйсгэж няцааж нотлох баримт гаргаж өгсөн байдал тогтоогдоогүй учраас шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Иргэний хуулийн зохих заалтыг зөв тайлбарлаж хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр нь үлдээж,нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч Д.Басбишийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Басбишийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА