Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0281

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Т.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.О-ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.О-ын Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн улсын байцаагчийн 16 дугаар актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нийгмийн даатгалын сангаас ердийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх даатгуулагчид бий. Эмэгтэй даатгуулагч төрүүлсэн өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэйг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заажээ. Хуулийн энэхүү заалтад тусгагдсан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хөнгөлөлттэй нөхцөл нь хүүхэд төрүүлж, өсгөх зэрэг эрэгтэй даатгуулагчаас ялгарах онцлогт тохируулж, зөвхөн эмэгтэй даатгуулагчид олгож буй боломж юм.

Дөрөв буюу түүнээс тээш тооны хүүхдээ 6 настай болтол нь өгсөж, 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн эмэгтэй даатгуулагчид л энэхүү хөнгөлөлттэй нөхцөл хамаарна.

Нэхэмжлэгч Т.О нь хүү Т.М, охин Т.Ч, Т.О, Т.Б нарын 4 хүүхдээ 6 настай болтол нь өсгөн хүмүүжүүлсэн нь захиргааны хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдсон.

Том охин Т.Ч-ээс төрсөн охин Т.Б нь төрснөөс эхлэн өдий 12 дугаар ангийн сурагч болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Т.О нь нөхөр Н.Т-ын хамт өсгөн хүмүүжүүлсэн бодит үнэн.

Ийм байхад анхан шатны шүүхийн Т.О-ын Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бодит үнэнд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хоёр. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Т.О, түүний нөхөр Н.Т нарын охин Т.Б-ийг үрчлэн авахаар 2003 онд гаргасан өргөдлийг архивтай хадгалаагүй, тус сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 160 дугаар захирамжид Т.О нь Т.Б-ийг хэзээнээс үрчилж, өсгөн хүмүүжүүлж байгаа хугацааг тусгаагүй зэрэг алдаа гаргасан.

Захиргааны байгууллагын ажлын алдааг охин Т.Б-ийг төрсөн цагаас эхлэн өдийг хүртэл өсгөн хүмүүжүүлсэн нэхэмжлэгч Т.О-ын нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл биш зөвхөн.

Ийм байхад анхан шатны Баярцэцэгийг Н.Т-т үрчилсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын алдаатай захирамжийн огноод анхаарал хандуулж, бодит байдлаас зөрүүтэй шийдвэр гаргасан гомдолтой байна.

Гурав. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын ерөнхий Газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн актын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч Т.О-ын өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоож, тэтгэврээс суутгал хийж, нөхөн төлүүлсэн.

Нэхэмжлэгч Т.О нь маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрсөндөө бус зогсоосон өндөр насны тэтгэврээ үргэлжлүүлэн авах зайлшгүй шаардлагатай байсан тул арга буюу гэрээнд гарын үсэг зурж, тэтгэвэр суутгуулсан.

Ийм байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Т.О-ын Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.О “... үрчлэлтийн баримт бичгийг 2003 оны 8 дугаар сараас эхлэн ... хөөцөлдөж явсаны эцэст 2007 оны 09 дүгээр сарын үеэр үрчлэлтийн гэрчилгээ олгосон ... ямар акт тогтоосон талаар надад танилцуулаагүй, ... миний тэтгэвэр олголтыг хууль бусаар зогсоож, миний тэтгэврээс актын төлбөрийг төлүүлсэн ... охин Т.Б нь төрснөөс өдий 11 дүгээр ангийн сурагч болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Т.О би нөхөр Н.Т-ын хамт өсгөн хүмүүжүүлж, үрчлэн авсан бодит үнэн ... Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд охин Т.Б-ийн үрчлэлтийн баримт бичгийг хожуу гарган өгсөн нь дээрх үнэнийг үгүйсгэхгүй ...” гэсэн үндэслэлээр “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган маргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” маргаан бүхий 16 дугаар актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн актын 1 дэх заалтаар Нэр бүхий 15 хүнд илүү олгосон нийт 22,340,980 /хорин хоёр сая гурван зуун дөчин мянга есөн зуун ная/ төгрөгийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тус актын 1 дүгээр хавсралт /Тэтгэврийн тогтоолт, олголтод хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт/-ын 7-д нэхэмжлэгч Т.О-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж өндөр насны тэтгэвэр тогтоосон үндэслэлээр 3,589,486 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хэлбэр, агуулга, түүний хавсралтаас үзэхэд хариуцагч тус актаар төлбөрийг байцаагчаар төлүүлэхээр тогтоосон гэж үзэхээр байх атал нэхэмжлэгчээр төлүүлэхээр шаардсан нь буруу байх боловч нэхэмжлэгч төлүүлж буй үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь төрүүлсэн 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, өөрийн охин Т.Ч-ийн охин Т.Б-ийг /2002 онд төрсөн/ үрчлэн авах хүсэлт гаргаснаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” 160 дугаар захирамжаар Баярцэцэгийг нэхэмжлэгчийн нөхөр Төртогтоход үрчлэн авахыг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/951 /1хх-188/, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 600 /1хх-90/,  мөн сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” 160 дугаар захирамжуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч охин Т.Б-ийг /2002 онд төрсөн/ үрчилж авах талаар 2003 онд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний бүртгэлийн хэлтэс зэрэг холбогдох байгууллагад хандаж байсан гэх боловч энэ талаар баримт нотолгоо гарган мэтгэлцээгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1.14-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 50 нас хүрсэн эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл өсгөсөн дөрөв, түүнээс дээш хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана”, 3.1.15-д “Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгох эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ нь зөрчилтэй тохиолдолд уг гэрчилгээний бичилтийн үндэслэлийг иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй тулган шалгасан байна” гэж тус тус заасан.

 Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргах бөгөөд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн болзлоор тэтгэвэр тогтоолгох эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ нь зөрчилтэй тохиолдолд уг гэрчилгээний бичилтийн үндэслэлийг холбогдох байгууллагын бүртгэлтэй тулгаж шалгах үүрэгтэй буюу хариуцагч захиргааны байгууллага тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн гаргасан хүсэлт, баримт хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй, нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Т.О-ын Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдлөөс /1хх-37/ үзэхэд нэхэмжлэгч нь улсад 25 жил ажилласан гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгон авахаар хүсэлт гаргасан буюу Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаагүй байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнууд нягтлан шалгах хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч анх тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахдаа 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоно гэсэн агуулгаар хүсэлт гаргаагүй байх тул хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэхгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно”, мөн зүйлийн 1/-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгүүдийг заасан бөгөөд мөн зүйлийн 6/-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгоход хүүхдүүдийн төрсний гэрчилгээ” гэж хуульчилсан байх бөгөөд бусад баримтыг нэхэмжлэгч гаргах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлсэн баримтуудыг хянан шалгасан албан тушаалтнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох үед хавсаргасан баримтыг нягтлан шалгах боломжтой байсан байх тул хуульд заасан шаардлагын дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг холбогдох баримтыг бүрдүүлэн өгсөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ ч утгаараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” маргаан бүхий 16 дугаар актын холбогдох хэсэг улсын байцаагч нарт чиглэсэн байх тул нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Харин хариуцагч акт чиглэгдсэн этгээдээр буюу холбогдох төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаар төлбөр төлүүлэхээр бус нэхэмжлэгчээр төлүүлэхээр шаардсан нь буруу байх хэдий ч нэхэмжлэгч энэхүү үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захиргааны байгууллагын ажилтны алдааг охин Т.Баярцэцэгийг төрсөн цагаас эхлэн өдийг хүртэл өсгөн хүмүүжүүлсэн нэхэмжлэгч Т.О-ын нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл биш ... нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрсөндөө бус зогсоосон өндөр насны тэтгэврээ үргэлжлүүлэн авах зайлшгүй шаардлагатай байсан тул арга буюу гэрээнд гарын үсэг зурж, тэтгэвэр суутгуулсан ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ