Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00938

 

Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаар шийдвэр,

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

           Н-ийн нэхэмжлэлтэй,

           М-т холбогдох

           3,784,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие  2015.10.13-ны өдөр М-т зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Биеийн эрүүл мэндийн байдал сайжрахгүй, удаа дараа эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байсан тул хөнгөн гэмтэл учирсан гэдэгт эргэлзээ төрсөн. Иймд удаа дараа шинжээчээр дүгнэлт гаргуулсан боловч хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон дүгнэлт гарсан. Тархиндаа учирсан гэмтэлдээ тасралтгүй эмчилгээ хийлгэсэн нь нотлох баримтаар өгсөн амбулаторын эмчилгээний картаар нотлогддог. М-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс би өөрт учирсан бодит хохирол болох акттай байсан хугацааны цалингийн зөрүү 517,110 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, эм тарианы үнэ 680,010 төгрөг, замын зардал 120,400 төгрөг, эрүүгийн хэргийн салбар архиваас баримтын хуулбар авахад төлсөн хураамж 3000 төгрөг, нийт 2,520,520 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөрдөн байцаалтын шатанд М-ээс төлсөн төлбөр болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхцуулахгүйгээр 2016.03.16-ны өдрөөс хойших хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардал 1,264,050 төгрөгийг баримтаар нэмж нэхэмжилж байна. Үүнд: 2016.03.17-ны өдрийн эмчилгээний зардалд 37,500 төгрөг, 2016.04.20-ны өдрийн эмчилгээний зардалд 40,950 төгрөг, 2016.11.27-ны өдрийн эмчилгээний зардалд 159,750 төгрөг, 2016.11.24-ний өдрийн эмчилгээний зардалд 83,000 төгрөг, 2017.01.02-ны өдрийн эмчилгээний зардалд 57,100 төгрөг, 2017.04.20-2017.04.30-ны өдрийг хүртэлх эмчилгээнд болон цаашид уух эм, эмчилгээнд 805,350 төгрөг, Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 23,400 төгрөг, Улаанбаатар хотоос Батцэнгэл сум руу явсан замын зардал 25,000 төгрөг, Батцэнгэл сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 25,000 төгрөг, Батцэнгэл сумаас Архангай аймгийн төв рүү явсан замын зардал 7000 төгрөг, эмчилгээний зардалд нийт 1,183,650 төгрөг, замын зардалд нийт 80,400 төгрөг, нийт 1,264,050 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Ингээд эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 3,784,570 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Өмнө нь М 2,070,000 төгрөгийг хохиролд төлсөн. Өмнөх хохирол гаргуулсан баримт нь өнөөдрийн хэрэгт авагдсан нотлох баримттай давхцаагүй болно. Мөн хариуцагч талаас өмнөх нотлох баримттай давхацсан гэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүхэд гаргасан хариу тайлбарт:  Нэхэмжлэгч Н нь М-ээс гэм хор учруулсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч М нь хэдийгээр Н-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч түүний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс гэм хорын хохирлын асуудал тогтоогдоход хэцүү. Хэрэг шалгагдаж байх явцад М 2015.12.07-ны өдөр нэхэмжлэгч Н-д 2,070,000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоо нэхэмжилж байгаа хохирлын мөнгө нь өмнөх хохиролд төлсөн төлбөртэй хамааралгүй гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. М-т зодуулсаны улмаас Н-ийн биед зөвхөн тархи доргилт гэсэн хөнгөн гэмтэл учирсан. Мөн хуйханд няцрал, шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдсон бөгөөд үүнтэй маргахгүй. Нэхэмжлэгч удаа дараа байнга эмчид үзүүлсэн гэдэг. Энэ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн амбулаторын картаар нотлогддог. Хөнгөн зэргийн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 4-5 шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн шинжээч эмчийг байцаасан. Давж заалдах шатны шүүхээс Н-д учирсан гэмтэл цаг хугацааны хувьд болон өмнө нь өөр гэмтэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна, мөн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг тогтоолгохоор хэргийг буцаасан. Үүний дагуу шинжээчийн 900 тоот дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч талаас шинжээчийн 900 тоот дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. М Н-д өмнө нь өөр гэмтэл байсан, хэрвээ хөнгөн зэргийн гэмтэл учирсан бол эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэхгүй байсан, хөнгөн зэргийн гэмтлээс гадна өөр өвчтэй байсан, тэр өвчнөө эмчлүүлж байгаа тул нэхэмжлэлийг нь зөвшөөрөхгүй гэсэн. М-ийн учруулсан гэмтлээс болж 2015.11-12 дугаар сар, 2016.01 дүгээр сард эмчлүүлсэн нь эргэлзээтэй байдаг. Н ямар өвчний оношоор яаж эмчлүүлж ямар эм тариа авсан нь тодорхойгүй. Мөн М-ийн учруулсан гэмтлийн улмаас Н байнга эмнэлэгт үзүүлж хэвтсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэжээ.

           

            Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-ээс 1,780,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,004,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 43,438 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,780,530” гэснийг “1,123,120” гэж, “2,004,040” гэснийг “2,661,450” гэж, 2 дахь заалтын “43,438” гэснийг “31,505” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

           Хариуцагч М-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Н эрүүл мэндийн хохиролд 3,784,570 төгрөгийг хариуцагч М надаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 1,780,530 төгрөгийг хариуцагч надаас гаргуулж Н-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд эмчилгээний зардал 603,010 төгрөг, цалингийн зөрүү 517,110 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх явцад гарсан зардал 3000 төгрөг, нийт 1,123,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 2,661,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч миний бие 2,661,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонтой санал нэг байна. Харин надаас 1,123,120 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Н-ийн биед тархи доргилт, хуйханд язарсан шарх гэмтлүүд учирсан. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвар алдахгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд гарч улмаар шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байхад цалингийн зөрүү 517,110 төгрөгийг гаргуулахаар шийдэж Иргэний хуулийн 505.1 дэх заалтыг буруу хэрэглэлээ. Уг хуулийн зохицуулалтаас харахад хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлөх учиртай байна. Нэхэмжлэгч Н нь өвчний учир ажлаасаа чөлөө авч эмчлүүлэхээр явсан, эмчлүүлсэн гэх боловч шинжээчийн 900 дугаартай дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр тархины няцрал, хаван гэх мэт нь үгүйсгэгдэж, няцаагдаж байхад хариуцагч талыг энэ тайлбараа нотолж чадахгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Эмчилгээний зардал 603,010 төгрөгийг гаргуулсан тухайд: Хууль зүйн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн а/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөн зэргийн гэмтлийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах нөхөн сэргээх хугацаа нь дөрвөн долоо хоногт багтана гэж заасан байдаг. Иймд Н-ийн гэм хорыг арилгах хугацаа нь 2015 оны 10 сарын 13-наас 11 сарын 13-ны хооронд эмчлэгдэнэ гэж үзэж байна. Хэрэг шалгагдаж байх явцад Н-ийн хохирлыг барагдуулахаар 2015 оны 12 сард 2,070,000 төгрөг өгсөн нь хөнгөн зэргийн гэмтлийг арилгахад хангалттай хүрэлцсэн байх ёстой. Н-д учруулсан хөнгөн зэргийн гэм хорыг арилгах хугацаа дууссанаас хойш 2015 оны 11 сарын 15-наас, 2016 оны 01 сарын 15-ныг дуустал эмчлүүлсэн нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах хугацаа биш бөгөөд дээрх “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-аар заагдсан хугацаа дууссанаас хойш эмчилгээ хийлгэсэн нь миний үүсгэсэн гэмтэлтэй хамааралгүй гэж үзэж байна. Н нь ямар эмчийн жороор, ямар өвчний оношоор эмчлүүлээд байгаа мөн миний үүсгэсэн өвчин мөн үү гэдэгт эргэлзэж байна. Шүүхийн зүгээс Н-д 2015.12.17-нд 2,070,000 төгрөг эмчилгээ болон өмгөөлөгчийн хөлс гэх мэт Н-ийн зүгээс нэхсэнийг төлсөн байхад 2015.11.17-ны өдрийн 521,200 төгрөг, 2015.11.15-ны өдрийн 19,080 төгрөг, 2015.11.28-ны өдрийн 23,280 төгрөг, нийт 563,560 төгрөгийг төлөгдөөгүй гэж үзсэн нь буруу байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүх 2015.12.25-ны өдрийн 15,750 төгрөг, 2015.12.26-ны өдрийн 23,700, 13,970 буюу нийт 53,420 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь хөнгөн гэмтлийн эдгэрэх цаг хугацааг 4 долоо хоног байна гэж дүгнэсэн атлаа 2015 оны 10 сарын 13-ны өдөр гэмтэл авч бэртсэн цаг хугацаанаас даруй 2 сар 12, 13 хоногийн, эдгэрэх хугацаанаас 1 сар 14, 15 хоногийн дараах эмчилгээний зардлыг гаргуулсан байна. Мөн нэхэмжлэгч Н-ийн биед учирсан тархи доргилт, хуйханд язарсан шарханд хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй эмчилгээний зардлуудыг гаргуулж байгаа нь нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгүүдийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

          Хариуцагч М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

         Нэхэмжлэгч Н нь хариуцагч М-т холбогдуулан акттай байсан хугацааны цалингийн зөрүү 517,110 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, эмчилгээний зардал 1,863,660 төгрөг, замын зардал 200,800 төгрөг, архивын зардал 3000 төгрөг, нийт 3,784,570 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, эрүүгийн хэрэг шалгах явцад 2,070,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, түүний учруулсан гэмтлийн улмаас байнга эмнэлэгт үзүүлж хэвтсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж маргажээ.

         Хариуцагчаас эмчилгээний зардал 53,420 төгрөг, унааны зардал 7000 төгрөг, цалингийн зөрүү 517,110 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 1,200,000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 3000 төгрөг, нийт 1,780,530 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан байна.

        2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М нь Н-д хөнгөн гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 223/а дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 900 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ.

        Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан, Н нь хариуцагчаас хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн байна.

       Эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосон, хохиролд 2,070,000 төгрөг төлсөн тул дахин нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь түүнийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

          Анхан шатны шүүх хохиролд 2,070,000 төгрөг төлөгдсөн 2015 оны 12 сарын 17-ны өдрөөс өмнөх хугацааны зардлыг хариуцагчаас гаргуулаагүй нь буруу, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

        Архангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 тоот албан бичигт “...Н нь... 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01 сарын 15 хүртэл акттай байсан хугацааны цалингийн зөрүү 25 хувь болох 517,110 төгрөг болно” гэснийг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс 517,110 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн байна.

          2015 оны 10 сарын 13-ны өдөр хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан ба хариуцагч нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр хохиролд 2,070,000 төгрөг төлснөөр энэ хугацааны хохирлыг бүрэн барагдуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй буюу энэ  хугацааны бүх хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

          2015 оны 11 сарын 17-ны өдрийн 521,200 төгрөгийн, 2015 оны 11 сарын 15-ны өдрийн 19,080 төгрөгийн, 2015 оны 11 сарын 28-ны өдрийн 23,280 төгрөгийн, нийт 563,560 төгрөгийн эмчилгээний зардлын баримтууд нь хариуцагчаас нэхэмжлэгчид 2,070,000 төгрөг төлөхөөс өмнөх баримтууд байх хэдий ч эдгээр зардлыг төлсөн тухайгаа М нотлоогүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эмчилгээний зардалд 563,560 төгрөг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. /xx-3,7/

         Хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2015.12.26-ны өдрийн 13,970 төгрөгийн, 2016.01.25-ны өдрийн 72,250 төгрөгийн, 2016.01.28-ны өдрийн 48,380 төгрөгийн, нийт 120,630 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг шаардсан боловч уг бараа бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай ямар холбоотой нь тодорхойгүй, нотлох баримтгүй гэж 120,630 төгрөгийг, унааны зардал нийт 174,000 төгрөгийн шаардлага болон Н-ийн өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М-ээс эмчилгээний зардал 603,010 төгрөг, цалингийн зөрүү 517,110 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх явцад гарсан зардал 3000 төгрөг, нийт 1,123,120 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.  

          Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул “...нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлээгүй” гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 31,505 /гучин нэгэн мянга таван зуун тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН