| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01013/и |
| Дугаар | 142/ШШ2016/01073 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-10-88 тоотод оршин суух, Хардалбөхийтөн овгийн Рэнцэнхорлоогийн Хуягдэлгэр /ФБ80040201/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 32-5 тоотод оршин суух Боржигон овгийн Жаргалын Ариунтуяа /ФБ84112108/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-9-50 тоотод оршин суух, Хардалбөхийтөн овгийн Рэнцэнхорлоогийн Хуягболд /ФБ83092111/ нар холбогдох,
“45 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Хуягдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Р.Хуягдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хуягдэлгэр миний бие Швейцарь улсад олон жил ажиллаж хөдөлмөрийнхөө хөлсөөр авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-10-88 тоот 1 өрөө орон сууцыг минь миний төрсөн дүү Р.Хуягболд, түүний эхнэр Ж.Ариунтуяа нарын гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1144 дугаар шийдвэрээр тогтоож, дээрхи байрны өмчлөгчөөр Ж.Хуягболдыг бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан билээ. Миний бие гадаадаас өөрийн төрсөн эх Ж.Баярмаагийн данс руу ажлын хөлсөө байнга доллараар шилжүүлж байсан бөгөөд ээж маань миний хүсэлтээр 6-10-88 тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авахдаа тухайн үед орон гэргүй байсан дүү Р.Хуягболдын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байсан. Гэтэл дүү Р.Хуягболд нь эхнэр Ж.Ариунтуяатайгаа таарч тохирохгүй шүүхээр гэрлэлтээ цуцлуулах болоход Р.Хуягболдоос надад байрыг шилжүүлсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж шүүх түүний энэ шаардлагыг хангасан юм. Тэгээд миний байрыг хөрөнгийн үнэлгээний байгууллага 53 000 000 төгрөгөөр үнэлсэний 50% буюу 26 500 000 төгрөгийг Р.Хуягболдоос гаргуулж Ж.Ариунтуяад олгохоор шийдвэрлэсэн юм. Р.Хуягболд нь энэ мөнгийг Ж.Ариунтуяад өгнө таны байрыг юу гэж авах вэ гэх боловч мөнгийг өгч чадахгүйгээс болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас байрыг минь хурааж авах гээд байна. Тийм учраас би Р.Хуягболд, Ж.Ариунтуяа нараас уг байрыг худалдаж авахад зарцуулсан мөнгөө гаргуулан авахаас өөр аргагүй боллоо. Би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, одоо 2 хүүхэдтэйгээ гудамжинд гарах гэж байна. Р.Хуягболд, Ж.Ариунтуяа нарт ямар ч мөнгө байгаагүй, миний мөнгөөр л энэ байрыг авсан. Байрыг 55 000 000 төгрөгөөр ээж маань авсан гэсэн. Үүний 10 000 000 төгрөгийг дүү Ж.Хуягбат гаргаж үлдсэн 45 000 000 төгрөгийг ээж гаргаж авсан юм билээ. Үүний 35 000 000 төгрөг нь миний мөнгө юм. Тухайн үедээ надад утсаар энэ тухай хэлсэн тул би Монголд ирээд дүү Р.Хуягбатдаа 10 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн юм. Тийм учраас би Р.Хуягболд, Ж.Ариунтуяа нараас 45 000 000 төгрөг нэхэмжилж байна. Одоо Ж.Ариунтуяаг хариуцагчаар татсанаасаа татгалзаж байна. Р.Хуягболдоос энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ж.Ариунтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Ариунтуяа миний бие нь 2012 онд Р.Хуягболдоос салах өргөдөл өгсөн боловч хүүхэд нэг нас хүрээгүй гээд салах хүсэлтийг минь цуцалсан. Ахин 2016-06-17 нд гэр бүл цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө шийдвэрлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ prius-20 маркын 07-82 ОРО дугаартай машиныг өөртөө авч үлдэнэ. Согоот багийн 6-10-88 тоот орон сууцыг Р.Хуягболдод үлдээж, энэ байрнаас хоёр хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах, 2 хүүгээ өөрийнхөө асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг,тогтоолгуулах, хүсэлт тавьсан. Анхан шатны шүүхээр Р.Хуягболд бид 2-ын гэр бүл цуцлалтын шийдвэр гарсан. Гэвч Булган,Орхон, Хөвсгөл, аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд Р.Хуягдэлгэр байрны асуудлаар давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон. Энэхүү нэхэмжлэлийн дагуу Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.28-ны өдрийн 1144 дугаартай шийдвэр, Булган,Орхон, Хөвсгөл аймгийн шүүхийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.22-ны өдрийн 168 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.03.10-ны өдрийн 001/ХТ2016/00233 дугаартай тогтоол шийдвэрүүд гарсан. Р.Хуягдэлгэр нэхэмжлэлдээ 6-10-88 тоот миний байр би мөнгөөрөө авсан. Одоо 2 хүүхэдтэйгээ гудманд гарах гэж байна гэжээ. Р.Хуягдэлгэр нь гадаадад ажилласан мөнгөөрөө 6-9-50 тоотод 3 өрөө байр авсан, энэ нь 3 шатны шүүхийн явцад нотлогдсон. Үнэндээ энэ хүний өмнөөс би ичиж байна. Дүү нь байраа нэр дээр нь шилжүүлж болчимгүй алхам хийснийх нь төлөө байр минийх гээд өдий болтол шүүхдээд байдаг. Р.Хуягдэлгэр 2 хүүхэдтэйгээ гудманд гарах биш харин дүүтэйгээ нийлж 2 нялх хүүхдийг минь гудманд хөөж гаргачаад эх хүн байж, төрсөн дүүгийнхээ 2 хүүхдэд ингэж хандаж байдаг. Ийм аав, ийм нагац эгчтэй миний 2 хүү л өрөвдөлтэй юм даа. Бүх шатны шүүхийн шийдвэрээр 6-10-88 тоот байрнаас 2 хүүхдэд ноогдох 26 500 000 төгрөгийг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Р.Хуягболд хүсэлт гаргахдаа байрны 26 500 000, 2 хүүхдийн 18 нас хүртлэх тэтгэмжийн мөнгөний оронд би байраа 2 хүүдээ өгье гэж хүсэлт гаргасан байсан. /Жич Р.Хуягболд нь миний бүх данс, гадаад дотоод явах эрх бүгд хаагдсан. Би гадаад гарах гээд байна 2 хүүдээ байраа өгөөд энэ асуудлыг дуусгая гэсэн байсан./ Би бодсоны эцэст Р.Хуягболдын саналыг хүлээн авах шийдвэр гаргасан. Тиймээс энэ байрны асуудлаар дахин би шүүхээр явах шаардлагагүй гэж үзээд энэ шүүх хуралд орохоос татгалзаж байна. Нэгэнт шийдэгдсэн байрны асуудлын талаар дахин би шүүхээр явахыг хүсэхгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү. Р.Хуягболоос 2 хүүд ноогдох 26 500 000, хүүхдийн тэтгэлэг шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулна.
Хариуцагч Р.Хуягболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Р.Хуягболд нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-10-88 тоот байрыг 2014.03.19 нд эгч Р.Хуягдэлгэр худалдан авсан. Худалдан авах үедээ гадаадад байсан учир дүү миний нэр дээр тухайн үед байрыг авч байсан. Гэтэл эхнэр маань гэнэт надаас сална гэж шүүхэд өргөдөл өгсний дагуу гэрлэлт цуцлалтын асуудлыг шийдвэрлэхдээ миний нэр бүхий дээрх байрыг гэр бүлийн дундын өмч гэж хувиарлан эхнэр Ж.Ариунтуяад 26700000 төгрөгийг надаас гаргуулах, хүүхдийн тэтгэвэр төлөх шийдвэр гарсан. Ингээд өөрийн гэх ажилгүй байсан учир эхнэр Ж.Ариунтуяад шилжсэн бөгөөд би уг байрны талаар одоо надад ямар нэгэн хариуцлага байхгүй болсон. Эгч Р.Хуягдэлгэр нь ээж Баярмаагийн данс руу мөнгө явуулсныг ээж Баярмаа нь хуримтлуулж байгаад байр авсан нь үнэн. Уг байрыг авахад Ж.Ариунтуяа бол надаас нэг ч төгрөг гаргаагүй нь үнэн. Р.Хуягдэлгэр уг байрыг авахад Р.Хуягбат ахаас 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Эгч гадаадаас ирээд мөнгийг нь төлсөн гэдэг. Би нэгэнт уг байрыг Ж.Ариунтуяад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор шилжүүлсэн байгаа. Гэхдээ Ж.Ариунтуяа бид хоёрын өмч гээд шүүх нэгэнт үзсэн учир эгчид уг мөнгийг гаргаж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Ж.Ариунтуяа бид хоёр хувааж төлөх нь зайлшгүй үнэн. Эгч Р.Хуягдэлгэрээс уучлалт гуйж байна, таны олон жил гадаад явж цуглуулсан мөнгөөр уг байрыг авсныг тань ойлгож байгаа ч би таны байрыг авах хүсэл сонирхол байгаагүйг та ойлгоорой. Яах аргагүй шүүхийн шийдвэрээр гарсан байсан учир арга буюу Ж.Ариунтуяад шилжүүлэн өгсөн билээ. Мөнгө төгрөгний боломжтой болохоор хохиролыг барагдуулж өгнө. Дорнод аймагт ажиллах санал ирсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд миний оролцоогүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Хуягболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Р.Хуягболд би эгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Бид 2, 6-10-88 тоот нэг өрөө орон сууцыг худалдаж авахад нэг ч төгрөг оруулаагүй нь үнэн тул энэ 45 000 000 сая төгрөгийг төлөх нь үнэн юм. 6-10-88 тоот 1 өрөө сууцыг Ж.Ариунтуяа болон бидний насанд хүрээгүй хоёр хүүхдийн өмчлөлд Р.Хуягболд нь шилжүүлж өгсөн байрны үнээс өөрт оногдох хэсгээ хүүхдийн тэтгэвэрт тооцоод ингэж шилжүүлж өгсөн юм. Бид хоёр тохиролцоод хүүхдүүдийг насанд хүртэл нь 6-10-88 тоот орон сууцыг зарахгүй, солихгүй, барьцаанд тавихгүй, бусдад бэлэглэхгүй, гэж тохиролцсон. Эгч минь үүнийг ойлгож зөвшөөрсөн. Тийм учраас 45 000 000 сая төгрөгийг Р.Хуягболд би төлөхийг зөвшөөрч байна. Харин Ж.Ариунтуяа нь ямар нэг орлогогүй тул үүнээс чөлөөлж өгнө үү? Бид шүүх хуралд оролцохгүйгээр шүүх хурал хийхийг зөвшөөрч байна... гэжээ.
Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг болон шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Хуягдэлгэр нь хариуцагч Р.Хуягболд, Ж.Ариунтуяа нарт холбогдуулан “45 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй талаараа шүүхэд тайлбар ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч Ж.Алтантуяа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Р.Хуягболд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн байх ба, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал Ж.Ариунтуяаг хариуцагчаар татахаас татгалзсан болно.
Хэргийн 8-54 дүгээр хуудсанд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-10-28-ны өдрийн 1144 дугаартай шийдвэр, тус хурлын тэмдэглэл, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015-12-22-ны өдрийн 168 дугаартай магадлал, 2016-03-10-ны өдрийн 001/хт2016/00233 дугаартай Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоол авагдсан байх ба уг шийдвэрүүдийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-10-88 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээд Р.Хуягдэлгэрийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагсдсан байна.
Нэхэмжлэгч нь Ж.Ариунтуяаг хариуцагчаар татахаас татгалзсан бөгөөд, хариуцагч Р.Хуягболд, Р.Хуягдэлгэрийн нэхэмжилсэн 45,0 сая төгрөгийг төлөхийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байх тул Р.Хуягболдоос 45, сая төгрөгийг гаргуулан Р.Хуягдэлгэрт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 382 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Хуягболдоос 382 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хуягдэлгэрт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Хуягдэлгэр нь Ж.Ариунтуяаг хариуцагчаар татахаас татгалзсан болохыг дурьдсугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Р.Хуягболдоос 45 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хуягдэлгэрт олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 382 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Хуягболдоос 382 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА