Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01074

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 1-1 тоотод оршин суух, Баяжих овгийн Чимэдлхамын Оюунчимэг /ФБ64120109/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Оюунчимэг, гэрч Я.Цэндээ, Л.Түдэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч миний бие 1983 оноос 1992 оны хооронд Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн барилга засварын цехэд шавар будагчин мэргэжлээр ажиллаж байсан. Ингээд 1988 оны 4 сарын 24-нд төрж декридтэй байж байгаад, 1989 оны 01 дүгээр сард ажилдаа эргээд орсон. Ингээд 1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 20-ны хооронд ажилласан хугацааг минь ажиллаагүй декридтэй байсан гэж нийгмийн даатгал үзэж байгаа. Ажилд эргэж орсон тушаал байхгүй байгаа учир 1989 оны 12 дугаар сарын 20-нд ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан байгаа. Иймд 1983 оны 07 дугаар  сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хивсний үйлдвэрт шавар будагчнаар ажиллаж байсан хугацааг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Чимэдлхамын Оюунчимэг нь шүүхэд хандан “1983 оны 07 дугаар  сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрдэнэт хотыг Хивсний үйлдвэрт шавар будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Ч.Оюунчимэг нь 1983 оны 07 дугаар сарын 20-ноос эхлэн Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт шавар будагчинаар ажилд орж ажиллаад 1988 оны 4 сарын 24-нд төрж декридтэй байж байгаад, 1989 оны 01 дүгээр сард ажилдаа эргэж орж, 1989 оны 12 дугаар сарын 20 хүртэл шавар будагчнаар ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 1989-12-15-ны өдрийн 337 дугаартай тушаал, 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 257 дугаартай тушаал, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Иймд Чимэдлхамын Оюунчимэгийг Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт шавар будагчинаар 1983 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяжих овгийн Чимэдлхамын Оюунчимэг /ФБ64120109/-ийг Эодэнэт хотын Хивсний үйлдвэрт шавар будагчиннаар 1983 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА