Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01075

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 51а-2 тоотод оршин суух, Цагааны овгийн Гомбосүрэнгийн Оюунчимэг /ЕЭ61092364/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Оюунчимэг, гэрч С.Лина, С.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч гарсан тушаал байхгүй тул 1981 оноос 1993 он хүртэл ажиллаж байсан 12 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомбосүрэнгийн Оюунчимэг нь шүүхэд хандан “Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Г.Оюунчимэг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1981 оны 08 дугаар сарын 28-аас 1993 оны 03 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан нь Дорноговь аймгийн нэгдсэн больницийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай Г.Оюунчимэгийг хүүхдийн больницод сувилагчаар томилсон тушаал, 1989 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 91 дугаартай 1989-05-19-нд төрсөн тул “хүүхэд асрах 6 сарын тэтгэмжтэй чөлөө авсан тухай тушаал”, 1991 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 110 дугаартай 1991-04-11-ний өдөр төрсөн тул 1991-08-05-наас эхлэн хүүхдийг нь нэг настай болтол “тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай 1990 оны ээлжийн амралтыг 11 дүгээр сарын 21-нээс эхлэн 22 хоногоор олгох тухай тушаал, 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 218 дугаартай Г.Оюунчимэгт нэмэгдэл цалин 40 төгрөг олгох тухай тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дугаартай ээлжийн амралтыг 22 хоногоор олгох тухай тушаал, 1990 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 6861 дугаартай БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны жуух, 1983 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2700 дугаартай мэргэжил эзэмшүүлсэн үнэмлэх, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүндэт самбарт зураг нь тавигдсан тухай гэрчилгээ, 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн уралдаанд шалгарч 800 төгрөгөөр шагнуулсан тухай диплом, Г.Оюунчимэгийн 1985-11-06-ны өдрийн 7 дугаар таван жилийн гавшгайчийн үнэмлэх, 1982 оны 08 дугаар сарын 08 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн баярын бичиг зэрэг болон Г.Оюунчимэгийн өөрийнх нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.       

Иймд Гомбосүрэнгийн Оюунчимэгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагааны овгийн Гомбосүрэнгийн Оюунчимэг /ЕЭ61092364/-ийг 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА