Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 666

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Хохирогч Д.Отгон,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Д холбогдох эрүү 1906 05332 0512 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад үйлчлэгч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , С.Д .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч С.Д нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн 84 дүгээр гудамжинд Д.Отгонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгон мэдүүлэхдээ: “...Би хамраа одоогийн байдлаар түр янзлуулсан байгаа. Хамарны мөгөөрөс нь эдгэрсэний дараа хагалгаанд орох ёстой байгаа. Тэрний эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ. Бас тэр өдөр миний утас эвдэрсэн боловч би үнэлүүлж чадаагүй байгаа гэв..” гэв.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Отгоны мэдүүлэг /хх-10-14/, гэрч Д.Үүрийнцолмонгын өгсөн мэдүүлэг  /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10486 дугаартай дүгнэлт /хх-20/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 168 дугаартай дүгнэлт /хх-24-27/, С.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-41/, 3өрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7-9/, шүүгдэгч С.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-35/, шинээр хохирол нэхэмжилсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн 84 дүгээр гудамжинд Д.Отгонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгоны өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг өнгөрч ажлаа тараад төрсөн эгч болох Д.Сосорбарамын гэрт 2 хүүхдээ авах гээд очсон. Намайг эгчийн гэрт очиход хүргэн ах Энх-Сонгууль гэртээ байхгүй байсан бөгөөд эгч Сосорбарам “миний дүү хоёулаа Энх-Сонгууль ах дээр чинь очоод машины түлхүүр аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хамт ахын архи ууж байгаа газар очсон. Тэгэхэд Энх-Сонгууль ах 50 гаруй насны эмэгтэйн хамт архи уугаад сууж байсан. Тэгэхэд эгч Сосорбарам шанагатай ус Энх-Сонгууль ахын нүүр рүү цацчихаад машины түлхүүрийг нь аваад тухайн гэрээс гарсан. Тэгээд Сосорбарам эгч бид хоёр хүргэн ахын машиныг унаад гэрлүүгээ харих гээд хөдөлтөл Энх-Сонгууль ахтай хамт архи ууж байсан 50 гаруй насны эгч гүйж ирээд машинаы хаалга онгойлгоод эгчийг үсдээд бие рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас бууж ирээд “та яагаад эгчийг маань зодоод байгаа ю бэ болиоч ээ” гэж хэлэхэд над руу гүйж ирээд миний хамарт нэг удаа цохиж гэмтээсэн. Тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан бөгөөд эгч Сосорбарам шууд цагдаа дуудсан. Миний зүүн гарын эрхий хурууг хойш нугалж дарахаар нь би орилсон чинь миний хамар руу гартаа барьж байсан юмаараа цохисон.”/хх-10-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Үүрийнцолмонгын өгсөн: “Манай ээж сэтгэц мэдэрлийн өвчтэй хүн байдаг. Тухайн үед сэтгэл санаа нь маш тогтоворгүй байсан. Өвчин нь хөдлөөгүй үедээ зүгээр энгийн зан харилцаатай байдаг.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10486 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Отгоны биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал,

цус хуралт, зүүн гарын 1-р хуруу ба алганы зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу ба 3-р хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. б.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна" /хх-20/ гэх дүгнэлт,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 168 дугаартай дүгнэлтэд:

 

  1. С.Д нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. С.Дуламсүэн нь хэрэг учрал болсон цаг хугацаанд Шизоаффектив эмгэгийг холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
  2. С.Д нь болсон хэргийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. С.Д нь Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна.
  4. С.Д нь хэрэг хариуцах чадвартай байна." /хх-24-27/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Д яллагдагчаар өгсөн: “Энх-Сонгуулийн эхнэрийнх нь дүү болох 30 орчим насны эмэгтэй гудамжинд намайг -янхан банзал, гичий гэх мэтээр доромжилж хараагаад орилоод байсан. Тэгэхээр нь би зүүн гараараа тухайн эмэгтэйн хамар хэсэгт нь 1 удаа цохиж гэмтээсэн." /хх-39-41/ гэх мэдүүлэг,

 

3өрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7-9/,

 

Шүүгдэгч С.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-35/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Д нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн 84 дүгээр гудамжинд Д.Отгонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч С.Дуламсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Отгон эмчилгээний зардалд нэхэмжилсэн 180.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “...шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Д гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Д.Отгон нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, С.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Дуламсүрэнээс 180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгонд олгосугай.

 

7. Хохирогч Д.Отгон нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

                                              

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС