Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01076

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Төмөрт оргил” ХХК-д холбогдох

“9 117 811 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төмөрт Оргил” ХХК-ны захирал Д.Соронзонбат нь өөрийн компаний хэрэгцээнд хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөрөө 2014 оны 7 дугаар сараас одоог хүртэл төлөлгүй манай компанид 5 557 496 /таван сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг/-ний хохирол, мөн “Төмөр Оргил” ХХК- ний мэдлийн зарагдаагүй байгаа 26 байрны дулаан хэрэглэсний төлбөр болох 3 560 315 /гурван сая таван зуун жаран мянга гурван зуун арван тав/ төгрөгийг 2014 оны 9 дүгээр сараас хойш өдий хүртэл төлөлгүй нийт 9.117.811 / есөн сая нэг зуун арван долоон мянга найман зуун арван нэг/ төгрөгний хохирол учруулаад байна. Гэрээний үүргээ зөрчиж манай компанид учруулсан 9.117.811 / есөн сая нэг зуун арван долоон мянга найман зуун арван нэг/ төгрөгийг “Төмөрт Оргил” ХХК-ний захирал Д.Соронзонбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх нэхэмжилсэн 9 117 811 төгрөгөө бууруулж 8,0 сая төгрөгөн дээр эвлэрэхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК нь хариуцагч “Төмөрт оргил” ХХК-д холбогдуулан “9 117 811 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх нэхэмжилсэн 9 117 811 төгрөгөө бууруулж 8,0 сая төгрөг болгосныг хариуцагч төлөхөөр эвлэрчээ.  

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК нь хариуцагч “Төмөрт оргил” ХХК-ээс нэхэмжилсэн 9 117 811 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 8,0 сая төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 160 835 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 144 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА