| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0013/Э |
| Дугаар | 0017 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | 188/2020/0013/Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 0017
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А....т холбогдох эрүүгийн 1908 05735 1883 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ...тоотод өндөр өнжүүлэх төв ажиллуулдаги ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Тахны овогт ...ын ... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.... нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр О....тай маргалдаж, улмаар толгой тус газар нь гараараа 1 удаа цохиж, биед нь “...зүүн дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт.” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч О....ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол /хх5-7/, хохирогч О....ын мэдүүлэг /хх16-17/, хохирогч Б....ын мэдүүлэг /хх28/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12975 дугаартай дүгнэлт /хх24-25/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх28-41/, А....ийн мөрдөн байцалтын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /51-52/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх57/, тэтгэвэрийн дэвтрийн хуулбар /хх59-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх43/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч А....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Иргэн О....ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандаж гаргасан өргөдөл /хх5-7/
2. Хохирогч О....ын “...Би 2 жил хөдөө амьдарч байгаад бага хүүхэд цэцэрлэгт орох нас нь болсон болохоор 2018 оны 06 дугаар сараас хотруу орж 1 дүгээр хороололд цэцэрлэгт өгч, ажлаа хотруу шилжүүлж, хүүхдүүд болон хадам ээжийнхээ хамт амьдарцгаасан...Хадам ээж 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай бага хүүг цэцэрлэгээс нь аваад гэрлүүгээ орж байхдаа цахилгаан шатанд согтуу хүнтэй цуг орсон юм шиг байнлээ тэгэхэд нь манай хүү эрэгтэй хүнээс айгаад уйлсан гэж байсан, би тухайн өдөр ажлаа тарчхаад гэртээ байж байтал орой 21 цагийн үед хадам ээж гэрт орж ирээд надтай юм ярина гэснээ “чи том охиноо уйлуулсан байна, хүүхдээ тоохгүй байна, бага хүүгээ дагуулж согтуу хүнтэй газраар явсан байна, цахилгаан шатанд согтуу хүн хараад уйлсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ дагуулж согтуу хүнтэй газраар яваагүй гэж хэлж би хоёр хоорондоо маргалдсан. Хадам ээж ... уурлаад надруу дайраад гараараа миний баруун нүдрүү 1 удаа цохисон, тэгсэнээ гэртээ байдаг хуванцар сандлыг аваад намайг цохих гээд байхаар нь би сандлыг нь барьж аваад булаалцалдаж байтал миний үснээс зулгаасан, тэгтэл манай хүүхдүүд уйлсан чинь хадам ээж больсон...Өмнө нь хадам ээж аавтай ямар ч маргаан болж байгаагүй, өмнө нь надад гар хүрч байгаагүй, сая энэ асуудлаас л болоод хадам ээж намайг цохисон...миний нүд хөхөрчихсөн байж байгаад аяндаа өөрөө эдгэсэн би эмнэлэгт үзүүлжэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ дагуулж согтуу хүнтэй газр” гэсэн мэдүүлэг /хх16-17/
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12975 дугаартай “...О....ын биед зүүн дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх24-25/
4. Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх28-41/
5. А....ийн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед би гэрт нь очоод ...т чи ер нь яагаад байгаа юм гэтэл өөдөөс харах ч үгүй уцаарлаад би яасан юм гэхээр нь чи алга болоод байх юм, би олон жил чамд юм хэлэхгүй явлаа, чиний ажилласан газар болгон ийм байна гэж байхгүй, чи өөрөө л тэнэх дуртай, архи уух дуртай юм байна, чи хүнтэй суух гэж байгаа бол өөрөө яв, 3 хүүхдээ орхиод яв гэтэл өөдөөс танд ямар хамаатай юм, та ч гэсэн ууж иддэг биздээ гэхээр нь би ...ын үснээс нь татаж чирээд, нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд би гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх51-52/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч А....
Шүүгдэгч А.... нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр О....тай маргалдаж, улмаар толгой тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А....ийн үйлдлийн улмаас хохирогч О....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12975 дугаартай “... О....ын биед зүүн дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа” хүмүүсийг хамааруулахаар заасан.
Шүүгдэгч А.... нь хохирогч О....тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хадам ээж, бэрийн харилцаатай, нэг гэрт хамт амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Иймд шүүгдэгч А.... нь хохирогч О....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөг торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч А....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.
Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх тохиролцоо нь хэргийн нөхцөл байдалд нийцэж байх тул шүүгдэгч А....ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А....ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХБААТАР