| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01209/и |
| Дугаар | 142/ШШ2016/01077 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-19-87 тоотод оршин суух, Түмэндэмбэрэлийн Баттулгын Цэцэгбаяр /ФМ90021589/-ын хүсэлттэй,
“Б.Дарханбаярыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цэцэгбаяр, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Цэцэгбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Баттулга овогтой Цэцэгбаяр миний бие 2016 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Болд овогтой Дарханбаяраас 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Болд овогтой Дарханбаяр нь нэхэмжлэл гаргасан оршин суугаа хаяг дээрээ байхгүй, утасны дугаар гь холбогдох боломжгүй байх тул хянан шийдвэрлэх боломжгүй байна гэсэн. Б.Дарханбаяр нь одоогоор хаана амьдарч байгаа, юу хийдэг, утасны дугаар нь тодорхойгүй байна. Хүнээс сонсоход Төмөр замын 7-34 тоотод оршин сууж байж магадгүй. Түүний ах Болдын Сүхбаатар нь Саруул тэнгэр хотхоны 103-34 тоотод оршин суудаг. Болдын Дарханбаяр нь олдохгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Цэцэгбаяр нь “Б.Дарханбаярыг эрэн сурвалжлуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ. Б.Цэцэгбаяр нь 2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Дарханбаяраас 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24642 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Дарханбаярыг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Б.Цэцэгбаярын улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Болдын Дарханбаяр /ТЕ84061074/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Б.Дарханбаярыг /ТЕ84061074/ эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА