Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт толгод 27-2 тоотод оршин суух, Лонгон дооромбо овгийн Жамбийгийн Нансалмаа /ВК62061401/-ын хүсэлттэй

"Б.Гантөмөртэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Нансалмаа, гэрч Т.Эрдэнэчимэг, Т.Жавзан, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Миний бие нь нөхөр Б.Гантөмөртэй 1998 оноос нэг гэрт орж амьдраад бидний дундаас хүү Түвшинтөр 2000 оны 02 дугаар сарын 01-нд төрж одоо 16 настай эрүүл энх өсч бойжиж байна. Нөхөр Б.Гантөмөр нь өвчний улмаас 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Миний бие нь нөхөртэйгээ албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй явж ирсэнээс хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадахгүй байгаа тул биднийг 1998 оноос 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Нансалмаа нь шүүхэд хандан "Б.Гантөмөртэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Нансалмаа нь талийгаач Б.Гантөмөртэй 1998 оноос хойш хамтран амьдарч, энэ хугацаанд 2000 оны 02 дугаар сарын 01-нд хүү Түвшинтөр төрсөн байх ба тэд гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан гэсэн тайлбар нь тэдний дундаас 2000 оны 02 дугаар сарын 01-нд төрсөн хүү Түвшинтөрийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Т.Эрдэнэчимэг, Т.Жавзан нарын тайлбараар нотлогдож байна.

Б.Гантөмөр нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр нотлогдсон тул Ж.Нансалмаа, Б.Гантөмөр нарыг 1998 оноос 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр шийдвэрлэлээ.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Лонгон дооромбо овгийн Жамбийгийн Нансалмаа, Баасангийн Гантөмөр нарыг 1998 оноос 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ХИШИГДАВАА