Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0056

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц....д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01176 0477 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д хаягийн рекламны ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт ...ын ... /РД:.../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ц.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах, Хангайн ...тоотын гадна талд иргэн Ц....ыг оюуны хүндэвтэр хомсдолтой сэтгэцийн эмгэгтэй буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ц....ын мэдүүлэг /хх22-24/, гэрч Г....ын мэдүүлэг /хх26-27/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх38-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2582 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1511 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх147-148/, яллагдагч Ц....гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх58/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ц....г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц....ын “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед хажуу айлаас гараад гэрлүүгээ явж байхад үл таних залуу хэл амаар доромжлоод, чи хог сав түүдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуванцар сав түүж даатгалын мөнгөө олдог юм. Би тэр залууд хандаж хуванцар сав түүхээр яадаг юм гэх хэлэхэд намайг 2 гараараа заамдаж аваад нэг гараараа миний гэдэсрүү элэгдсэн. Би тэр үед газар муужраад унасан. Намайг унасан байхад дээр гарч суугаад миний хамар руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Миний дээрээс босоод зүүн хөлийн гуя руу нэг удаа өшиглөөд тэр залуу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх22-24/,

            2. Гэрч Г....ын “...... гэртээ орж ирэхдээ хамраас нь цус гоожоод, хамар, дух нь хавдсан өмссөн хувцас нь шороо болсон байдалтай орж ирсэн. Би ...аас юу болсон, яасан бэ гэж асуухад “эмээгийн хашаанаас гарч ирэхэд гудамжинд намайг танихгүй согтуу хүн зодчихлоо гэж хэлсэн. Чамайг яагаад зодсон юм бэ гэхэд ...гийн хашаанаас гарч ирсэн согтуу хүн намайг зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх26-27/,

3. Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “... Ц.... нь гэмт хэрэг үйлдэгдэх үед F71 буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц....ын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Ц.... нь F71 буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.... нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадваргүй байсан байна. Ц.... нь өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн харсан, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.... нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа F71 буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.... нь одоо F71 буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Ц....д албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Ц.... нь хэрэг хариуцах чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх38-40/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1511 дугаартай шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2582 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ц....ын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дүгнэлтийг хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2582 дугаартай дүгнэлт болон 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Толгойн КТГ-н зургуудыг үндэслэн гаргав. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хх147-148/,

5. Яллагдагч Ц....гийн “... Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...бид хоёр караокеноос 17 цагийн үед гарч яваад ... ахын гэрлүү хамт явсан. Би ... ахыг гэрт нь хүргэж өгөөд хашааны хаалгаар нь оруулаад гэрт цуг орох гэтэл намайг оруулахгүй гээд түлхэхэд би өөрөө хөл алдаад газар унахдаа нүүрээрээ харуулдаад унасан. ... ах намайг оруулахгүй гээд хашааны хаалгаа түгжээд гэр лүүгээ орсон. Би буцах замдаа “Сод-хангай” дэлгүүрийн арын гудамжинд ...тай таараад “уух ус байвал өгөөч” гэхэд надад нэг үг хэлсэн. Би тухайн үед нүүрээрээ газар харуулдаж унаад ууртай явж байсан болохоор баруун гараа атгаж байгаад ...ын зүүн шанааруу нэг удаа цохиход хөл алдаад газар унасан. Би ...ын дээр нь мордож сууж байгаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх51-53/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц....:

Шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай маргаагүй, харин хүндрүүлэх нөхцөл байдал байгаа үндэслэлээр мэтгэлцэж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ц.... нь хохирогч Ц....ыг зодсон болох нь хохирогч, гэрч Г....ын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ц....ын эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн №2582 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтээр хохирогч Ц.... нь гэмт хэрэг үйлдэгдэх үед F71 буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй буюу төрөлхийн сэтгэцийн эмгэг болохыг. Мөн F71 буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй байна гэж тогтоосон. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хувийн байдлын талаар тодруулсан гэрч Г....ын мэдүүлэгт “...оюун ухааны хөгжил муутай мөн хөл гарны хөгжил муутай”, гэрч Ц.Түмэнжаргалын мэдүүлэгт “......ын баруун гар, хөл нь мэдээ муутай, зүүн гар, хөл нь мэдээтэй учраас түүн дээрээ тулгуурлаж явдаг...” гэжээ.

Шүүгдэгч нь хохирогчийг урьдны зүс таньдаг байсан байх бөгөөд хохирогчийн хувийн байдлын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд биеэ хамгаалах чадваргүй, мөн биеийн ерөнхий байдлын хувьд гар, хөлний хөгжил муутай эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг мэдэж байсан гэж дүгнэв.    

Шүүгдэгч Ц....гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, согтууруулах ундааны зүйл уусан үедээ, ямар ч шалтгаангүйгээр хохирогчийн биеэ хамгаалж эсэргүүцэх чадахгүй байдлыг далимдуулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигийг хүсч учруулсан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ц.... нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 220.500 төгрөгний хохирол нэхэмжилснээс шүүгдэгч нь 300.000 төгрөг төлсөн байна.

Иймд шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Ц.... нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь тогтмол орлоготой, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....г 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.... нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР