Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатарт хот Сүхбаатар дүүрэг 14-р хороо 23-106 тоотод оршин суух, Боржигон овгийн Базаррагчаагийн Эрдэнэбулган /ЧБ85050218/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 1-08 тоотод оршин суух, Сартуул овгийн Ганхуягын Уянга /ЧТ86122400/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган, хариуцагч Г.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Миний бие Г.Уянгатай 2006 онд танилцаж гэр бүл болж 2006 оны 01 сарын 05-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд охин Э.Хүслэн төрсөн. Сүүлийн үед бид таарч тохирохгүй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин Э.Хүслэнг өөрийн асрамжинд авч хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний хувьд өөр хүнтэй гэр бүл болоод одоо 2 настай охинтой болсон. Уянга ч мөн өөр хүнтэй гэр бүл болсон. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаа: Миний бие Г.Уянга Б.Эрдэнэбулганы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо аавд нь өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Би мөн өөр хүнтэй гэр бүл болсон. Б.Эрдэнэбулган бид хоёр тусдаа амьдраад 8 жил болсон гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган нь хариуцагч Г.Уянгад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох ”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Эрдэнэбулган, Г.Уянга нар нь 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 29-нд охин Э.Хүслэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид зан харилцааны улмаас таарч тохирохгүй болж, 2008 оноос хойш буюу 8 жилийн хугацаанд тусдаа амьдарсан байх ба, гэрлэгчид хэн аль өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, Б.Эрдэнэбулган нь хүүхэдтэй болсон талаар зохигчид тайлбарласан.     

Дээрх байдлуудаас дүгнэхэд гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэхгүй гэж буй байдал, гэрлэгчид хэн аль нь өөр гэр бүлтэй болсон, тусдаа амьдраад 8 жил болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Б.Эрдэнэбулган, Г.Уянга нарын дундаас 2006 оны 09 дүгээр сарын 29-нд охин Э.Хүслэнгийн талаар эцэг Б.Эрдэнэбулганд өгч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй талаар зохигчид тохиролцсон байх ба, охин Э.Хүслэн мөн аавтайгаа хамт байх талаар хүсэлт гаргасан байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэбулган, Г.Уянга нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 29-нд охин Э.Хүслэнг эцэг Б.Эрдэнэбулганы асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбулган хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.    

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА