| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0076/Э |
| Дугаар | 0078 |
| Огноо | 2020-02-02 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Т.Мандахнаран |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 0078
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Т.Мандахнаран,
шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Х.Наранзул /ШТЭД-0940/,
шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /ШТЭД-0967/,
шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч А.Ганбат /ШТЭД-0656/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мандахнарангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г...., Н...., С.... нарт холбогдох эрүүгийн 1908 00587 0187 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдрах, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, ...тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ...тоотыг түрээслэн түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,
Алтан-Улиастай овогт ...ын ... /РД:.../
2. Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ...тоотод оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Боржигон овогт ...ын ... /РД:.../
3. Монгол Улсын иргэн, 1960 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт ...ын ... /РД:.../
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.... нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвийн орчим 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтанд хамаарах Баданга хүдрийн түүхий эдийн зүйл болох хүдрийн заар 3 ширхгийг хадгалсан,
Шүүгдэгч Н.... нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтанд хамаарах Баданга хү дрийн түүхий эдийн зүйл болох хүдрийн заар 2 ширхгийг 2014 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... гэртээ хадгалсан,
Шүүгдэгч С.... нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтанд хамаарах Баданга хүдрийн түүхий эдийн зүйл болох хүдрийн заар 1 ширхгийг 2012 оноос 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан даваа ...тоотод, гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн 01/196 тоот дүгнэлт /хх59/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх52, 54-55/, хохирогч Ц....ын мэдүүлэг /хх39-41/, гэрч Д....гийн мэдүүлэг /хх216-218/, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Г....ы гар утасны хэрэглээний лавлагаа /хх141-147/, Г....гийн өвчний түүхтэй холбоотой баримт, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон тэдгээрийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Г...., Н...., С.... нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/196 тоот Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн “Бусад гурван эд эрхтний хэсэг нь Баданга хүдэр (Moschus moschiferus)-н заар бөгөөд гурван бодгальд хамаарна... Баданга хүдрийн бие гүйцсэн гурван эр бодгаль байна. Заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг...Баданга хүдэр нь нэн ховор зүйл, Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар ОУ-д “Эмзэг”, манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг. САЙТИС-ийн II дугаар хавсралт бүртгэгдсэн. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр Баданга хүдэр бодгаль 3.000.000 төгрөг байна” гэсэн дүгнэлт /хх59/
2. Эд зүйлд үзлэг хийсэн “... Хүдрийн заар гэх 3 ширхэг амьтны түүхий эдийг жинлэн үзэхэд 32.2 грамм, 26.9, 8.4 грамм байсныг гэрэл зургаар баталгаажуулан авч тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 52, 54-55/
3. Хохирогч Ц....ын /Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн/ “...Монгол орны Хөвсгөл, Хэнтийн ууланд Баданга хүдэр тархсан, нэн ховор хөхтөн амьтан юм. Архангай аймагт Баданга хүдэр тархсан байдаг эсэхийг бол би сайн мэдэхгүй байна. ...Хүдрийн заарыг үнэртэй усны үнэртүүлэх чадварыг удаан барих зорилгоор гадагшаа гаргадаг гэж дам яриа сонссон. ...Иргэд маань шинжлэх ухааны үндэслэлгүй дам ярианд итгэн амьтны эд эрхтэнг эмчилгээнд хэрэглэхээр алба ёсоор батлагдсан зүйл байхгүй. ...бусад 3 эд эрхтэн хэсэг нь Баданга хүдрийн заар бөгөөд 3 нас бие гүйцсэн эр бодгаль болох нь тогтоогдсон байгаа тул Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан эм Шилүүс мий амьтаны экологи эдийн засгийн үнэлгээ болох 2,600,000 төгрөгийг 2 дахин өсгөж 5.200.000 төгрөг, эр 3 бодгаль баданга хүдрийн экологи эдийн засгийн тус бүрийн үнэлгээ болох 3.000.000 төгрөг буюу нийт 9.000.000 төгрөгийг 2 дахин өсгөж 18.000.000 төгрөг, нийт 23.200.000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ хохирлыг Нийслэлийн төрийн сангийн 100200000906 тоот /Нийслэлийн байгаль орчны газрын торгууль нөхөн төлбөрийн/ дансанд төвлөрүүлж авна.” гэсэн мэдүүлэг /хх39-41/
4. Гэрч Д....гийн “......ХХК-д өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай 45 хүний суудалтай, цагаан өнгийн автобусыг барьж байгаа. ... ...ХХК-ын зөвшөөрөгдсөн чиглэл нь Архангай аймаг Улаанбаатар хотын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм. Би С.... гэж хүнийг нь танихгүй юм байна. Харин Г...., Н.... нарыг зүс харж байсан хүмүүс байна. ...Би сардаа хоёр удаа тээвэрт явдаг юм. Энэ болсон асуудлыг харахад 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр явахад таарсан асуудал байх шиг байна. Дайвар зүйл бол зөндөө их ирнэ. Дандаа л дайвар голдуу өгч явуулдаг. Жижиг зүйлийг бол 2.000 төгрөг, арай томыг нь 3.000 төгрөг, тэгээд томроод ирвэл жаахан жаахан үнэ нэмэгдээл явна...” гэсэн мэдүүлэг /хх216-218/
5. Г....ы яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон авто зогсоол буюу баруун аймгийн нэгдсэн зогсоол дээрээс Архангай аймгаас Н.... надад хүдрийн заар 3 ширхэг, шилүүсний арьс зэргийг кардонон хайрцаганд боогоод явуулсан байсныг би тосч авсан. Хайрцагтай юмаа авч яваад цагдаагийн байгууллагын ажилтан саатуулж шалгаад хориотой зүйл байна гээд саатуулж шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх134-137/
6. Н....ийн яллагдагчаар өгсөн “... Ингээд 2014 оны 12 дугаар сард өвөл ажил дээрээ малын арьс шир авч байтал тухайн үед арьсаа надад зарсан танихгүй залуу “та ийм юм авах уу? гээд нэг бөөрөнхий 2 ширхэг зүйл үзүүлэхээр нь би “наадах чинь юу юм бэ” гэсэн чинь “хүдрийн заар гэдгийн, эмчилгээнд сайн, хорт хавдарт сайн, эмчилгээнд хэрэглээд үлдсэн нь энэ” гэсэн. Тэгээд би тухайн үедээ авахгүй гэж хэлээд гадаа хүйтэн байсан болохоор машиндаа сууж байсан тэр залуу хэсэг юм ярьж байгаад буугаад явахдаа машинд нөгөө 2 ширхэг хүдрийн заараа орхиод явсан байсан. Ингээд би орой ажлаасаа буугаад машинд нөгөө хүдрийн заар үлдсэн байхаар нь гэр рүүгээ оруулаад хөргөгчиндөө хийчихсэн байсан. Түүнээс хойш тэрийг хэрэглэж, бусдад дамжуулж өгсөн зүйл байхгүй хөргөгчиндөө л байсан, бараг мартчихсан байсан дөө. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр манай аймгийн залуу ... утсаар яриад “дүү охин ходоодны хорт хавдар тусаад эмчилгээ хийлгэж байна, танд хүдрийн заар олдох уу, олоод өгөөч” гэж гуйхаар нь би өмнө нь нөгөө танихгүй залуугийн үлдээсэн хүдрийн заарыг санаад нээрээ гэрт нэг хүний үлдээсэн зүйл байгаа тэрийг байна уу үзээд хэлье” гэж хэлсэ. ...Тэгээд би 2019 оны 1 дүгээр сарын 23, 24, 25-ны үеэр орчин үеийн мамбасайны жижиг төмөр хайрцаганд 2 ширхэг хүдрийн заараа байгаагаар нь хийгээд хайрцгаа гадна талаас нь скочдоод ...ы утасны дугаарыг бичээд Улаанбаатар руу хот хоорондын автобусны жолоочид ”энэ утасны дугаараар хүн яриад тосож авна шүү” гээд 2.000 төгрөг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх118-121/
7. С....гийн яллагдагчаар өгсөн “...миний эхнэр болох Ч.... 2012 онд элэгний хорт гэдэг өвчин тусаад эмчилгээгүй гээд эмнэлэгээс бүр гарсан байсан... элэгний хорт хавдарт хүдрийн заар уувал зүгээр гээд сураглаж байгаад олж авсан. Тэр хүдрийн заарыг хэрэглээд байж чадалгүй эхнэр маань нас барсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард байх ... гээд залуу над руу утсаар яриад ах танд хүдрийн заар байгаа сурагтай байна. Манай хамаатны хүн хорт хавдартай надад хэрэгтэй байна өгөөд явуулаач, би Улаанбаатар хотод байна гэж ярьж байсан. ...Хөргөгчинд байсан хүдрийн заарыг олж аваад шуудангийн автобусанд тавиад явуулсан ... 2012 оноос хойш манай гэрт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р ...тоотод манай хөргөгчинд байсан...” гэх мэдүүлэг /хх169-172/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г...., Н...., С.... нар:
Шүүгдэгч Н...., С...., тэдгээрийн өмгөөлөгч нар нь яллах дүгнэлтэд дурдсан хүдрийн заар хадгалсан гэх үйл баримт дээр мараагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцсон.
Шүүгдэгч Г.... нь хүдрийн заарыг хүлээж авсан үйлдэлтэй маргаагүй, түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцсонг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримт, талуудын тайлбараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Г.... нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон авто вогзалаас баданга хүдрийн түүхий эдийн зүйл болох хүдрийн заар 3 ширхгийг хүлээж аван явж байхдаа цагдаагийн албан хаагчид саатуулагдсан. Уг хүдрийн заарын 2 ширхгийг шүүгдэгч Н...., 1 ширхгийг шүүгдэгч С.... нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас өгч явуулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, “...хүдэрийн заар... зарж байсан этгээдийг барьлаа...” гэх гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн “... Хүдрийн заар гэх 3 ширхэг амьтны түүхий эдийг жинлэн үзэхэд 32.2, 26.9, 8.4 грамм байсныг гэрэл зургаар баталгаажуулан авч тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
шүүгдэгч Г....ы яллагдагчаар өгсөн “...Архангай аймгаас Н.... надад хүдрийн заар 3 ширхэг, шилүүсний арьс зэргийг кардонон хайрцаганд боогоод явуулсан байсныг би тосч авсан. Хайрцагтай юмаа авч яваад цагдаагийн байгууллагын ажилтан саатуулж шалгаад хориотой зүйл байна гээд саатуулж шалгасан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн “...... утсаар яриад “дүү охин ходоодны хорт хавдар тусаад эмчилгээ хийлгэж байна, танд хүдрийн заар олдох уу, олоод өгөөч” гэж гуйхаар нь... Улаанбаатар руу хот хоорондын автобусны жолоочид 2.000 төгрөг өгөөд явуулсан... хүн надад орхиод явсан юм би 2014 оноос хойш хадгалж байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч С....гийн яллагдагчаар өгсөн “...2012 онд элэгний хорт хавдарт хүдрийн заар уувал зүгээр гээд сураглаж байгаад олж авсан ...... гээд залуу над руу утсаар яриад ах танд хүдрийн заар байгаа сурагтай байна. Манай хамаатны хүн хорт хавдартай надад хэрэгтэй байна өгөөд явуулаач, би Улаанбаатар хотод байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг нь тогтоогдсон хэргийн үйл баримтаар батлагдаж байх тул яллах нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн шинжээчийн дүгнэлтэд “...Бусад гурван эд эрхтний хэсэг нь Баданга хүдэр (Moschus moschiferus)-н заар бөгөөд гурван бодгальд хамаарна. Баданга хүдрийн бие гүйцсэн гурван эр бодгаль байна. Заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг...Баданга хүдэр нь нэн ховор зүйл, Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар ОУ-д “Эмзэг”, манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг. САЙТИС-ийн II дугаар хавсралт бүртгэгдсэн” гэж тодорхойлжээ.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ...Баданга хүдэр /Moshus moshiferus/...хамаарна” гэж заажээ.
Ан амьтан нь үндэсний баялаг бөгөөд байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан ховор ан амьтныг эрт үеэс эхлэн хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Улмаар тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон нэн ховор амьтныг хуулиар тусгайлан хамгаалж, хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг хуульчилан 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н...., С.... нар нь хүдэрийн заар хадгалж байгаагаа мэдэж байсан, улмаар шүүгдэгч Г....д өгч явуулсан. Шүүгдэгч Г.... нь хүдэрийн заарыг хүлээн аваад явж байхдаа саатуулагдсан болох нь тогтоогдсон.
Энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “нэн ховор амьтны ...түүхий эдийг ...хадгалсан...” байх буюу эд зүйлийг тодорхой хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалт, хараа хяналтанд байлгасан идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Тиймээс шүүгдэгч нарыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэв. Мөн шүүгдэгч Г.... нь тухайн түүхий эдийг хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас хүлээн авснаар өөрийн эзэмшилдээ оруулсан гэж үзэх бөгөөд түүний өмгөөлөгчийн хадгалсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүйг дурдаж байна.
Шүүгдэгч нарын хувьд нэн ховор амьтны түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг, хорт хавдартай хүнд туслах зорилгоор олж авсан гэж тайлбарлаж буй нь тэдний гэм буруугийн шинжийг үгүйсгэхгүй буюу тухайн түүхий эдийг өөртөө байгааг мэдэж, ашигтай байдлаар хэрэглэх санаа зорилготой байсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Г...., Н...., С.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны ... түүхий эдийг хадгалсан ...” хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогч Ц.... нь шинжээчийн дүгнэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр “эр 3 бодгаль баданга хүдрийн экологи эдийн засгийн тус бүрийн үнэлгээ болох 3.000.000 төгрөг буюу нийт 9.000.000 төгрөгийг 2 дахин өсгөж 18.000.000 төгрөг нэхэмжилжээ.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2 дахь хасэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нараас хохирлыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.... нь 12.000.000 төгрөг, шүүгдэгч С.... нь 6.000.000 төгрөгийг холбогдох дансанд төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г...., Н...., С.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч С....гийн өмгөөлөгч А.Ганбат “...шүүгдэгчийн хувьд хууль мэдэхгүй, хүнд тус болох зорилгоор түүхий эдийг өгч явуулсан байдаг, 2012 оноос гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох бөгөөд хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, хэрэв шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н....ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа “...шүүгдэгчийн хувь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос тоолно, тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г....ы өмгөөлөгч Х.Наранзул “...шүүгдэгчийн хувьд 8 настай охины хамт амьдардаг, төрсөн дүүгийнхээ эмчилгээнд түүхий эдийг авсан, нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинж болох “нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэх үйлдэл нь тодорхой цаг хугацаанд хуулиар хориглосон үйлдлийг тасралтгүй хэрэгжүүлсэн буюу удааширсан гэмт үйлдэл гэж үздэг.
Тиймээс удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт үйлдлээ хийж дуусгасан өдрөөр эсхүл тухайн үйлдэл таслан зогсоогдсон үеэс эхлэн тоолдог тул өмгөөлөгч нарын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт үндэслэлгүй юм.
Энэхүү үндэслэлээр шүүгдэгч С...., Н.... нарын нэн ховор амьтны түүхий эд хадгалсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хөөн хэлэлцэх хугацааг шүүгдэгч Г.... түүхий эдийг өгч явуулсан үеэс тоолох хууль зүйн үндэслэлтэйг дурдаж байна.
Шүүгдэгч С...., Н.... нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хуульд заасан журмаар төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийг гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан эрүүгийн хариуцлагын сонголтод санкци болох торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С...., Н.... нарт тус тус 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г....д 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хүдрийн заар 3 ширхэг, шилүүсний арьс 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ..., ...ын ..., ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С...., Н.... нарт тус тус 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр, шүүгдэгч Г....д 12.000 /арван хоёр мянга/ нэгж буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С...., Н...., Г.... нар нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хүдрийн заар 3 ширхэг, шилүүсний арьс 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР