Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 2-55 тоотод оршин суух, Боржигон овгийн Бэгзсүрэнгийн Мөнх-Идэр /СЩ78080315/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-36 тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвдоржийн Оюунтунгалаг /ФА79050621/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнх-Идэр, хариуцагч П.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнх-Идэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Б.Мөнх-Идэр би 1998 оноос П.Оюунтунгалагтай гэр бүл болж, 1998 оны 12 сарын 12-нд охинтой болж амьдарч байгаад 2004 онд Орхон аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн 36-р ангид гал сөнөөгч хийж байгаад автомашины аваарт орж хүндээр гэмтэл авч хүний асаргаанд орсон. Үүнээс хойш бид 2 салсан. П.Оюунтунгалагаас хүүхдийн тэтгэвэр тэтгэмж авахгүйгээр тохиролцсон. Одоо Оюунтунгалаг нь гэр бүлтэй болж 2 хүүхэд, нөхөртэй болж амьдарч байгаа. Бид 2-н дунд эд хөрөнгийн маргаан байхгүй учир энэ байдлыг харгалзан үзэж гэр бүлийг цуцлаж өгнө үү. Охин Номин-Эрдэнийгээ би өөрөө авна. Оюунтунгалаг бид хоёр хэн аль өөр гэр бүлтэй болсон” гэжээ.

Хариуцагч П.Оюунтунгалаг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаа: Миний бие П.Оюунтунгалаг нь Б.Мөнх-Идэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо аавд өгөхийг зөвшөөрч байна. Б.Мөнх-Идэр бид хоёр 2005 оноос хойш тусдаа амьдарч байгаа, би өөр хүнтэй гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнх-Идэр нь хариуцагч П.Оюунтунгалагт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох ”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Мөнх-Идэр, П.Оюунтунгалаг нар нь 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 1998 оны 12 дугаар сарын 12-нд охин М.Номин-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид зан харилцааны улмаас таарч тохирохгүй болж, 2005 оноос хойш буюу 13 жилийн хугацаанд тусдаа амьдарсан байх ба, гэрлэгчид хэн аль өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, П.Оюунтунгалаг нь 2 хүүхэд төрүүлсэн талаар зохигчид тайлбарласан.     

Дээрх байдлуудаас дүгнэхэд гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэхгүй гэж байгаа, хэн аль нь өөр гэр бүлтэй болсон, тусдаа амьдраад 13 жил болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Б.Мөнх-Идэр, П.Оюунтунгалаг нарын дундаас 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Номин-Эрдэнийн асрамжийн талаар зохигчид эцэг Б.Мөнх-Идэрт өгч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй талаар зохигчид тохиролцсон, охин М.Номин-Эрдэнэ мөн аавтайгаа хамт байх талаар хүсэлт гаргасан байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Мөнх-Идэр, П.Оюунтунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1998 оны 12 дугаар  сарын 12-нд төрсөн охин М.Номин-Эрдэнийг эцэг Б.Мөнх-Идэрийн асрамжинд үлдээсүгэй.   

3. Нэхэмжлэгч Б.Мөнх-Идэр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА