| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/00992/и |
| Дугаар | 142/ШШ2016/01085 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2016/01085
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэбулаг баг 4-27-27 тоотод оршин суух, Барнууд овгийн Санжаажавын Эрдэнэчимэг /ФМ84061624/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 35а-1 тоотод оршин суух, Шарнууд овгийн Доржхорлоогийн Отгонбаяр /ФА81101176/-д холбогдох
“6 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Эрдэнэчимэг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нөхрийн найз болох Д.Отгонбаярт 6 000 000 төгрөгийг 7%-ийн хүүтэйгээр зээлдүүлэхээр болж харилцан тохиролцсон юм. Энэ хугацаанд 2 050 000 төгрөгийг хүүнд төлсөн бөгөөд 890 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Мөнгөө төлөхийг шаардахаар хэрүүл болдог бөгөөд шүүхдээ өг гэдэг болохоор аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Уг нь би итгээд нөхрийн найз гэдэг утгаар мөнгөө зээлдүүлсэн юм. Гэрээнд заасан шаардлагын дагуу бол үндсэн мөнгө болох 6 000 000 төгрөг дээр 0.5%-ийн алданги болон хүүний төлөөгүй үлдэгдэл болох 890 000 төгрөгийг нэмж нэхэмжлэх болбол их хэмжээний мөнгө нэхэмжлэх болж байгаа тул үүнээс татгалзаж үндсэн мөнгө болох 6 000 000 төгрөгийг Д.Отгонбаяраас нэхэмжилж байна”.
Миний бие С.Эрдэнэчимэг нь Д.Отгонбаярт мөнгө зээлж гэрээ хийсэн нь үнэн болно. Д.Отгонбаяр нь хариу тайлбартаа зээлсэн 6 000 000 төгрөгийг хэсэгчилэн төлөхийг хүлээн зөвшөөрч мөн мөнгө зээлж авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн учраас миний Отгонбаярт тавих шаардлага бол уг зээлдүүлсэн 6 000 000 төгрөгийг 2 хувааж авах ба эхний 5% болох 3 000 000 төгрөгийг 9 сарын 10-аас өмнө авах ба дараагийн үлдсэн 3 000 000 төгрөгийг 10 сарын 1-ээс өмнө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Отгонбаяр нь найз Б.Баяржавхлантай хамтран ярилцаж тохиролцон ОХУ-аас хүүхдийн гутал оруулж ирж зарах зорилготой 6 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр болох Эрдэнэчимэгийн гар дээрээс авсан болно. Улмаар хүмүүсийн худалдан авах чадвар муудаж бизнес маань бүтэлгүйтэж эрсдэлээ би өөрөө даахаар болж ярилцаж тохиролцон 7%-ийн хүүтэй зээлэн авсан болсон. Нийт 6 000 000 төгрөгний хүүнд 2 050 000 төгрөг төлсөн болно. Баяржавхлан болон түүний эхнэр Эрдэнэчимэг нарт цаашдаа хүүгий нь өгч чадахгүй болсноо мэдэгдэж үндсэн мөнгө болох 6 000 000 төгрөгийг хэсэгчилэн өгөх болно. Мөн нэмж тайлбар хийхэд Баяржавхлангийн эхнэр Эрдэнэчимэгтэй мөнгө хүүтэй зээлэх талаар ямар ч яриа тохиролцоо хийгээгүй болно. Зөвхөн Эрдэнэчимэгийн гар дээрэс тус мөнгийг авсан болно гэжээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: Хариуцагч Д.Отгонбаяр нь 6,0 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын эхээр 3,0 сая төгрөгийг нь өгнө, үлдэх 3,0 сая төгрөгийг нь 2016 ондоо багтаагаад төлье гэснийг нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг хүлээн зөвшөөрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь хариуцагч Д.Отгонбаярт холбогдуулан “6 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд дээр хариуцагч Д.Отгонбаяр нь С.Эрдэнчимэгийн нэхэмжилсэн 6,0 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын эхээр 3,0 сая төгрөгийг нь өгнө, үлдэх 3,0 сая төгрөгийг нь 2016 ондоо багтаагаад төлье гэснийг нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Отгонбаяр нь С.Эрдэнчимэгийн нэхэмжилсэн 6,0 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын эхээр 3,0 сая төгрөгийг нь өгнө, үлдэх 3,0 сая төгрөгийг нь 2016 ондоо багтаагаад төлье гэснийг нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 110 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА